МЭТГЭР
2018-01-16 Зугаатай уншлага 1884

Уншигчдынхаа оюуны их цайдамд нэгэн авьяаслаг зохиолчийг дагуулан ирж буйдаа баяртай байна. Шарайд овгийн Бямбын Дүүрэнжаргал 1984 онд Өвөрмонголын Хөлөнбуйр нутагт төржээ. Өвөр-монголын Багшийн их сургуулийг хэл, утга зохиолын мэргэжлээр дүүргээд өдгөө Хятадын Олон Улсын Радиод сэтгүүлчээр ажиллаж, TomZaan цахим сэтгүүлийг үүсгэн байгуулаад байна. Түүний энгүүн сайхан хэл найруулгаар бичсэн “Мэтгэр” өгүүллэгийг таны таалалд барья. 


МЭТГЭР

“Манай сургуулийн хашаа хороо ч болохоо байлаа. Засаж сэлбэхгүй бол энэ хэдэн зүггүй хүүхэд ороо тугал шиг л тараачихаж мэдэхээр байна” гэж сумын дарга бодоод үрээний чих мушгиж, зодгийн товруу нудрах болсон шар шар хийсэн хэдэн залууг цуглуулж, сумандаа ганц тракторын жолоочоор ахлуулан модонд явуулахаар болов. Сайндаа ч юм биш, хорь дүүрсэн нь эхнэр хүүхдээр шилдэж, гуч давсан нь нас намбаараа булдаж арга ядан арван найм естэй хэдэн банди цуглуулсан ухаантай. Дөнгөж цэрэгт татагдан зарлангаа хүлээж байсан Даржаа ч тэдний дунд багтжээ.

Хөрш сумын нутгаар тэнэж, танихгүй эзэгтэйн гараас аяга тосно гэхээс хэрэндээ хөөрч орхисон залуус ажлаар биш аяллаар яваа мэт л пар пар гэсэн тракторын дууг дарах нь уу аятай дуулан исгэрэн хөдөллөө. Соном давхиж орой нь хөрш сумын нутаг давж, ой захлан буусан айл бараадан хүүхэд нохой үймүүлэн хоноод, маргааш нь үүрээр ойд оров. Ойр хавийн дөрөв таван ч сумын модны ганц хангамж болсон хангайд нөгөө пар параараа цуурай татуулан явж явж, үд голлохын хэрд ёстой л сүхийн дуу сонсоогүй байх гэмээр битүү хустай газар олж сүх далайн бууцгаав. Гэрээс бэлтгэл муутай гарсных, иргүй мухар сүхтэй Даржаад нөхдийнхөө унагасан модыг цагаалах ажил л оногджээ. “Даржаа, энд хоёр унасан шүү” гэж нөхөд нь ой цуурайттал хашхирч, мань хүн ч сүх нь мохоо болохоос биш цөс нь мохоо биш гэдгээ харуулах гэж их л гавшгайлав.

Нар унахад мод бэлтгэл ч далан хувьтай болж, өдрийн хугас сүх далайж хус цагаалсан Даржаа ёстой л нөгөө “Сүх далайж үхэр амрав” гэгчээр сүхээ амрааж, хэдэн аяга хээрийн хийцтэй цай гүзээлээд номхон барст хөтлөгдөн хамрын маани татаж эхлэв. Өглөө нь сэрээд “Шөнөжин уулын эзэд догширч, ууль, гахай дуугараад амар заяа үзүүлсэнгүй ээ” гэлцэх нөхдийнхөө ярианд бараг итгэж чадсангүй. “Ойн шөнө ямар жихүүн байдаг юм бэ, модны оройгоос янз янзын нүд хүйтэн гэрэл татуулан цоонож, ойн цоорхойгоор хорхой шавж тамхины гал мэт оч татуулан нисэлдээд, бараг л цурам хийж чадсангүй...” гэж хажууд нь унтсан нэг нь паргихад Даржаагийн хөх инээд хүрч “Юун ч сүртэй юм бэ дээ, хорь дөхөж яваа эр байж” гэсэншүү юм бодов. Харин өөрөө бол шөнөжин зүүдэлж хоножээ. Зүүдлэх зүүдлэхдээ бүр нойтон зүүд. Хачин тодоор, юу ч гэлтэй билээ, зүүдийг амьд гэж хэлж болдог бол тийм л амьд зүүд аж. Цав цагаан үстэй, газрын биш гэмээр үзэсгэлэнт эм цагаан буга унан ирж, “Би чамтай учрах ёстой уулын охин байна” гээд шууд л өрөөлдөж хучсан дээлэн дотор нь сэрүү татуулан шургаж, халаалт нь ирж байгаа сургуулийн байшин шиг биеийнх нь хамаг судсаар халуун цус гүйлгэж орхиж. Эмэгтэй хүний хүзүүнээс доош биед уруул хүргэж хуруу шүргэж үзээгүй явсан Даржаа ямар нэг далдын хүчинд автсан мэт бүхнийг төгс хийж дөнгөжээ. Уулын охин үе үе бараг л самар доргитол тас тас орилох тул цуг яваа паргиа нараа сэрээчихвий гэхээс л хачин их эмээж байв.

Ийнхүү зүүд түүгээр гурван ч удаа бахаа хангажээ. “Ямар хачин зүүд вэ? Амьдралдаа ч ийм сайхан юм амсаж үзээгүй. Ингэж амьтай зүүдлэнэ гэж бас байдаг аа? Ядарснаас болсон юм болов уу” хэмээн гайхширсаар өндийтөл гол нуруунд нь чөмөг байтугай шингэн ч үлдээгүй мэт арагшиж, мод чулуу шиг болсон байв. “Ганц өдрийн эдэлгээ даахгүй нуруу ч гэж юу байх вэ... Нөгөөдүүл дооглох вий дээ” гэж бодоод шүд зуун босч, юу ч болоогүй мэт мөр харахаар гарлаа. Хамаг бие хөндүүртэй ч сэтгэл санаа хэлэх юмгүй өег, яг л сэмхэн харж явдаг Сэржмаагийнхаа өврөөс босоод ирсэн юм шиг л ханамжтай сайхан. “Юу болох нь энэ вэ? Ийм зүүд бас байдаг аа? Үгүй, арай зүүдэндээ орилж гиншиж балаг тарьчихаагүй байгаа даа” хэмээн эргэж нөхөд рүүгээ хартал юм болсон шинжгүй хоорондоо шал пал гэлцэж сууна. Даржаагийн санаа амарч, мөр хараад өмдөө татах гэтэл золтой л орилчихсонгүй. Гэрээс гарахдаа өмссөн шинэ дотоож нь алга аа. “Юу гээчийн чөтгөр вэ? Хоёр орой бүхлээрээ унтсан юмсан. Яалт ч үгүй шинэ дотоожтой гэрээс гарсан. Өө, муу цусан булдруу...Түрүүгээр гоожчихно л гэж баймгүй юм. Зүүдэндээ тайлж балайрсан юм биш биз дээ” гэсэн бодсоноо өөрөөсөө ичиж улаа бутруулсаар эргэж алхав. Дээлээ гөвсөн хүний дүр үзүүлж хэвтрээсээ хайлаа. Алга аа. “Манай хэдийн нэг нь олчихоод намайг гайгүй чадах гээд нууснаас зайлахгүй” гэж сэрдээд нөгөө хэдээ сэм ажвал гэмтэй царай харагдсангүй. “Дүүрсэн монди вэ, унтаад босоход дотоожоо алдчихна гэж ер юу байх вэ, үгүй би чинь арай...” гээд өмдөндөө гараа шургуулж үзвэл бас л алга, эрхтэн нь эрх тааваараа... “Түй... Юу болж байна аа” гэж бодтол бодлоосоо ч болов уу, хөндүүр болсон нуруунаасаа ч болов уу золтой л сөхрөөд суучихсангүй, өвдөг нь нугарсхийгээд нэг тэсэв.

Тэгсгээд цай цүй болж, залуус ажилдаа ханцуй шуулаа. Харин Даржаа нэг л болохгүй, засуулсан бяруу шиг л хөл гар нь сульдаад, нөхөд нь дооглож “Манай Даржаа ч Ларжаа болжээ, хөөрхий” гэлцэнэ. Үгийн хариу хэлэх ч тэнхээ байсангүй, шүд зуун модоо цагаалсаар арай гэж нэг юм дуусгаад, мод ачилцах ажилд оролцож чадалгүй өвгөн жолоочид туслан хоол шөл бэлтгэмээр аядав.

Модчид хооллож суутал, хонины бололтой зутруу хашин морьтой нутгийн өвгөн хоолон дээр буулаа. Мэнд усаа мэдэж, хоолон дээр таарсных ганц аяга хоол гүзээлээд,

-Бодвол холын улс бололтой. Нутаг хаагуур вэ? гэх яриа өдөж хариу сонсоод,
-Тийм байх аа, ойр нутгийн хүн бол энэ хавьд зүрхэлж өнжихгүй л дээ гэлээ.
-Ямар учиртай билээ? гэж өвгөн жолооч хашир заан асуухад,
-Энэ ямар нэртэй газар болохыг мэдэх үү, та нар? гэвэл залуус цөм толгой сэгсэрлээ.

-Толгой сэгсрэх муу ёр далладаг юм, хүүхээ. Энэ газрыг Жинжирийн гэдэг юм. Яах вэ, хөөрхий. Хүний нэр л дээ. Манай суманд Даржаа гэдэг ухаан муутай ч гэх үү, солиотой ч гэх үү хөх өвгөн саяхан болтол амьдарч байсан юм...

-Өө, ах аа, манай энэ шинэ цэргийг ч Даржаа гэдэг юм... гэж залуусын нэг нь доогтой паргиж, бусад нь дагалдан пургив.

-Хөг, цөс! Тийм үү? Хөөрхий, тайж угсааны хүн юм гэнэ лээ. Манай Даржаа залуу байхдаа хөрөнгөтэй ч явж, ганган ч байж, харин очиж очиж хониор нь оторлодог ядмаг айлын ганц охинд хөл алдан дурлаж, орж гарсаар хөл хүнд болгож орхижээ. “Занги хүний хүү байж зангаа алдаж, зайдан айлын охинтой заяагаа хүлэх нь үү?” гэж занги хатан ширэв татаж, хөл хүнд болсон охинд юу ч гэдэг юмсанж нэг эм уулгасан гэдэг. Хөөрхий охины үр нь зулбаад зогсохгүй үс нь цайж л дээ. Хоньчны хүүхэд хүн биш байсан цаг хойно, яах ч билээ. Цагаан үст охин нэг л өдөр алга болж, энэ хавьд боомилж үхсэнийг нь олон сарын дараа хүмүүс олсон гэдэг юм. Тамтаг болсон цогцсыг нь цагаан үсээр нь таньсан юм байх аа даа. Тэр охин Жинжир нэртэй байж. Ямар ч утгатай нэр юм, бурхан бүү мэд. Түүнээс хойш Даржаа ч ухаан солиотойн хооронд явсаар худагт унаж өөд болсон юм даг. Хорхойд хоргүй шахам л өвгөн байсан даа, зайлуул. Эхийнх нь лай ланчиг газраас татсан юм байлгүй дээ...

Даржаа өөрийн мэдэлгүй чичирч байв. Гар дахь аяга нь үл мэдэг дайвалзаж, нүд нь таг гөлөрч орхисон ч өвгөний ярианд автсан нөхөд нь харин анзааралгүй өнгөрчээ.

-Тийм болохоор энэ хавийг гүйдэлтэй гээд хүмүүс ер ойртдоггүй. Янз янзын юм болдог л шиг байгаа юм. Хүүхдүүд минь, болж өгвөл жаахан холдож хоновол дээр шүү гэж хэлээд өвгөн мордлоо.

Залуус ч жаахан жихүүцэж, өөр өөрсдийнхөө мэддэг тарни шившлэгийг уншаад цай өргөн хөдлөв. Сайн модтой газар хайх гэж ойн цээж рүү нэлээд гүн орсныг ч хэлэх үү, хэдэн залуу эр бяраа гайхуулах гэж дэнхийтэл ачсаныг ч хэлэх үү газар олигтой ахиж чадсангүй. Ирэхдээ хоноглосон айлын нохойн дуу бүдэг сонсогдохоор, ойн сийрэгшсэн газар хоноглоод маргааш нь нутгийн зах руу орж амарлаа. Залуус гайхуулах юмтай харьцгааж байгаадаа хөөрцөглөн байхад харин Даржаа нэг л дуугүй, дүнсгэр саарал юм явлаа. Нөхөд нь түүний нь юман чинээнд бодож, ялаан чинээнд үргээсэнгүй.

Модоо тушааж тав гурван юмаар шагнуулж гэртээ харьсан Даржаа хэд хоног бүлээрч, хар шөл хадаг ямбуу болж байтал цэргийн зарлан ч ирж, анх удаа машин гэдэг унаанд дайгдан хуаран гэдэг газарт бүртгүүлэв.

Харин гурван ч сар бололгүй хамуунд бариулсан бяруу шиг нүднээс гарсан амьтныг цэргийн хуарангаас буцаажээ. Зүгээр ч үгүй бас сумын даргад нь хандан “Танай энэ эрхийн балай цэргийн дэглэмд дасахгүй, гэрээ санан гансарч, хоол цайнаас гарч, нойртой нойргүй яваагаа зүүдэндээ сүнстэй нөхцсөн гэх дэмий балай яриагаар цагааруулан мултрахыг оролдсон тул хатуу шүүмжлэн цэргээс халав. Дахиж ийм эрхийн балай, мухар сүсэгт автсан хүнийг цэрэгт явуулахгүй байхыг хүсье” гэсэн үгтэй захидал дайлгасан байв.

Түүнээс хойш Даржаагийн сүнстэй нөхцсөн гэх зүүд сумынхны амыг нэг хэсэгтээ л улаан хазаар болгож, мэдэхгүй хүн, ярихгүй ч амьтангүй болов. Нэг мэдэхэд Даржаа ч шал хөндлөнгийн хүний тухай сонсож байгаа юм шиг инээчихсэн явдаг болж, мариа мах нь орж нүдэнд торохтойгоо боллоо. Удалгүй Сэржмаатайгаа ч айл болон дов цайруулав. Гэтэл нойтон сормуустай амьтан уналгүй гурван жил болж, очоогүй эмнэлэг уулзаагүй ламгүй болтлоо яваад ч үрийн зулай үнэрлэж чадсангүй. Сэржмаа ч сэтгэлээр унаж унаж, нэг л шөнө холын хүн дагаад сураг тасарлаа. Даржаа хэдэн жил ганцаар явсаар гуч ойртож хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр авч суусан боловч дундаас нь мөн л юм унасангүй. Хэзээ хойно олон жилийн дараа Даржаа авгайдаа хэнд ч хэлээгүй нууцаа дэлгэжээ.

-Тэгж нөгөө Жинжирийн гэдэг газраас холдож хонохдоо би ахиад л нөгөө цагаан үстийг зүүдэлсэн юм. Харин түрүү оройнх шиг юм болсонгүй. Цагаан үст уйлан байж “Би модноос дүүжлэн агаарт үхсэн. Харин Даржаа минь худагт унаж усанд үйж үхсэн. Эс тийм бол бид газарт уулзаж хувь заяагаа ургуулж болох л байсан. Даанч болсонгүй. Тэгээд л өөр нэг Даржааг бурхан надад хайрлажээ. Уучлаарай, чиний үрийг надаас өөр хүн тээхийг би зөвшөөрөхгүй, тэгэх ч ёсгүй юм. Үүний төлөө би чамайг эр хүн болгож, чи намайг эх хүн болгосон. Уучлаарай намайг. Чи дахиж өөр үр хүсэх хэрэггүй. Гэхдээ газар дээр ганц хүүтэй гэдгээ битгий мартаарай. Хүү шүү...” гээд хөлөөс минь тэврэн уйлсан. Тэр ч бүү хэл “Бид хоёрын хүү...” гэж ирээд нэрийг нь хэлсэн. Харин би сүнсээ зайлтал айсандаа нэрийг нь марчихаж. Нэг л сонин нэр байсан санагдана. Нээрэн би үрийн заяагүй хүн юм байжээ дээ гэсэн гэдэг.

Ноднин өвөл Даржаа өвгөн өнгөрч, хойдохыг нь гүйцээх гээд улс амьтан цуглараад байтал хаанаас ирсэн юм бүү мэд, буга хөллөсөн чаргатай хүн гэнэт яваад оржээ. Гэрийнх нь хавиар шувуу нисээд өнгөрөхөд ч хуцаж боргодог дагавар хүүгийнх нь хасар басар ноход буган чаргатыг ирэхэд ган хийж ганц хуцалгүй сүүлээ хавчин хөсөг тэрэгний доогуур шурхийгээд орсон гэж улс амьтан ярьдаг юм.

-Намайг Мэтгэр гэдэг. Би Даржаа өвгөний газар дээрх ганц хөвүүн. Эцгийгээ хөдөөлүүлэхээр ирлээ гэж хээв нэг хэлээд амар болоочийг чаргандаа тавиад чирээд явчихсан гэдэг... 

Түр хүлээнэ үү...
Top