Урлан бүтээх үйлийн талаар алдарт 1984 романы зохиогч Жорж Оруэлл "Зохиол бичнэ гэдэг хүнд өвчинтэйгээ үхэлдэн тэмцэх мэт аймшигтай, тамир барсан ажил. Огт ойлгомжгүйн сацуу огоорч боломгүй адын хүчинд эзэмдүүлчихдэг тулдаа л зохиолчид бүтээлийнхээ ард гардаг юм" гэсэн бол францын экзисцентиалист философич, зохиолч Албер Камю харин "Уран бүтээлийн эрх чөлөө хэмээгч нь сахил хүртэхтэй адилхан зүйл байдаг" гэж хэлсэн удаатай.
Зохиолчид чухам ямар адын хүч, онгодод эзэмдүүлж, ямар амьдралын хэм хэмнэл, даг жаягийг дагаж мөрдөж, ямар зол, зовлонг туулж байж хүний сэтгэлд үгээр урласан гайхамшигт барилгуудаа сүндэрлүүлдэг нь одоо хүртэл нууц хэвээр. "Би үзэгнийхээ үзүүрээр хүн төрөлхтнийг байлдан дагуулна" гэх бардам амлалтдаа хүрсэн суут реалист зохиолч Оноре де Бальзак ч тэр, хүн төрөлхтний утга зохиолын шижир алтуудын нэгийг 4000 мянган хуудас дамнуулан урласан Марсел Пруст ч тэр, утга зохиолд "ухамсрын урсгал" гэх техникийг анхлан хэрэглэж хойчийн зохиолчдод гүнзгий нөлөө үзүүлсэн Виржиния Вулф ахайтан ч тэр, жазз баарны эзнээс хэдэн сая уншигчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан нүсэр романуудын зохиогч болсон, орчин цагийн хүүрнэл зохиолын од Харуки Мураками ч тэр цөм "хүн" гэсэн ганц л шошгийг зүүдэг нь харин туйлын ойлгомжтой юм. Тиймээс утга зохиолын ярвигтай хөдөлмөрийг хүн бусын адын хүчин зүйлд эзэмдүүлсний үр дүн, зөвхөн авьяас онгодын асуудал, түүндээ хөтлөгдөж яваад нэг мэдэхэд л нүсэр роман бичээд дуусгачихсан байдаг гэж дүгнэх нь дэндүү гэнэн хэрэг болох билээ.
Туурвин бүтээхүйн нууц тийм амар тайлагддаггүй, хүн бүрт таарсан туурвил зүйн жор байдаггүй учир үе үеийн үгийн урлагийн хорхойтнууд, уншигчид, үзэг нэгт зохиолчид ч тэр суут зохиолчдын хувийн лабаротари луу шагайх нэн сонирхолтой байдаг.
Доорх сонирхолтой мэдээлэл харин бидэнд ийм боломж олгож, нэр мандсан зохиолчдын унтлагын дэглэм, өглөө хэдэн цаг босдог байсныг хүснэгтлэн харуулжээ. Ингэхдээ нэр хүндтэй шагналууд хүртсэн эсэх, амиа хорлосон эсэх, уран бүтээлийн тоо зэрэг нарийн үзүүлэлтүүдийг багтаасан байна.
Силвиа Плат Харуки Муракамитай адил өглөөний дөрвөн цагт босдог байсныг, Лев Толстой, Виржиния Вулф хоёр ижилхэн өглөөний 9 цагт босох зуршилтай байсныг, зохиолчдын хамгийн эртэч нь шөнийн 1 цагт босдог Бальзак бол, хамгийн орой босдог нь өдрийн 12 цагт орноосоо өндийдөг америкийн билэг танхай яруу найрагч Чарльз Буковский байсан зэрэг сонирхолтой баримтуудыг мэдэж болно.