Тагтаа Паблишинг японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд болох “Арван зүүдний шөнө” зохиолыг орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаар, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу цувралаар хүргэж байгаа билээ. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийн гурав дахь шөнийг ийн толилуулж байна.
ГУРАВ ДАХЬ ШӨНӨ
Зургаан настай нэгэн хөвүүнийг үүрч явах юмаа би. Лавтайяа тэр миний хүү бололтой. Хамгийн гайхалтай нь тэрээр гялаан толгойт сохор хөвүүн байх аж. “Чиний нүд хэзээ сохорчих оо вэ” гэж намайг асуухад тэрээр “бүүр эртнээсээ”гэж хариулж байна. Дуу хоолой хүүхдийнх гэдэг эргэлзээгүй ч хэл яриа нь эгээ л том хүнийх шиг юм. Харин ч бүүр хэвлүүн. Хоёр талаар тариалангийн талбай ногоорно. Зам бачуу, хөх дэглийний сүүдэр үе үе газар тусна.
“Тутаргын талбай өөд л өгсөөд байна аа даа янз нь” гэж мөнөөх банди дуугарав. “Чи яаж мэдээв” гэж хойш хяламхийн асуухад минь “хөх дэглий жиргээд байгаа юм биш үү” гэж байна өнөөх чинь. Үнэхээр хэлж дуусаагүй байхад шахам хөх дэглий жиргэж гарлаа. Тэр миний хүү атал яагаад ч юм жаахан жихүүцэл төрөөд байх юм.
Ийм юм нуруундаа үүрчээд эндээшээ ер яана даа. Аваачаад хаячихаар газар хаа нэгтээ байхгүй л юм байх даа гэсэн шүү бодогдон дэмий л алсыг харахад бараантан нүүгэлтэх их ой үзэгдлээ. Маргааш бас л ингээд байж байх болов уу гэж бодохтой зэрэгцэн нуруун дээрээс “ хэ хэ “ гэх сонсогдов. “ Юундаа инээдэг байна “ гэхэд сөргүүлээд “ аав аа, би хүнд байна уу “ гэж асуулаа. “ Хүнд биш ээ “ гэхэд “ ингэсгээд хүндэрнэ дээ “ гэж байна.
Би ойгоор баримжаа хийн алхсаар байлаа. Тариан талбайн дундуурхи зам замбараагүй тахиралдан явахад амаргүй. Жаал явж байтал зам салааллаа. Би салаа замын эхэнд зогсоод хэсэг зуур амс хийлээ. “ Наана чинь чулуу алга уу “ гэж өнөө банди асууж байна. Нээрээ 8 сүн (1 сүн 3,03 см) орчмын дөрвөлжин, бүсэлхий хэр өндөр чулуу байж байна. Нүүрэн талд нь зүүн Хигакүбо, баруун Хотта хара гэж бичээстэй байв. Бүүдгэр сүүдэртэй атал улаан үсэг нь тодоос тод харагдана. Мөнөөх улаан үсэг гүрвэлийн хэвлий шиг үзэгдэнэ. “ Зүүн тал нь зүгээр дээ “ гэж банди тушаах мэт өгүүлэв. Баруун тийш харвал хамгийн захын ой бараантан нүүгэлтэх сүүдрээ өндөр тэнгэрээр толгой дээгүүр минь чулуудах мэт байх авай. Ялимгүй тээнэгэлзэж орхилоо. “ Эргэлзэх юм алга “ гэж өнөөх чинь хэлж байна. Би аргагүйн эрхэнд ой өөд алхав. Сохор мөртлөө юм болгоныг мэдээд байх юм аа энэ гэж ундууцан бодоод зөрөг даган ой руу дөхөж явтал өнөөх чинь “ сохор болохоор яалт ч үгүй хүний гарт хэцүү шүү дээ “ гэлээ.
“ Тийм болохоор чинь л үүрээд явж байна болоо юм биш үү “ “Үүрүүлж дүүрүүлсэндээ сэтгэл төвдөх л юм, гэхдээ л хүнд тэнэгт тооцуулж явна гэдэг эвгүй. Байтлаа төрсөн эцэгтээ хүртэл тэнэг юм шиг санагдана гэдэг амаргүй шүү “ гэвээ. Яагаад ч юм дургүй хүрч орхилоо. Бушуухан л ойд аваачаад хаяж орхих юм хуна гэж бодоод яаравчиллаа.
“ За жаахан яваад ойлгомц. Яг энэ үдэш байсан байх аа “ гэж нуруун дээрээс өнөөх хүү ганцаараа ярих мэт өгүүллээ. “ Бас юү вэ “ гэж би ундууцан асуулаа. “ Юү юү гэж, мэдэж байгаа биз дээ, өөрөө “ хэмээн өнөөх чинь шоолонгуй өгүүлж байна. Чингэтэл яагаад ч юм ямар нэг юмыг мэдээд байгаа юм шиг санагдаад явчихав. Гэхдээ яг таг бас тодорхойгүй байдаг. Гагцхүү өнөө орой байсан шиг бодогдож байна шүү. Тэгээд цааш дахиад жаахан явбал ойлгох ч юм шиг болж байна. Ойлгоод ирвэл хэцүүднэ яршиг, ойлгоогүй байгаа дээрээ энийг бушуухан аваачиж хаяад санаа амрахгүй бол горьгүй нь гэж би бодов. Би улам бүр алхаагаа түргэсгэлээ. Тэртээгээс бороо ч цайрч байна. Зам маань улам л харанхуй болжээ. Бүгд зүүдэн дунд шүү дээ. Гагцхүү нуруун дээр жаал хүү наалдчихаад миний өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгд нэгэнгүй буулган, өчүүхэн аар саархан хэрэг явдлыг хүртэл үлдээлгүй толь шиг харуулах аж. Ядаж тэр хүүхэд миний хүү байдаг. Тэгээд таг сохор шүү. Би байж суухын аргагүй болж ирлээ. “ Энд энд, яг тэр царгас модны ёроолд “ Бороон дунд хүүгийн дуу тов тодхон сонсогдоно. Би өөрийн мэдэлгүй зогтусав. Ойд ирчихжээ. Найман зуугаад метрийн цаана харлан бараантах зүйл энэ жаалхүүгийн хэлээд байгаа царгас мод гэж би мэдлээ. “ Аав аа, энэ царгас модны ёроолд байсан тийм ээ “ “ Аан тийм ээ “ гэж би өөрийн мэдэлгүй хариуллаа. “ Бүнкагийн 5 дугаар он, луу жил байсан тийм байх аа “ ( Бүнкагийн 5 дугаар он 1808 он, орч ) Нээрээ тийм, Бүнкагийн 5 дугаар он луу жил байсан шиг санагдаад явчихлаа. “ Чи намайг алсан чинь одоогоос яг зуун жилийн өмнө байх аа “ Би энэ үгийг сонсов уу үгүй юү, одоогоос зуун жилийн өмнө Бүнкагийн 5 дугаар оны, луу жилд, тэр нэгэн харанхуй үдэш энэ царгас модны ёроолд нэгэн сохор хүний бодийг хөтөлжээ гэх бодол толгойд минь зурсхийн орж ирлээ. Би гэдэг хүн алуурчин байж гэж бүүр түүрхэн санагдахтай зэрэгцэн нуруун дээрх сохор хүү гэв гэнэт чулуун хөшөө лүгээ адил хүндрээд явчихвай.
* * *