ОЛОН УЛСЫН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛУУД
2017-03-24 Зугаатай уншлага 1805

Энэ удаагийн “Зугаатай уншлага” буландаа  утга зохиолын олон улсын нэр хүндтэй шагналуудыг танилцуулж байна. Эдгээр шагналууд аль ч орны бүтээлийг хүлээн авдаг ба онцлогоосоо хамаарч авьяастай хэдий ч номоо гаргаж чадахгүй байгаа залуу зохиолчдыг дэмжих шагнал байхад зарим нь тухайн бүтээл хийгээд зохиогчийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, зарим нь зохиолчийн эрх чөлөөг эрхэмлэсэн шагналууд байх жишээтэй.

1. Нобелийн утга зохиолын шагнал (Nobel Prize)

Нобелийн утга зохиолын шагнал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог. 1901 оноос эхлэн жил бүр олгодог төдийгүй утга зохиол болон шинжлэх ухаан, энх тайван зэрэг зургаан төрөлд дэлхий нийтэд шинэчлэл, өөрчлөлт, нээлт авчирсан хүмүүст олгодог шагнал юм. Нобелийн шагнал нь дайны жилүүдэд завсардсан хэдий ч өдгөөг хүртэл зохиогдсоор байгаа билээ. Жил бүр Шведийн Стокхольмд зохиогддог ба 10 сая крон буюу монгол мөнгөөр 2 тэрбум 600 сая төгрөгийн шагналын сантай.

Нобелийн утга зохиолын шагналын зарим сонирхолтой баримтаас

1907 онд Редьярд Киплинг “Jungle Book” номоороо 41 настайдаа нобель хүртсэн нь одоогоор хамгийн залуу Нобелийн утга зохиолын шагналтан юм. 2007 онд Дорис Лессинг 88 насандаа утга зохиолын салбарт нобелийн шагнал хүртсэн нь одоогоор хамгийн өндөр настай Нобельтон болоод байгаа юм. Харин Нобелийн сангаас (Шведийн академи) гаргасан судалгаагаар утга зохиолын шагналтнууд гол төлөв 65 насандаа Нобель хүртсэн байдаг аж. 14 эмэгтэй Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байсан ба Селма Легерлоф 1909 онд Нобель хүртсэнээр анхны эмэгтэй утга зохиолын Нобельтон болжээ. Рабиндранат Таагүр 1913 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны европ бус зохиолч юм. Нобелийн утга зохиолын шагналаас татгалзсан тохиолдол бий юу?  Байгаа. Оросын зохиолч Борис Пастернак 1958 онд “Доктор Живаго” бүтээлээрээ шалгарч байсан ч Оросын хувьсгал, хүйтэн дайны үеэр цаг үетэйгээ тохироогүй хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Мөн Францын зохиолч, философич Жан Поль Сартр 1964 онд уг шагналыг хүртэж байсан ч “Нийгмийн аливаа институтэд нөлөөлөх нь уран бүтээлийн эрх чөлөө хийгээд уншигчдад сөргөөр нөлөөлнө” хэмээн шагналаасаа татгалзаж байжээ.

2. Олон улсын утга зохиолын Нейштадт шагнал (Neustadt International Prize For Literature)

Олон улсын Нейштадт шагнал нь АНУ-ийн Оклахома мужийн Оклахома их сургуульд 1970 оноос хойш 2 жил тутамд зохион байгуулагддаг нэр хүндтэй шагнал юм. Утга зохиол, яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол зэрэг төрлөөр шилдгүүдээ тодруулдаг. Бүргэдийн мөнгөн өд, 50000 долларын шагналтай. Тус шагналыг Америк Нобель гэж нэрлэх нь ч бий. 1972 онд Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркес, 1978 онд Польшийн зохиолч Чеслав Милош зэрэг алдартай зохиолчид тус шагналыг хүртэж байсан.

3. Пулицерийн шагнал (Pulitzer Prize)

Америкийн Нью Йорк хотын Колумбын их сургуульд жил бүр Пулицерийн шагнал гардуулах ёслол болдог. Энэхүү шагнал нь 1917 оноос зохиогдож байгаа бөгөөд сонин, сэтгүүл, утга зохиол, хөгжмийн зохиол  зэрэг 21 төрөлд Пулицерийн шагналтнуудыг тодруулдаг. Утга зохиолын төрөлд баримтат, түүхэн, яруу найраг, роман, жүжгийн зохиол, намтарчилсан зохиол гэх нарийн ангилалаар шагнал олгодог. Шагналын сан нь 15,000 ам доллар байсан бол энэ жилээс Пулицерийн шагналын 100 жилийн ойг тохиолдуулан 10,000 доллар нэмж олгохоор болжээ. Энэхүү шагналыг 1953 онд “Өвгөн тэнгис хоёр” зохиолоороо Эрнест Хэмингуэй, 1955 онд Уильям Фолкнер, 1979 онд Жон Чивер, 2000 онд Жумпа Лахири зэрэг олон нэр хүндтэй зохиолчид хүртэж байв.

 4. Олон улсын Ибсений нэрэмжит шагнал (International Ibsen Award)

Олон улсын Ибсений нэрэмжит шагнал нь 2008 оноос 2 жил тутамд Хенрих Ибсений төрсөн өдрөөр зохиогддог байна. Тус шагнал Норвегид болдог ба 300,000 еврогийн шагналтай. Жүжгийн урлаг, театрт шинэ чиг хандлага авчирсан шилдэг бүтээлүүдийг шалгаруулах зорилготой. Аль ч орны зохиолч, театрын найруулагчийн бүтээл өрсөлдөх боломжтой. Тус шагналыг 2008 онд театр, киноны нэрт найруулагч Петер Брүк хүртэж байжээ.

5. Man Booker Prize

Энэхүү шагнал нь 2005 оноос хоёр жил тутамд зохиогдож буй бөгөөд англи хэл дээр хэвлэгдсэн шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. “Man booker prize” наадам нь зохиолч, орчуулагчид адилхан 50,000 фунт стерлинг олгодог. 2009 онд алдарт зохиолч Алис Мунро шалгарсан бол, 2016 онд Солонгосын зохиолч Хан Кан “Цагаан хоолтон” бүтээлээрээ тус шагналыг хүртжээ.

6. Франц Кафкагийн нэрэмжит шагнал (Franz Kafka prize)

Алдарт зохиолч Франц Кафкагийн нэрэмжит шагналыг Прагg хотын захиргаа, Кафкагийн нийгэмлэг хамтран 2001 оноос жил бүр зохион байгуулах болжээ. Франц Кафкагийн нэрэмжит шагнал нь Чех улсын Прагg хотноо зохиогддог бөгөөд 10,000 ам долларын шагналын сантай юм. Тус шагналыг 2006 онд Японы зохиолч Харуки Мураками хүртэж байжээ.

7. Франк О’Коннорын богино өгүүллэгийн шагнал (Frank O’Connor International Short Story Award)

Франк О’Коннорын нэрэмжит богино өгүүллэгийн шагнал нь 2005 оноос жил бүр Ирландад зохиогддог бөгөөд зөвхөн богино өгүүллэг шалгаруулдаг онцлогтой. Энэхүү наадмын шагналын сан нь 25,000 евро бөгөөд дэлхийд хамгийн өндөр шагналын сантай өгүүллэгийн наадам гэдгээрээ алдартай. Эл шагналыг 2006 онд Японы зохиолч Харуки Мураками, 2008 онд Жумпа Лахири нар хүртэж байжээ.

8. Парисын утга зохиолын шагнал (The Paris Literary Prize)

Парисын утга зохиолын шагналыг “Шекспир компани” номын дэлгүүр 2010 оноос эхлэн залуу зохиолчдыг дэмжих зорилгоор бий болгожээ. Урьд нь номоо хэвлүүлж, тухайн бүтээл нь хэвлэгдэж байгаагүй, бүтээлээ англи хэл дээр орчуулсан байх зэрэг шаардлага тавьдаг. Шалгарсан бүтээлд 10,000 еврогийн шагнал өгдөг.

9. Иерусалимын утга зохиолын шагнал (Jerusalem Prize)

Иерусалимын шагнал нь нийгэмд тодорхой эрх чөлөө авчирсан уран бүтээлчид олгодог шагнал юм. Хоёр жил тутамд Израильд зохиогддог ба аль ч орны зохиолч өрсөлдөх боломжтой. Шагналын сан нь 10,000 ам доллар ба тус шагналыг 1985 онд Францын зохиолч Милан Кундера болон 2003 онд Америкийн зохиолч Артур Миллер нар хүртэж байжээ.

10. Акутагавагийн нэрэмжит шагнал (Akutagawa Prize)

Японы алдарт зохиолч Акутагавагийн нэрэмжит шагналыг Японы утга зохиолыг дэмжих нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг. Шинэ залуу зохиолчдыг дэмжих зорилго бүхий японы утга зохиолын ертөнц дэх өсөх буй ирээдүйтэй зохиолчийг тодруулах хамгийн нэр хүндтэй шагнал юм. Шагналын сан нь 1 сая иен ба Кобо Абэ болон Кэндзабуро Оэ зэрэг өдгөөх нэр хүндтэй зохиолчид уг шагналыг хүртэж байжээ.

11. Ханс Христиан Андерсений нэрэмжит шагнал (Hans Christian Andersеn Award)

Ханс Христиан Андерсений нэрэмжит шагнал нь  хүүхдийн уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Тиймээс ч уг шагналыг “Хүүхдийн уран зохиолын Нобель” гэж нэрлэх нь бий. Энэхүү наадам нь 1956 оноос хоёр жилд нэг удаа Дани улсад зохиогддог бөгөөд Ханс Христиан Андерсений алтан тэмдгийг Дани улсын хатан хаан гардуулдаг уламжлалтай. Энэ шагнал нь 500,000 Дани крон буюу 90,000 ам долларын шагналын сантай.


Түр хүлээнэ үү...
Top