ХУУЧИН МУЗЕЙД САНАА АЛДАЛТ...
2015-09-14 Зугаатай уншлага 1415

 Утга зохиолын “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, орчуулагч Дашдоржийн Дашмөнхийг уншигчид маань андахгүй мэдэх билээ. Тэрээр Роберт Блохын ” Хэрэмний чихмэл” тууж /1998/, ” Үхлийн тууриуд” Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2003/, “Харь гаригийн өгүүлллэгүүд” англи америкийн уран сэтгэмжийн өгүүллэгийн түүвэр /2011/, Р.Л.Стивэнсон “Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг” /2014/, “Аравдугаар сарын наадаан” англи америкийн зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2014/ зэрэг орчуулгын бүтээлүүд хэвлүүлэхийн сацуу "Хуучин хүүхэлдэйнүүд" (2011) өгүүллэгийн түүврээ гаргасан. Энэ удаад бид түүний Санфранциско хот дахь "Бийт Музей"-гаар аяласан нэн сонирхолтой тэмдэглэлийг нь хүргэж байна.


 Сан Франциско бол миний бодлоор жинхэнэ түмэн шидийн амьтан цугларсан газар. Уруул нүдээ будсан даашинзтай бавгар сахалтай эр энэ хотын гудамжинд зөндөө таарах. Нэг тийм хиппи бас хүлцэнгүй, уян хатан, юм бүхнийг хүлээн зөвшөөрсөн, эв найртай, нягт цул хирнээ дотроо эрч хүчтэй, өрвөлзсөн, эсэргүүцэн тэмцэлдэх амьсгал дандаа амтагдаж байдаг хот…Магадгүй тиймээс л энд америкийн хиппичүүд жар далаад онд үүр ноохойгоо засаж, далаад оны сүүлээр энэ хот бараг л секс билэг тэмдэгт хувирч, өдгөө америкийн хамгийн том бэлгийн цөөнхийн бөөгнөрөлийг агуулж байгаа биз. Энэ бол америкийн баруун эргийн соёлын төв юм. Сан Франциско бол урлагийн үрийг таригч газар гэхэд болно. Тухайлбал мөнөөх «Оддын дайн» гэдэг сүүлдээ брэнд /их донгосвол соёл урлагийн өвөрмөц поп урсгал/ болоод хувирчихсан киног бүтээгч Жорж Лукасын студи энэ хотод бий. Энд Женис Жоплин рокын тугийг мандуулж байлаа. Минийхээр энэ бол америкийн хамгийн либэртари хот…

Харин энэ бүхнээс урьд энэ хотод 1950-иад онд Бийт цаг үе /beat generation/ байсан юм.

Сан Францискогийн Норд бийч хэмээх итали хороолол /north beach/-ийг тас огтлон гарсан Колумбус болон Бродвэй хэмээх гудамжны тэрүүхэн богинохон хэсэгт тамхины мухлаг, итали хоолны ресторанууд, стриптиз клубууд, хятадын хими цэвэрлэгээний газрууд, секс эдлэлийн дэлгүүрүүд, шивээс хийдэг мухлаг гэхчилэн юмс нэг дор бөөгнөрөн оршдог юм.  Эдэн дунд «Бийт музей» гэсэн хаягтай барилга бий. Байшингийн ердөө нэг жигүүр. Орох тасалбар 8 доллар.

Үүдэнд нь дүүрэн ном. Усанд ордог ширмэн онгоцыг хуучин номнуудаар дүүргээд «нэг бүр нь 5 доллар» гэсэн цаас хадчихаж. Хуучин бичгийн машин, Нил Кэссиди, Жек Кэруак хоёрын зурагтай фудболкууд, үнийн шошго наасан номнууд, аль балрын үеийн «Хадсон» маркийн лантгар суудлын машин…Энэ машин нь Кэруакийн хамгийн зартай зохиол болох «Замд» /On the road/ хэмээх туужаар хийсэн кинонд тоглоод эцэст нь энд хандиваар ирсэн эд ажээ. Музейн жижүүр ч юм уу юу нь ч юм нэг залуу гар утсаараа тоглож сууснаа над уруу тоомжиргүй харц чулуудав. «Нэг муу шушмаа л байна» гэж бодлоо хэмээн би дотроо таав. Музейн үүдний танхим гээд байгаа хэсэг нь номын дэлгүүр юмсанж. Өөрөөр хэлбэл хүмүүс музей үзээд дараа нь энэ дэлгүүрээс ном аваад, эсвэл эсрэгээрээ ном аваад музей… Аль нь ч байсан би номын дэлгүүрт түрүүлээд давхиад орчихжээ гэж бодов. Харин тийм биш гэдгээ сүүлд нь мэдсэн. Дандаа хиппи, панк, бийт, авангард, абсурд, дадаист зохиолууд өрөөстэй. Товчхондоо утга зохиолын цөөнхийн цөөнхи болдог зохиолчдын олон арван бүтээлүүд зохиолч нараасаа цөөхөн уншигчдаа хүлээн номын тавиур дээр хэвтэнэ. Бас үзэг бал, дэвтэр, зурагт хуудас, «Плэйбой» сэтгүүлийн гуч дөчин жилийн өмнөх дугааруудыг зарж байх юм.

Тасалбар авч дотогшоо ороод хамгийн түрүүнд толгойд орж ирсэн юм гэвэл «Музей ер нь ямар байх ёстой юм бол?» гэдэг асуулт байлаа. Ер нь цөөнгүй л зохиолчдын музей үзсэн. Жижигхэн, нам гүм хирнээ шохоорхоод л баймаар байдаг. Харин энэ жижигхэн хоосон музейд миний хувьд шохоорхох үзмэр харагдсангүй. Энэ музейн дөрөвний нэг нь ном байлаа. Эдгээр номнуудын тэн хагасыг худалдаж авч болно гэнэ. Нэрийг нь дуулсан эсвэл онцгой анхаарал татсан номнуудыг үзэхээс нэгбүрчлэн үзье гэвэл солиормоор янзтай ажээ. Товчхондоо номын дэлгүүрт орсон уу, музейд орсон уу гэдгээ би одоо болтол ойлгохгүй л байна.

Эхний танхимд «Бийт үе» гэсэн том газрын зураг өлгөжээ. Хараад байвал Нью Иорк, Сан Франциско хоёр төв нь тэгээд л АНУ-ын энд тэндгүй хэсэг бусаг тархсан бололтой юм.  Жааз хөгжмийн хэмнэлийг түшиглэн өөрөөр хэлбэл жаз аялгуунд шүлгээ аялгуулан уншдаг, урлагийг академик байдлаас нь салгахыг оролдогсдын үүр ноохой нь энд байжээ. Яг энэ байшинд биш ч, эргэн тойрны гудамжинд байж… Дотроо зургаахан суудалтай бяцхан харанхуй танхимд «Кэруакт юу тохиолдов?» /What happened to Kerouac?/ гэдэг кино гарч байх юм. Дотор нь хэн ч алга. Танхимын үүдэнд элдэв хийжүүлсэн ундаа, том савтай попкорн, тавагтай чихэр тавьж, «Дураараа идэж болно. Өдөржин кино үзэж болно» гэсэн бичиг бас нэг гараар бичсэн киноны хуваарь тавьжээ. Өнөөдөр «Алэн Гинзбэргийн амьдрал болон цаг үе» /The life and times of Allen Ginsberg/, «Кэруакт юу тохиолдов?», «Жараад он: Нэгэн үеийг бий болгосон он жилүүд» /The sixties; The years that shaped a generation/, «Хэсэг зөвлөгөө: Уильяам Бэрроузын айлчлал»  /Words of advice; William Burroughs on the road/  гэдэг кинонууд гарах юм байна.

Энд тэндгүй бийтникүүдийн зурагт хуудас ном байх юм. Хичнээн ч олон бийтник ямар ч олон ном хэвлүүлсэн юм бэ? Харин энд музейд байдаг жинхэнэ оригнал гар бичмэл, эд өлөг, захиа, түүхийн дурсгал байна уу?

Тэгсэн нэг буланд будаг нь халцарсан хуучны орган хуур хөгжим тавиастай байв. Алэн Гинзбэргийн эд юм гэнэ. Энд тэндхийн хүний гар дамжиж эцэст нь дуудлага худалдаагаар худалдаж авсан хүн энэ музейд хандивлажээ. Ер нь энэ музейн юмсын дийлэнх нь хандив эсвэл зарахаар дэлгэсэн бараа бололтой юм. Тухайлбал энэ музейд байгаа мянга орчим гэрэл зургуудын ерэн хувь нь хандив бөгөөд музейн билэг тэмдэг болоод байгаа Кэруак Кэссиди хоёрын тэврэлдэн авахуулсан зургийг гэхэд уг зургийг авсан Кэссидигийн хоёрдахь эхнэр Кэролин хандивласан гэнэ. Даралтууд нь шарласан тэр хуучин хөгжмийн зэмсэгийг хараад инээд хүрэв. Гинзбэрг энийг гангинуулан тоглоод л мөнөөх цуутай «Улиан»-аа / англиар Howl гэнэ. Г.Аюурзана Орь дуу гэж орчуулсан/ орь дуу тавин уншиж байсан байх, эсвэл энэ хөгжмийг балбаж байгаад өнөөхөө зохиосон ч юм бил үү?

Энэ музейн хүндэт үзмэрүүдийн нэг нь Алэн Гинзбэргийн цуут «Улиан болон бусад шүлгүүд» номын анхны хэвлэл байлаа. 1956 онд анх хэвлэгдсэнээсээ хойш хоёр дахиж хэвлэгдсэн нь бүгд зэрэгцэн шилэн хоргонд залагджээ. Тэр байтугай энэ номыг хэвлэсэн хэвлэлийн газар, анх зарсан номын дэлгүүр энэхүү музейгээс хорьхон метрийн зайд оршдог юм байна. «Хотын гэрэл» нэртэй хараат бус /independent/ тэрхүү хэвлэлийн газар одоо ч ном хэвлэсээр байгаа бөгөөд чухамдаа америкийн уран зохиолын цөөнхийг хөхүүлэн дэмжигч юмсанж. Энэ номыг хэвлэснийхээ төлөө «Хотын гэрэл» хэвлэлийн газрын эзэн Ферлингэтти гэгч эрхэм садар самууныг сурталчилсан хэргээр баривчлагдаж шүүхэд очиж байжээ. «Улиан» ч бишгүй мандаж, радиогоор нэвтрүүлэхийг хориглогдож, католик сүмийнхэн зад эсэргүүцэж гарчээ. Хүмүүс тэрхүү романтизм, сюрреализм, модернизмийн өвөрмөц холилдоон болсон илэн далангүй бисекс, хомосекс мөрүүдтэй дөрвөн бүлэг шүлгийг  сониучирхан таашаан унших нь  нэмэгдэж, харь хэлээр хүртэл орчуулагдаж эхлэв. Гинзбэрг өөрөө бол Эмили Дикинсон түүнд нөлөөлсөн гэж мэдэгдэж байсан бол зарим этгээд Гинзбергийг энэ бяцхан номоороо Уолт Уитмэнээс хойш сөнөөд байсан америкийн яруу найргийг аварлаа гэж өргөмжилж байлаа.

Харин энд би алийг нь ч мэдэрсэнгүй. Өрөөний голд томоо ноолорсон буйдан тавьжээ. Ороход тасалбар зарсан залуугийн хэлснээр бол би ил тавьсан номнуудыг уншиж энэ буйдан дээр хичнээн л бол хичнээн хэвтэж болох юм гэсэн. Чихэр идээд л ном уншаад хэвтэж байдаг музей…Энэ музей ерөнхийдөө дөрвөн хэсэгтэй гэж хэлж болно. Алэн Гинзбэрг, Уильяам Бэрроуз, Жек Кэруак болон Нил Кэссиди, тэгээд бийт зохиолч найрагч бүсгүйчүүд… Бүгд л хомосекс бисекс гээд бэлгийн цөөнхийн эрх чөлөө, мансууруулах бодис хэрэглэх эрх, иргэний эрхийн төлөө тэмцэгсэд, дорнын шашнуудыг шүтэгсэд, дайн цэрэг зэвсэг, үйлдвэржилтийг улайран эсэргүүцэгсэд байжээ. Бас ёс суртхууны хэм хэмжээг түйвээгсэд, засаршгүй гаж этгээдүүд байсан бөгөөд тэр хэрээрээ өөрсдийнх нь амьдрал ч холион дуулиан, эмх замбраагүй дэмийрэл, сэтгэцийн эмнэлгүүд, хэрүүл тэмцэл, орон гэргүй тэнүүчлэл, эрх чөлөө, дуу хөгжим, хурц хурц өнгө будгаар баялаг байсан бололтой. Жек Кэруак гэхэд гурав гэрлэсэн, бисекс бэлгийн зуршилтай, сэтгэцийн эмнэлэгт хэд хэд хэвтсэн архаг архичин байсан бөгөөд түүний Жанет Кэруак гэгч нэг охин нь бас бийт зохиолч, хоёр гэрлэсэн, бас л сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн, мансуурах дуртай байжээ.

Музейд үзсэн бүхнээ бичихвэл онцгүй байж мэдэх. Харин сэтгэгдэл бол …

Музейн гол танхимд шилэн хоргонд байрлуулсан Жек Кэруакын цамцыг харж зогсохдоо би «Марихуана үнэртэхгүй байна даа» гэж бодож зогсов. Үзмэртэй ч юм шиг, үзмэргүй ч юм шиг энэ музейн тухай их юм бичиж чадахгүй нь. Энэ тэндгүй өрөөстэй янз бүрийн номнуудыг л жаахан шүлэнгэтэн үзлээ. Дөчин минут орчим энэ бяцхан өрөөгөөр аялахдаа Гинзбэргийн «Улиан» /1956 он/, Кэруакийн «Замд» /1957 он/, Бэрроузын «Үдийн хоолны үнэн байдал» /the Naked lunch, 1959 он/ гурав л энэ цаг үе, бийт утга зохиолыг яагаад төлөөлдөгийг арайхийж хагас дутуу ойлгов. Лайтай энэ зохиолууд «бие бурхан, хувцас чөтгөр» гэж орилоод байж шүү дээ.

Хорин жилийн өмнө Д.Нацагдоржийн музейг анх үзээд надад нэг их гунигтай тавгүй мэдрэмж төрсөн билээ. Энэ удаа бас нэг тийм үгээр хэлэхэд амаргүй харамсалтай гунигтай, тавгүй мэдрэмж төрлөө.
Гарч явахад мөнөөх лангууны ард суусан залуу /тэр энэ музейн ганц ажилтан нь бололтой/
- За ямар санагдав? гэж асуулаа. Ороход бас «хаанаас ирсэн» гээд л шалгаагаад байсан. Би яриаг нь дүйвүүлж
- Зүгээр. Ингэхэд «Улиан» -ыг миний танил монгол уруу орчуулсан юм. Их аятайхан шүлэг гэвэл мань эр хөөрөлхөж
- Монголчууд ойлгож байна уу? Бүтнээр нь орчуулсан уу? Хэвлэсэн юм уу? гэж байна. Би илүү үг хэлсэндээ бантаж

- Ойлгож байгаа болоод л орчуулсан байхгүй юү. Бүтнээр нь орчуулаад гар бичмэлээр тарсан. Хэвлэж чадахгүй шүү дээ. Учрыг нь чи надаар хэлүүлэлтгүй мэднэ гэвэл өнөө залуу

- Монгол хэл тэгвэл «Улиан»-ыг орчуулсан 11 дэхь хэл боллоо гэж яриа дэлгэх янзтай болоход нь би гараад явчихав.

Гудамж хөндлөн гарч нэг бааранд орсон чинь «Везувий» гэгч тэр баар бас мөнөөх лайт бийтникүүдийн үүр ноохой байсан газар юмсанж. Ром, тэкила хоёрыг жүржийн шүүсээр найруулж, юугаар ч юм амталсан «Кэруак» гэгч коктейлийг ярвайн байж дуустал нь уугаад гарч явахдаа би Гинзбэргийн урлаг амьдрал хоёрын зааг ялгааг устгана гэж тунхаглаж байсныг уншсанаа санав. Санаа алдав.

Баарны хажуугийн богинохон гудамжаар тамхи шившин алхахдаа бүр санаа алдав. Тэр гудамжны хаягны дэргэд зургаа даруулах гэсэн ч дур хүрсэнгүй. Учир нь «Жек Кэруак аллэй» гэсэн нэртэй, элдэв шүлэгч нар хийгээд Ли бай, Күнзийн шүлгүүдийг хүртэл бичсэн хавтангуудыг дэвссэн, хорь хүрэхгүй метрийн урттай  тэрхүү явган гудамж Сан Францискогийн хятад хороолол, итали хороолол хоёрыг холбох бөгөөд цагтаа хогийн цэг байжээ.

2013.6.5 

Түр хүлээнэ үү...
Top