“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний АРАВ дахь шөнө буюу СҮҮЛЧИЙН шөнийг хүргэж байна.
Шёотаро хүүхний гарт орсноосоо хойш долоо дахь өдрийнхөө үдэш гэв гэнэт гэртээ ирээд халуурч орондоо хэвтэж байна гэнээ гэсээр Кэн гуай хэл дуулгаж ирвээ. Шёотаро энэ хотдоо алдартай царайлаг эр бөгөөд туйлгүй сайхан шударга эр билээ. Гагцхүү зугаацдаг нэг л гэм буй. Сийрсэн малгай духдуулаад үдэш болохоор жимс амтатны мухлагт суугаад орсон гарсан бүсгүйчүүдийн зүс царайг ажиглана. Тэгэхдээ ихэд сонирхон шимтэж байдаг. Түүнээс өөрөөр чухам энэ гэхээр онцгой юм үгүй. Хүүхнүүд ирэхгүй бол тэр орсон гарсан хүмүүсийг ажаад байдаггүй, жимс амтатнуудыг харж суудаг. Амттан гэхээр янз бүр. Тоор, алим, бива модны жимс, гадил сэлтийг гоё хайрцагт аятайхан овоолон, шууд л бэлгэнд авахад бэлнээр хоёр эгнээ өрсөн байна. Шёотаро энэхүү хайрцагийг харахаараа гоё юм гэдэг. Наймаа хийвэл би зөвхөн амтатны дэлгүүр нээнэ гэж тэр ярина. Тийм атал сийрсэн малгай духдуулаад гунхаж наадаж явдаг хүн.
Чухам энэ өнгө л аятайхан гээд бэрсүүт жүрж сэлтийг сонжих нь бий. Гэсэн атлаа мөнгө гаргаад жимс худалдаж авна гэж үгүй. Мэдээж үнэгүй зүгээр аваад иднэ гэж байхгүй шүү дээ. Зөвхөн өнгө магтаад суудаг.
Нэгэн үдэш аятайхан бүсгүй гэнэ сэрэггүйхэнээр мухлагт орж ирээд зогсвоо. Язгуурлаг байрын хараваас дэгжин хувцаслаж. Түүний өмссөн кимоногийн өнгө Шёотарод жигтэйхэн таалагджээ. Түүнээс гадна бүсгүйн зүс царайнд ч мань эр автаж орхив гэнэ. Тэгээд өнөөх хайртай малгайгаа авч эелдэгээр мэндэлвэл өнөөх бүсгүй түүнээс хамгийн том хайрцаг дүүрэн жимсийг зааж үүнийг авч өгөөч гэвээ. Шёотаро шууд л тэр хайрцагтайг авч өглөө. Тэгтэл бүсгүй түүнийг барьж үзсэнээ их хүнд эд байна шүү гэжээ. Шёотаро ерөөс сул завтайг хэлэх үү, дэндүү найрсаг нийтэч хүн тул за тэгвэл таны гэр хүртэл хүргээд өгье хэмээн хүүхэнтэй хамт амттаны дэлгүүрээс гарчээ. Түүнээс хойш гэртээ эргэж ирсэнгүй бүлгээ.
Хэчнээн Шёотаро байлаа гэвч арай л дэндүү назгайрч байна. Энэ ер жиг ургав гэлцэн ах дүү амраг садан найз нөхөд нь бужигнаж эхэлж байтал долоо дахь өдрийнхөө үдэш гэв гэнэт сэв хийтэл буцаад иржээ. Тэгээд олуулаа бүчин Шёо Та чинь хаагуур явж байгаад ирэв ээ гэж асуухад Шёотаро галт тэргэнд суугаад уул руу яваад ирлээ гэв. Нэлээн их урт галт тэрэг байхаас зайлахгүй. Шёотарогийн яриагаар бол галт тэрэгнээс буунгуут шууд л хээр тал залгасан юм байх. Маш уудам тал агаад хаашаа ч харсан ногоон өвс ургасан байсан ажээ. Бүсгүйтэй хамт өвсөн дээгүүр алхаж явтал гэнэт эгц цавчим хадан хясааны орой дээр гараад ирэх юм гэнэ. Тэгсэн бүсгүй Шёотарод эндээс үсрээд үздээ гэжээ. Доош шагайж харвал хясааны ирмэг харагдавч ёроол нь харагдахгүй юм. Шёотаро сийрсэн малгайгаа авч гурвантаа мэхийн татгалзжээ. Тэгтэл өнөөх хүүхэн хэрвээ зориглоод үсрэхгүй бол гахайнд долоолгоно доо, аятайхан юм биз дээ гэжээ. Шёотаро гахай хийгээд Күмоэмонд1 ясны дургүй байлаа. Тэглээ ч амь насанд халгүй юм даа гэж бодоод арга ядан үсрэхээ больжээ. Тэгтэл нэг гахай хамар амаа дуугарган хүрч ирлээ. Шёотаро аргагүйтэн барьж байсан нарийхан дал модны мөчрөөр гахайн хамрын үзүүрийг цохилоо. Гахай хар хур хийн тэрий хадаж эргэснээ хавцлын ёроол руу унаж одлоо. Шёотаро арайхийн амс хийж байтал бас нэг гахай том хамраа Шёотаро руу нудчихаар ирвээ. Шёотаро яах ч аргагүй нөгөө мөчрөө далайв. Гахай бас л хар хур хийн бас л тэрий хадан ангалын ёроол руу өнхөрчээ. Тэгтэл дахиад нэг гахай үзэгдлээ. Тэр үед Шёотарод сэр хийн цаашаа харвал тэртээ ногоортон харагдах тал нутгийн энгүй захаас эхлэн хэдэн зуун мянган тоолж баршгүй гахайн сүрэг шулуухан мөнөөх хясаан дээр зогсч буй Шёотарог хараад хамраа дуугарган байж байх ажээ. Шёотарогийн дотор загзас хийв. Гэсэн хэдий ч Шёотаро аргагүйн эрхэнд ойртоод ирсэн гахайн хоншоорыг нэг нэгээр нь эелдэг нь аргагүй дал модны мөчрөөр цохилж байлаа. Гайхалтай нь мөнөөх мөчир гахайн хоншоор дээр хүрэхтэй үгүйтэй гахай өнхрөн хавцлын ёроол руу унах ажээ. Шагайж харвал ёроол нь харагдахгүй хадан хавцалд өёхий нь дээш харсан гахайнууд жагсаалаараа унаж одох аж. Би ер асар олон гахайг хавцал руу унагааж дээ хэмээн бодох зуур Шёотаро айдаст автав. Гэлээ ч гахай унасаар. Хар үүлэнд хөл ургаад ногоон өвсийг хага яран урагшлах мэт үй түмээрээ хамар амаа дуугарган айсуй.
Шёотаро үхэн хатан зориг зүрх гарган гахайн хоншоорыг долоон өдөр зургаан шөнө нүджээ. Гэсэн хэдий ч улмаар бяр чадлаа баран, гар нь могой, төмсний гурил шиг сулбайж яах аргагүй гахайд долоолгож орхижээ. Тэгээд хясааны дээр тэрий хадан унаваа.
Кэн гуай Шёотарогийн тухай энэ хүртэл яриад, тийм болохоор хүүхнүүдийг харж суух нь сайн хэрэг биш гэлээ. Би ч гэсэн ёстой зүйтэй дээ гэж бодов. Тэгээд болоогүй Кэн гуай Шёотарогийн сийрсэн малгайг авахсан гэж байна. Шёотаро аврагдана гэж үү, сийрсэн малгай Кэн гуайн эд буй за.
1.Күмоэмон- Тоочюүкэн Күмоэмон (1873-1916) шанз хөгжимтэй хавсран үлгэр хайлдаг үлгэрч