“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний ЕС дэх шөнийг хүргэж байна.
Хүний хорвоо нэг л шуугиад эхэлсэн байна. Одоохон ингээд тулаан эхэлчих нь үү гэлтэй. Зүчээгээ шатаалгаж, нүцгэрсэн морь өдөр шөнөгүй өргөө хавиар цовхчин эргэлдэхээр түүнийг бас өдөр шөнөгүй хохь цэрэг хүртэл гуруйлан элдэж хөөгөөд байгаа юм шиг санагдана. Тийм болохоор гэрт нэг л хачин чимээ аниргүй.
Гэрт залуухан эх гурван настай хүүхэдтэйгээ байна. Эцэг нь хаашаа ч юм явжээ. Тэр эцэг саргүй шөнө дөлөөр нэг тийш явсан юмсанж. Орон дээрээ сүрлэн гутлаа углаад, хар юүдэн өмсч, арын хаалгаар гараад явсан билээ. Тэр үед эхийн барьж байсан бариултай жижиг дэнлүүний дөл харанхуйн дунд урт нарийхан сүүмэлзэж, шивээ модон хашааны урд талд байх хөгшин майлсыг гэрэлтүүлж байсан юм.
Эцэг түүнээс хойш буцаж ирсэнгүй бөлгөө. Залуу эх өдөр бүр хүүхэдээсээ “ аав тань” гэж асуудаг. Хүүхэд юү ч хэлдэггүй. Хэсэг хугацааны дараа “тийшээ” гэж хариулдаг болжээ. Эх “ хэзээ ирэх юм бол ” гэж асуухад аанай л “ тийшээ” гээд инээдэг. Ээж нь ч бас жуумалзана. Тэгээд “ одоохон буцаад ирнэ" гэдэг үгийг хэчнээн ч удаа юм давтан зааж өгчээ. Гэвч хүүхэд “одоохон” гэдэг үгийг л сурсан юм. Заримдаа “аав тань хаачсан” гэж асуухул “одоохон” гэж хариулах нь ч бий.
Шөнө болж дөрвөн зүг анирлахуй эх бүсээ засч бүслээд хуйвт сэлэм ташаандаа хавчуулж, хүүхдээ нарийн бөсөөр нуруундаа омболж, сэм гэгч нуугдасхийн гарч одно. Эх дандаа дэрсэн шаахай өмсдөг байлаа. Хүүхэд тэрхүү дэрсэн шаахайны чимээ чагнаж байгаад эхийнхээ нуруун дээр унтах үе ч буй.
Шавар хашаа үргэлжлэх хорооллыг баруунш уруудаад, уртаа гэгч сунайх ухаа толгойг давахаар томоо мөнгөн гүйлс мод байна. Тэрхүү мөнгөн гүйлс модоор баримжаа хийн баруун зүг эргэхээр цаахан талын мухарт чулуун гонх байдаг. Зэргэлдээ талд нь тутаргын талбай байх ба хажуу талаар нь хулсан дундуур хийдийн гонх хүртэл яваад нүхлэн гарахул цөргөс модны төгөл бараантан байх авай. За тэгээд хорь хүрэхтэй үгүйтэй чулуун хороо түшээд явахаар хуучны бунханы шатан доор тулж ирнэ. Зэвхий саарал өнгөтэй, угааж угаасан өргөл зэдний хайрцагны дээд талд хонхны оосор унжиж үд дунд харахаар тэр хонхны хажууд хачи ман жин хэмээх пайз өлгөөстэй байна. Хачи гэдэг ханз үсгийг тагтаа хос далавчаа дэлгэсэн мэт янзаар бичсэн нь сонирхолтой юм. Түүнээс гадна янз бүрийн л пайз байна. Голдуу ноёнтны цоо харвасан бай, оносон хүнийх нь нэр юуг хавсаргасан байх нь олонтоо. Хааяахан сэлэм хуйлсан нь ч бий.
Чулуун гонх далд орохуй цөргөс модны үзүүр дээр дандаа уйлагнах ууль шувуу байна. Бас хүйтэн дэрсэн шаахайн чимээ чахар чахар хийнэ. Энэ чимээ бунханы өмнө амирлахад эх юуны өмнө хонх дуугарган чимээлээд шууд л сөхрөн сууж алга хавсран ташна. Голдуу энэ үед мөнөөх ууль уйлагнахаа гэнэт больдог юм. Тэгээд эх чин сэтгэлээсээ эр нөхрөө эсэн мэнд байхыг наминчилан залбирна. Эхийн санаа эр нөхөр нь самүрай тул зэр зэвсэгийн бурхан болох хачи манд ирж ийнхүү залбиран мөргөвөөс ямар ч байсан буруудах нь үгүй хэмээн үнэн санаанаасаа боддогоос тэр билээ.
Хүүхэд тэрхүү хонхны дуунаар сэрээд хавь орчин нь тас харанхуй тул эхийн нуруун дээр гэнэт уйлагнах нь бий билээ. Тэр үед эх амандаа ямар нэг зүйл залбирангаа нуруугаа хөдөлгөн аргадна. Тэгэхээр уйлахаа болих удаа ч бий. Бас улам чангаар дуу хадаан уйлах нь ч бий. За ямар ч байсан эх тийм амар байхгүй.
Ийнхүү эх эр нөхрийнхөө эсэн мэнд байхыг залбиран гуйсныхаа дараа нарийхан бүсээ тайлаад нуруун дээрх хүүхдээ гулгуулан буулгаж, ар нуруунаасаа өвөр рүүгээ тойруулан, хоёр гараараа тэврэн бунхан өөд өгсөж “сайн жаал шүү жаахан хүлээгээрэй миний хүү” хэмээн хацраа хүүхдийн хацарт наана. Тэгээд нарийн бүсээ урт болгон хүүг уяж орхиод нэг үзүүрийг нь шатны хашлаганаас гогдож зүүлээ. Дараа нь шат уруудан хориод чулуун хороог өгсөж уруудан зуунтаа гороолдог.
Бунхны шатны хашлагаас уяатай жаал хүү харанхуйн дунд бүсний уртны хэмжээгээр өргөн хүрээний дээгүүр мөлхөн эргэлдэж буй. Ийм л үе эхийн хувьд зөн совин нь яс амарсан шөнө байдаг бүлгээ. Гэсэн хэдий ч уяатай хүү нь ээрэн ээрэн уйлахад эхийн урам урам бус. Зуунтаа гороолох хөл нь асар хурдалму. Аюумшигтай амьсгаадна. Арга тасарсан үед зам зуур болин бунхан өөд өгсөж ирээд түүнийгээ янз бүрээр тайтгаруулж хуураад буцаж очин зуунтаа гороолох ажилдаа эргэн орох нь бий.
Ийнхүү тоймгүй олон шөнө эх сэтгэлээ чилээн үгтээж, шөнө цурам хийлгүй санаагаа зовоож байсан эр нөхөр нь аль дээр золбин самүрайн ёсоор алагдсан байжээ. Ийм өр зурсан яриаг зүүдэн дундаа би эхээсээ сонссон билээ.
ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН