Өвлийн урт, түгжигдмэл мэт өдрүүдэд оюун санаа, мэдрэмжийг тэлэх сайн ном уншихыг хүсэгч уншигчиддаа зориулан Тагтаа Паблишингаас өвөл уншихад тохиромжтой монгол хэл дээрх утга зохиолын шилдэг 9 бүтээлийг нэрлэж байна. Хүлээн авна уу!
1. Михайл Шолохов “Дөлгөөн Дон”
Донын Казакуудын нэгэн үеийн үүх түүхийг Мелоховын нэгэн үеийн гэр бүлийн амьдралаар яруу тодоор зураглан бичсэн Оросын уран зохиолын нэгэн гоц туурвилыг уншигчиддаа санал болгож байна. Хүний доторх өлчир, зуунги чанарыг сэргээн дууддаг өвлийн жавар тачигнасан тэсгим хүйтэн өдрүүдэд яг л манай орны хүйтэн өвөл шиг гүжирмэг, эрс шулуун Донын Казакуудын тухай ид хавтайхан хүүрнэх 2000 орчим хуудастай эл нүсэр туурвилыг зугуухан уншсаар хавартай золгох нь утга зохиолын уншигчийн хувиар эдлэх нэгэн жаргал байж болох юм.
“Дөлгөөн Дон” романыг уншсаны дараа Мелохов Григорий, Аксинья, Наталъя нарын халуун, гашуун хайр дурлал, Донын Казакуудын ээдрээтэй хувь тавилан үнэхээр л таны зүрхэн дотор мөр мөрөөрөө сийлэгдэн үлдэх вий. Михайл Шолохов уг романаа 1925 онд хөдөө нутгийн залуу зохиолч байхдаа бичиж эхлээд 1940 онд дэлхий дахинаа нэр мандсан зохиолч болсон хойноо дуусгасан агаад 1965 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртжээ. “Дөлгөөн Дон” романыг монгол хэлнээ унших басхүү нэг чухал шалтгаан нь энэхүү бүтээлийг орчуулагч Б.Дашцэрэн үнэхээр ид хавтай, сайхан буулгасан нь өөрийн эрхгүй бахдал төрүүлнэ. Тиймээс сайхан бүтээлийг бахтай сайхан орчуулгаар эх хэлээрээ уншихыг хүсвэл өвлийн эл өдрүүдэд та “Дөлгөөн Дон” романыг нээгээрэй.
2. Уильям Фолкнер “Өвгөд”
Уильям Фолкнер бол агуу зохиолч. Энэ агуу зохиолчийн бүтээлтэй Г.Аюурзана гэх сайн зохиолчийн орчуулгаар танилцсан Монгол уншигчид азтай. Фолкнерийн зохиолыг амт шимтийг алдуулахгүй орчуулна гэдэг хэр баргийн зохиол бичихээс хэцүү хөдөлмөр байх шүү.
Эл номын доторхи “Баавгай” туужийн дүрслэлд нь хөтлөгдөхөд л хангалттай таашаал авна. Гэтэл номын өгүүлэмж түүнээс гүн. Сайн шүлэг унших бүрт өөр мэдрэмж төрүүлдэг. “Өвгөд” номонд багтсан Фолкнерийн туужууд ч бас ой тайгын жимээр хэчнээн олон зорчлоо ч амьд сэргэг мэдрэмж нь арилдаггүй шиг сэтгэлийн цэнгэлийг таньд мэдрүүлнэ.
3. Д.Оюунчимэг “Оройн ганц мод”
Дараагийн ном биднийг нүүр нүдгүй шуурсан цасан шуурган дундуур морин тэргэнд суулгаад Монголын их хөдөө, Урианхайны дагшин хөх уулс, идэр жинчдийн их цувааны араас нэхэн авч одно. Зохиолч, яруу найрагч Дашийн Оюунчимэгийн “Оройн ганц мод” роман таныг нүүдэлчдийн ахуй заншил, оршин амьдрахуйн гүн ухаан, шид шившлэгт цадиг түүх рүү гүнээ хөтөлж, мартагдсан хуучныг нүдний тань өмнө шинээр дэглэн харуулах нь дамжиггүй.
4. Борис Пастернак “Доктор Живаго”
Хэрэв та доктор Живагог уншаагүй бол энэ өвөлдөө заавал амжиж унш. Учир нь энэ бол өвлийн тухай ном. Оросын их шүлэгч Борис Пастернакийн “Доктор Живаго” романаас хүүрнэл зохиолчийн эрэмбэ дараатай, нягт ажиллагаа гэхээс илүүтэй яруу найрагчийн тэмүүлэл мэдрэгддэг. Октьябрын хувьсгалыг тойрсон нийгмийн хүчирхэг доргион сонсогддог ч хагас мянга орчим хуудас бичлэгийн амин сүнс нь хувьсгалын хөл үймээнээс дайжин хилийн чанад руу дутаах биш, эх орныхоо гүн рүү цас мөсийг туулан аялж буй яруу найрагчийн зүрх сэтгэл юм.
Магадгүй Живаго эмчийн хэл яриа, өдгөөх цагийн нүдээр харвал хэт романтик гэмээр үйлдэлүүд Пастернакийн өөрийнх нь дүр, өчил биз. Бодит амьдрал дээр ч ялгаагүй яруу найрагч гэдэг нэг иймэрхүү дүр төрх байдаг. Арчаагүй дээ биш, шуналгүй, хэрсүү ухаангүйдээ биш зүгээр л өөртөө ойрхон байх гэсэндээ, өдөр бүхэн эх байгалийн дуудлагыг сонсох гэсэндээ л тэр биз ээ.
5. Орхан Памук “Цас”
Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” романыг өвлийн номын жагсаалтдаа оруулах онцгой шалтгаан буй. Романы үйл явдал Карс хэмээх Түрэгийн нэгэн бөглүү хотод, тасралтгүй орох их цасан дунд өрнөнө. Үйл явдлын гол дүр, яруу найрагч Каг даган тэр их цасан дундуур туучин одохдоо та цас хэмээх байгалийн үзэгдлийн ер бусын гоо, эмзэг ариун, хиргүй тунгалаг чанарыг шинээр сэрж, хэзээ ч дахин давтагдашгүй, ер бусын тэгш хэмийг үүсгэн будрах цасны ширхэг бүрийн тоогоор ертөнцийн түг түмэн хүн зоны явдал дунд уусан алдарсан өөрийнхөө оршихуйн давтагдашгүй нандиныг ч уудлан сэхээрч тэр тоолондоо бурханыг ч билүү, мөнхүү эмзэг агаад гоо оршихуйг бидэнд соёрхогч дээд хүчнийг дотроосоо сэрээнэ. Тэгээд цонхоор харахдаа Улаанбаатарынхаа гудамжнаа буух уйлган их цасан, Монголын их уул талыг бүрхсэн цагаахан туульсыг илүү энхрийлэн хайрлах ч магад.
6. Д.Энхболд “Паанан”
1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Монголын уран зохиол, ялангуяа хүүрнэл зохиол “амь орох шиг” болсон билээ. Энэхүү давалгааны оргил цэг нь Д.Норовын “Тэжээвэр”, Д.Энхболдын “Паанан”, “Соёо” туужууд байлаа. Хөдөөгийн жирийн нэгэн өвөлжөө, ханаа шийрлээд удаагүй залуу хосын амьдралыг хүүрнэх энэ туужид манай цаг үеийн сүүдэр, нүүдэлчний соёл иргэншлийн сүүлчийн орь дуу шингэсэн.
“Соёо” болон “Паанан” хэмээх холбоо туужаараа зохиолч амьдран буй цаг үеээ задлан шинжлэхийн хамт, эх орныг нь тосон буй ирээдүйн талаар зөн санаашралаа нийтгэсэн нь өдгөө уран сайхны хувьд, утга санааны хувьд ч улам бүр үнэ цэнээ олсоор байна. Зохиол Д.Энхболдын “Паанан” тууж бол пийшиндээ түлээгээ дүүргэчихээд, хөнжлөөрөө хөлөө тунтуйлаад уншиж суумаар ном.
7. Сергей Тумуров “Хүннү уулын нойрсогч өвс”
Сайхан шүлэг уншиж өөрийгөө чагнах анир гүмхэн атлаа гэгээн цагаан орчныг өвөл бидэнд бэлэглэдэг. Өвлийн энэ л анирхан цаг мөчийг тань хөглөх шүлэгчээр бид Буриадын Сергей Тумуровыг нэрлэлээ. Түүний “Хүннү уулын нойрсогч өвс” хэмээх түүвэр 2015 онд СГЗ Г.Аюурзанын орчуулгаар бидэнд иржээ. Хүннү уулнаа нойрсогч өвс-эртний өвгөдийн сүнсийг амь сэргэг авч үлдэх гэсэн мэт аялагхан зүсрэх бороон чимээ энэ номоор дүүрэн. Гэвч тэгж шамдах, эцэг өвгөдийн сүнсээс эдүгээ өөрийгөө бэдрэх, барьцгүй туйвсан сэтгэлээс нь Буриад зоны туулж буй өвлийг, цаг хугацааны жаврыг мэдэрнэ. Харин бид энэ цаг хугацааны хавар нь байж чадаж буй билүү?
8. Франц Кафка “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд”
Үгийн урлагийн жигтэй суутны нэг Франц Кафкагийн “нууцлаг, баргар, түгшүүртэй” бүтээлүүд уншигчдийн хувьд ямагт сорилт болдог. Нэг л өглөө сэртэл аварга том шавьж болоод хувирчихдаг Грегор Замзагийн тухай хачирхалтай хүүрнэл “Хувирал” тууж өдгөөгөөс 101 жилийн тэртээ анх хэвлэгдмэгцээ утга зохиолын хүрээнд цоо шинэ үзэгдэлд тооцогдож, уншигчдийг алмайруулан цочроож байсан гэдэг. Модерн утга зохиолын тулгын чулуудын нэг Франц Кафкагийн бүтээлүүд өдгөө бол хэдийн сонгодогт тооцогдох болсон. Гэхдээ хүний оршихуйн утга учир, мөн чанарыг баргар, түгшүүртэй өнгө аясаар хүүрнэхдээ уншигчийн доторх хүн ёсны, хүнлэг чанарын галыг ямагт өрдөн асааж байдаг Кафкагийн туурвил зүйн гоц шинж чанар ямар ч цаг үеийн уншигчдад нэн цочир, шинэлэг байх нь дамжиггүй. Англи хэлэнд хар дарсан зүүдний, жигтэй, дарамттай нөхцөл байдлыг илтгэх “Кафка маягийн” гэдэг тэмдэг нэр хүртэл бий болгож дөнгөсөн Кафкагийн бүтээлүүдийн онцлог болсон хүчирхэг уур амьсгалыг гүнзгий мэдэрч, автая гэвэл Улаанбаатар хотын хүйтэн, баргар өвөл л уншвал чухам тохиромжтой.
“Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номд Франц Кафкагийн “Хувирал” туужаас гадна “Мацагчин”, “Цээрлүүлэх колонид”, “Шүүлт” гэх алдартай өгүүллэгүүд багтсан нь уншигчдад эл суутныг өгүүллэгийн мастерын хувьд таниулах, мөн “Хувирал туужийн тухай” Владимир Набоковын лекц багтсан нь Кафкагийн зохиол бүтээлийг уншигчдад гүнзгий ойлгуулахад улам ч дөхүү болгожээ. Үүгээр зогсохгүй Нобелийн шагналт зохиолч И.Б.Зингерийн “Кафкагийн найз”, энэ цагийн хамгийн алдартай зохиолч Харүки Мүркамигийн “Дурлазан Замза” зэрэг Франц Кафкагийн зохиол бүтээлээс сэдэвлэж бичсэн уран зохиолын чансаатай бүтээлүүд “Кафка” гэсэн нэгэн уур амьсгалд зангидагдан “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд”-т багтсан нь энэ өвөл энэ номыг дэлгэх бас нэг сонирхолтой шалтгаан болж байна.
9. Ясүнари Кавабата “Цасан орон”
Уг ном монгол хэлнээ хараахан орчуулагдан гараагүй боловч гарцаагүй “өвөл”-д холбогдох утга зохиолын сор бүтээл тул жагсаалтынхаа төгсгөлд “нэмэлт” болгон оруулж байна.
Дорно гэдэг нүдэнд багтах эгэл даруу атлаа сэтгэлд үл багтах гүн гүнзгийг хэлюү. Дорнын хүмүүний сэтгэлийн нууцлаг агаад торгон эрхэмсэгийг Кавабата шиг урлаж чадсан нь ховор. Кавабатагийн эл чадвар “Цасан орон” романд нь гойд сайхан туссан бий. Хот газрын хөл үймээн, улигт амьдралаас уйдаж залхсан Шимамура өвлөөр цасанд дарагдаж нэлэнхүй цагаан боловч уулын бэлээс нь уур савссан халуун рашаан оргилон байдаг хөдөөх нутагт алжаал тайлахаар ирнэ. Тэнд нь ганцаараа юм уу, хэд гурвуулаа уван цуван ирж саатах эрчүүлийг тосч үйлчилдэг дууч эмсийн хүрээлэн байх аж. Өөрөөр хэлбэл тэр “Цасан орон” бол учирсан амрагууд хагацах гэж ирдэг, хагацсан амрагууд учрах гэж ирдэг жир бус хүслийн орон. Шимамура ч ёсоос үл хэлтийж нэгэн даруу гэйшад сэтгэл алдарна. Амраг хоёрын сэтгэлийг сорих гурав дахь бүсгүй ч гарч ирнэ. Ээдрээтэй ч юм шиг тэдний энэ явдал харин цас бударсан уулын горхины хоржигноон дунд нэг л уйтай, яруу, яг л будран орох цас шиг тунгалагхан агаад чимээ имээгүй аялагхан өрнөх билээ. Ёстой л цас хаялсан өвлийн өдрүүдээр унших ном. ♦