"Энэ өдрийн шүлэг" буландаа яруу найрагч Дагийраазайн Нямдоржийн хэвлэгдээд удаагүй "Хараацай" шүлгийн түүврээс нэгэн шүлэг дээжлэн толилуулж байна. Д.Нямдоржийг бид "Эр тагтааны гуниг" /2008/, "Өвсний нүд" /2011/, "Хусны навч" /2012/ зэрэг яруу найргийн түүврээр нь хэдий нь мэдэх билээ.
***
Нүдээ анихад, аниатай нүдэнд
нүргэлэн давалгаалах давалгаан дунд
аяншиж ядарсан цахлай
аварга халимын нуруун дээр
амсхийн суух үзэгдэнэ.
Аньсан нүдээ нээхэд, нээлттэй нүдэнд
амгалан долгилох далайн дунд
амарч тэнхэрсэн цахлай
аварга халимыг зуун
авч нисэхийг оролдоно.
Ахиад нүдээ анихад, аниатай нүдэнд
амгалан далай ч үгүй, цахлай ч үгүй.