ХЭН Ч НАМАЙГ ТИЙМ ГҮНЭЭС ХАЙЖ ЗҮРХЛЭЭГҮЙ ЭЭ
2022-02-14 Зугаатай уншлага 2170


Яруу найрагч Б.Батрэгзэдмаа | Намайг тэврэн авах чамд миний түүх очно

Гашуун, гэгээн нулимсан дуслууд замдаа шидэлсэн миний түүх
Гар дээр чинь ирнэ.
Гутарсан гэрэлтсэн хөлийн мөрүүд мөр дээрээ хэвтсэн,
мөрөө хөөж алхсан нэгэн түүхийг чи тосч авна.
Нисч явсан далавчаа чирч явсныг минь
Тэр далавчаа хадаж үдсэнийг минь
Чи үзэх болно.
Намайг тэврэн авах чамд миний түүх очно
Хөмхийгөө зуусан, хөхөрч цонхийж үзсэн миний түүхийг
Хуруу гараараа хуудас эргүүлэх мэт чи үзэх болно.
Ялагдал надад бий. Ялалт ч надад бий.
Сумтай цээжнийхээ сумыг сугалж чадаагүй хугалж л чадсан
Шархтай яваа би. Шаналантайгаа чамд очно.
Намайг тэврэн авах чамд миний түүх бас очно.
Хүсэл мөрөөдөл хэнхдэгэнд минь бий.
Хайр хажууд нь хавирганы цаахан бий.
Өгч чадах зүйлээ үрсээн. Ихийг үрсэн.
Өгөөмөр гар дээр чинь би үүх түүхтэйгээ очно.
Миний түүх, нуруунд, хүзүүнд нүүрэнд минь бичээстэй, шивээстэй
Үзвээс үсний ширхэгэнд ч бий
Өндөгний хээнд ч бий
Харья гэвээс харцанд минь ч хадгалаатай.
Хайрлая гэвээс энэ миний амьдрал. Энэ би!

Тайлбар:   Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн ярилцлага болон шүлгүүдийг Тагтаа рэвью утга зохиолын сэтгүүлийн шинэ дугаараас хүлээн авна уу. 
Жийн Мари Бомонт | “Тийм” гэж эмээж байна

Орчуулагч Г.Лхагвадулам 

Борооших нь уу?
Мөнгө дутчихав уу?
Кофе дуусчихав уу?
Өвдөх болов уу?
Ажлаасаа халагдах нь уу?
Шил хагарчихав уу?
Тээшээ алдчихлаа гэж үү?
Энэ миний бүртгэлд бичигдэх үү?
Дутуу гуцуухан явна уу?
Хэн нэг нь бэртсэн үү?
Түгжрээ их байна уу?
Хувцсаа тайлах ёстой юу?
Сорви үлдэх үү?
Заавал явах хэрэгтэй юм уу?
Сонинд хэвлэгдэх болов уу?
Миний цаг дуусчихсан уу?
Орлон тоглогчийг үзсээр л байх уу?
Энэ миний хараанд нөлөөлөх үү?
Бүх ном шатчихсан уу?
Тамхи татдаг хэвээрээ юү?
Яс нь хугарчихаж уу?
Түүнийг унтуулах хэрэгтэй юү?
Засварын хөлс машины үнээсээ давчихсан уу?
Энэ бүх хэрэгт би буруутай юу?
Чи халдвартай юм уу?
Ахиад удаан хүлээх үү?
Зам халтиргаатай байна уу?
Буу нь сумтай байж гэнэ үү?
Сөрөг нөлөөтэй болов уу?
Хэн чамаас урвасныг мэдэж байна уу?
Шарх чинь үгдэрч үү?
Бүгдээрээ төөрчихсөн нь энэ үү?
Үүнээс илүү дордох болов уу?

Ши Мөрөн | Анхны учрал

Орчуулагч Мө.Батбаяр

Сайхан зүүд сайхан шүлэгтэй адил
Санаагаар бус азаар, ихэнх нь
Санаандгүй үед орж ирдэг. 

Тийм зүүдэнд л би жигтэйхэн дуртай
Тийм л зүүдэнд бүхнийг эхнээс нь эхлүүлж болдог.
Бүхнийг нухацтайгаар тайлбарлаж болдог.
Би анзааралгүй өнгөрөөсөн цаг хугацааныхаа
Баяр жаргал болоод сэтгэл хөдлөлийг
Буцаж очоод мэдэрч болдог.

Та өмнө минь суугаад, өмнөх шигээ мишээж буйн учир 
Тархи толгой минь аз жаргалаар дүүрлээ
Тийм л зүүдэнд би хачин дуртай.
Та миний өмнөөс түмэн бээр туулсныг
Тов тодорхой мэдэхүйд
Та бид дөнгөж анхлан учирч буй мэт
Түмэн түмэн анхилам цэцэг бутран хийснэм зэ.

Пабло Неруда | Чиний хөл

Орчуулагч Нац. Энхбаяр

Царайг чинь харж зүрхлэхгүй үедээ
Хөлийг чинь би ширтдэг.

Нумарсан тавхай
Чийрэг бяцхан хөл.
Чамайг тулж
Чанх дээш нь өргөж буй хөл.

Бүсэлхий, хөх
Хос ягаан товч
Дөнгөж саяхан нисээд явчихсан
Нүдний чинь аяга
Жимслэг зузаан уруул
Сүлжсэн улаан гэзэг -
Миний бяцхан цамхаг!

Газар, салхи,
Усыг туулан
Ганцхан намайг олтлоо 
Алхсаар ирсэн болохоор
Бяцхан энэ л хөлөнд хайртай.

Тайлбар:  Пабло Нерудагийн шүлгүүдийг Тагтаа рэвью утга зохиолын сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. 

Яруу найрагч А.Урантогос | Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй ээ

Дөрвөн жилийн шаналан энд ирээд эцэслэв
Дөнгөж нэгийг туулаад нөгөөд хөл тавив
Энэ хорвоо хэнд ч зориудаар бэлдээгүй 
Эцсийг нь өөрөө л үзэх тэнгэрийн гүн дэх зураг 

Яагаад гунигтай явааг минь бүү асуу 
Яаж өдий хүртэл тэссэндээ ч итгэмгүй
Тэвчээр алдуурч, хөл бохирохын цагт
Тэнд нэгэн зүйл намайг хүлээхийг мэддэг

Хайр дурлалын өмнө сөхрөн цөхрөх үедээ
Хайргүй эрсийн өмнө нулимс унагаж үзэхдээ 
Хэзээ ч шүлэг шигээ байгаагүй юм аа, би 
Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй ээ.

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа

Харзын ус шиг хар нүд
зүүд эрхшээн, цоо ширтэх нь цөөрч
Хайр тээсээр атал өдөр хоногууд
чамайг мартагнуулж дөнгөх л болно...

Тэглээ ч би

Жижигхэн далавчныхаа дор
сувд олж нуусан шувуу шиг
Жирийн энэ өдөр хоногуудад
зүрхнээсээ гэрэлтэх л болно...

Хүрэлцэх, уйдталаа хамт байх, үзэн ядахаас ангид
хүсэн шаналах, дурсахын сайханд итгэх болно
Өөрөө ч мэдэлгүй хүн, хэн нэгний зүрхэнд оршдог
өөртөө л бүү гутаарай гэж азгүй гунигсдад хэлэх болно...

Сүүдэрт нуугдах тусам амьдрал төчнөөн хүйтэн,
сүйтгэгч хүчний эсрэг тэмцэх тусам уйтан.
"Сүм мэт орон сэтгэлд чинь байг,
сүсэг мэт дулаан утга нь хайр байг" гэж ерөөнө...

 

Түр хүлээнэ үү...
Top