Уншигчиддаа Д.Ганга хэмээх энэ эрхэм хүнийг танилцуулж буйдаа баяртай байна. Блог уншигчид түүнийг http://ganga-cz.blogspot.com/ блогоор нь андахгүй сайн мэднэ. Түүний блогоос та өөр олон сайхан номын тэмдэглэлийг нь унших боломжтой. Монголын бичиг соёлын нэртэй гэр бүлд төрж, Орост дээд боловсрол эзэмшиж, эдүгээ Чех улсад гэр бүлийн хамт аж төрдөг.
Зохиолчид биеэр туулсан амьдралаа зохиол бүтээлдээ оруулдаг гэсэн ойлголт хоёр талтай. Монголын нэрт дипломатч Б.Жаргалсайхан гуайн “Алаг жарны бодрол”, Ирландын зохиолч Фрэнк Маккортийн “Анжелийн чандар” (“Angela’s Ashes” Frank Mc. Court) зэрэг туулж өнгөрөөсөн бодит амьдралаа түүхэн роман шиг сайхан хүүрнэсэн бүтээлээс тэр цаг үеийн түүх, хүмүүсийн амьдралын тухай бүрэн мэдээлэл олж авдаг.
Гэтэл уран зохиол бол уран зохиосон бүтээл билээ. Ихэнх уншигчид сэтгэл догдлуулж, юм бодогдуулам сайхан бичсэн ном уншсаны дараа “Яаж ийм нарийн ширийнийг мэдээд байна аа?” гэж гайхах, “Үгүй, энэ нөхөр арай өөрөө ийм юмтай хутгалдаж явсан юм биш биз” гэж хардах, “Ер нь, эцэг эх, эмээ өвөө, элэнц хуланц нь иймэрхүү амьдрал туулсан, тэгээд үр хүүхэддээ дурсаж ярьдаг байсан нь үе дамжин үлдсэн байх нь,” гэж ихээхэн цаагуур бодох мэтээр яаж ийгээд зохиолын баатруудыг зохиолчтой холбох дуртай. Уншигчын иймэрхүү таамаглалаар зохиолын гол буюу туслах баатар нь зохиолч өөрөө болж таарна. Зураг мэт тод томруун дүрслэгдэх уул ус, хот тосгон, байр орц нь зохиолчийн унасан газар угаасан ус нь, сурсан сургууль, ажилласан албан газар нь, өсвөр насандаа гитар тоглож өссөн орц нь, өвгөрсөн хойноо гадаа даалуудсан байр нь яг дүрээрээ гээд явж өгнө дөө. Хэрэг явдлын орооцолдсон хэлхээ, зөрчилдөөний өрнөл буурал, егөө ергөөтэй мэргэн дүгнэлт холбоос дунд тойруу замаар олонд хүргэх гээд байгаа гүн ухаанч, гол санаа нь л чухал баймаар. Өчнөөн жил сараар сэдвийнхээ дагуу судалгаа хийж, олон хүний амьдралаас санаа аван суралцаж эвлүүлж нийлүүлэн нэг дүр босгонгоо гаргах санааныхаа нөгөө талыг бүрдүүлээд, басхүү ахин нэг дүр босгох гэж нухсаар ар дэвсгэрт гарах байгаль, дүр амьдрах орон байр зэрэгт зохиолч эрхмийн төрсөн нутаг, өссөн орц, сурсан сургуулийн дотуур байр нь өөрийн эрхгүй "бэлэнчлэгдээд" орчихдог байж болзошгүй.
2002 онд бичсэн “Манин” (“Middlesex” Jeffrey Eugenides) гэх номоороо утга зохиолын нэр хүндтэй Пулитцер шагнал авсан, америкийн зохиолч Джеффри Евгенидисийг “өөрөө дааврын гажигтай байх” гэсэн цуурхал тарж, номыг нь авах гэж Google-дэхэд номын үнэлгээ хачин өндөр, зохиолч геттер сексуал (эмтэй унтаж хүүхэдтэй болдог) хэвийн эр хүн гэх шахуу тодорхойлолт дагаж байх нь эгдүүтэй. Манин хүн өөрийнхөө туулсан амьдралын тухай бичсэн нийтлэл анх уншаад Евгенидист ихэд сонин санагдаж, эмч биологчдын эрдэм шинжилгээний ажлуудтай танилцахад ийм амьдрал туулсан хүний дурсамж ч, эрдэмтдийн тайлбар ч жирийн хүмүүс хүлээн авч ойлгоход хангалтгүй санагдаж өөрөө ном бичихээр шийджээ. Ийм эмзэг хэцүү сэдвийг хөнгөн гунигтай атлаа тэрүүхэндээ шогч аясаар, үр хөврөл болж амжихаас өмнөх хүн болгонд байж л байдаг бэлгийн эс (энэ тохиолдолд гажигтай) хүүрнэж байгаагаар эхлээд, үр хөврөл болоод, нэлээд хэдэн сартай ураг байхдаа, дөнгөж төрсөн нялх байхдаа, цэцэрлэг, бага анги, шилжилтийн насны хүүхэд, залуу болон ид насанд ийм онцлогтой хүний бие махбодод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг, нийгмийн ямар дарамт дор амьдардаг талаар тухай тухайн насны хүүхдийн хэлээр хүүрнэн бичсэн, их хүнлэг ном доо. Цус ойртох нь ургийн гажиг үүсэхийн нэг шалтгаан гэсэн санааг барьж, зарим газар оронд үеэлүүд хоорондоо гэрлэдэг уламжлал байсан гээд Грекийн нэгэн бөглүү тосгонд өнчин өссөн эгч дүү хоёр хавьтаад, Детройт руу цагаачлан тэнд хүүхдээ төрүүлсөн тухайгаар ном эхлэнэ. Тэгээд л зохиолч грек, англи, ирланд удамтай хүн, өвөг дээдэс нь Европоос Америкт цагаачилж ирэхдээ анх Детройтод суурьшсан, зохиолч өөрөө Америкийн Детройт хотод төрсөн зэрэг нь таарсан, гол нь сэдвээ гүнзгий судалж өөриймшүүлж чадсан нь хэл ам гарах шалтаг болж дээ.
Австралийн зохиолч эмэгтэй М.Л.Стедман хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй зангаасаа болж бас элдэв таамаг ярианы бай болсон байдаг. "Зохиолч Австралийн баруун эрэгт төрж өссөн, одоо Лондонд амьдардаг эмэгтэй, түүний эхний ном” гэсэн хэдхэн үгтэй маш товч намтартай. Нууцлаг байх тусмаа сонирхолтой гээчийн тод жишээ. Ганц бичсэн номоо хэвлүүлэхээр хэд хэдэн газар санал болгоход олон улсын нэртэй найман хэвлэлийн газар хэвлэх эрхийг нь авах гэж булаацалдан толхилцож байсан гэхээр ямар түвшинд бичигдсэн хэр бүтээл болох нь ойлгомжтой. Энэ түүхэн роман гучин хэдэн орны хэлд орчуулагдан уншигчдын талархал хүлээсэн юм. Дэлхийн Нэгдүгээр Дайны дараах үе. Хөвөө хязгааргүй их далайд хөлөг онгоц явах чиг баримжаа болох “гэрлэн дохио” далай дундах эзгүй арлуудад байдаг байж. Түүнийг нь ажиллуулдаг, хэцүү нөхцөлд ганцаардмал амьдралаар он жилийг барах хувьтай хүмүүс бас байж. Азтай зарим нь эхнэртэй. Австралийн ойр орчмын нэг аралд эр эм хоёр гэрэл дохиогоо манаж, ажил төрлөө залгуулан амьдарч байтал нэг өдөр нас барсан эрэгтэй хүнтэй, өлгийтэй нялх хүүхэдтэй завь эрэгт нь ирж дээ. Ажил үүргийн дагуу энэ тухай нөхөр нь шууд төвдөө мэдээлэх гэхэд, хүүхдийн хүслэн болсон эхнэр нь цааргалан олдмол охиноо өөрийн төрүүлсэн хүүхэд шиг хайрлан өсгөнө. Олон удаа үр зулбаж, төрсөн нь хүн болж амжилгүй эндсээр хүүхэдтэй болох найдвар тасарсан эмэгтэйд энэ охин бол бурхны хишиг юм. Нөхөр нь эх хүн байхын жаргалыг эдэлж буй эхнэрээ өрөвдөх, өөрөө ч бас хүүхдэд ухаангүй хайртай ч, хэдэн жилийн дараа охиноо алдаад шаналж байгаа төрсөн эхэд нь хүүхэд нь хаана байгааг мэдэгдэж орхино. Ажлын хариуцлага алдсан нөхөр шийтгэл хүлээж, төрсөн эхдээ хүүхэд дасахгүй, төрүүлсэн эхийн зовлон барагдахгүй, өсгөсөн эх үртэйгээ уулзах ч эрхгүй... Зохиолчийг хэдэн настайг мэдэхгүй ч эмэгтэй хүн гэж мэдээд, энэ эмэгтэй лав хүүхдээ алдах зовлон үзсэн байх, Австралид төрсөн юм чинь өөрөө биш гэхэд эцэг эх нь тийм гэрлэн дохиотой жижиг арлын ганцаардмал амьдрал туулсан байх гэх мэт таамаг уншигчдын дунд явдаг. Зохиолч эмэгтэй хуульч хүн юм байна. Гэхдээ хэн нэгнийг сайн муугийн дэнсээр шүүсэнгүй. Ямар ч амьдралд аз жаргалыг олж болох, өршөөж уучлах чадвар эргээд хүндээ сайнаар нөлөөлдөг, хүнд ер нь сайн сайхны зөн давамгайлдаг гэх мэт хүмүүний нийтлэг мөн чанарыг цаагуураа хэлээд байх шиг.
Чехийн зохиолч эмэгтэй Петра Хулова “Эмээгийнхээ дурсгалд” гэж ном бичиж утга зохиолд хөл тавьж байлаа. Зохиолын үйл явдал Баянхонгор аймгийн өмнөд говьд өрнөнө. Зохиолын гол баатар Тулгаагынх амины нэлээд малтай, жийп машинтай айл. Авгай Алтаа нь төрхөмдөө байхдаа төрүүлсэн Хироко, нөхрөөсөө Мага, хятадаас эрлийз Заяа, оросын эрлийз Нараа, нөхрөөсөө гэхэд эргэлзээтэй ч цэвэр монгол цусны Оюун зэрэг олон охин төрүүлсэн. Эрлийз хурлийз болсоор хоёр их хөршдөө уусаж байна гэж ёгтлоод ч байгаа юм шиг, хог новштойгоо холилдож хоцрогдоод, энэ Монголчууд өөдлөхгүй ээ гэж хашгираад ч байгаа юм шиг, бүхэл бүтэн үндэстнийх нь хувьд доош хийгээд ч байх шиг цаанаа нэг доромж санаатай, үнэндээ бачуурмаар, Монгол хүн тайван унших аргагүй ном. Эмэгтэй зохиолч янхны тухай бичвэл өөрөө янхан байх албагүй гэдгийг Чех уншигчид сайн ойлгодог болохоор түүнийг зохиолын баатар янхануудын нэг гэж бодсонгүй. Монгол гэхээр гадаадынхан ерөнхийдөө цөөн хэдхэн хүн, цэлийсэн тал цөл, олон сая мал төсөөлдөг. "Тэр их тал, говь цөлд хэдэн малаас гадна янхан хүүхнүүд бас байна хөөе!" гээд хэн нэгэн хашгирахаар юманд дөжирчихсөн, этгээд гажууд зүйлд сэрэл нь хөдөлдөг “хөгшин Европын” чих дэлдийнэ дээ. Тэд зурагтаар энд тэндхийн зэрлэг омгийнхныг нүцгэн шалднаар харуулах дуртай. Чехийн уншигчид, дараа нь орчуулгаар нь уншсан европын бусад орны уншигчид хүн бүр очоод байдаггүй, тэртээ холын экзотик орныг төсөөлөхдөө, Монголд жил гаран сурч амьдарсан зохиолч манайд ийм л юм үзэж харсан болоод түүнийгээ бичиж хэмээн сэтгэж, Хуловагийн дэгс дүрслэлүүдийг үнэн гэж, үгүйдээ үнэнд ойр гэж хүлээж авсан. Зохиолчид сайн мэддэг, үзсэн харсан, биеэр туулсан зүйлээ бичдэг гэсэн уншигчдын дунд байдаг ойлголтод дулдуйдан бичиж болдог нэг жишээ энэ.