ЭНЭ ӨДРИЙН ШҮЛЭГ
2015-08-07 Зугаатай уншлага 1190

Борооны үнэр хулжаагүй байхад сэрүү татаж, хэнз ногооны толгой дээгүүр намрын салхи сэвэлзэн буй Монголын өдрүүд. Барагтайхан хөдөөлж чадаагүйдээ жаахан гонсгор хотынхон айраг цагааны исгэл амт мөрөөссөөр албандаа эргэж байна. Ийм нэг гэгэлгэн цагаар хойхно буриадын нутаг, бидний хилээр таслагдсан ахан дүүсийн дундаас нэгэн найрагч "Хүннү уулын нойрсогч өвс"-ний үлгэр шивнэхээр Монголоо гэж иржээ. Буриадын нэрт найрагч Сергей Тумуровын шинэхэн ном Монгол ахан дүүсийнхээ алган дээр дэлгэгдээд буй сайхан тохиолыг дашлуулан найргийн түүврийн архан хэсгээс нэгэн шүлгийг хуваалцмуй. СГЗ Гун-Аажавын Аюурзана орос хэлнээс орчуулжээ.

МЯЛ БОГДЫН ШАД

Мял богдын инээмсэглэл -
"Манант уулын зүрхэн дэх,
бүргэдийн өдөн доторхи намар".
Өглөөнөөс хойш найгах ч үгүй
нам жим байсан зулзаган агч мод бид хоёр
өнөө л "Маяковская" метроны цаад
булан тойрох салхитай
бардамхан тэмцэлдэнэ...
Мял богдын шад шүлэг -
цал буурал шидтэнийг амилаах
цаг хугацааны тарни...
Эл шадыг бичсэн хүн
цуурай дамжин биежиж
мөнхийн салхийг хөлөглөөд,
эргээд бидэн рүү
эмзэг турьхан агч мод руу
"Маяковская" метроны хавийн
"Энэ байшинд тэдэн онд
найрагч Пастернак төржээ" гэсэн
намар цагийн, нялуун бичээс рүү
буцаад ирээ юү дээ?!
Үдшийн салхи - Москва...
өндөр Кремлийн
бадмаараг оддыг зүлгэх намар...
Түр хүлээнэ үү...
Top