"Дин тосгоны зүүд": ТОСГОНЫ СУРГУУЛЬ-ТҮР ЭМНЭЛЭГ-УТОПИ КОММУН
2022-07-19 Зугаатай уншлага 595

Товч үйл явдал: Эдүгээгээс чинагш ертөнцөд тохиохуй магад хэмээх итгэлийг найдвар гэх буюу. Энэ зохиолыг бичсэн хэлнээ "зүүд" хэмээгч ханз нь бас "найдвар" гэх утгыг давхар заана гэнэ. Зүүд зөнгийн үлгэр сүлжсэн зуурдын энэхэн хорвоод өгүүлшгүйеэ бэрх завшаанаар хүмүүн хутгийг олж мэндэлсэн ч өөрийн урагшгүй тавилангаар хорвоогийн нар үзэх хоногоо охорлож, түүнийгээ мэдсэн даруй урах хойшлуулшгүй тавилангаа тавгүйтэн хүлээх бүтэн тосгоны иргэдийн өрөвдөлт амьдралын тухай түүх өгүүлэгдэх энэхүү зохиол нь өгүүлэгчээс эхлээд санаанд оромгүй сонин шийдэлтэй. Өгүүлэгч нь Дин тосгоныхныг энэхүү гачлант хувьд золгуулж орхисон эцгийнх нь нүгэлд далд хорссон санаа муутны хордуулж хаясан лоолийг идсэнээр мөнх нойрсон зүүдэлж буй арав гаруйхан настай хүү бөгөөд түүний өгүүлж буй энэ аймшигтай түүх 1990-2000-аад оны эхэн үеийн Хятадын бөглүү зэлүүд нэгэн тосгоны сэрүүн зүүд шиг амьдрал, мөхлийн тухай бүлгээ.

Бичлэгийн хэв маяг: Тун уран, хошин, найрал бичиглэлтэй. Ийм аймшигтай түүхийг түүнд тохирох гунигт, гаслант хэв маягаар хүнд хөшүүн үгээр бичсэн бол хуудсыг нь сөхөж дийлэх хүн олдохгүй биз. Гэнэн цайлган арван хоёрхон настай хүүгийн хөндлөнгөөс харж буй яриа, өвгөний бодрол, зүүдээр сүлэлдсэн, тосгоны хүмүүсийн хээ шаагүйхэн яриа, явган шог, элдэв дом цээр, домог үлгэр, хос уянга, хошин зүйрлэлүүд нь тун чиг аймшигтай энэ түүхийг хөнгөхөн уншчих боломжтой болгожээ. Орчуулагч, редакторуудын нүсэр хөдөлмөр монгол хэлний уран чадвар, найруулга нь бидэнд бас уншихад тун ч амар болгосон санагдана. "Тагтаа" хэвлэлийн газрын сонголт, Мө.Батбаяр дүүгийн орчуулга, редакторуудын ажлын чанарт эргэлздэггүй, заавал уншдаг даа. Энэ удаа ч үнэхээр амтархан уншлаа.

Зүйрлэл, бэлгэдэлт санаа: За тун чиг арвин даа. Хэдхэнийг дурдвал"Цус - байгалийн баялаг""Хүний цус гэдэг булгийн ус л гэсэн үг. Авах тутам ундраад л байна." Өвгөн Диний нутгийнхандаа хэлж ойлгуулсан энэ жишээ нь хүмүүн төрөлхтөн байгалийн баялагтаа мөн ижил ханддагийг зүйрлэн өгүүлсэн гэлтэй. Мөн түүнийгээ авахдаа буруу арга хэрэглэж бүгдийг нь үхлийн өвчин тусгаж орхисон нь мөн л байгалийн баялгаа хэрхэн авах, хэзээ авах, ямар хэмжээтэй авч хэрэглэхээ мэдэхгүйгээр зөвхөн баяжих мөнгө олох хэрэгсэл болгон ашигласан нь эцэстээ сөнөх аюулд хүргэж буйг харуулж байна.

ТОСГОНЫ СУРГУУЛЬ-ТҮР ЭМНЭЛЭГ-УТОПИ КОММУН

Ёстой л нийгэм журмыг цогцлоож буй коммунист Хятад орон, тэр үзлийн золиосыг нэгэн зуунаар үзсэн XX зууны монголчууд, магадгүй цар тахлыг туулан гарч буй шинэ үеийнхэнд тосгоныхон үхлээ хүлээгсэдээ тусгаарлан нийтийн гал тогоотой чадлынхаа хэрээр өөрийн хувийг нийлүүлж, тэгш нормоор хуваан хүртэх коммун үүсгэн амьдарч байгаа энэ шийдэл танил санагдаж мэдэх юм. Ийм утопи шийдлийг гарцаагүй коммунистуудаас эс бөгөөс тахлын үеийн барьц алдсан төрийн бодлогоос олж харах боломжтой. Бусдаар бол ч яагаад сургууль дээрээ цуглачхаад үхлээ хүлээж нийтээрээ амьдраад байгаа, улсаас нь хоол хүнс, авс зэргийг тусламжаар болон хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа зэргийг ойлгохгүй байж болох юм. Цар тахлын сургамжийн ачаар бид улс төрийн бодлогоор өвчтэй зовлонтой хүмүүст өчнөөн тусламж өгдөг түүнийг үйлэргүй нэгэн нь дундаас нь завшиж мэдээлэлгүй, мэдлэггүй, хов, мухар сүсэгт итгэсэн ард олныг төөрөгдүүлж баяжих боломжтойг дурайтал нь харж авсан байх аа. Ингээд дундаас завшигчдад итгэл алдарч, нэр төр хөөцөлдөгч мунхагаар удирдуулсан тосгоныхон хэдхэн өдрийн дотор бүх мод, сургууль гээд цөлмөөгүй газар үлдэлгүй устгаж байгаа нь тэгшитгэх нь шударга ёс хэмээн үзэх мунхаглалын хоруу чанарыг харуулсан тун ончтой жишээ байлаа.

ЗҮҮД - ЗӨГНӨЛ ТАЙЛАЛ

Уншигч та анзаарсан бол бүлэг бүрийн дотор Дин өвгөний зүүд, хос уянга, дуу найраг зэрэг нь өөр шрифтээр бичигдсэн буй. Энэхүү зохиолд зүүдний зөгнөх функцийг ашиглан уран сайхны тайлал, тайлбаруудыг оруулжээ. Хэдийгээр Дин өвгөн зүүдлээд, зүүдэндээ болж буй үйл явдлын учир шалтгаан, цаашид болох үйл явдлын шийдэл, үр дүнг олж хараад байгаа мэт боловч эдгээр зүүдээр зохиолч асар олон давхар санаа бэлгэдлийг илгээж буй. Ер нь уран зохиолд зүүдийг зөгнөл, тайллын зориулалтаар ашигласан олон сод бүтээлүүд бий. Харин яалт ч үгүй дундадын хүн болох Ян Лянкө зүүдийг ингэж уран тансгаар тайлан хувиргаж, зөгнөн залж гайхалтай нэгэн бүтээл туурвижээ. Уншаагүй хүмүүс “Яажшуухан зүүдэлдэг улс вэ энэ дундадынхан?” гээд л бодоход уншмаар санагдана даа. Нэгэнтээ мэргэн ухаантны өгүүлсэнчлэн “Даяанч би бээр намайг зүүдлэх эрвээхэйг зүүдэндээ үзэх нь миний зүүдэнд эрвээхэй дэвж буй хэрэг үү, эрвээхэйн зүүдэнд би үзэгдэж буй хэрэг үү?” гэсэн үг уншихаас өмнө, уншсаны дараа ч бодогдсоор байна байх даа. Тэдний олон мянган жилийн зүүд өнөөдөр ч энэ агуу нүсэр, асар завгүй, нүдгүй шавсан, нүцгэн ирж нүцгэн буцсаар буй орчин цагийн Хятад оронд ч сэрүүн зүүдлэгдсээр ажгуу гэж бодсоор үлдэнэ дээ… Хүн зүүдэндээ ч үхэл, өвчин хоёртой нүүр тулахаар үнэн нүүр царай нь харагддаг бололтой гэдгийг ухаарсаар л хоцорно доо.

Сэтгэгдэл: Бүдүүн баргаар бодож үзэхэд энэ ном сүргийн сэтгэлгээ, боловсролгүй болчимгүй, гэнэн бүдүүлэг хүмүүсийн хэн нэгэн хорт зальт этгээд мэхлэгдэж амьдарч буй хөөрхийлөлтэй түүх мэт. Гэтэл яагаад ч юм хөөрхийлөх биш, зүгээр л хорсол төрнө. Тэд мэдэхгүй биш мэдэх боломжтой, харахгүй сонсохгүй биш үзэх боломжтой, тэдэнд тэмцэх, өөрчлөх, сайжрах боломж ёстой л түй нэгээрээ байхад тэд үнэхээр арчаагүй тэнэг үйлдлүүдийг сонгоно. Ил эсэргүүцэж чадахгүй болохоороо элдэв хоол амттан хордуулж тавьж гэм зэмгүй хүүхдээс өшөөгөө авна, эргээд цугларах ирээдүйдээ хэрэгтэй гэж мэдсэн ч сургуулийнхаа самбар, ширээгээр авс хийнэ. Өөрсдөө идэх гэж цуглуулж буй тариа будаандаа чулуу тоосго хийнэ. Арай сүйхээтэй гэж бодохоор нэг нь алхам дээш өндийхөөрөө л бусдаа мэхлэх арга зам хайна. Өөдгүй хулчгар, хуурамч, аян шалтаг хайгч залхуу тэнэг сүргийн үлгэр жишээ болсон хүмүүс. Үнэндээ Дин тосгоныхон өөрсдөө буруутай. Шингэн дэлгэцийн үйлдвэрлэлийн хувьсгал хийсэн өлгий нутаг болох Хэнань мужийн бөглүү зэлүүд тосгоны охин Линьлиний мөрөөдөл нь сайхан компьютертэй болох түүнийхээ төлөө цусаа худалдаад эдгэшгүй өвчин олсон түүний адилаар муу үхлээр үхэгсдийн зүүдэлж чадах ганц мөрөөдөл нь өнөөх олон сайхан цахилгаан хэрэслийг сийлж чимсэн авс байх ч гэж. Тэдний амьдарч буй нийгмийн хэмжүүр нь хувьсгал цогцлоож олон сая хүний амиар хүрсэн технологийн хөгжил, коммунизм капитализм нь биш харин тэднийг дөнгөж ухаан орох үед авга эмгийнх нь ярьж өгсөн үлгэр, бөглүү зэлүүд тосгоны эдээр зиндаархах тэнэглэл, нэрээ бодох байх ч гэж… Ингээд бодохоор бачимдмаар санагдана. Сэнхрүүлмээр бодогдоно. Гэтэл хүн төрөлхтөн хэдийгээр олон мянган жилийн соёл иргэншлийн түүхтэй ч хөөрхий хүмүүний амьдрал хэдхэн арваны л хэмжээтэй билээ. Хүн төрөлхтөн хөгжих тусам, техник технологи, мэргэн гүн ухаан нь аугаа болох тусам ирээдүйн хүмүүс улам л хөгжлийн гүн шугуйд төөрсөн сармагчин мэт амьдрах юм байна даа гэх айдас төрнө. Тэр бүхнийг унших судлах, сурах, мэдэхэд хүмүүний амьдрал хаанаа ч хүрэхгүй. Эмтлэх төдий оролдсоор “Иймхэн л амьдрал юм байж, иймхэн л амьтад юм даа хүмүүс бид…” гэх өчүүхэн бодлоо тээсээр буцна. (Зохиол шигээ дистопи бодлоор дарлагдчихлаа байна, хэсэгтээ)

Төгсгөлийн бяцхан зурвас: Хэрэв та нэгэн гэр бүр бүлийн сүйрлийн тухай дотор зарсхийм түүх уншмааргүй байгаа бол бүү унш. Ёс бэлгэдэл мэт нь бодогдоод ийм түүх уншихгүй гэдэг тархиндаа шүүлтүүргүй хүмүүст бол уншмааргүй л ном. Харин хүн гэдэг чинь ямархан амьтан юм бэ дээ, би, бид зөв амьдарч явна уу гэдгээ эргэцүүлж боддог нэгэн бол заавал уншаарай. Хүүхэд залууст зөвлөхөөсөө өмнө харин насанд хүрэгчдэд зориулсан ном шүү гэдгийг нэг анхаараарай. Эл номыг 16-аас дээш насныхан унших нь зохилтой гэж би бодно.
Мөн номоо уншчихаад киног нь нэг үзчихэд гэмгүй санагдана. Кинонд бол харин хайрын түүх талаасаа:  https://www.youtube.com/watch?v=260EjPMhTM8

Хэрэв та их сургуульд, ахлах ангид уран зохиолын хичээл заадаг багш бол "Дин тосгоны зүүд" номыг хэрхэн судалгаатай унших, хэлэлцүүлэг хийх талаар 2020 онд АНУ-ын Висконсины их сургуулиас гаргасан дараах удирдамжийг уншиж ашиглахыг зөвлөх байна. Үнэхээр номыг уншаад өнгөрөх биш ойлгох ойлгуулахад ямар хөдөлмөр зарах ёстойг хараад мэдэх буй заа. https://humanities.wisc.edu/.../Dream-of-Ding-Village...

БСШУЯ-ны харьяа,Кембрижийн хөтөлбөрт "Монгол Тэмүүлэл"
ахлах сургуулийн багш Н.Нарантуяа

Түр хүлээнэ үү...
Top