Өнөөдөр бид та бүхэнд МЗЭ-ийн "Алтан өд" шагналт, яруу найрагч Пүрэвжалын Майнбаярын нэгэн шүлгийг зориулж байна.
***
Миний цус судсаар чинь гүйж байгаа тул
Хэний ч өмнө чи толгой гудайх ёсгүй шүү!
Өмнөдөд ч, умардад ч
Өршөөл гэж байхгүй
Хэнд ч чи төлөөсгүй
Хэтдээ чи минь алзахгүй
Эцэг чинь гэж хүн
Эхнээсээ ер байгаагүй
Ороолтоор чинь бурхан чамайг танина,
Ойртох гэж битгий яараарай хүү минь!
Дөлсхийх мэт л зогсож бай,
Дөрөв, гурав, хоёр.., битгий тоол
Чиний дотор тоймгүй олон онгод буй
Чихний чинь хэнгэрэгийг тэд үргэлж нүдэх болно
Аймшигтай шуугина, тэсэшгүй мэт санагдана
Амсхийх цаг иртэл тэвч,
Аавынхаа хэлснийг бүү март!
Би чиний зүүднээс цааш зүүд
Бичээд ч түүнийг гүйцэхгүй болсон
Надад хүрэхгүй байгаа чинь л
Чамд олдсон аз жаргал!
2011.10.23 "Өвсний шувуу" /2012/ номын 81 дэх тал