Пулитцерийн шагналт зохиолч Харпер Лигийн “Дууч шувууг хөнөөх нь” (To Kill a Mockingbird) сурган хүмүүжүүлэх романы үргэлжлэл 50 жилийн дараа буюу энэ оны долдугаар сард хэвлэгдэн гарна. “Харуул тавь” (Go Set a Watchman) нэртэй энэхүү романаа Харпер Ли 1950-иад онд бичиж дуусгасан ч редакторынхаа зөвлөснөөр хэвлэлгүй “хав дарсан” аж. Ийнхүү бтд бичигдсэнээсээ хойш хэдэн арван жилийн дараа уншигчдад хүрч буй, өөрөөр хэлбэл урт зам туулсан номуудыг нэрлэж байна.
“Далай-миний ах” “Замд” бүтээлээрээ олны талархал хүлээсэн Жек Керуакийн анхны роман “Далай-миний ах”-ыг уншигчид төдийлэн мэддэггүй байв. Зохиолчийг нас барснаас хойш 40 жилийн дараа буюу 2011 онд хэвлэгдсэн энэхүү романы үйл явдал 1940-өөд онд өрнөдөг. Усан цэрэг байхдаа бичсэн өдрийн тэмдэглэлүүдээс бүтсэн энэхүү романыг хүргэн ах нь анх олж уншсан гэдэг.
Артур Конан Дойлийн “Жон Смитийн хүүрнэл” бичигдсэнээсээ хойш 130 жилийн дараа хэвлэгдсэн. Артур Конан Дойл 20 гаруй настай байхдаа анхныхаа романыг бичсэн бөгөөд хэвлэлийн газарт илгээсэн гар бичмэл нь гээгдэж үгүй болсон гэдэг. Зохиолч төдийлэн харамссангүй, харин ч хэд хэдэн бүлгийг нь сэргээн санаж тэмдэглэсэн байна. Хэдэн жилийн дараа тэрбээр Шерлок Холмсын тухай анхны цувралаа бичив. Харин алдагдсан анхны романы гар бичмэлийг Британийн номын сангийн ажилтнууд 2007 онд олж, дөрвөн жилийн дараа хэвлэжээ.
“Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Дэлхийг тойрсон 80 хоног”, “Ахмад Грантын хүүхдүүд” зэрэг зохиол бичсэн Францын зохиолч Жюль Вернийн “Парис XX зуунд” роман 1994 онд хэвлэгдсэн. Бичсэнээсээ хойш 130 жилийн дараа уншигчдад хүрсэн энэ номдоо зохиолч 1960-аад онд Парис ямар байх талаарх зөгнөлөө хуваалцжээ. Зохиолчийн гуч охин өөрт нь өвлөгдн ирсэн сейфнээс бүтээлийн гар бичмэлийг олсон гэдэг.
Хүүхдийн зохиолч Доктор Сьюзийн бүтээл уншигчдад хүртлээ бас ч чамгүй урт зам туулсан. “Хортон ба Квуггербаг болон гээгдсэн бусад түүхүүд ” номд дөрвөн өгүүллэг багтсан бөгөөд 1950-аад онд сэтгүүлүүдэд нийтлэгдэж байв. Гэхдээ л 60 жилийн дараа ном болон уншигчдын гарт хүрсэн.
Х.Инга