Уй гуниг гэсэн утга илэрхийлдэг хюзюн (hüzün) хэмээх турк үг нь араб гаралтай, Коран сударт ч энэ утгаараа буй. Зөнч Мухаммедын эхнэр Хатиже, авга ах Эбу Талип нь таалал төгссөн жилийг “уйт жил” хэмээн нэрлэдгээс үзвэл эл үг хагацал зовлонгоос үүдэлтэй хүний сэтгэлийн гүн шаналлыг илэрхийлдэг ажээ. Гэхдээ анх хагацал зовлон, сэтгэлийн шаналал, уй гуниг гэсэн үгсээр тодорхойлогдож байсан хюзюн нь философийн ойлголт болохынхоо хувьд удаах зуунуудын Исламын шашны түүхэнд хувирсаар ирснийг би уншиж судалсан зүйлсээсээ ажигласан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хюзюнийг хоёр ангилж, философийн өөр өөр ойлголтоор тайлбарлах болжээ.
Эхний ойлголтоор авч үзвэл бид материаллаг зүйлс хийгээд биеийн жаргалд хэтэрхий их ач холбогдол өгөхөд хюзюн хэмээх зүйлийг мэдэрдэг аж: өөрөөр хэлбэл “Хэрвээ бид энэ зуурдын ертөнцөөс зууралдаж үлдэх гэж хүчлэн зүтгэдэггүй бол, хэрэв бид жинхэнэ сайн мусульман байсан бол эд хөрөнгөө алдах мэтийг ер тоож хэлэлцэхгүй байх сан.” Харин суфи[1] урсгалаас үүдэлтэй хоёр дахь ойлголт нь хюзюн хэмээх үгийг болоод амьдралд тохиох хагацал зовлон, уй гунигийг илүү эерүүлж тайлбарладаг. Суфичуудын хувьд хюзюн бол Аллахад ойртож чадаагүйгээс, түүний төлөө хийж чадах зүйлс энэ ертөнцөд хангалттай үлдээгүйгээс үүдэлтэй сэтгэлийн шаналал аж. Жинхэнэ суфи амь бие, эд хөрөнгөө алдах мэтийн аар саархан зүйлийг үл хайхрах агаад гагцхүү Аллахын дэргэд хэзээ ч хүрч чадахгүйдээ, түүнийг гүн гүнзгий ойлгох аргагүйдээ гуньсан, хоосорсон, дутуу дулимгаа мэдэрсэн сэтгэлдээ автан шаналдаг. Тэр ч бүү хэл хюзюнийг амсаж мэдрэхгүй байх нь түүнд зовлон болно. Суфичууд хюзюнийг мэдрэхгүй болохоороо түүнийг мэдрэх хүсэлд улам автдаг, хангалттай зовж шаналахгүй байгаадаа зовж шаналдаг-энэ утгаар нь авч үзвэл Исламын шашинд хюзюнийг эрхэм дээд зүйлд тооцдог байх нь. Сүүлийн хоёр зуун жил Истанбулын соёл, яруу найраг, хөгжим, хүн зоных нь амьдралд хюзюн голлох нөлөө үзүүлсээр ирсэн нь нэг талаараа бид ч бас түүнийг эрхэмлэн хүндэтгэвээс зохих зүйл гэж үздэгийнх билээ. Гэхдээ хюзюн хэмээх үг өнгөрсөн зуунд ямар утга илэрхийлж байсныг ойлгож, цаглашгүй хүч нь юунд байсныг олж мэдэхийн тулд суфи уламжлалаар дамжин сайх үгийг илэрхийлэх болсон хүндэтгэлийг дангаар нь авч үзэх өрөөсгөл юм. Сүүлийн зуун жил истанбулчуудын дуу хөгжимд хюзюн хэр чухал нөлөөтэй байсныг мэдэхийн тулд, чухам юунаас болоод хюзюн Туркийн орчин үеийн яруу найргийн өнгө аяс төдийгүй бэлгэдэл зүйд хүртэл давамгайлдгийн учрыг ухахын тулд, сэтгэлийн шаналал, үлбэгэр дорой байдал, уналт бүтэлгүйтлийг илэрхийлэгч соёлын ойлголт болохынхоо хувьд хюзюн юугаараа чухал ач холбогдолтойг ойлгохын тулд эл үгийн үүсэж буй болсон түүх, үүнийг салалгүй дагаж явдаг хүндэтгэл хоёрыг авч үзэх нь бас л хангалтгүй. Балчир ахуйдаа төрөлх хотоосоо болж хэчнээн их хюзюн мэдэрдэг байснаа илэрхийлж хэлье гэвэл Османы эзэнт гүрэн мөхсөний дараах Истанбулын түүхийг, тэр дундаа эл түүх уугуул хотын минь “үзэсгэлэнт” газрууд, хүн зоных нь ахуй амьдралд хэрхэн нөлөөлдгийг ярих ёстой болно. Истанбулын хюзюн бол эндхийн хөгжим, яруу найргаар дамжин төрсөн мэдрэмж төдий бус, харин сэтгэл хийгээд оюун санаандаа хэчнээн сөргөлдөвч эцэст нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйгээр бид бүгдийг хүлж багласан ахуй амьдралын нэгэн хэвшил билээ.
Хюзюн хэмээх үгийн утгыг бүрэн тайлахын тулд түүнийг яруу найргийн охь, нүгэлгүй ариун чанартай бус, зовуурь шаналантай холбож үздэг сэтгэгчдийг дурдахаас аргагүй. Эль Киндигийн[2] үзсэнээр хюзюн нь хайртай хүнээсээ хагацахад төрдөг уй гуниг төдийгүй уур хилэн, хайр, үзэн ядалт, шалтгаангүй айдас зэрэг сэтгэлийн зовлонд унагадаг мэдрэмжүүдийн илэрхийлэл ажээ. Философич Ибн Сина ч мөн адил хюзюнийг өргөн утгаар авч үзээд хүсэл тачаалдаа цаламдуулсан хөвүүнийг оношлох оновчтой арга нь түүнийг шинжин харах зуураа дурласан охиных нь нэрийг асуух юм хэмээн зөвлөсөн хэрэг. Дээр дурдсан Исламын сонгодог эриний сэтгэгчдийн үзэл баримтлал XVII зууны эхээр хэвлэгдсэн “Уй гунигийг задлан шинжлэхүй” хэмээх адармаатай боловч сонирхол татам бүтээлдээ Роберт Бартонын[3] дэвшүүлсэн санаатай тун дөхүү байдаг (1500 гаруй хуудастай эл ланжгар бүтээлийн дэргэд Ибн Синагийн “Миний гуниг” бяцхан товхимол л гэсэн үг). Бартон бээр Ибн Синагийн нэгэн адилаар “дүнсгэр шаналан” гээчийг олон талаас нь тайлбарлаж, түүнийг үүтгэж болох шалтгаануудад үхлээс айх айдас, хайр, ялагдал, нүгэл хилэнцээс авхуулаад зүсэн зүйлийн “идээ ундааг” багтаан нэрлэхийн сацуу эдгээх арга замуудыг ч зааж өгсөн байдаг: чингэхдээ тэрбээр анагаах ухааныг философитой хослуулж учир шалтгаан, ажил хөдөлмөр, тэсвэр тэвчээр, ариун журам, сахилга бат, мацаг (тэс өөр соёлын уламжлалаас урган гарсан хоёр ондоо зүйлийг далд шижмээр ижилсүүлж болдгийн нэгэн сонирхолтой жишээ)-аар дамжуулан бие сэтгэлээ эмнэхийг уншигчдадаа зөвлөжээ.
Тэгэхээр хюзюн нь уй гунигтай утга дүйх “дүнсгэр шаналан” (эл үг Аристотелийн үед анх бий болсон бараан егөөдлөөс гаралтай)-аас үндэслээд зогсохгүй эл уйт мэдрэмж, үүний цаана нуугдах зовуурь шаналалд өнгө нэмдэг байх нь. Гэхдээ хюзюн, уй гуниг хоёрын гол ялгааг тайлбарлахгүй бол горьгүй: зовлон шаналлыг бахархалт үйлд тооцдог хүний хувьд Бартон гань ганцаар нэгэнд гагц уй гуниг л аз жаргал авчирна гэдэгт итгэдэг байсан бөгөөд чухам тэр уй гуниг ургуулан төсөөлөх чадварыг нь услан тэтгэж, өдөр хоног улирахын хэрээр өнөөх итгэлийг нь ч батжуулжээ. Ганцаардлаас уй гуниг төрдөг үү, уй гунигаас ганцаардал биеждэг үү гэдэг түүнд хамаагүй байв: аль нь ч байлаа гэсэн ганцаардал бол уй гунигийн амин сүнс гэж тэр үзэж байлаа. Харин хюзюнийг шашны ойлголт (Алхахтай нэгэн цул болох гэсэн нийтлэг зорилгоос үүдэлтэй), шаналал зовуурьтай холбож үздэг Эль Кинди Исламын сонгодог эриний сэтгэгчдийн нэгэн адилаар жимаатууд буюу итгэгчдэд голчлон анхаарч байв. Тэрбээр хюзюнийг итгэгчдийн эрхэмлэдэг үнэт зүйлстэй холбон үзэж, зовуурь шаналлыг намдаах арга зам хүртэл санал болгожээ: гэхдээ л тэр хюзюнийг нийт нийгмийн зорилгод харшлах зүйл хэмээн харж байлаа.
Хөлөрсөн цонхоор гадагш харж зогсоо хүүхдийн мэдэрч болох сэтгэл хөдлөлийн талаар ярьсан маань учиртай. Одоо та хюзюн гэдэг ганцаардсан нэгний уй гуниг бус, харин сая сая хүний мэдэрдэг “дүнсгэр шаналан” гэдгийг ойлгох болсон биз ээ. Түрүүнээс хойш миний тайлбарлах гэж ядаад буй зүйл бол бүхэл хотын (Истанбулын) хюзюн юм.
Зөвхөн Истанбулынх гэж хэлж болох, эндхийн хүмүүсийг хооронд нь холбодог эл мэдрэмжийн тухай ярихаасаа өмнө ямарваа нэгэн газар орныг хараад өөрөө мэдэрсэн зүйлээ зургаараа дамжуулан үзэгчдийн сэтгэлд хүргэх нь аливаа зураачийн тэргүүн зорилт байсаар ирснийг сануулах нь зүйтэй болов уу.
Ялангуяа арван есдүгээр зууны үеийн романтистуудын дунд эл хандлага газар аваад байлаа. Эжен Делакруа[4]-гийн зургууд сэтгэлд уй гуниг хуруулахаар дүрслэлтэй байдаг нь Бодлер[5]-т хамгийн их нөлөөлсөн учраас тэрбээр романтистууд болоод тэдгээрийн залгамж халааг авсан декадентуудын нэгэн адилаар уй гуниг хэмээх үгийг бахдал бишрэл мэт эерэг утгаар хэрэглэж байжээ. Бодлер Делакруагийн тухайд өөрийн бодлоо тэмдэглэж үлдээснээс зургаан жилийн дараа буюу 1846 онд үзэг нэгт нөхөр зохиолч, шинжээч Теофиль Готье нь Истанбулд зочилсон байна. Яхья Кемаль, Танпинар зэрэг Истанбулын зохиолчдод хүчтэй нөлөөлсөн тэмдэглэлүүдээ Готье төрөлх хотынх нь орчныг дүрслэхдээ уншсан хүн уй гунигтаа живмээр өнгө аястай бичсэн байдаг ч чухам тэр л уй гуниг бахдал бишрэл төрүүлдэг гэсэн санааг ч бас илэрхийлжээ.
Гэхдээ яг одоо би Истанбулын уй гунигийн тухай бус, эл хотынхон тэр чигтээ бахархалтайгаар уусан нэгдэж, өөрсдийгөө дотроос нь олж хардаг хюзюний тухай ярих гэж байна. Тэр л хюзюнийг мэдэрье гэвэл түүний эх үндэс, илэрхийлэл нь болсон Истанбул хотын өнгө төрхийг тольдож, өнгөрсөнд үлдсэн дурсамжаараа аялах хэрэгтэй болно. Тиймийн учир би нар эртээ жаргадаг үдшүүд, арын гудамжны гэрэлтүүлэгтэй замаар гартаа гялгар тор бариад гэр өөдөө алхаж яваа аавууд, өвлийн дунд сарын эл хуль боомтод ирж зогссон хуучин гатлага онгоц дотор нэг гартаа хөнөг барьж, нөгөө гараараа ширээний тавцан маажингаа буланд буй хар цагаан зурагт руу хяламхийн суугаа нойрмог далайчид, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр, өдөржингөө хүний бараа харуулдан чичирч зогсох хуучин номын худалдаачид, эдийн засаг хямарснаас болж эрчүүд сахал үснээсээ ч салахаа болилоо хэмээн халаглах үсчид, байгалийн чулуун замтай гудамжинд эгнүүлж тавьсан машинуудын дунд бөмбөг тоглох хүүхдүүд, автобус зогсдоггүй алслагдмал буудлуудад гартаа тороо тас атгаад, амаа үдчихсэн аятай үг дуугүй зогсох хижаабтай эмэгтэйчүүд, Босфорын эрэг дагуух хуучин орд харшуудын дэргэдэх завины хоосон агуулахууд, ажилгүй эрчүүд, салчдаар дүүрсэн цайны газрууд, зуны орой биеэ үнэлэгч хүүхнүүдээ худалдчих хөлчүү жуулчин хайж хүн ихтэй газруудаар хөлийнхөө улыг эргэтэл нааш цааш хатиргах мятаршгүй зуучлагчид, өвлийн үдэш гатлага онгоцонд амжиж суух гэж яаран зүтгэлэх зорчигчид, нэгэн цагт паша нарын ордон байсан ч эдүгээ хотын захиргааныхны сууц болсон, бүх банз нь хяхнаж дуугардаг хуучин модон байшингууд, шөнө дундаас нааш гэрийн бараа хардаггүй эр нөхрөө харуулдан хөшигний завсраар шагайн харах эхнэрүүд, масчид сүмийн гадна талбайд шашны ном судар, эрхи, зулын тос тэргүүтэн зарж суудаг өвгөчүүл, нүүрэн талынх нь хана шороо тоос, хөө тортогт дарагдан, зэвэнд идэгдэж өнгөө алдсан, нэг ижил хийц загвартай мянга мянган орон сууцны барилгууд, эзгүй цэцэрлэг доторх эвдэрхий савлуурууд, униар мананг нэвт зүсэн уухирдах хөлөг онгоцны дуут дохио, Византын эзэнт гүрэн мөхсөний дараа үлдэж хоцорсон хана хэрэм, балгас тууриуд, оройн цагаар эл хуль оргих хар захууд, дервиш нарын суудаг байсан навтархай амбаарууд, аадар борооноос үл ажран урагш хөвөх ачааны усан онгоцуудын зэвэнд идэгдэж замаг, хясаанд дарагдсан тавцан дээр үүрээ зассан цахлай шувууд, жилийн хамгийн хүйтэн өдөр зууныг элээсэн хуучин харшийн яндангаас цагариглан баагих утаа, Галата гүүрний хажуухнаас загасчлах эрчүүд, номын сангийн хүйт даасан уншлагын танхимууд, гудамжны гэрэл зурагчид, нэгэн цагт алтадмал ханатай гоёмсог кино театр байгаад эдүгээ ичиж улайсан царайтай эрчүүд голдуу цуглаж садар самуун явдалтай кино үзэх болсон танхимаас ханхлах бүгчим үнэр, нар жаргасны дараа нэг ч эмэгтэй хүн ганцаар явж харагддаггүй
өргөн чөлөөнүүд, умар зүгээс халуун салхи үлээсэн бүгчим өдөр улсаас зөвшөөрөлтэй эмсийн хүрээлэнгийн үүдэнд шавах хүмүүс, махаа хямдруулж зардаг мухлагуудын хаалган дээр дараалалд зогсох залуу охид, баярын өдрүүдээр масчид сүмийн цамхгуудын дунд гэрэлтэж үзэгдэх залбирлын үгс (энд тэндээ гэрэл нь шатсан учир зарим үсэг нь үл харагдана), барилга байгууламжуудын ханан дээрх өнгөө алдан, урагдаж навтарсан сурталчилгааны хуудсууд, барууны хотуудад бол аль хэдийн үзмэр болчих байтал энд хүн тээвэрлэсэн шигээ нарийн гудамж, шавартай замаар өөдөө сөөргөө давхих ямбийрч
гүйцсэн долмуш, тавиад оны Шевролетууд, пиг дүүрэн хүнтэй автобусууд, дээврийн хавтан, борооны ус зайлуулагчийг нь хулгайч авч одсон сүмийн барилгууд, нөгөө ертөнц рүү нэвтрэх хаалга мэт санагддаг оршуулгын газрууд, тэнд ургасан агар модод, шөнийн цагаар Кадикой дүүргээс Каракой руу явж буй завинуудын бүдэг гэрэл, гудамжаар зөрж өнгөрөх хүмүүст адилхан ууттай амны цаасан алчуур зарах гэж оролдох жаалууд, хэний ч нүдэнд өртдөггүй цаган цамхгууд, түүхийн номоосоо Османы эзэнт гүрний ялалтын тухай уншдаг сурагч хүүхдүүдийн гэртээ ирээд амсдаг зодуур нүдүүр, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, хүн амын тооллого явуулах зэргээс болж бүх нийтээрээ амардаг өдрүүд, алан хядагчдыг эрэн сурвалжлах нэрийдлээр гэнэт хөл хорио тогтоох үед хүмүүс гэртээ бүгээд, “эрх баригчид”-ын үгийг түгшүүрлэн хүлээж суудаг өдрүүд, гурван зуун далан таван жилийг элээж буй масчид сүмийн бөмбөгөр орой нурж уначихаад байхад төр засаг яагаад анхаарч үзэхгүй байгаад бухимдсан уншигчийн захидлыг хэн ч анзаарч харахааргүй жижиг буланд нийтэлдэг сонинууд, хөл хөдөлгөөнтэй замын уулзварт байх нүхэн гармууд, гишгүүр болгон нь бусдаасаа өөрөөр хагарч цуурсан гүүрэн гарцууд, сүүлийн дөчин жил нэг л газраа ил захидал зарж буй эр, хаа нэгтээгээс гэнэт гарч ирмэгцээ хоргоож шалаад явуулдаггүй гудамжны хүмүүс, өдөр бүр нэг л газартаа зогсоод өнөөх л хэлдэг үгсээ тоть шиг давтдаг гуйлгачид, түм түжигнэж бум бужигнасан өргөн чөлөө, хөлөг онгоц, явган хүний зам, нүхэн гармаар явж ахуйд хамар сэтлэх шахдаг шээсний үнэр, Туркийн хамгийн алдартай “Эрх чөлөө” сонинд цувралаар гардаг Том эгч Гүзүнийн нийтлэлийг уншдаг охид, нар жаргах үест Ускюдар дүүрэг дэх байшин барилгуудын цонхон дээр тусдаг улбар шар туяа, тэнгист гарах гэж буй загасчдаас бусад нь цөм дуг нойрондоо дугжирч байдаг үүрийн таван жин, амьтны хүрээлэн нэртэй ч торонд хашсан хоёр ямаа, лазагнасан гурван муураас өөр амьтангүй Гюльхане парк, хямдхан цэнгээний газарт Америкийн жазз дуучид, Туркийн алдартай поп оддыг хэр чадлаараа дуурайх хоолойны бяд муутай дуучид, үнэнхүү чадварлаг дуучид, зургаан жил залхаж үхтлээ англи хэл заалгачихаад “тийм”, “үгүй” гэдгээс өөр юм сураагүй ахлах сургуулийн сурагчид, Галата боомтоор нэвтрэхээр хүлээж зогсоо цагаачид, өвлийн үдэш хар захын гудамжнаа хөглөрөх жимс, хүнсний ногооны үлдэгдэл, гялгар уут, хаягдал
цаас, хоосон шуудай, хайрцаг, савнууд, хар захын худалдаачидтай наймаа хийхдээ хулгасхийн зогсох гоёмсог хижаабтай бүсгүйчүүл, гурвын гурван хүүхэд дагуулаад гудамж уруудах гэж зүдэрч яваа ээжүүд, арван нэгдүгээр сарын аравны өглөө цагийн зүү 9:05-ыг заахад хотынхон тэр аяараа Ататуркийн дурсгалыг хүндэтгэн нам жим болохуйд дохиогоо хангинуулан дуугаргах хөлөг онгоцууд, хэтэрхий их цардсанаас гишгүүр нь ялгарч мэдэгдэхээ больсон чулуун шатууд, олон зууны туршид хотын гудамжинд сүр жавхлан нэмсэн ч өдгөө усны цоргыг нь хүн хулуулж одсоноос хатаж хуурайшаад хэдэн гантиг чулуунаас өөр юмгүй болсон усан оргилуурууд, миний багад дундаж давхаргынхан буюу эмч, хуульч, багш нар эхнэр хүүхдүүдтэйгээ аж төрж, оройдоо гэр бүлээрээ радио сонсон суудаг байгаад эдүгээ бүх өрөө нь нэхмэлийн болоод товчны машинаар дүүрч, орь залуухан охид орон хотынхныхоо хэрэгцээг хангахын тулд хамгийн бага цалингаар шөнөжингөө ажилладаг газар болж хувирсан орон сууцны дүнсгэр барилгууд, Галата гүүрэн дээрээс Эюп дүүрэг тийш хараа сунгахад аяндаа нүдэнд
тордог Алтан эвэрт гол, хөлөг онгоцны зогсоол дээр гүнждийн үртэй цагаргин боовноос нь авах хүн ирэхийг хүлээх зуураа голын зүг хараачлах худалдаачид, эвдэрч хэмхэрч, урагдаж навтарч, хуучирч муудсан юм бүхэн, намрын улирал дөтлөн ирэхүйд Балканы хойгийн өмнөдөөс баруун, хойд Европыг зорихдоо Истанбул хотыг бүхэлд нь харж авах гэсэн шиг Босфорын хоолой, Гантиг тэнгисийн арлуудын дээгүүр зугуухан нисдэг өрөвтасууд, хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний дараа бөөгнөрч суугаад тамхи баагиулдаг эрчүүдийн тухай ярьж байна.
Хотын гудамж талбай, хүрээлэн буй орчин, хүн зоных нь аж амьдралаас хюзюнийг олж харж, хүндэтгэлтэй хандсанаараа бид түүнийг хаанаас л бол хаанаас мэдрэх боломжтой болсон билээ: өвлийн жихүүн өглөө наран авхай гэнэтхэн л Босфорын хоолойд уначих шиг болоод, усны мандал дээгүүр сүүмгэр манан хөшиглөхүйд эндхийн хүн ард, газар нутгийг эгээ л тэр манан шиг хюзюн бүрхэж, хуруугаа хүргэсэн ч болмоор санагддаг сан.
Метафизик[6]-ийн үүднээс авч үзвэл хюзюн нь Бартонын томьёолсон гань ганцаар нэгний уй гунигаас асар их ялгаатай боловч Клод Леви-Стросс[7]-ын “Халуун орныхны ганьхрал” хэмээх бүтээлдээ дүрсэлж бичсэн уй гунигтай төслүү. Леви-Строссын судалсан хотууд Экваторын бүсэд байрладгийнхаа хувьд уур амьсгал нь хавьгүй урин дулаан, газар нутаг нь хамаагүй танил дотнын дээр юу юугүй ядуурч хоосрохдоо тулчихаагүй учраас Истанбултай адилтгах зүйл бага боловч зүдрүүхэн аж төрөлтэй Истанбул хотын ард иргэдийн бие биетэйгээ харьцаж буй байдал, барууныхнаас зай барьдаг зан нь тэнд анх удаа хөл тавьсан барууны хүний нүдэнд тун ойлгомжгүй харагддагаас тэд Истанбулыг “хачин жигтэй уур амьсгалтай” газар хэмээн тодорхойлдог бөгөөд энэ үүднээс харвал Леви-Строссын дүрсэлсэн уй гунигийг эл хотын хюзюнтэй адилтгаж үзэх боломжтой.
Леви-Строссын дүрсэлсэн уй гуниг бол ганцаардсан нэгний зовуурь шаналал бус, хюзюний нэгэн адилаар сая сая хүнд нэг янзаар мэдрэгддэг мэдрэмж, уур амьсгал, соёл юм.
Гэхдээ хоёр өөрөөр хэлж илэрхийлдэг учраас ялгаа байж таарна: харин тэрхүү ялгааг Дели, Сан-Паулутай харьцуулахад Истанбул хамаагүй баян хот гэх мэтээр тодорхойлох нь өрөөсгөл (ядуу дүүргүүдээр нь яваад үзвэл дээр нэр дурдсан хотуудаас барагтаа ялгарахгүй). Хамгийн гол ялгаа нь Истанбул хотын хаанаас ч нэгэн цагт цэцэглэн хөгжиж асан соёл иргэншлийн ул мөрийг харж болдогт байгаа юм. Аварга том сүм хийд, хөшөө дурсгалуудаас эхлээд гудамж талбай болгоны буланд байж л байдаг бяцхан нуман хаалга, усан оргилуур, хотын захын жижиг сүмүүд гээд эзэнт гүрнээс үлдэж хоцорсон юмс цөмөөрөө гахиур зуурмаган ханатай нүсэр том барилгуудын сүрд дарагдан, хөсөр хаягдаж мартагдсан ч гэлээ хотынхны зүрх сэтгэлд уй гуниг хуруулсаар ирсэн билээ.
Барууны хотуудад агуу эзэнт гүрнүүдийн туурийг түүхийн дурсгал хэмээн тусгайлан арчилж, түмэн олонд бахархалтайгаар үзүүлж харуулдаг бол энд тэгдэггүй. Истанбулын хүн ард балгасан дундаа аж төрдөг. Барууны аялагчид, зохиолчид чухам үүнд нь татагддаг гэж болно. Гэвч төрөлх хотынхоо ахуй байдалд сэтгэл эмзэглэж явдаг хүмүүсийн хувьд энэ л балгас тууриуд эдүгээ хэчнээн ядуу даржин аж төрж буйг нь сануулж, эрт нэгэн цагт эрхшээж байсан эд баялаг, хүч чадал, соёл уламжлалаа эргүүлж олж авч чадах болов уу гэсэн эргэлзээг төрүүлэхээс үл хэтэрнэ. Хүүхэд байхад нэг нэгээрээ шатаж, газартай тэгшлэгдсэн хуучин модон байшингуудыг хараад хөөрч баярлах сэтгэл төрдөггүй байсны нэгэн адил шороо тоосонд дарагдаж, шавар шалбааганд хутгалдан хөсөр хаягдсан тэр барилгуудыг харахад бахдах сэтгэл үл төрнө.
Нэг удаа Достоевский Швейцарь улсаар аялж явахдаа Женевийн ард иргэд төрөлх хотоо тэнгэрт тултал өргөмжлөхийг үзээд гайхаж хоцорсон юм гэдэг. Барууныхныг үзэж чаддаггүй, хэт үндсэрхэг үзэлтэй байсан тэрбээр нэгэн захидалдаа “Женевчүүд жирийн нэг шонгийн модыг хүртэл хорвоод хосгүй эрдэнэ харж байгаа мэт бахдан ширтдэг” гэж бичжээ. Үнэндээ уугуул хотынхоо үүх түүхээр бахархаж явдаг женевчүүд зүг чиг асуух төдийд л “Эрхэм ээ, энэ гудамжаар чигээрээ уруудаад, тэр хүрлээр цутгасан хараа булаам, сүрлэг сайхан усан оргилуурын дэргэдүүр гар...” гэж хариулах нь энүүхэнд. Хэрэв истанбулчуудаас ийм юм асуувал агуу зохиолч Ахмет Расим (1865-1932)-ын “Үзэсгэлэнт Элени, Бедиа хоёр” зохиолд гардаг шиг “Ибрахим пашагийн халуун усны газрын хажуугаар гараад цаашаа жаахан алх. Замдаа таарсан балгас (халуун усны газар)-аас барууншаа харвал нэг нурах дөхсөн байшин байгаа” гэх мэтийн үгс амандаа бувтнах вий. Чингэхдээ харийн хүний нүдэнд ноорхой навтархай харагдах барилга байшин, гудамж талбайгаасаа санаа зовж буй нь илэрхий анзаарагдана. Арай сүйхээтэй нэг нь эдүгээ Истанбулын нүүр царай болоод буй хүнсний дэлгүүр, кофены газруудыг зүг чиг болгож магадгүй.
Эзэнт гүрнээс үлдэж хоцорсон балгас тууриудын сэтгэлд үүтгэх хюзюнээс үтэр түргэн салах арга бол түүхийн дурсгалуудыг эс тоож, барилга байшингуудын нэр хаяг, ур хийцийг үл анзаарах билээ. Ядуу зүдүү амьдралд нухлуулсан истанбулчуудын олонх нь энэ бүхний хажуугаар нүдэн балай чихэн дүлий явж ирсэн тулдаа л өдий дайтай байгаа гэхэд хилсдэхгүй. Түүх гээчийг ердийн л нэг утгагүй үг гэж үзэх болсон тэд хотынхоо хана хэрмээс чулуу зөөн шинэ барилга барих юм уу хуучин байшингуудыг засаж янзлан гахиур зуурмагаар өнгөлцгөөх болжээ.
Гэлээ ч түүх бүдгэрч арилсангүй: өнгөрснийг мартаж, түүнтэй холбогдох бүхий л шижмийг үгүй хийх гэж зүтгэх тусам тэдний мэдрэх хюзюн улам ихэснэ. Хөсөр хаягдсан бүхний төлөөх зовуурь шаналлаас нь урган гарсан эл хюзюн тэдэнд өөр олон сүйрэл дагуулж, үгээгүй ядуугаа ондооноор илэрхийлэхэд сургажээ.
Халуун бүсийн ядуу буурай хотуудын гудамж талбайгаар хэрэн хэсэж, хөл гишгэх зайгүй шамбааралдах хүн зоных нь золгүй хувь заяаг эргэцүүлж үзсэн европ хүн л Леви-Строссын дүрслэн бичсэн уй гунигийг мэдрэх буйза. Харийн хүн уугуул иргэдийнх нь нүдээр хотыг харахгүй ч гэлээ элдэв цуу яриа, эндүү ташаа үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд, сэтгэлдээ тээсэн гэмшил, зовуурь шаналлаа мартагнах гэж суухдаа мөнөөх уй гунигаас зугтаж үл чадна. Харин хюзюн бол гадны хүнд огт мэдрэгдэхгүй. Османы эзэнт гүрний үеийн сонгодог хөгжмөөс эхлээд турк ардын хөгжим, тэр дундаа 1980-аад онд бүх нийтээрээ сонсдог байсан араб хөгжимд нэвт шингэсэн хюзюнийг Истанбулын уугуул иргэд бие сэтгэлээрээ энэлж шаналан байж мэдэрдэг бол энд зочилж ирсэн барууныхан барагтаа л анзаарахгүй. Бүр Жерар де Нерваль (уй гунигаасаа болж амиа егүүтгэсэн) хүртэл Истанбул хотын өнгө үзэмж, амьдрал буцалсан гудамж талбай, хүн ардынх нь зан заншлыг үзээд сэтгэл сэргэснээ ярьсан төдийгүй оршуулгын газраас нь бүсгүйчүүдийн инээлдэх дуу сонсогдсоныг ч цухас дурдсан нь бий. Нервалийн бичсэн “Дорно зүгт аялсан нь” ном дорнын шидэт үлгэр мэт өөдрөг дэврүүн дүрслэлээр дүүрэн байдаг нь түүнийг ирэх үед Истанбул хот уй гунигт живээгүй, Османы эзэнт гүрэн мандан бадарсан хэвээр байсантай холбоотой байж мэднэ, эсвээс тэр өөрийнхөө уй гунигийг мартахын тулд тийм хээнцэр үгсийг сонгосон байхыг үгүйсгэхгүй.
Истанбулчуудын хувьд хюзюн бол “эдгээх учиртай эмгэг өвчин” эсвээс “зайлуулах ёстой зовлон зүдгүүр” биш юм: тэд үүнийг хүслээрээ л тээж яваа. Тийм ч учраас “Уй гуниг шиг амтат дарс хаана ч үгүй. Түүнээс бусад бүх мэдрэмж хий хоосон” хэмээсэн Бартонын үг тэдэнд хүрч, өөрсдийг нь хараар буддаг тэр л мэдрэмжийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг гэж зоригтой хэлж чаддаг биз. Яг үүнтэй адилаар Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны дараах Туркийн яруу найрагт шингэсэн хюзюн нь хэн ч зугтаж үл чадах, эсвээс зугтахыг үл хүсэх тэр л уй гунигийн илэрхийлэл болж, эцэстээ бидний сүнсийг аврах тийм л өвдөлтийг мэдрүүлдэг билээ. Яруу найрагч хүний хувьд хюзюн гэдэг бол түүнийг ертөнцөөс тусгаарладаг хөлрөмтгий цонх юм. Амьдралыг тольддог тэр л цонх түүнд зовлон шаналлыг авчирна, учир юу гэвэл амьдрал гэгч өөрөө зовлон шаналлаар дүүрэн эд. Тиймдээ ч Истанбулын иргэд ядуу зүдүү амьдрал, гутрал гунигаасаа зугтаж эс чадах бөлгөө. Суфи уламжлалд хүндэтгэл хэмээх ойлголттой салшгүй холбогддог хюзюн нь тэдний энэ байдлыг үнэ хүндтэй болгохын сацуу энэ бол амьдралд тохиох хүндрэл бэрхшээл, хагацал зовлонгоос урган гардаг бус, харин ч тэдгээрийг үүтгэдэг мэдрэмж юм хэмээх ойлголтыг хүмүүст өгснөөрөө уналт, ялагдал, сул дорой, ядуу зүдүү байдлаа хүлээн зөвшөөрч, байтлаа бүр бахдахад хүргэдэг. Тэгээд л миний бага залуудаа үзсэн турк киноны баатрууд, амьдрал дээр хүндэлж биширч явдаг байсан шүтээнүүд маань эхээс төрсөн цагаасаа эхлээд л тэрхүү хюзюнээр сэтгэл зүрхээ дүүргэчихсэн учраас мөнгө, амжилт, хайр дурлалд шунан тэмүүлдэггүй юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг байсан хэрэг. Хюзюн зөвхөн Истанбулын хүн зоныг өөртөө автуулаад зогсохгүй урлаг, уран зохиолд нь ч гүн шингэсэн нь тэр.
Бальзакийн зохиолд гардаг Растиньяк мэтийн орчин үеийн хотод татагдаж, бахдан биширдэг хүмүүс хюзюнийг хэзээ ч мэдрэхгүй. Истанбулын хюзюн бол нийгмийнхээ эсрэг зогсох нэгнийг яавч төрүүлэхгүй, харин ч дийлэнх олны үнэт зүйлийг сөргөх хүслийг аажмаар дарж, багахан зүйлд ч баярлан талархаж, бусдаас сондгойрч ялгаралгүй, эгэл даруу, эв хамтач байх сэдлийг төрүүлнэ. Түүнчлэн уруудаж доройтож, модоо барих үед ч тэсвэр тэвчээртэй байхад сургаж, туулж яваа амьдралаа, төрөлх хотынхоо үүх түүхийг өөр нүдээр харах боломж олгодог. Хюзюний нөлөөгөөр Истанбулын ард иргэд өөрсдийнхөө ядуу зүдүү амьдрал, уруудал доройтлыг түүхийн төгсөх цэг бус, тэднийг төрөхөөс олон жилийн өмнө шав нь тавигдчихсан байсан эхлэл гэж үзэх болжээ. Энэ утгаар нь харвал хюзюнийг хүндэтгэлтэй холбож үзэх нь буруу мэт.
Гэлээ ч истанбулчууд хюзюнийг хотоор нь тархсан эдгэшгүй өвчин, өөрсдийг нь уй гуниг адил хэрсэн ядуурал, хар цагаанаар үзэгдэх хачин жигтэй, учир битүүлэг дүр зурагтай холбодоггүй, харин ч хүндэтгэж үздэг.
Аль 1580 онд Монтэнь уй гуниг хэмээх мэдрэмжийг хүндэтгэж үзэх ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгджээ (гэхдээ тэр өөрөө гуниглах ямар байдгийг сайн мэддэг байв, хожим Флобер ч бас түүнтэй адил дүгнэлт хийсэн байдаг). Монтэнь уй гунигийг өөртөө итгэлтэй, учир зүйг эрхэмлэдэг, бие даасан чанарын дайсан гэж үзэж байлаа. Түүнийхээр бол уй гуниг Цэцэн ухаан, Ариун журам, Ёс суртахуун зэрэг хүний сайн сайхан чанарууд шиг том үсгээр эхэлж бичигдэх гавьяагүй ажээ. Мөн тэрбээр уй гунигийг галзуурал солиорлын бодит биелэл төдийгүй дуусаж дундаршгүй гай түйтгэрийн эх үндэс гэж үзэж байлаа.
Номоос өөр нэг ч ханьгүй түүний тархи оюуныг аажмаар эзэрхийлж асан уй гуниг нь угтаа гань ганцаар нэгний л амсдаг мэдрэмж байв. Харин Истанбулын хюзюн болбоос бүхэл бүтэн хотын иргэдэд нэг л янзаар мэдрэгддэг, тэднийг хооронд нь нэгтгэн холбодог зүйл билээ. Истанбулын хүн ард төрөлх хотынх нь тухай бичигдсэн хамгийн агуу зохиол болох Танпинарын “Амар амгалан” романы баатруудын нэгэн адилаар тэрхүү хюзюн эх түүхээс нь урган гарсныг мэдэх болохоор ялагдлын гашууныг амсаж, шаналж шимширч үзсэн улс. Хюзюн байгаа цагт хайр дурлал аз жаргалтай төгсөнө гэж хэзээ ч үгүй. Хуучны хар цагаан киног үзэж суухул хэчнээн сэтгэл хөдөлгөм, үнэнч хайрыг өгүүлсэн байлаа ч үйл явдал өрнөж буй газар нь Истанбул байх аваас гол дүрийн хархүүгийн хүн болж төрсөн цагаасаа л сэтгэлдээ тээж яваа хюзюн нь уг киног мелодрам болгож хувиргах нь анхнаасаа тодорхой харагддаг сан.
Тиймэрхүү хар цагаан кинонуудаас гадна Танпинарын “Амар амгалан” шиг “сод туурвилууд”-аас ч бид өөрсдийгөө олж хардаг. Бусдаас өөрийгөө тусгаарлаж дотогшоогоо шигддэг, хүсэл тэмүүлэл, идэвх зүтгэлээ ил гаргахаас цааргалдаг, нийгэм, түүхийн нөлөөгөөр үүссэн ямар ч нөхцөл байдлыг үг дуугүй хүлээж авдаг гол дүрийн баатрууд нь хэчнээн танил дотно. Хотын алдартай гудамж талбайг хар цагаанаар харуулсан хэсэг нь хэчнээн зураглал сайтай, хараа булаам байлаа ч тэндээс мөн л хюзюн мэдрэгдэх вий. Заримдаа зурагтын суваг сольж байтал тиймэрхүү хар цагаан кино гарч таарах үед надад нэгэн жигтэй бодол төрдөг байлаа. Киноны гол баатар хотын ядруухан дүүргийн чулуун замаар алхаж яваад дороо түр зогсосхийн, холгүй харагдах модон байшингийн гэрэлтэй цонхыг ширтэх зуураа тун удахгүй өөр хүний гэргий болох гэж буй хайртай бүсгүйгээ бодон мөрөөсөхүйд, эсвээс эрх мэдэл, эд хөрөнгө ихтэй үйлдвэрийнхээ эзэнд бүхнийг зөнгөөр нь орхихоор шийдсэнээ итгэл төгс хоолойгоор хэлээд, хар цагаанаар тунарах Босфорын хоолойн зүг хараа бэлчээхэд нь дурлалт бүсгүйгээ өөрийн болгож чадалгүй алдсанаасаа болж хюзюн мэдрээгүй, харин хотын гудамж талбай, танил дотно орчинд нь шингэсэн хюзюн түүний зүрхэнд нэвчиж, хүсэл тэмүүллийг нь унтраасан юм шиг санагддаг байж билээ. Иймэрхүү маягийн алдартай кинонуудад ч, Танпинарын “Амар амгалан” хэмээх “сод туурвил”-д ч гол баатрууд нь тэсэж тэвчихийн аргагүй шаналал зовлонд унасан үедээ хоёр л үйлдэл хийдэг: нэг бол Босфорын хоолойн эрэг дагуу алхана, эсвээс хотын ядуу дүүргүүдийг зүглэж, тэндхийн балгас тууриудыг харж зогсоно.
Угтаа бол хүнд хэцүү байдалд орсон гол дүрийн баатрын сэтгэлээ тайтгаруулах цор ганц арга нь хүмүүсийн дунд орох юм. Гэвч ингэх нь барууны соёлыг таашааж, орчин үеийн дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийг хүсэмжилдэг Истанбулын зохиолч, яруу найрагчдад өөрсдөд нь ч хэцүү байжээ. Нийгэмтэйгээ нэгдмэл байх ёстой гэсэн ойлголтыг хюзюн тэдэнд өгч байсан ч Монтэний учир зүйг эрхэмлэдэг чанар, Торогийн ганцаардал ч бас нөлөөлсөн юм. Хорьдугаар зууны эхээр тэдгээр зохиолчдын зарим нь эдүгээ бидний Истанбулыг төсөөлдөг тэр л дүр төрхийг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ (тэр дүр төрх миний энэ номоос ч харагдана). Би орчин үеийн Истанбулын уй гунигт автсан дүр төрхийг уран бүтээлээрээ илэрхийлж гаргасан ганцаардаж ганьхарсан дөрвөн зохиолчтой сэтгэл дотроо хөөрөлдөж, заримдаа зад хэрэлдэж байж эл номоо бичсэн билээ (түүний өмнө маш их уншиж, хүмүүстэй олон цагаар ярилцаж, хотын гудамж талбайгаар хэрэн хэссэнээ хэлэх нь зүйтэй болов уу).
[1] Исламын шашны нэг урсгал. Эгэл амьдарч, залбирах, бясалгах замаар бурхантай холбогдохыг эрмэлздэг.
[2] Арабын философич, математикч, физикч, хөгжимчин. Түүнийг “араб философийн эцэг” хэмээн өргөмжилдөг.
[3] 1557-1640 оны хооронд амьдарч байсан Английн эрдэмтэн. “Уй гунигийг задлан шинжлэхүй” бол түүний хамгийн алдартай бүтээл юм.
[4] Францын зураач, романтизмийн гол төлөөлөгчдийн нэг.
[5] Францын яруу найрагч. Хамгийн алдартай бүтээл нь “Нүглийн цэцэгс”.
[6] Оршин буй юмсын мөн чанарыг судалдаг философийн салбар ухаан
[7] Францын хүн судлаач, этнологич