ХАГАС ЗУУН ЖИЛ ХАМТДАА
2015-04-10 Зугаатай уншлага 2199

Габриель Гарсия Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх


Зохиолч Габриель Гарсия Маркес бүр хүүхэд байхдаа л ирээдүйн эхнэртээ дурлажээ. Анхныхаа уулзалтын дараа л түүнтэй гэрлэхээр шийдсэн юм. Маркес, Барча нар хамтдаа 55 жилийг туулжээ.

“Би бичсэн бүх шүлгээ чамд зориулж байснаа дөнгөж сая л ойлголоо” хэмээн идэрхэн Габриель Гарсия Маркес бүжгийн талбай дээр Мерседес Барча Пардод хэлсэн аж. “Би зөвшөөрч байна. Гэхдээ би эхлээд сургуулиа төгсөх ёстой,” хэмээн охин нухацтайхан хариулсан гэдэг. Энэ бол 1945 он. Колумбын Сукре хотын бүжгийн талбай дээр Габриель хөвгүүн ирээдүйн эхнэр Мерседестэй ийнхүү танилцжээ. “Бид сүй тавиагүй. Зүгээр л бидэнд оногдсон хувь заяагаа тэвчээртэй, энэлж шаналалгүй хүлээж байсан. Бие биедээ өгсөн амлалт эрт орой хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдгийг бид мэдэж байсан” хэмээн Маркес хожим нь дурсан ярьсан байдаг.

Шидэт реализмийг үндэслэгчдийн нэг Габриель Гарсия Маркес өөрийн дүрслэл, төсөөллөөр дэлхий ертөнцийг хардаг байсан юм. Тэр бүү хэл түүний дурдатгалын тал хэсэг нь зохиомол, уран санаа байсан билээ. Тэрээр нэг үйл явдлыг янз бүрээр дэлгэрүүлэн, ургуулан өгүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч байв. Ингэж бичих нь сонирхолтой байсан хэрэг. Гэсэн хэдий ч үнэн, бодитой зүйл заавал байдаг байсан. Габриель 1927 оны гуравдугаар сарын 6-нд Магдалена мөрний дагуух Аракатака хэмээх эртний, бяцхан сууринд мэндэлжээ. Цахилгаан мэдээчин эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд хоёр ээлжээр хүртэл ажиллаж, гэртээ ч ховор үзэгддэг байв. Габриель ээжийгээ хүндэлж биширдэг байсан ч ээж нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн тул түүнд тэгж их анхаарал тавьж чаддаггүй байжээ. Габог өвөө, эмээ нь өсгөжээ. Түүний оюун ухаан боловсроход өвөө, эмээ нь л гол нөлөө үзүүлсэн гэдэг. Жинхэнэ XIX зууны эмэгтэй болох ихэмсэг бардам, нэр төртэй, өө сэвгүй эмээ Транкилина нь гэртээ бүхнийг захирдаг нөлөө бүхий хүн байв. Хожим нь Транкилина Маркесийн олон романд удам ургийн оройд зогсох эмэгтэйн дүрээр гарсан юм. 1899-1903 оны иргэний дайнд оролцож байсан хурандаа цолтой өвөө нь мөн л ач хүүгийнхээ зохиолд олонтаа амилсан байдаг билээ.

Габриель Сапакира хотод суралцаж, оюутны байранд сууж байхдаа бичиж эхэлжээ. Гэвч хуульч болохоор шийдэж 1946 онд Богота хотын их сургуульд орлоо. Гэхдээ уран зохиол оролдохоо зогсоосонгүй. Бүгд л түүний романтик шүлгийг шагшдаг байв. 1947 онд түүний анхны өгүүллэг олны хүртээл болсон ч Маркес хуульчийн замнал руугаа шуудран оржээ. Мерседестэй гэрлэхийн тулд түүнд мөнгө хэрэгтэй байлаа... Габо Мерчетэй (Мерседес) анх танилцахдаа 13-тай биш, бүр есөн настай байсан хэмээн зарим танил, найзууд нь баталдаг. Яг л “Зуун жилийн ганцаардал” дээр Аурелиано Буэндиа бяцхан Ремедиост дурладаг шиг. Нас биед хүрээгүй охинд тэмүүлсэн дурлал дараа нь Маркесийн романд олонтаа гарах болсон юм. Тэгээд үргэлж л охин зүгээр л хорвоод мэндлэх гэж удсан болохоор заяаны ханиасаа тийм олон дүү болж таардаг хачирхалтай тохиолдол ном зохиолд нь гардаг билээ.

 Мерседес

Маркес сургуульд байхдаа л Мерседесийг зүүдэндээ харсан хэмээн баталдаг байлаа. Энэ зүүдээрээ жигүүрлэсэн Габо дэлхийгээр аялахыг мөрөөддөг охин эрвээхэй болон хувираад төрөлх гэрээ орхин нисээд явчихдаг тухай өгүүллэг бичжээ. Бяцхан Мерче нэгэн удаа хашаан дээрээ авиран гарч тоосонд дарагдсан гудамжийг хараад “Оох, би дэлхийгээр аялж, том хотуудаар орж, зочид буудлаас зочид буудал дамжин явахыг ямар их хүсч байна вэ!” хэмээн гунигтайхан өгүүлж байсныг Мерседесийн найз бүсгүй Маргаритай Чика Маркесийн намтрыг бичсэн Жеральд Мартинд ярьсан байдаг. Амьдралдаа ердөө л хоёрхон удаа хэвлэлд ярилцлага өгч байсан Мерседес “Маркес миний хүүхэд насны мөрөөдлийг биелүүлсэн, их ч аяллаа” хэмээн онцолж байсан удаатай.

Мерседес Ракель Барча Пардо 1932 оны арваннэгдүгээр сарын 6-нд Магдалена мөрний эрэг дээрх Маганга тосгонд мэндэлжээ. Ээж нь фермерийн гэр бүлээс гаралтай колумб бүсгүй байсан бол, эцэг нь палестин-египет цустай хүн байжээ. Мерседес гагцхүү египет өвөг эцгээсээ “Нил мөрний могойн нууцлаг гоо сайхан”-ыг өвлөж авсан хэмээн Маркес хэлдэг байв. Мерчегийн өвөө Египетийн Александриагийн уугуул бөгөөд Колумбын хэд хэдэн хотод эмийн сангийн сүлжээтэй байсан аж.

Түүний гэр бүл байнга нүүж, шилжиж явдаг байсан ч Мерче үргэлж нэр хүндтэй, хатуу чанд католик сургуулийг сонгодог байлаа. Тэр үргэлж л онц сурдаг байсан. Мерседес их сүрхий, харицлагатай хүүхэд байжээ. Гэрийнхээ ойролцоо зүлгэн дээр хэвтээд хорхой шавьж, шувууд болон жижиг амьтдыг ажиглан суух нь түүний хамгийн дуртай ажил байсан. Тэрээр биологч болохыг мөрөөддөг байсан юм. Габриель Гарсия Маркестэй ханилахаар болсон түүний гэнэтийн шийдвэрийг эцэг эх нь Шекспирийг сонирхдог байснаас үүдэлтэй өсвөр насны гэнэн тэнэглэл хэмээн үзэж байсан гэдэг. Охин нь Жульетта болон хувирах вий гэсэндээ эцэг эх нь юуг ч хориглосонгүй. Он жилүүд өнгөрч Мерседес нас биед хүрч олон эр гарыг нь гуйсан ч тэрээр бүгдээс татгалзжээ. Мерче Габриелийг ирж бэр гуйхыг хүлээсээр байхдаа гэртээ хөгширсөн хүүхэн болохоос ч айгаагүй юм.

Хайртай залуу нь энд тэнд “шуугиулж явна” гэсэн яриа Мерседест байнга хүрдэг байлаа. Тэрээр үүнийг тоодоггүй байв. Габриель лекцэнд суухаа больж, дараа нь хуулийн сургуулиа орхиж, сэтгүүлч болсон нь ч түүний сэтгэлийг зовоосонгүй. Габо Парист байхдаа Испанийн жүжигчин Мария Консепсион Кинтанатай амраглаж байсан тухай чихэнд нь хүрсэн ч Мерседес элдэв хэрүүл шуугиан дэгдээсэнгүй. Харин хайрт залуугаас нь сэтгэл зүрхээ уудалсан захидал тасалдахгүй ирж байх нь л чухал байсан гэдэг. Тэрнээс Маркес хаа байсан алс Парист орон дотроо хэнтэй хэвтэж байсан нь сонин биш байв. Тэд гэрлэлтийн ам тангаргаа харилцан солилцсоор байсан юм.

Габо, Мерче хоёр долоо хоногт 2-3 удаа бие биедээ захиа бичдэг байв. Габриель ингэж унтлаа, сэрлээ, орны дээр хананд өлгөсөн зургийг чинь харж байна хэмээн бичнэ. Энэ нь үнэн байсныг тэр үеийн найз Плинио Мендос дурсан ярьсан байдаг. “Маркесийн өрөөнд анх орж ирэхэд л тэр зураг нүдэнд туссан. Дөхөж очоод харахад урт шулуун үстэй аятайхан бүсгүй, сүйт бүсгүйн зураг байсан” хэмээн Мендос дурсаж байв. “Энэ бол ариун матар” гэж Габо найздаа хэлсэн гэдэг. Тэд олон жилийн дараа гэрлэсэн. Мэдээж Маркесийн “Тахлын үеийн хайр дурлал” романы гол баатар Флорентино Ариза хонгор хайрт Фермина Дазатайгаа мөнхийн хайрын тангараг өргөснөөс хойш 53 жил, долоон сар, 11 өдрийн дараа гэрлэдэг шиг удаагүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Мерче Маркесийг 31 хүрэхэд буюу бүхэл бүтэн 13 жилийн дараа гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр болсон юм. Тэд 1958 оны гуравдугаар сард гэрлэжээ.

Гэр бүл

“Гэр бүл болж амьдарсан жилүүддээ бид ганц ч удаа хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Магадгүй аливаа зүйлийг гэрлэхээсээ өмнөх үеийнх шигээ хардаг байснаас болсон байх. Гэр бүлийн амьдрал бол өдөр бүр дахиад л эхнээсээ эхэлж байдаг чөтгөрийн юм шиг бэрхтэй эд дээ. Амьдрал ийм л юм. Байнгын дарамттай амьдарна, залхмаар... Гэвч үүгээрээ л үнэ цэнэ нь хэмжигддэг” хэмээн Габриель Гарсия Маркес нэлээд хэдэн жилийн дараа өгүүлжээ.

Тэд эхлээд Барранкильяд Маркесийн ажиллаж байсан El Espectador сонины редакцаас өгсөн хоёр өрөөтэй байранд амьдарчээ. Мерседес гэр орны ажилд огт суралцаагүй байлаа. Габриель ч үүнд тайвнаар хандаж, гэрээ өөрөө цэвэрлэдэг байв. Мерседес нөхрийнхөө дуртай хоолыг хийж сурах гэж багагүй хугацааг өнгөрөөсөн гэдэг. Мерседес эдийн засгийн байдлын улмаас ядах юмгүй тарчиг, хомс амьдарч сурчээ. Лангуун дээрээс хямд үнэтэй бүтээгдэхүүн сонгож, түүгээрээ амттай хоол хийж сурсан аж. Мерче нөхрийнхээ уран бүтээлд ихэд тайван, тэвчээртэй ханддаг нь Маркест ихэд таатай байлаа. Тэрээр бичиг цаасанд нь ихэд болгоомжтой ханддаг байсан. Яг л гарт нь бутран унах гэж буй мэт эртний нандин эдлэл мэт бичиг, цаасанд нь ханддаг байлаа. Мерседес гал ноцоож сурчээ. Барранкильяд төвийн халаалт байхгүй, Габриель хүйтэнд ажиллаж чаддаггүй байв. Мерседес зочдоо жижиг өрөөнд хүлээн авч, амралтын өдрөөр сурвалжлагч нартай хамт агаарт гардаг байсан юм. Гэхдээ л тэрээр их зожиг, дуугүй хүн байжээ. Плинио Мендос нэгэн удаа “Би Мерседестэй танилцаад гурав хоносны дараа эгчдээ “Габо хэлгүй бүсгүйтэй суучихаж” гэж хэлж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг.

Мерседес Маркесийн захидлуудыг хийсэн хайрцгийг байнга өөртөө  авч явдаг байв. Гэвч хуримаа хийснээс хэдэн долоо хоногийн дараа Габриель тэдгээрийг устгахыг эхнэрээсээ гуйжээ. “Тэдгээр захиа өөр хүний гарт орох вий гэсэндээ надаас тэгж гуйсан” гэж хэлсэн удаатай. Гэвч Маркес өөрөөр тайлбарлаж байсан юм. “Бидний санаа бодол зөрвөл тэр үргэлж энэ сэдвийг гаргаад ирдэг. “Чи Парисаас бичсэн захиандаа хэзээ ч ингэж аашлахгүй гэж бичиж байсан” гэдэг юм” хэмээн Маркес хэлж байсан аж. Маркес зүгээр л амлалтыг нь сануулж байсан биет санамж, нотолгооноос ангижирахыг хүссэн бололтой. Амнаасаа ховорхон үг унагадаг Мерседес гүрийсээр байсан тул Маркес тэдгээр захидлуудыг 100 боливараар худалдаж авахад хүрсэн байна. Үүний дараа Мерседес захидлуудыг нөхрийнхээ нүдэн дээр устгасан гэдэг.

Мерседесийг ихэд хүндэлж биширдэг Жеральд Мартин “1991 онд Мерседесээс асуулаа. “Та хоёрын холбоог юу тэгж бат бөх болгов оо” гэж асуухад тэрээр “Энэ бол зүгээр л биологийн нийцэл, та олж харахгүй байна гэж үү. Энэгүйгээр юу ч оршин тогтнож чадахгүй” хэмээн хариулсансан” хэмээн бичиж байжээ. Мерседес Маркесийг амьдралд ухаантай, тооцоотой, оновчтой байхад сургасан юм. Тэрээр өөртөө улам итгэлтэй болохын хэрээр нөхөртөө хамгийн сайнаар тусалж, Маркесийн замбараагүй гар бичмэлийг эмхэлж сурчээ. Өгүүллэгүүд, сонины хайчилбар, цаас, бичмэл, үлгэрүүд болон “Байшин”, “Хурандаад хэн ч бичихгүй” романы бичгийн машинаар цохьсон текстийг нь цэгцэлж, хураадаг байв.

1959 оны наймдугаар сарын 24-нд тэдний ууган хүү Родриго Гарсия мэндэллээ. Яг тэр үед сонины редакц Габриелийг Европ руу тусгай сурвалжлагчаар илгээсэн юм. Дөлгөөхөн, даруухан Мерседес дахиад л нөхрөө хүлээн суух болов. Габо шинэ, ауюлтай зүйл буюу коммунист үзэл санааг сонирхож эхлэхэд ч Мерче эр нөхрөө  чимээгүйхэн дэмжсэн. Тэрээр Куба, Зүүн Европ, Зөвлөлт Орос руу явж, бахадсан, биширсэн өгүүлэл бичиж байлаа.

Prensa Latina агентлагийн Нью-Йорк дахь салбарт ажиллах санал ирлээ. Тэнд удаан ажиллаж, амьдарна гэж тооцсон Маркес эхнэр, хүүхдээ авч очсон ч Америк-Кубын харилцаа муудаж, агентлагийн редакц руу, Маркес руу утасдаж байнга заналхийлж, дарамтлах болов. АНУ-ын Тагнуулын төв газраас хүртэл ярьж дарамталж байлаа. Эцэст нь Маркес гэр бүлийн хамтаар Америкаас явахаас, нэг үгээр зугтахаас өөр аргагүй болсон юм. Онгоцоор нисэх мөнгө байсангүй, тэд шугамын автобусанд сууж, хямд зочид буудал дамжин явж байлаа. Нэг удаа Мерседес жоомоор дүүрсэн буудалд хонохоос татгалзсан тул бүгдээрээ гадаа хоносон гэдэг. Бас нэг удаа, нэг америк цэрэг ирээд “Бид гурвуулаа байна, эхнэрээ хэдэн цаг бидэнд “зээлчих”. Тэгээд та нар сайхан хоол аваад идчихэж болно” гэжээ...

Мексикт ирээд Мерседес өвджээ. Ихээхэн бухимдаж ядарсан түүний ходоод үрэвсчээ. “Гар дээр сүүлчийн 20 доллар л байлаа. Ирээдүй бүрхэг байсан” хэмээн Габриель дурсаж байв. Харин Мерседес хэзээ ч түүнийг зэмлэж, үглэж байсангүй. “Эмэгтэйчүүд энэ дэлхийг захирдаг. Эмэгтэйчүүд уучилж, өршөөдөггүй ганцхан зүйл бол урвалт. Тоглоомын дүрэм батлагдсан л бол эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрдөг. Харин тоглолтын явцад дүрэм өөрчлөгдвөл тэд тэвчихгүй. Энэ тохиолдолд тэд жинхэнэ өршөөлгүй загнана даа...” хэмээн Маркес хэлж байв.

1962 онд Мексикт хоёр дахь хүү Гонсало Гарсия нь мэндлэв. Маркес Мерчетэй усны дусал мэт адилхан охин төрөөсэй гэж хүсч байсан юм. Тэд дахиж хүүхэдтэй болсонгүй.

Габриель “Зуун жилийн ганцаардал” романаа барьж авахад Мерседес нөхрөө ихэд дэмжсэн юм. Маркес автомашинаа зарж, 18 сарын турш өрөөндөө таг суухдаа, гэр бүлийнхэнтэйгээ ч харьцсангүй. Мерседес өдрөөр ажил хийж амьдралаа залгуулж байв. Тэрээр мах, хүнсний мухлагт очиж эд бараагаар арилжаа хийх амаргүй үүрэг хүлээсэн байлаа. Хамгийн адармаатай болж ирсэн байрны эзэнтэй гэргий нь л ярилцаж байсан. “Байрны эзэнд бид найман сарын түрээсийн мөнгийг нь өгөөгүй байсан. Манай өр гурван сараар хуримтлагдаад ирэхэд Мерседес байрны эзэн рүү утасдаад “Сонс, бид гурван сарын түрээсээ одоо өгч чадахгүй нь, дараагийн зургаан сарын түрээсийг ч өгч чадахгүй нь” гэж хэлсэн. Тэр ингэж ярихаасаа өмнө надаас “Чи хэзээ дуусах юм шиг байна” гэж асуусан юм. Би таван сар болно гэж хэлсэн, тэр цаашаа хэлэхдээ нэг сарыг нэмчихсэн хэрэг. Байрны эзэн ч “За, яахав. Яг өгнө гэж байгаа бол есдүгээр сар хүртэл хүлээе” гэлээ. Бид ч есдүгээр сард түрээсийн мөнгөө төлсөн...” хэмээн Маркес дурсаж байлаа.

Номоо бичиж дуусгасан ч түүнийгээ хэвлэлийн компани руу илгээх 160 песо тэдэнд байсангүй. Гэр бүлийн жооронд ердөө л 80 песо үлдсэн байлаа. Мерседес миксер, үсний сэнс хоёроо барьцаанд тавихдаа “Одоо энэ роман л муу роман болох нь л дутаж дээ” гэжээ. Гэвч тэр муу роман болоогүй, харин ч жинхэнэ сод бүтээл болсон билээ.

Габриелийн ядуурал, зовлон зүдгүүрийг ажралгүй хуваалцаж байсан Мерседес энэ ном хэвлэгдсэний дараа түүнийг нөмөрсөн дэлхийн хэмжээний нэр алдрыг нь ч нэр төртэй хуваалцсан юм. “Зуун жилийн ганцаардал” роман 1967 онд “Уран зохиолын газар хөдлөлт” үүсгэж, Габриель Гарсия Маркесийг амьд домог, сонгодог хүн болгосон ажээ.

Маркес гэргийдээ “их өртэй” гэдгээ ойлгосон. “Тахлын үеийн хайр сэтгэл” романы хамгийн эхэнд “Мэдээж, Мерседестээ зориуллаа” гэсэн үг бий. Их зохиолчийн бүтээлд гардаг тосгон, суурингууд нь аль хэдийнэ бурхан мэт алдар сууг олжээ. Ид шид болон реализм холилдож, дурласан бүсгүйчүүд нь хуримаа хэдэн арван жилээр хүлээдэг Макондо бол Маркесийн урнаар сэтгэмжилсэн тосгон юм.

1982 онд Габриель Гарсия Маркес Нобелийн шагнал хүртлээ. Энэ нь бүх Латин Америкийн хувьд томоохон үйл явдал байв. Фидель Кастро тэр өдөр Маркес руу утас цохиж чадсангүй, дараа өдөр нь цахилгаан утас явуулжээ. “Эцсийн эцэст шударга ёс тогтлоо. Өчигдөр ярьж чадсангүй. Мерседес та хоёрт чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэсэн байв.

Агуу зохиолчийн байшингийн гадаа сэтгүүлч, сурвалжлагч нар шавжээ. Маркес гэргийн хамтаар Chapultepec-Presidente зочид буудал руу сэмхэн шилжихээс өөр аргагүй болов. Тэнд найман дотны найз нь цугларч Нобелийн шагналтан болсны эхний өдрүүдийг чимээ шуугиантайхан тэмдэглэж өнгөрөөсөн юм. Мэдээж, Мерседес нөхрөө дагаж Стокгольмд очлоо. Хүү Гонсало нь бас дагалджээ. Мексикийн хойд нутагт кино зураг авч байсан кино найруулагч хүү Родриго нь зав гаргаж чадсангүй. Сэтгүүлчид үүнийг шууд өлгөн авч “Маркес том хүүтэйгээ муудалцжээ” хэмээн бичиж байв. Үнэн хэрэгтээ алдарт зохиолч “Ажил хамгаас чухал” гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж, өсгөсөн ажээ. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр уламжлал ёсоор индрээс үг хэлэхдээ Маркес эхнэрийнхээ нэрийг нэг ч дурдсангүй, түүний зүг рүү ч харсангүй. Тэрээр хувийн чанартай зүйл огт ярьсангүй, зөвхөн нийтэд хамаатай зүйл ярьсан нь “Латин Америкийн ганцаардал” мэт сонсогдож байсан юм.

Мерседес чимээгүй сүнс мэт л арга хэмжээнд нөхрөө даган явж байлаа. Сэтгүүлчид түүний араас ангуучилсаар байсан ч ярилцлага авч дөнгөөгүй юм. Харин өөрийн бэр эгч Беатрис Лопест л ярилцлага өгөхийг зөвшөөрсөн гэдэг. Нобелийн шагналтны гэргийн “Намайг том болж байхад Габито хүлээж л байлаа” гэсэн гарчигтай ярилцлага Колумбын Carrusel сэтгүүлд гарч, хөрөг зураг нь нэгдүгээр нүүрийг чимж байсан юм.

Тэд урт аялалаас гэртээ буцаж ирэхэд Мерседес гоёлын хувцас, өндөр өсгийт тэргүүтнээ бушуухан шүүгээ рүүгээ хийж санаа амарчээ. Тэгээд хамгийн таатай буюу Габриельд тохь тухтай орчин бүрдүүлэх ажилдаа орлоо. Өрөөг хэрхэн халаах, бичиг цаасыг эхмлэх, нөхөртөө хоол, кофег нь цагт нь өгөх, тамхийг нь байнга гар дор нь байлгаж байх зэргийг дуртайяа хийнэ. Мөн нийтлэл, бичлэгүүдийг нь анхаарч, эх нооргийг ангилж ялгадаг байв. Заримдаа хүүхдүүдээ гэртээ авчирч, тэд эцэгтэйгээ хэрхэн шуугиантайхан маргалдаж мэтгэлцэхийг чимээгүйхэн ажиглан суудаг байлаа.

“Одоо би зөвхөн Мерседесийн нөхөр”

1999 онд эмч нар Маркест “Тунгалагийн булчирхайн хавдар” гэсэн онош тавилаа. Үүний өмнө 1989 онд уушигны үрэвсэлтэй болсон ч эмчлүүлжээ. Түүнд хэдэн сарын, жилээс илүүгүй амьдрал үлдсэн гэж байсан ч тууштай эмчилгээ, Мерседесийн үнэнч хайр халамж агуу зохиолчийг дахин босгож ирсэн юм. Энэ өвчнөөс илааршсаны дараа Габриель Гарсия Маркес хэвлэлийн хурал хийлгэхдээ “Би дахиж бичихгүй. Одоо би зөвхөн Мерседесийн эр нөхөр... Одоо би түүнд бүрэн харъяалагдана” хэмээн мэдэгдэж байлаа.

Зохиолч хөгшрөх тусам хайр сэтгэлийн талаар улам зоригтой, нээлттэй ярьж байлаа. “Хайр бол амьдралд маш чухал үүрэгтэй. Миний хувьд хайр бол эргэлзээ байхгүй амьдралын утга учир. Хайрын тухай бичихээс өөр сайхан юм байхгүй. Яагаад гэвэл бусад нь бүгд худлаа, зальтай. Миний дараагийн роман дахиад л ухаангүй, галзуу, бүтэлгүй хайрын тухай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох мөнхийн хайрын тухай байх болно” хэмээн Маркес өгүүлж байсан.

“XXI зуун гараад намайг хэдэн удаа оршуулав даа. Зурагт, радио асаах бүрт л миний тухай эмгэнэлийн мэдээ явж байх юм” хэмээн Маркес гомдонгуй ч инээмсэглэн хэлдэг байв. “Нобелийн шагналт зохиолч үргэлжилсэн хүнд өвчний улмаас өнөөдөр.... “ гээд л явж өгдөг байлаа. Эхэндээ үнэхээр эвгүй байсан, гэвч эцэст нь үхэлтэйгээ эвлэрсэн дээ. Хоёр сардаа нэг удаа ийм мэдээ явдаг байсан. Тэрний эсрэг юу хийж чадах билээ дээ” хэмээн Габриель Гарсия Маркес өгүүлж байв.

Сүүлийн жилүүдэд Габогийн ой ухаан муудах болжээ. Тэрээр заримдаа хүн танихаа байсан, өнгөрснөө мартсан, хүүгээ, дүүгээ ч танихгүй байгаа тухай дүү Хаиме нь ярьж байсан юм. Харин Маркес гэргий Мерседесээ үргэлж танидаг байсан аж. Заримдаа түүнд Мерче хэзээ нэгэн цагт өөртэй нь гэрлэх ёстой жаахан охин хэвээрээ мэт санагддаг байжээ.

Орчуулсан Б.Нямдорж

Түр хүлээнэ үү...
Top