Өнөөдөр бол Дэлхийн Яруу Найргийн өдөр
2015-03-21 Зугаатай уншлага 829

ЮНЕСКО-гоос жил бүрийн Гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тэмдэглэдэг билээ. Энэ жил хүн төрлөхтний оюун санааны үнэт өв болон үлдсэн яруу найргийн дурсгал, зохиолуудыг хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээхэд гол уриалгаа дэвшүүлж байна. Энэхүү уриалгын дагуу ЮНЕСКО-гоос дэлхий нийт хүн төрөлхтөний соёлын өвийн сан хөмрөгт үеийн үед авч үлдвээс зохих эртний болон орчин үеийн яруу найргийн сонгомол өвүүдээс онцолжээ. Үүнд:

X, XI зууны үеийн Ферсийн эзэнт гүрний их найрагч Аболгассем  Мансур Ибн-Хассан Фердовси Тоусигийн "Баясангори ханхүүгийн Хаадын ном" нэрт туульсийн бүтээл Колонийн дараах үеийн Африкийн модернист яруу найрагч Кристофер Окигбогийн (1932-1967) гар бичмэлүүд Перс хэлний хамгийн эртний дурсгалуудын нэг Панж Ганж. Эдүгээ Казакстаны Үндэсний Номын Санд хадгалагдан буй, Кожа Ахмед Яасави болон түүний дагалдагсадын үлдээсэн, Дундад зууний үеийн Түрэг хэлний гол дурсгал болох нийт 1400 хуудас бүхий шүлэг зохиолын гар бичмэл зэрэг багтжээ.

Мөн бид ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн эл өдөрт зориулсан илгээлтийг орчуулан хүргэж байна:

Яруу найраг олон мянган дүртэй, улс түмнүүдийн язгуур соёлын гүнээс ундарсан түм буман эх булагтай байдаг. Тийм ч болохоор Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ яруу найрагч, хэвлэн нийтлэгч, энэ чиглэлийн багш нарыг дэмжих ажлыг дэлхийн хэмжээнд, олон арван жилийн туршид зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил мөн тэр ёсоор “Дэлхийн яруу найргийн өдөр” ирж байна. ЮНЕСКО эл өдрийг тунхаглахдаа гоо зүй, урлагийн ач холбогдол, яруу найргийн дотоод хүчийг онцгойлон сануулж, улс түмнүүдийг хүн төрлөхтөний түүхэнд үүссэн хамгийн эрчимлэг, жинхэнэ урлагийн төрлийг уншдаг, мэдэрдэг байхад нь уриалан дуудахыг хүсч буй юм.

Яруу найраг дотроо хэзээ ч үл хуучрах сургаал билгийг агуулж байдаг. Мөнхүү түүхийн турш дахь нийгэм, улс төрийн хувьслын хамгийн чухал гэрч нь болж байдаг. Биднийг дотоод оюун санаандаа мөнхийн амар амгаланг олоход урамшуулан тэтгэж, хүн болоод байгалийн хоорондох харилцан хамаарлын тухай эргэн тунгаахад хүргэж, өөр хоорондоо ялгаатай, ялгаагүй алин боловч.., нийт хүн төрлөхтөний дунд хүмүүнлэг ёсыг цогцлооход уриалж байдаг нь гагцхүү яруу найраг юм. Тиймээс энэ өдрийг тэмдэглэхэд бүх хүнийг оролцуулах боломжгүй ч, соёлын байгууллагууд, сургуулиуд, номын сангууд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйд нийцнэ. Тэрчлэн энэ жил “Би өөрийн амьдралыг чавхдаст хөгжмөө хөглөх, тоглоход л зориуллаа” хэмээн хэлсэн Энэтхэгийн их найрагч Таагүрийн мэндэлсэний 150 жилийн ой тохиож буйг тэмдэглэе.

Яруу найраг бусад урлагтай ямархан хүчирхэг холбоогоор холбогддогийг мэдэх нь, тэр тусмаа урлагийн бүх төрөл эх болсон дэлхий ертөнцийнхөө дотоод мэдрэхүйг нээхийн тулд бүтээгдсэн байдгийг ойлгох нь хамгийн чухал юм. Малерми яруу найргийг “Оршихуйн төлөв байдлуудын нууцлаг утгуудын хэл болоод хэлний онцгой хэмнэлээр дамжин гарч буй илэрхийлэл” гэж тодорхойлсон байдаг.

Яруу найраг бол мэдээлэл дамжуулах, солилцох төдий зүйл огт биш. Яруу найрагчид хэлийг эрхшээж буй цагт яруу найраг нь хүн төрлөхтөний харилцан ойлголцлыг бэхжүүлж, улс үндэстнүүдийн уугуул соёл дахь жинхэнэ очир эрдэнэсийг уудлан гаргасаар байдаг билээ. Тиймээс ч яруу найргийн ач холбогдлыг онцгойлон авч үзэж, сурталчлан таниулах нь нэг талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах хүний язгуур эрх ашгийн хамгаалалт болоод зогсохгүй, нөгөө талаар дэлхий дахинд энх тайвныг цогцлооход онцгой тус хүргэнэ гэж ЮНЕСКО үзэж байна. Яруу найраг эр эм алин боловч хүний зүрх сэтгэлийн угт нэвтэрч чаддаг агуу хүчтэй болохоор хүн төрлөхтөний олон янзын байдал төлөв, санаа бодлын илэрхийллийн дунд ойлгоцлын цорын ганц хэл нь болж чадна гэж итгэж байна.

ЮНЕСКО өөрийн хэрэгжүүлдэг олон арван хөтөлбөрийн хүрээнд яруу найргийг бусдаас илүүгээр хэвлэж, орчуулж, түгээх ажлыг хийсэн билээ. Эртний Грекийн домогт Ясон өөрийн баатар Орфиуст биеийн хүч, дайны хөнөөлөөр ч ялж дийлшгүй нэг зүйлийг давж гарах даалгавар өгдөг шиг бид ч бас хүн төрлөхтөний оюун санаанд мөнхийн энх амгаланг бий болгохын тулд яруу найрагтай ханьсах нь зайлшгүй чухал билээ.

Түр хүлээнэ үү...
Top