(Өгүүллэг)
Нарны байдлыг харвал дөнгөж л бага үд болж байхад Баясах жороо хүрэн мориороо мэтгүүлэн зүтгүүлсээр Бууралын даваан дээр гарч иржээ. Буурал хэмээх энэ аварга том уулыг нутгийнхан Хайрхан хэмээн алга хавсран дээдлэх бөгөөд баруун мөрөөр нь арайхийн давдаг морин зам ямар ч эрэмгий туурайтны хөлийг чичрүүлж, хөлсийг шавхах бөлгөө.
Нартай тунгалаг өдөр байлаа. Бууралын даваан дээр ийм цаг агаартай учрах нь нэн ховор, ямар ч аагим халуун өдөр бэлээс нь зүтгүүлсэн морьтон үүгээр давахдаа дээд тивийг эзэгнэн хэвтэх цагаан арслан мэт үүлсийн оронд зорчиж, өвөл, хавар, зун, намрыг нэгэн дор үзнэм билээ. Алсад цайвардуу униар суунаглаж, Цаст хайрхан, Цагаан уул тэргүүтэн зүрх муутай нэгнийг бол бахардуулж мэдэхээр дэндүү ойрхон дүнхийлдэж, зөвхөн бурханлиг хүчин л бүтээсэн байж болох цалин мөнгөн суварга мэт хаврын сүүл сарын наран дор эрдэнийн туяасаа цацаргах нь нэн үзэсгэлэнтэй гэхээсээ илүү сүрдэн бишрэм ажээ.
Гэвч Баясахтан сайхь сүрлэг ноён оргилуудыг ч, усан хулгана болтлоо хөлөрч, хөх мах нь татвалзан зогсоо хайртай хүрэн морио ч анзаарсангүй. Их даваан дээр ийм тунгалаг өдөр гарч ирсэн нь зорьсон хэрэг бүтэхийн шинж хэмээн бэлгэшээж болох байсан ч энэ тухай бодож төвдсөнгүй. Ерөөс Баясах гэгч энэ сур шиг хөх эр нэг л зүйлд хорхойсон донтдогийг эс тооцвол баргийн юмыг тоодоггүй, элдэв бишрэл, мухар сүсгээс огт харь нэгэн билээ. Тиймдээ ч зөвхөн холын аянд мордохдоо л ихэд нандигнан, авдраасаа гаргадаг хүрэн ширэн богцоо эхнэрээрээ гаргуулж, ойр зуурын хоол хүнс төхөөрүүлж аваад нар дөнгөж уулын оройд тусаж байхад Буурал хайрханыг зорин мордсон юмсанж.
Улс амьтан ер юу эс хэлэлцэхийг тэр гэх билээ. Амаа сунаж, тагнайдаа булцуу үүстэл л цуурдаг шүү дээ. Тэр дундаа өндөр уулсын бэрх даваануудаар соёлт ертөнцөөс тусгаарлагдсан буйд энэ нутгийн зон олон элдэв янзын ид шид, буг чөтгөр, лус савдагийн тухай хүний санаанд оромгүй сонин хачин юм ярьцгааж, түүндээ бүр үнэмшиж орхиод ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй, ингэвэл тэгдэг юм гэнэ лээ гэхчилэн хөл хорьсон үед гэрийн үүдэнд уядаг дээс шиг нүдэнд үл үзэгдэх элдэв дээдийн тэг голдирол, дэг жаяг бий болгон, амьдралдаа хэвшүүлэх нь бараг өөрсдийгөө зугаацуулсан хэрэг байлаа.
Баясахтан дээрхи яриануудын алиныг ч үг хэмээн тоож байсан удаагүй. Суусан газраасаа шороо атгаж босоод түүнийгээ алт болгочих гэсэн чин эрмэлзлэлдээ хөтлөгдөн, хөх хулгана болж хөеө хураахаас наахнуур явдаг түүнд хийх ажилгүй улсын дэмий цуурахыг сонсож суух зав ер хаана байх вэ. Харин өнгөрсөн намар хот явж, том хүүгээ гэрлүүлээд ирснээс хойш нэгэн яриаг тун анхааралтай сонсох болж, сүүлдээ бүр судалж эхэлжээ. Учир юу вэ гэвээс Баясах цээж дэлдэн гайхуулаад явдаггүй ч энэ нутагт хэний ч хурааж дөнгөөгүй хөрөнгө зоорийг бий болгож чадсан хүн. Залуу байхад охид хүүхнүүдийн хойноос ч тэгтлээ алдарч үзээгүй сэтгэлээ гагцхүү алт, мөнгө хураахад зориулна. Хэн ч гэсэн хэдэн төгрөгтэй болмогцоо л ийм тийм гэр байшин, машин тэрэг базааж эхэлдийг тэрээр ерөөсөө ч тэвчиж чаддаггүй юм. Түүнийхээр бол тоостой замд салж ойчих машин, эсвэл хур бороонд дээврээсээ малтуулсан гэр байшин сэлтхэн яагаад ч жинхэнэ хөрөнгө болж чадахгүй, гагцхүү... гагцхүү... хатуу эд л чухам арааны шүлс асгаруулах бөлгөө. Түүнд үхрийн шагайн чинээ шижир алт, цул мөнгөн арслан, Богдын үеийн шүрэн жинс, эхнэр хүний иж бүрэн толгойн хэрэглэл гээд аазгай хөдөлмөөр юмс бишгүйдээ нэг бий. Тэр бүхнээ эхнэр хүүхэддээ ч үл үзүүлэх бөгөөд түлхүүрийг нь байнга хүзүүндээ зүүж явдаг улаан авдартаа мөнгөн тоногтой ховдод хадгалдаг байснаа хэдэн жилийн өмнөөс бууж мордож байгаа хүн бүхэн л харц унагаад байх шиг сэжигтэй санагдсан тул Сэрүүний амны асган дотор өөрөөс нь өөр хэн ч олохгүй хадны хөндийд нуух болов. Долоо хоногт нэг эргэхдээ өөрөөс нь өөр хүн байтугай чөтгөр ч олохгүй юм байна гэдэгт дахин дахин итгэж сэтгэл тайвширна. Хааяа өөрийгөө баясгамаар болсон үедээ бүгдийг нь гаргаж, нэг бүрчлэн барьж үзээд алган дотроо удаан байлгахдаа “Ээ, улаан сухай гэж, мөн ч лут байхчив ээ” хэмээн амандаа үглэж, ширүүн харцтай гурвалжин нүд нь бэлтрэгээ ноолох эх чоных шиг зөөлөрч ирнэ.
Харин өнгөрсөн зунаас хойш тэгтлээ баяр бахдалыг дүүрэн эдэлж чадсангүй. Хэдийгээр хатуу эдлэлдээ гар хүрээгүй боловч банкинд хийсэн мөнгөнийхөө хагасыг авч, дээрээс нь хонь үхэр нэлээдийг зарж үрэн байж, гэрлэж бараалсан хүүдээ тэр байр гэгчийг нь авч өгчээ. Хэн мэдэх вэ, хүүхэн хүнд ухаанаа тавьсанаас толгой нь хамуурсан тэр хүүд олон давхарт байшинд, амьтны орой дээр заларч суух тийм л сайхан байдаг юм байлгүй. Уг нь Баясах яая гэсэн сайхан гэр төхөөрч, авдрынх нь ёроолд овоо хэдэн хатуу эд чулуудчихаар л хөрөнгө зарсан юмсанж. Бас болоогүй ээ, тэгж ямбалж суусныхаа төлөө сар болгон мөнгө төлдөг гээд байгаа. Энэ тухай бодох бүр уур нь хүрч, “Мөнгө ч гэж ёстой цаас болж гүйцжээ” гэж хэнд ч юм шаралхахдаа чанга гэгч нь хэлж орхидог байв. “Буяны саваа юугаар ч баярлуулж чадсангүй. Лав ойрын хоёр гурван жил ганц алтан зоос ч чулуудаж чадахгүй биз”. Ингэж бодохтой зэрэг гүн харуусал төрнө. Ердөө жилийн өмнө л “Би та нарын хэнээс ч илүү. Та нарын эрдэмтэн доовтор, дарга цэрэг ч гэж дээ, нохой долоо, миний хажууд юу юм бэ. Би баян, би эд мөнгийг эрхшээгч, та нарын өдөр шөнөгүй бодон гиюүрч явдаг тэр зүйл чинь миний гарын алган дотор байна, тэгэхээр би энүүхэндээ л эзэн хаан гэж мэд” хэмээн бодохуйяа хамаг цусыг нь чамархай өөд нь шахаж, нүд бүрэлзүүлэн цээж дэлддэг аархал бахархал ор сураггүй алга болсон мэт. Товчхондоо гэвэл Баясах сүүлийн хэдэн сар шаналж гүйцээд байжээ. Чухам яг энэ үед дээрх яриануудын нэг түүний харанхуйлсан цээжинд аянгын гялбаа мэт цахилан орж ирсэн юм. Бодох бүр, сонсох тусам амттай сайхан санагдаж, алдагдсан бүх хохирлыг нь эргүүлэн авчраад зогсохгүй жинхэнэ эрдэнэсийн эзэн болчих юм шиг хагацашгүй мөрөөдөлд умбуулдаг байлаа.
Хэдэн зууны өмнө Манжийн цэргээс зугтсан Амарсанаа баатар энэ Буурал хайрханд ирж бүгсэн юм байх. Манан татаад харанхуй нүх шиг болчихсонд Манжийн цэргүүд Амарсанаа баатрыг олох нь байтугай өөр хоорондоо харвалдаж, цавчилдаж, ихэнх нь хадан хавцал руу нисэж, үхдэлээрээ хээрийн амьтад хооллоод арга буюу буцахад хүрчээ. Амийг нь аварсан Буурал хайрханд Амарсанаа баатар тахилга өргөөд, баруун мөрөн дээр нь овоо барьж, овоон дотор нь морин толгойн чинээ шижир алт хийж, эзэн савдагт нь хадгалуулаад “Цулбуураа чирсэн шарга морь сул гүйж харагдан, шандын ус хормойг чинь давах үед би эргэж ирнэ. Тэр болтол өөрийн хүнд өршөөлт эх шиг байж, буруу санаатанд галзуу арслан шиг бай” гэж захиад мордсон юм гэдэг. Энэ үг үнэн худлыг бүү мэд. Юутай ч морин толгойн чинээ шижир алт гэдэг нь Баясахыг зүгээр суулгахын эцэсгүй болгов. Настайчуудаас учрыг лавлах гэж үзээд “Тэр овоо жирийн овоо биш” гэдгээс өөр тоймтой юм олж мэдсэнгүй. Ямар ч их цас орсон үед овоон дээр цас ер тогтдоггүй. Идэр есийн тэсгим хүйтэнд ч овооны эргэн тойронд мянган хонины хэвтрийн дайтай газар хараараа байдгийг Баясах өөрөө ч мэднэ. Тээр жилийн их цаснаар газар дөтлөхийн тулд унааны сайнд найдан энэ даваагаар гарч ирэхэд овооны эргэн тойронд мөн л хар байж, морь нь амьсгаа дарах зуураа хэд гурав хазаад авч байсныг Баясах тун тод санах авай. Алтнаас илч дулаан ялгардаг юм гэнэ лээ, тийм ер бусын болохоороо л эрдэнэ гэгддэг юм гэсэн гэхчилэнг энэ тэндээс сонсож дуулснаасаа эргэн шүүрдэж байх зуураа “Хэн мэдлээ, золиг, тийм том алт цасан дунд хэвтэж байхыг ямар үзсэн биш” гэж адган боджээ.
Баясахын зорьж ирсэн овоо бол энэ хар уулын хаанаас нь олж авчираа вэ гэмээр нэгэн жигд данх шиг цагаан чулуугаар өрсөн багавтар гэрийн чинээ овоо байлаа. Бууж мордогсод олз, омог хүсэн хоёр гурван чулуу заавал өргөх тул эргэн тойронд нь хумсын чинээ ч чулуу үлдсэнгүй. Овооны яг шил дээр хадаг яндир болсон өнчин ганц бургаас байх агаад ихэвчлэн хавцал, гол даган ургадаг энэ мод манан будан хөшиглөж, эрчит салхи хуйларсан өндөр уулын хярд яагаад ургаж төлжөөд байдгийн учрыг жирийн хүний ухаанаар тайлахын аргагүй.
Салхи ч үгүй тогтуун, цэв цэлмэг өдөр байлаа. Морио чөдөрлөж тавиад богцоо аван эргэх зуураа Баясах яагаад ч юм бэ хамаг үе нь сулраад явчих шиг болохыг анзаарав. Ингэсний төлөө эргэж буцъя ч гэж бодсонгүй, харин овооны шил дээрх өнчин бургаасны хажуугаар гарахдаа ямар аймаар өл шимгүй цагаан, яасан араг яс шиг сарвайсан мөчиртэй юм бэ гэж бодов. Хоёр чих дүлийрэм гүн аниргүй ноёлно. Гэнэт Баясах анир чимээгүй гэгч хичнээн олон зүйлийн хөг авиа агуулж байдгийг ойлголоо. Түүний чихэнд олон зууны турш Бууралын салхинд туугдаж ирсэн түмэн янзын дуу хоолой нарийн, бүдүүн, аргил өнгөөр шуугин исгэрч байх шиг санагдсанд тэр өөрөө ч мэдэлгүй чихээ даржээ.
Овооны чулуунуудын завсраар бутархай мөнгө, хугархай харандаа, халтар ёотон, хугас шилтэй архи, тоглоомон машины дугуй, дээлийн товч зэрэг элдэв зүйлийн юмс хөглөрнө. Даваагаар давагсад овоонд архи, идээ тэргүүтнийг өргөж, мөнгө барихын зэргэцээ өөртөө аль эрхэм нандин гэж тооцсон бүхнээ энд үлдээсэн нь одоо бол хог гэж хэлэгдэхээр байлаа.
Тээр жил солгой Очир хот явж хүүхдээ эмчлүүлэх хэрэгтэй болоод мөнгө хайж явахдаа Бууралын овооны хамаг мөнгийг хамж авсан гэлцэх. Бэлээс нь гарч ирэхдээ л сунаж мөргөсөөр ирсэн юм байх. Хүнтэй ярьж байгаа юм шиг чанга чанга дуугаран, гуйж залбирч байгаад чулуу болгоныг нь нэгжин яг хэрэгцээнийхээ мөнгийг олж авсан гэдэг. Хожим солгой Очир согтчихоод “Ээ, Буурал хайрхан минь, эгэлгүй шүү. Эх хүн шиг биднийхээ зовлонг ойлгодог юм” гэж нулимсаа арчин ярьж байсныг Баясах ч өөрийн чихээр сонссон. Бас нөгөө хэн хоёр ч гэдэг билээ, Бууралын овоонд өргөсөн архийг зээлээд уучихжээ. Грван хоногийн дараа авчирч өгье гэж архины халуунд ам гарцгаасан юм байх. Гурав хоног нь ч өнгөрч, нөгөө хоёрыг зүүдэнд нь дуудаад унтуулдаггүй гэнэ шүү. Айсандаа ар дагзных нь үс босчихсон хоёр юм тав дахь хоног дээрээ нэг нэг шил архитай давхиж ирсэн гэдэг.
Баясах энэ бүхнийг дурсан бодохдоо солгой Очир шиг сунаж мөргөе ч гэсэнгүй, бас нөгөө хэн хоёр шиг ар дагзныхаа үсийг босгон давхиж ирнэ ч гэж санасангүй. Зүгээр л энэ чулуун овоог зөөж тавина гэхээс жаахан зүрхшээжээ. Харин алт олдог ч бай, эс олдог ч бай, буцааж хуучин хэвээр нь өрнө гэдгээ яг таг мэдэж байв. Тийм ч учраас чулуу бүхнийг их л болгоомжтой, дэс дараалалтай авахад хүрлээ. Нутгийнхан хаваржаанаас гараагүй болохоор өдийд хэн нэгийг Бууралын даваан дээр гараад ирнэ гэж огт санаа зовсонгүй. Ажилдаа улайраад нэг хэсэг юу ч анзаарсангүй. Багцаалбал чулууны зөвхөн тавны нэг орчмыг зөөж тавьсан, энэ нь дөнгөж нэг захаас нь хазсан нойтон ааруул шиг харагдаж байгаа зэргийг олж харахаасаа өмнө нүдэнд нь гэнэт нэг юм сэрвэлзэх шиг болж, яс шиг мөчиртэй хувхай цагаан бургаас өртсөнд бондосхийн цочиж, “Аа, золиг, ямар үхдэл шиг лүд вэ” гэж амандаа үглэснээ ариулан харсны хойно амнаас нь дахиад ямар ч хий гарах тэнхэлгүй болов. Тэнд үнэхээр хүн зогсож байжээ. Ямар ч араг яс шиг хувхай цагаан бургаас алга. Өөрийнх нь үглэснээр үхдэл ч биш, амьдаас амьд хүн зогсож байсанд эхлээд “Энд хэн хүрээд ирдэг билээ?” гэсэн шүү юм бодож амжив. Гэвч мөчийн дараа гар хөл, нүүрнийх нь үрчлээс, хэлхгэр том ханцуйтай ямар ч юм бэ хувцас зэрэг нь салхинд хийсэж байгаа өнгөгүй гялгар цаасархуу, байхгүй боловч байгаа нь мэдрэгдээд байгаа, нэг үгээр хэлбэл агаарт тогтсон тунгалаг дүрс юм гэдгийг, өөрийнх нь авчирч тавьсан хүрэн ширэн богц бэлхүүснээс нь арай дээхнүүр нэвт харагдаж байгаа зэргийг олж хараад арай ч янгууч эхнэрүүд шиг муураад уначихъя гэж бодсонгүй. Толгой нь айхар эргэж, газар дайвалзаад явчихыг мэдэрсэн боловч тэрээр юу хийх ёстойгоо тэр дор нь ойлгожээ.
Дараагийн эгшинд Баясах тэр хачин дүрстийн өмнө сөхрөн суусан байлаа. Малгайгаа авч хажуудаа тавиад тээр жил ээжийгээ бурхан болоход гэрээс ёсоор нь Гандан хүрээ орж, наманчлан залбирсан шигээ гурвантаа сунаж мөргөв. “Чамд юу хэрэгтэй вэ?” гэсэн дуу хоолойг салхинаас олж сонслоо.
- Бурхан минь... эзэнтэн минь... үгүй, үгүй... Буурал хайрханы савдаг минь, надад тэр алтаа хайрлаач.
Хөхөөр инээх шиг салхи хачирхалтай өнгөөр улин гаслах сонстоно.
- Би амьдрах л гэж ядаж яваа хүн. Амьдрал гэж, нохой долоо, ямар даажинтай эд вэ. Алт... алт... алт л зөвхөн аадар бороо шиг хэрэгтэй байх юм. Таны энэ хад чулуу шиг элбэг алт байсан бол ямар аштайв дээ.
Энэ удаа салхины элдэв улиан, шуугианыг биш, жинхэнэ дуу хоолойг олж сонсов. Тэр тунгалаг дүрст хүн эр байсан уу, эм байсан уу, ер нүүр царай нь ямаршүү төрхтэй байлаа гэдгийг хожим бодоод бодоод олоогүйтэйгээ адилхан тэрхүү дуу хоолой хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, чухам хэн гээчийн илэрхийлэл байсныг мэдсэнгүй.
- Нэгэн хүслийг чинь биелүүлье. Харин овоог минь битгий нураа.
Бүр яг ингэж хэлжээ. Нэгэн хүслийг чинь биелүүлье гэнэ үү? Харин овоог битгий нураа. Тэр бололгүй яах вэ, ер нь би нураах гээгүй юм шүү дээ. Буцаагаад өрөх л гэж байна. Ха-ха-ха. Нэгэн хүсэл гэхээр чинь юу байдаг билээ? Хормой дүүрэн алт!
Ингэж хэлье гэтэл арай л жолдоод явчих шиг санагджээ. Бууралын эзэн биеэрээ ирчихээд байхад очиж, очиж ганц хормой алт гуйхдаа яахав. Гэр дүүрэн алттай бол мөн сайхан аа. Тэгмэгц Баясахын толгойд энэ хорвоогийн хамгийн мэргэн санаа харван орж ирлээ. Дахиад гурвантаа сунаж мөргөв.
- Бууралын эзэн минь! Гар хүрсэн болгон минь алт болон хувирч байх ид шидийг хайрлаач!
Аймшигтай эл хуль, эзгүй даваан дээр Баясах байдгаараа бөхийчихсөн сууж байв. Эргэн тойрны булт юмс хуучин янзаараа, харж дассан тэр л хэвээрээ. Ямар ч тунгалаг биетэй эмгэн юм уу, өвгөн, эсвэл залуу хүн биш өнөөх л яндан цагаан бургаас хадаг яндираа савсуулчихсан байж байна. Гарынхаа алгыг хорстол чулуунаас нь зөөж тавьсан өнөө овооны ширхэг чулуу ч байрнаасаа хөдөлсөн шинжгүй, бүрэн бүтэн, ааруул, ёотон, хугархай харандаа, дээлийн товч, бутархай мөнгө зай завсраараа хөглөрүүлсэн хэвээрээ байж л байлаа.
Баясах эгшин зуур зүүрмэглэсэн юм болов уу гэж бодов. Гэвч газар хэвтэж байсан богцоо авахаар тонгойхдоо Бууралын эзэн хүслийг нь талаар болгосонгүй гэдгийг мэдмэгцээ золтой л зүрх нь багтарчихсангүй. Эхлээд гарт нь барьж дассанаас арай л хатуу зүйл тэмтрэгдэх шиг болжээ. Ахиулан барьж аваад өргөх гэтэл даагдахын аргагүй хүнд байсанд харвал... ээ Бурхан минь... алт... жинхэнэ шижир алт ширэн богцных нь оронд хорхой хүрэм бүдэгхэн шаргал өнгөөрөө, бүхнийг чадагчийн дүрээрээ, инээмсэглэх мэт үл ялигхан гилбэрч байлаа.
- Үгүй ер, ийм юм гэж байх уу даа. Гар хүрсэн болгоноо алт болгоод байдаг гэж би урьд хожид ер сонсож яваагүй юм байна. Жинхэнэ эзэн, жинхэнэ эзэн хаан боллоо! Надтай эн зэрэгцэх аавын хүү энэ голд, энэ голд гэнэ шүү үхэж хэвтмэр, энэ оронд, үгүй, үгүй, энэ ертөнцөд байхгүй! Энэ хорвоод зөвхөн би ганцаараа! Ээ, бүү үзэгд, үнэн л байгаа даа, энэ чинь... Ийм юм гэж байх уу даа? Би арай зүүдлээд, эсвэл солиорчихоод байгаа юм биш биз ээ!
Баясах ийнхүү зогсоо зайгүй үглэх зуураа нэг бол жаахан хүүхэд шиг дээр дээр үсчин бүжиглэх аядаж, нэг бол эрвээхэй гэтэж байгаа зулзаган могой шиг цогнойн зогтусах аж.
Хэдий дотроо юмгүй хоосон ч гэсэн богцны дайтай шижир алт гэдэг чамгүй хүнд эд байв. Морио хөтөлж ирэн, тэгнэж аваад хөтөлж харихаас гэсэн шүү юм бодон түрүүнээс хойш замын цаад руу гаран идээшилж байсан морь луугаа очиж, цулбуураас нь барин автал хэрэг бишдэв. Цахилгаан гүйдэл мэт шаргал урсгал цулбуураар дамжин, тэр дороо хүнд хатуу металл болон хувирч, морины толгой руу бас л шаргал зам татуулан өгсөж, хатууран царцаж байвай.
- Цул алтан хазаар! гэж баярлан дуу алдаад мориныхоо толгойг тэврэн авчээ. Гэтэл... гэтэл... энэ нутагтаа л хэний ч хүүгийн унасан хүлгийн өмнүүр толгой хаялан дүүхэлзэж, усан тэлмэн жороогоор бөмбөлзөнхөн өнгөрдөг сайхан хүрэн морь нь толгойноосоо эхлэн алтны урсгалд хамагдан, аажмаар хөдөлгөөнгүй болж, улмаар дүрлэгэр хар нүд нь урт сормуустайгаа амьгүй хүйтэн төрхөнд орж, эзнийхээ өөдөөс гомдол мэдүүлэх мэт өлбөгөр шаргал туяа үсчүүлэн байснаа хажуу тийшээ савж унахдаа хад чулуутай харшин хачин их төмөрлөг чимээ гаргажээ.
Унаж яваад морио гэгчээр Баясах энэ удаа ямар ч байсан баярлан дуу алдсангүй. Хад чулуу, өвс мод гээд юуг л бол юуг алт болгож болох байтал очиж, очиж хайртай хүрэн морио золигт гаргана гэдэг дэндүү хайран байжээ.
- За яахав, сайн мориндоо алтаар хөшөө босгохоос илүү яах билээ гэж өөрийгөө тайвшруулан бодсон ч ер баярлах сэтгэл төрсөнгүй.
Харин эдгээр үнэт эрдэнэсээ яаж авч явах вэ гэдгийг мэдэхээ болив. Юутай ч алт болон хувирсан морио хучих санаатай дээлээ тайлах хүртэл Баясах өөрийн гарт шингэсэн ер бусын увдисыг бүрэн дүүрэн ойлгож, мэдэрч аваагүй байжээ. Дээл нь том том хуниастай дэлгэмэл алтан хуулга болон хувирах нь тэр.
Энэ үеэс л Баясах жаахан айдас өвөртөлж эхэллээ. Арай... арай... өөрийгөө барилж үзвэл тэр дороо шижир алт болон хувирчих юм биш биз ээ! Алтанд хэдий ухаан жолоогүй дуртай ч арай аминаасаа илүү гэж хэлэгдэхээргүй байжээ. Үхэл одоо өөрийнх нь алган дээр суугаад гэнэ алдах ч юм уу, санамсаргүй ямар нэгэн үйлдэл хийхийг нь хүлээж байж тун магадгүй болж ирэхэд л сая ар дагзных нь үс сөрвийн босов. Тэр үхэхийг, алт болон хөшихийг даанч нэг хүсэхгүй байлаа.
Энэ эл хуль, зэлүүд буйд уулын оргилоос аль болох хурдхан шиг бууж, хүмүүс рүү, гэр орон, эхнэр хүүхэд рүүгээ очъё хэмээн адгаж эхлэв. Тэртээ доор, хүмүүсийн тэнд л ямар нэгэн аврал байх шиг санагдсанд давааны уруу байдаг чадлаараа пид пидхийтэл гүйж гарчээ. Гэвч дээл, морь, богц гурваа алт болгон үлдээсэн даваан дээрээс хөдөлмөгц нүх шиг харанхуй манан татаж, хаврын сар хартай гэдгийг үзүүлэх гэсэн юм шиг том том ширхэгтэй цасаар шуурч эхлэв. Гүйж байгаа болохоор дээлгүй ч гэсэн хар хөлс нь цутган, эхэндээ даарахын зовлонг мэдрэхгүй байлаа. Харин морь харах санаатай замын хажуу руу гаран алцайж зогсох тэр үед сайхан гэгчийн хөвөнтэй зузаан өмд нь металлжин хатуурч, хүндрээд ирэхийг мэдмэгцээ намагт шигдэж байгаа хүн шиг амь тэмцэн, хяхтнасан сөөнгө хоолойгоор хашгирчээ.
Түүнээс цааш явах гэж ёстой л янцагласан юм боллоо. Өвдөгөөрөө нугалах ямар ч боломжгүйн дээр энэрэлгүй хүйтэн алт бүсэлхийнээс доошхийг мөс шиг хайрах тул дээр дээр үсэрч, бөмбөрөх үедээ бөмбөрч явсаар арайхийн даваанаас буув. Хад чулуунд цохигдож гүйцсэн тархи толгой нь аль хэдийнэ хэргээс гарч, үхэдгээ үхэж дууссан л баймаар. Гэвч хараахан үхээгүй юм байлгүй, хором бүрийг арга тасран халаглаж, өөрийгөө зүхэн, нус нулимсаар хачирлан үдэж байсан юм.
Орныхоо хөндийд байдаг багажныхаа хайрцгийг мөрөөдөн, түр амрах (амрах ч гэж дээ, үнэндээ бол уначихаад босож чадалгүй тэр чигтээ хэвтэж байсан хэрэг) санаатай хэвтэж байх зуураа санамсаргүй гараараа энгэртээ хүргэтэл бүр баларсан юм болж, хурган дотортой хантааз нь тэр чигтээ шаргал металл боллоо. Уйлъя гэхэд одоо нулимс дууссан бололтой, Баясах дэмий л хаврын салхинд хүнгэнэх хадны хөндий шиг хуурай саарал өнгөөр сөөнгөтөн гиншиж байв. Хоёр гар нь одоо түүнд цэнэгийг нь мулталсан гар бөмбөг шиг санагдана.
Цээжин биеийг нь алтны хүйтэн туяа хайрч, дотуураа өмссөн муу нимгэн цамцыг нь нэвт жиндээн, амьд биеийн хөдөлгөөн болгоныг хатуурхан хорих болов.
Халуун илчтэйгээ үлдсэн зүйл гэвэл одоо гар хийцийн, ялимгүй баруун тийшээ гишгэгдсэн хуучин гутал л байлаа. Эхнэрийнх нь гарын илч шингэсэн энэ хэсэгхэн эсгий, булигаар сэлтээс тийм гэхийн аргагүй дотно мэдрэмж, илч дулаан, хайр энхрийлэл, амьд халуун биетийн төлөөлөл бүхэн түгнэ.
- Үгүй мөн гайхалтайяа! Энэ муу майжиг гутлаа алтнаас дээгүүр тавих цаг ирэх юм гэж хэн саналаа гэж Баясах хүнгэнэн гинших зуураа өөртөө хэлжээ.
Баясахтан ийнхүү ширлүүлсэн Цахиур Төмөр шиг өнхрөх газраа өнхөрч, дэвхрэх газраа дэвхэрч явсаар сайн мориор хэд гуравхан цагт туулсан замыг бүтэн таван өдөр, таван шөнө туулжээ. Тийм ээ, тийм, зарим үед ухаан балартаж, үхэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан нь үнэн боловч үнэхээр тавантаа нар мандаж, тавантаа од түгэхийг харсан юм шүү. Дэндүү урт удаан замыг туулж билээ. Эрийн шийр гэдгээ мэдэх нь мэддэг ч гэсэн энэ удаа арай л хэрээс хэтэрсэн тэсвэр тэвчээр гаргах шиг болжээ. Нутаг зусландаа гарах болоогүй байсан цаг. Хаваржаандаа байгаа хамгийн ойрын айлд очих гэртээ харихаас ялимгүй дөт байсан юм. Тэднийх бол голцуу ганц гэрээр нутагладаг, тарваганы мөндөл шиг бужигнасан олон хүүхдийнхээ гэдсийг цөөн хэдэн ямааныхаа сүү таргаар аргацааж амь зуудаг Чулууных байлаа.
Чулууны хотонд ойртож явтал хоёр салаа годгор гэзэгтэй арав орчим насны охин хэдэн ямаагаа даган хадан дундуур гөрөөсний ишиг шиг дүүлэн гарч иржээ. Баясах их л эвлэж байж охиныг дуудав. Охин балчир амьтны зөнгөөр айн цочирдохоосоо илүү гайхаж сониучирхсан харцаар түүнийг нэвт шувт ширтэж, өнгө муутайхан шаргал хайрсыг нь тэсэлгүй малтаж үзмээр санагдсан бололтой, хэлээ булталзуулан инээд алдах ажээ.
- Миний охин, ахдаа идэж, уух юм дөхүүлээч!
Охин хэлснийг нь ер ойшоосон шинжгүй, өнөө л нугарч, хунирдаггүй даргар шар хувцсыг нь нүд салгалгүй ширтэнэ.
- Яваач, яв! Ээжийгээ дуудаад ир. Энд нэг хүн харангадаж... сүү... сүү...
Баясах үгээ гүйцээх чадалгүй дотор нь балартав.
Сэхээ ороод харвал өнөө жаал охин мөн л хэлээ булталзуулан инээмсэглэж суух агаад, нүдээ нээж байгааг нь хараад бяцхан гараа өөдөөс нь сарвайжээ. Охины гарт шив шинэхэн таргийн ааруул байна. Хиртэй гарынх нь ормоор зарим газраа үйрч бутарсан тэр идээг охин хэнээс ч асуулгүй шууд л дэлгэцэн дээрээс шүүрэн эргэсэн нь лав. Ер бусын сайхан амтыг нь тагнайдаа мэдрэхэд хар шүлс нь асгарч, Баясах ааруулыг авах зуураа гүдхийтэл шүлсээ залгив. Авсан хойноо, нүгэлт гарынх нь ид шид биежиж эхэлсэн хойно л сая санав. Өө, чааваас гэж, алт долоолтой биш, алт болж үхдэггүй юм аа гэхэд харангадаж үхэх хувь төөрөг өөрийг нь хүлээж байгааг мэдмэгцээ өөрөө ч мэдэлгүй гиншин ёолжээ.
Хачин хувцастай хүний гарт ааруул нь хүрмэгцээ сонин янзын шар чулуу болон хувирахыг нүд салгалгүй харж байсан охин баясан инээд алдав.
Баясах охины гарт үлдсэн эрхийн чинээ ааруул руу тамирдсан харцаар ширтэх зуураа:
- Сайн охин минь, наадахаа ахынхаа ам руу хийж тус болооч! гэж арайхийн хэллээ.
Охин овоо хүн шиг гуйлт ёсоор нь гараа сунгасан боловч гэнэт танихгүй хүнээс бишүүрхсэн бололтой шалавхан гэдрэг татжээ. Амьд амьтны төрөлхийн зөнгөөр Баясахын өлсгөлөнг мэдэрсэн юм байлгүй, эцэст нь ямар ч эргэлзээнгүй ааруулаа түүний аманд хийв. Нүүрэнд нь ойртож ирсэн охины чөргөр жаахан гар алтны урсгалд хамагдчих вий дээ гэсэн айдас түүний хамаг биеийг чичрүүлнэ. Гэвч Бурхан өршөөхөд ааруул аманд орсон хойно охин туниагүй жаахан гар амьд хэвээр үлдэв.
- Сайн охин минь, энэ шар чулууг аваарай. Хадгалчих. Хожим чамд хэрэг болж ч магадгүй гэж Баясах аманд үлдсэн ааруулын амтыг дахин нэг мэдрэх гэж хичээж байх зуураа хэлэв.
Охин зөвхөн дэлгэцэн дээрээс ааруул шүүрээд эргэсэн юм биш, гэртээ орж ээждээ хэлсэн нь үнэн байлаа. Төдөлгүй охины эх, хормойгоо өшгичсөн ноорхой авгай хүрч ирэв. “Үгүй, энэ чинь Баясах ах уу даа, яаж яваад хэвэн дотор орчихдог байна аа” гэж тэр эмэгтэй шогширчээ. Тэрээр алт гэгчийг хэзээ ч үзээгүй болохоор сургуулийн хүүхдүүд гурил шиг цагаан юм зуурч байгаад юмны гадуур бүрхэн хэв авдгийг, түүнээ зарим нь шар боронзоор будаж суудгийг мэдэх өөрийн өчүүхэн бага мэдлэг дээр тулгуурлан дээрх үгийг хэлсэн юм байж. Чулуун гэртээ эзгүй гэнэ. Авгай дахин юм шалгаасангүй, буцан явж, үхэр тэргээ хөллөн ирэв. Ирэхдээ харин домбонд сүү хийж тэврэн, бүх хүүхдүүдээ дагуулсан байлаа. Баясахын толгойг өвөр дээрээ тавьж байгаад ам нь сүү цутгаж байгаа ээжтэйгээ яаж ийгээд хүрэлцэж, шүргэлцэж байхыг эрхэмлэсэн мэт хүүхдүүд зарим нь эхийнхээ мөрөн дээр гараа тавьж, зарим нь тохойноос нь чаргууцалдаж, нөгөө нэг нь энгэрээс нь зуурсан байхад нэг нь бүр чихэн дээрээс нь барьсан байлаа. Тэд Баясахыг хоорондоо тун ч адилхан хорголжин хар нүдээр ширтэцгээнэ. Авгай өөрийг нь халамжлахын хажуугаар энэ ч хүүгээ тэврэн, тэр ч охиноо үнсэн, бүгдтэй нь халуун дотно харьцаж амжих агаад зочноо үхэр тэрэг өөд гарах гэж хоёр хөлөө хэрхэн зөөж тавьж байгааг нь хараад өөрийн эрхгүй хөгжилдөн инээлдсэн хүүхдүүд рүүгээ туйлын хангалуун царайгаар харж, Баясахтаны мөнгөн тоногтой ховд хайрцгаа уудлах үед илэрдэг шиг ер бусын баяр бахдал нүднийх нь харцанд тодорч байв.
Энэ эмэгтэй хоёр шанаа руугаа налмайн унжсан үсээ ойрын үед самнаагүй, урд хормой нь жаахан илүү гарч унжсанаас биш тун ч баяр баясгалантай, бараг сэргэлэн цовоо ч гэж болохоор нэгэн юм гэдгийг Баясах сая л анзаарав. Хэрэв өөрөө энэ авгайн оронд байсан бол аль хэдийнэ амиа хорлосон байхыг ч үгүй гэхийн газаргүй. Лав л ийм их баяр баясгаланг хаанаас ч олж мэдрэхгүй байсан нь үнэн билээ.
Уг нь газар ойр боловч Баясахыг сэгсрэгдэнэ гэж эмээсэн үү яасан, том алаг шараа гэлдрүүлсээр явж, нар баруунтаа нэлээд ташиж байх үед тэднийд ирэв. Ихэнх малаа айлд хөлсөөр маллуулах тул эхнэр нь саалийн хэдэн үнээгээ л нааш цааш болгож, ааруул өрөм базаана.
Баясахын эхнэр доогуур харцтай, ядмаг байрын эмэгтэй нөхрөө огт гайхаж хачирхалгүй, элдэв олон юм асууж шалгаалгүй, сумын эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн бол тэгэх байсан болов уу гэмээр энгийнээс энгийн, гэхдээ халамж тавьж, анхаарсан байдалтайгаар угтан авчээ.
Баясах нүгэлт гараа ямар нэгэн юманд, тэр дундаа эхнэртээ хүргэчих вий гэж эмээхдээ алтан хайрсан дотуураа татаж аваад ардаа бөх гэгч нь барив.
Эхнэр Баясахын дотоод сэтгэлийг уншсан юм шиг хар шөл хийж, хажууд нь сууж байгаад халбагадаж өгчээ. Баясах өөрт нь шөл халбагадан өгч байгаа эхнэрээ хорин хэдэн жилийн турш анзаарч хараагүйгээрээ анх удаа харав. Тэр бол ганцаардсан харцтай, нүднийх нь доогуур гурван том үрчлээ гарсан, инээмсэглэхдээ хүртэл зөвшөөрөл авах мэт царайчлангуй хардаг тун ядруу гэмээр эмэгтэй байлаа. Баясах түүний залуу байсан үеийг санах гэж яаж ч хичээгээд ой ухаанаа залуурдаж чадсангүй.
Эхнэрийнх нь ядруу харагддаг огт худлаа байжээ. Хооллож дуусаад мөн л Баясахаар хэлүүлэлгүй төмрийн хөрөө гаргаж, алтан хайрсуудыг тас тас хөрөөдөхдөө энэ эвэршиж хатуурсан, өнгөө алдан бөрсийсөн, бяд муутай баймаар хоёр гараараа амьдралыг нь, Баясахыг гурван хүүхэдтэй нь авч яваа гэдгээ бат нот үзүүлж байлаа.
Эхнэр нь даргар даргар алтнуудыг бараан дээр хайнгадуухан тавиад солих хувцас гаргаж өгөв. Өмсөх санаатай шүүрэн авсан дотуур өмд нь яах ийхийн зуургүй алт болон хувирав. Үүнийг хараад Баясах хүүхэд шиг цурхиран уйлжээ. Одоо алт гэж бодохоос хордлого өгч байгаа жирэмсэн эмэгтэй шиг огиудас нь цутгах боллоо. Хүний гарт орсон хүнд өвчтөнөөс ч долоон дор болчихоод байгаа нөхөртөө мөн л нэг ч асуулт тавилгүй бүх хувцсыг нь өмсүүлжээ. Гадаа гарахдаа гэрийнхээ хаалганд хүрснээс болж, хана, унь, улмаар дээвэр туурга нь шарр-шаррхийн шажигнаж, урьд нь бол дур булаам байсан шар өнгөнд хувирав. Эргэлзэх зүйл алга, одоо тэр бүр мөсөн бусдын гарт орсон байна. Идэж уухдаа хэн нэгний хараат болоод зогссонгүй биеэ суллахаар гадагшаа гарахдаа хүртэл хэвтрийн амьтан шиг хэн нэгнийг царайчлан гуйх хэрэгтэй болж.
Од мичид түгж, хэн бүхэн унтаж амрах тухай бодож эхлэхэд Баясах эхнэрийнхээ өөдөөс царайчлангуй харснаа номхон хээрээ эмээллээд өгөөч гэжээ. Нойрондоо тэр хоёр гараа удирдан залж чадна гэж үү. Хэн ч гэсэн үхлийн өөдөөс сайн дураараа очдоггүй. Өөрийгөө ч юм уу, эхнэрээ егүүтгэсэнд орвол харанхуйд тэнэж яваад жам ёсоороо үхсэн нь дээр. Хүний үхлийн хамгийн адгийнх нь болох амиа хорлох өвчинд нэрвэгдэгсэд хамаг судас шөрмөсөө тасрахыг амин голоороо мэдэрдэг юм гэнэ билээ, Бурхан минь!
Баясах мориндоо мордохын өмнө хоёр гараа хамгийн түрүүн санаанд орсных, нойтон үхрийн баас руу шургуулжээ. Шинэ гай тарихгүй гэхдээ ийнхүү алтан бээлий углаж авсан хэрэг.
Түүнд одоо хаашаа ч яарах хэрэг байсангүй. Гэхдээ л тийшээ очих хэрэгтэйг мэдэж байсан юм. Мориныхоо жолоог сул тавин гэлдрүүлсээр үүр цайж, дараа нь нар мандтал явжээ. Туранхай хээр морь нь ойр ойрхон шээс алдаж, янцагласаар давааны дунд гарахын алдад бүрмөсөн эцэж зогсов. Түүнээс цааш Баясах явган явжээ. Биеийг нь хайрч, хөдөлгөөнийг нь хорьсон алт биш, эхнэрийнх нь өмсүүлсэн зөөлөн дулаан хувцас энхрийлэн илбэж байх шиг санагдсанд тэрээр урам зоригтой, хурдан хурдан алхаж байвай. Алтан бээлийтэй хоёр гар нь л ширэм дүүжилчихсэн юм шиг ганц тээр болж байлаа. Яс нь хүртэл сунаад одоо лав өвдөгнөөсөө өнгөрөв бололтой.
Тэрээр даваан дээр гарахын хэрд чанга чанга дуугаран, гуйж, солгой Очир шиг сунан мөргөж гарчээ. Мөргөж мөргөж харвал өнөө хувхай цагаан бургаас хэзээний л янзаараа, нэг ч чулуу нь хөндөгдөөгүй овоо хүйтэндүү өнгөөр дүнхийж үзэгдэв. Айдас хүйдэс огт төрсөнгүй. Харин ингээд өнгөрдөг байжээ гэсэн харуусал хоолойд нь тулж ирэхэд хоёр нүднийх нь нулимс цал цал асгарчээ. Хичнээн удаан уйлсан ч хэн нэгэн гарч ирсэнгүй.
-Эндээ суусаар зүйл дуусдаг хэрэг. Яаж ч байсан гэртээ харьж эхнэрээ хороохгүй юм шүү гэж лавтайяа бодов.
Баясах байдгаараа бөхийчихсөн аймшигтай эл хуль, эзгүй даваан дээр ганцаараа сууж байлаа. Эргэн тойрноо харвал гэнэт зүүдлээд сэрж байгаа юм шиг санагджээ. Зүүдэндээ хамаг байдгаа шавхаад явуулчихсан мэт нэг л их эзгүйрэл хоосрол дунд байгаагаа мэдрэн, зүүн талынх нь дунд хуруу шалбарч, эвэршсэн алга нь шороо болсон хоёр гараа олж харах хүртэл алмайрлаасаа гарч чадахгүй л байлаа.
Ээ, Бурхан минь! Бул чулуу мэт чангааж байсан алтан бээлийтэй хоёр гар нь хөнгөн, бүлээхэн, хэв хэвээрээ байлаа.
Гараараа газар самардаж үзэв. Өвсний хогтой хэсэгхэн шороо шороо хэвээрээ л байна. Чулуу, мод барилж үзлээ. Чулуу нь чулуугаараа, мод нь модоороо л байлаа. Хувцас хунар, дээлийн хормой, бүр хацраа хүртэл барилж үзэв. Бүгд л хэв хэвээрээ, хөвөнтэй хормой, хуурайшиж барзайсан хацар нь яв янзаараа тэмтрэгдэх аж.
- Ээ, Буурал хайрхан минь. Өглөө болгон цайныхаа дээжийг танд өргөж байя. Гарыг минь буцааж өгсөн танд гялайлаа.
Баясах ингэж хэлээд ингэн тэмээ шиг гунганан уйлав.
Хэд хоногийн өмнө орхисон богц, тайлж хаясан дээл зэрэг нь ямар ч үхмэл хүйтэн туяаны ул мөргүй өөр өөрийн өнгө чанараар байхыг удалгүй олж авчээ.
Харин... харин морь нь огтхон ч амьдын шинжгүй гулдайн хэвтэнэ. Царцуу шаргал хайрсыг биш, аргамаг хүлгийнхээ гялалзсан үстэй сайхан хүрэн толгойг илбэхдээ Баясах золтой л уулга алдчихсангүй. Морины толгой төдийгүй бүх бие нь бүв бүлээнээрээ байлаа. Амьд юм байна гэж баярлан ухасхийсэн боловч мөчийн хойно урт сормуустай мэлмэгэр хар нүд нь амьгүй гөлийснийг олж үзлээ.
Нар Цаст хайрханы зүүн эгэм дээр ирсэн нь бага үд болж байгааг төвөггүй илтгэнэ. Баясах мориныхоо эмээл хазаарыг авч үүрээд дээл, богцоо мөрөн дээрээ хаяад хар гүйхээрээ давааны уруу буужээ.
Тийн явсаар од мичид түгсэн хойно гэртээ ирэв. Царайчлангуй инээмсэглэн угтсан эхнэр нь Баясахыг яав ийв гэсэнгүй, эмээлээ үүрснийг нь ч гайхсангүй, айл хунараар бууж мордоод ирэхэд нь тэгдэг шиг тосч ирэн, богцыг авчээ. Эхнэрийнхээ ийнхүү үл анзаарсан мэт байгаад Баясах гомдох ч шиг.
- Чи юу болсныг асуухгүй юм уу? гэж хийж өгсөн цайг нь амтархан оочлох зуураа асуувал эхнэр нь бүр нэг тохуурхаж байгаа аятай:
- Яав, та? Доржийн хотонд очиж тоглож өнжив үү? гэж дуугаа намсган асуужээ.
Гомдол мэдээж тэр дороо уураар солигдов. Баясах хичнээн дуугаа өндөрсгөсөн ч үүнээс цааш тэр хоёрын яриа авцалдаж өгсөнгүй.
Баясах хэд хоногийн турш ямар ямар зовлонд нэрвэгдээд ирж байгаагаа зарим нэг зүйлийг оруулалгүй ярихад эхнэр нь түүнийг өнөө өглөөхөн гэрээсээ гарсан шүү дээ хэмээн гайхаж, энэ үнэн гэдэгт итгүүлэх гэж байдгаараа хичээж байв. Эхнэр цаглабар авчирч үзүүлэн, хэдэн сарын хэдний өдөр гэрээсээ гарсныг нь сануулах гэж оролдож байхад Баясах увайгүй тэнэг эхнэрээ аманд орсноороо харааж байв. Эхнэр нь бүр арга ядахдаа сар, өдөр зарлахыг нь сонсгох гэж сүлд дуу дуулах хүртэл араажаваа асаалттай байлгажээ.
Гэвч сүлд дуу дуулахыг хүлээлгүй тэдний маргаан аярах тийшээ боллоо. Өчигдөр орой тийш ямаршүү янзтай амьтан Чулууны гэзэгтээр хүргүүлж ирснээ, цул алт болсон хувцас хунарыг нь хэрхэн хөрөөдөж салгасныг, гар хүрсэн болгон нь ямар гачлантай алт болон хувирч байсан зэргийг ярьж байгаа Баясахын өөдөөс эхлээд тийм юм огт болоогүй, гэр алт болон хувирах байтугай өчүүхэн төдий шаргал туяа ч ороогүй гэхчилэн учирлаж байснаа сүүлдээ нөхрийнх нь ухаан самуурчээ гэдэгт бүрэн итгэсэн эхнэр дэмий л тал зассан янзтай инээмсэглэн, хэлсэн бүгдийг нь толгой дохин зөвшөөрч байхдаа огт өөр зүйл бодож байжээ.
Араажав үнэхээр Баясахын гэрээс гарсан тэр өдрийг хэлж, нэвтрүүлгээ жаргаалаа. Энэ болтол Баясах өөрийнхөөрөө дөргүй бух шиг зүтгэж байсан юм.
- Үнэхээр би өнөө өглөөхөн явсан юм биз дээ? Өчигдөр үдээс хойш алтан хувцастай эргэж ирээгүй юу? гэж эхнэрийнхээ хоёр мөрөн дээрээс сэгсчин, яг нүд рүү нь ширтэж байгаад асуув.
Эхнэр нулимс дүүрсэн нүдээ дүрлийлгэн байж “тийм”, “үгүй” хоёрын завсар толгой сэгсэрчээ.
Баясах гэнэт бараа руугаа ухасхийлээ. Тэнд ямар ч алт байгаагүй нь үнэн хэдий ч дундуур нь хөрөөдөж салгасан өмд цамц зэрэг нь яг эхнэрийн тавьсан янзаар байж байх нь тэр. Өглөө мордохдоо энэ хувцастай гарсныг эхнэр ч бас санаж байгаа билээ. Нөхрийнхөө одоо өмсөж байгаа энэ дээлийг явсных нь дараа цэмцийтэл эвхээд шүүгээ рүүгээ хийж байснаа санав. Нөхөр нь орон дороос багажны хайрцаг татан гаргаж ирэх үед эхнэр өөрийгөө ухаан самуураад байгаа юм болов уу гэж гайхжээ. Төмрийн хөрөөний жижигхэн иржгэр ирэн дээр алтны үртэс өнөө л бүдэг шаргал өнгөөрөө тэр хоёрыг даажигнах мэт гилбэрч байвай. Баясах түүнийг ханцуйгаараа хайнгадуухан шудраад буцааж хийсэн юм. Дахиж тэд юу ч ярьсангүй. Хэн нь ч ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй. Харин унтахаар хэвтсэн хойноо эхнэр нь дээрх ярианд хамаатай байж гэж бодсон уу, эсвэл дэмийрсэн юм шиг ухаан бодлоосоо жаахан холдох гэснийх үү орой үхрээ хураахаар номхон хээрээ эмээллээд мордох гэтэл морь нь шээс алдаад ер явж өгөөгүй тухай ярьжээ.
Баясах үүнд хачирхан гайхсангүй. Тэр номхон хээрийг эцэж үлдсэн гэж эхнэртээ огт хэлээгүй юм.
Хоёр гурван хоногийн дараа тэдний голоор нэг шинэ шуугиан дэгдлээ. Өнөө таван ямаат Чулууны хүүхэд хээрээс зангидсан гарын чинээ цул алт олж гэнэ, алт гэдгийг нь мэдэхгүй хүүхдүүд чулуугаар өрсөн гэртээ тавьчихсан тоглож байхад нь сумын төлөөлөгч тааралдаж гэнэ, сумын банкны салбарын эрхлэгч Чулууныг дагуулаад аймаг явж гэнэ, олон хүүхэдтэй ядарсан амьтанд Буурал хайрхан хишгээ хайрласан нь тэр байх даа, хойд голын Баадай алт олсон охинд чихэр өгч байгаад өнөө газар нь аваачиж, тэмтрэгч багажаар баахан хайгуул хийж гэнэ гэхчилэн амнаас ам дамжин шуугилдаж байлаа.
Баясах Сэрүүний ам орох замдаа Чулууныхаар буужээ. Чулуун мөн л эзгүй байв. Тэр эзэгтэй Баясахтай ер хавьд уулзсан шинжгүй, биеэ барьсхийн мэндэлжээ. Толгойг нь өвөр дээрээ тавьчихаад ам руу нь сүү цутгаж байхдаа барьж байсан тэр домбо руугаа шинэ чанасан цайгаа яаралгүй уудалж суулаа. Өнөөх гөрөөсний ишиг шиг охин Баясахыг танимхайрах мэт ээжийнхээ мөрөн дээгүүр хоёр ч удаа шовсхийн харснаа жаахан дүүгийнхээ хамт эргэнэгийн ёроол руу хяржээ. “Тэгнээ тэр, хүүхдийн ухаан тунгалаг, намайг яавч санах ёстой” гэж олзуурхан бодоод дөхөж суутал эхийнх нь амнаас гарсан дараачийн үг түүний сайн мэдэж байсан хэрнээ мэдэхийг огтхон ч хүсээгүй тэр байранд нь авчиржээ. Мэдээж, Баясах тэднийд хэзээ ч алтанд баглуулж ирээгүй, жаалхан охин ааруул ам руу нь хийгээгүй, гарынх нь ид шид биелсэн шар чулууг охин олзуурхан авч өвөртлөөгүй болж таарав. Баясах хөндий байдлаар энэ тэрийг хүүрнэж, цай уугаад мордлоо.
Авгай Баясахыг даган гарч ирснээ тээнэгэлзэнгүйгээр түүн рүү дөхөж:
- Ах минь, буянтны буян гэж бид их бэлгэшээж байгаа юм. Манай Чулуун аймгаас ирээд тантай очиж уулзана гэсэн шүү. Юу л даа... тэр өдөр би таныг зүүдлээд. Нэг тийм алт шиг шар хувцастай манайд ирж байна гэж зүүдэлсэн. Сонин юм билээ, хүн сууж байхдаа, бүр сэрүүндээ зүүдэлдэг юм байна. Гэтэл орой нь манай энэ охин алт олоод ирдэг байгаа. Бид анхандаа алт ч гэж мэдээгүй л дээ. Бас тийм шар хувцастай хүн харсан гэнэ лээ. Магадгүй та ч юм билүү гэлээ.
Баясах тэр орой эхнэртээ сувд, шүр шигтгэсэн цул мөнгөн толгойн хэрэглэл аваачиж өгөв. Эхнэр нь түүнийг зүүж үзсэнээ царай нь улаа бутран ичингүйрч, бушуухан тайлжээ.
- Би хаана ч зүүх юм билээ. Охиноо л хүнд очиход нь өгье гэж бүүр сүүлд нь хэлэв.
Баясах дахиж хэзээ ч авахгүйгээр хадны ангал руу чулуудаж орхисон ховд хайрцагнаас бодлоо салган, удтал дуугүй сууснаа:
- Хүний амьдрал аа гэж, зүүд шиг ч юм аа даа. Магадгүй бид хэн нэгэнд зүүдлэгдэж байгаа зүүд ч юм билүү гэсэнд өнөө оройжингоо хүүхдүүдээ дурсан, ирэх хугацааг нь тоолж байсан эхнэр түүн рүү нэг сүрхий харснаа суман дээр сургуульд суудаг бага хүүгээ ойрмогхон эргэмээр байна гэжээ.
Дашийн Оюунчимэг