Тагтаа Паблишинг японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд болох “Зүүдний арван шөнө” зохиолыг орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаар, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу цувралаар хүргэж байгаа билээ. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийн ДӨРӨВ ДЭХ шөнийг ийн толилуулж байна.
ДӨРӨВ ДЭХ ШӨНӨ
Ийм зүүд зүүдлэвэй. Өргөн довжооны тэхий дунд сэрүүн тавцан засаад түүнийгээ тойруулан жижигхэн сандлууд эгнүүлжээ. Тавцан бараантан гялалзан байх авай. Өрөөсөн өнцөг дээр нь дөрвөлжин цар тавьж урд талд нь өвгөн ганцаар архи ууж суулаа. Чанасан загас урд нь тавьжээ.
Өвгөн архинд овоо улаа бутарсан харагдана. Түүний нүүр нэлдээ толийж, үрчлээс гэх юм ер алга. Гагц цагаан сахалаар нь л өвгөжөөр хүн юм гэдэг нь ойлгогдох ажээ. Би бяцхан хүүхэд байх агаад энэ өвгөн ер хэдэн настай юм бол гэж бодож байх юм. Тэгтэл арын усан сангаас дамнуургаар ус мөрлөж ирсэн нэгэн эхнэр хүн гараа хормогчдаа арчингаа “ өвөө нас сүүдэр хэд хүрч байна даа “ гэж асуув. Өвгөн зажилж байсан загасаа залгиад “ хэдтэй билээ дээ мартаж орхиж “ гэлээ.
Эзэгтэй арчсан гараа нарийхан бүснийхээ завсраар шургуулаад мөнөөх өвгөний царайг яг хажуу талаас нь хараад зогсч байлаа. Өвгөн аягархуу том саваар архийг гүд гүд залгилж, тэгснээ урт гэгч амьсгаагаа цагаан живэрнийхээ доороос фүү фүү хэмээн үлээж суулаа. Ийн ахуйд мөнөөх эхнэр “өвгөн гуай таны гэр хаана вэ" гэж асуух юм. Өвгөн урт амьсгаагаа огцом таслаад “хүйсний мухарт аа" гэж байна. Эхнэр гараа мөнөөх нарийхан бүсний араар хавчуулсан чигээрээ “хаа хүрэх гэж байна даа" гэж лавлав. Тэгтэл өвгөн бас л мөнөөх аяга шиг том саваараа архийг гүд гүд залгилан мөн л амьсгаагаа фүү фүү үлээж, “тээр тийшээ явна" гэвэй. Чигээрээ юү хэмээн эхнэрийг асуухуй фүү фүү гэх амьсгал нь гүймэн хана нэвтлээд улиас доогуур шурган голын зүлэг чиглэн шулуухан одох юм.
Өвгөн гадагш гарлаа. Би ч араас нь гарав. Өвөөгийн нуруунд бяцхан хулуун хавтага санжигнана. Мөрнөөсөө дөрвөлжин сав сагалдаргалан зүүжээ. Цайвар шаргал богино өмд өмсч, ханцуйгүй мөн адил цайвар шаргал цамц эгэлдэргэлжээ. Оймс нь ч шар өнгөтэй агаад арьсаар хийсэн мэт харагдах бүлгээ. Өвгөн шулуухан явсаар улиас модны доор хүрч ирвэй. Тэр улиасны доор гурав дөрвөн хүүхэд тоглож байх юм. Өвгөн инээмсэглэн байж халааснаасаа цайвар шаргал гарын алчуур гаргаад ирлээ. Түүнийгээ цаасан шидмэс лүгээ адил урт нарийхан хуйллаа. Тэгээд газар тавьж тойруулан том гэгч тэг татав. Тэгснээ мөрөн дээрх хайрцагнаасаа гуулин лимбэ гаргаж ирлээ.
“Одоо энэ алчуур могой болно доо, харж л байгаарай, харж л байгаарай" гэж дахин давтан хэлэв. Хүүхдүүд ихэд сонирхон алчуур харцгааж байлаа. Би ч бас харж зогсов. “Харж л байгаарай, харж л байгаарай, сайхан даа" хэмээн өвгөн лимбээ үлээн тэгний дээгүүр тойрон эргэлдэж гарлаа. Би ширтсээр, харин мөнөөх алчуур ер хөдөлсөнгүй. Өвгөн лимбэдсээр, тэг тойрон эргэлдсээр. Сүрлэн шаахайгаар өлмийдэх лүгээ адил, чимээгүйхэн гэтэх шиг, алчуурнаасаа жийрхээд ч байгаа юм шиг тойрон тойрон эргэнэ. Айгаад ч байгаа юм шиг харагдлаа. Сонирхолтой ч юм шиг үзэгдлээ.
Удалгүй өвгөн лимбэдэхээ гэнэт болив. Тэгээд мөрөндөө сагалдаргалсан хайрцагаа нээгээд алчуураа хумиж чимхэн базаж хийв. “Ингэхээр хайрцаг дотор могой болно. Одоохон үзүүлэмц" гэж хэлээд мань өвгөн шулуухан алхлаа. Улиас доогуур шургаад, хавчиг давчуу зам даган шуудхан явж одов. Би бас могой үзэхсэн гэж санаад тэрхүү нарийхан замаар хойноос нь дагалаа. Өвгөн үе үе “одоохон доо, могой болно доо” гэж амандаа бувтнан явлаа. Тэгснээ “мөдхөн болно доо, могой болно доо, лавтай болно доо, лимбэ эгшиглэнэ дээ" гэж аялан голын эрэг чиглэн товор товор алхах ажээ. Гүүр ч усан онгоц ч байхгүй юм хойно энд амрангаа хайрцаг доторхи могойгоо үзүүлэх болов уу хэмээн бодох зуур өвгөн гол руу шал пал хийтэл яваад орчихлоо. Эхэндээ ус түүний өвдөгцөө байсан бол яваандаа бүсэлхийгээр нь татаж, улмаар цээж тушаа нь хүрэв. Төд удалгүй тэр өвгөн усанд далд орон үзэгдмээргүй янзтай болох нь ээ. Гэвч өвгөн “гүнзгий байна даа, шөнө боллоо доо, шуударч байна даа" гэж дуулан хаа ч хүрэх юм шулуухан л явсаар. Ингээд гөхөл үс нь ч нүүр царай нь ч толгой нь ч тоорцог нь харагдаж үзэгдэхгүй болж орхилоо. Би өвгөнийг голын нөгөө эрэг дээр гарахаараа могойгоо үзүүлэх биз хэмээн санаж ганцаараа хэдий болтол ч юм баахан хүлээсэн билээ. Гэвч өвгөн бөртөлзөөд гараад ирсэнгүй ээ.