Намрын өвс цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай... хэмээн хоёр зууны тэртээ Ванчинбалын хөвгүүний шүлэглэсэн намар цаг гадаа айсан байна. Хөдөөд сөн бол намрын хяруу дарайж, хөвчид сөн бол амьтад ичээндээ зэхэн, идэш тэжээлээ базааж, хөхрөгчид шувуудын сүүлч ганганалдан ахуй энэ цагт хөрстөд найрагчид шүлэг тэрлэн алхдаг нь хэзээ эртнээс ажээ.Цас хаялан жиндээсэн намрын энэ өдөр бид манайхаас тун саяхан хэвлэгдээд буй "Зүрхэнд агч Намур" шүлгийн түүврээс дээжлэн, уншигч танд хүргэж байна. Эл номынхоо тухай зохиогч "Орчин цагийн хүнийшсэн нийгэм дэх хувь бодгалын ганцаардал хийгээд өөрийнхөө дотоодыг таньж мэдсэнээр мөн чанартаа орших, үнэнээ наманчлах, түүгээрээ дамжуулан ертөнцийг хэрхэн ухаарч буйгаа шүлгүүдээрээ өгүүлэхийг зорьсон" хэмээсэн билээ.
***
Цас хаялах нь үзэсгэлэнтэй
Цонхон дээрээ би навч шиг зогсоно
Цаг хугацаанд уйдан дасавч
Ер зуурхан, цэг, таслал шиг энэ хормууд үгүй бол
Ертөнц гээч улиг доторх ердийн л нэг хэлбэр байхсан.
Арьс нөмөрч алхдаг
Аж төрж гол зогоодог
Амь халууныг мэдэрдэггүй, аавыгаа санадаггүй
Тийм л хүн нэрт байхсан...
Тэнгэр минь, ямар азаар цас, бороо, шуурга, салхи
Тэнхээг минь сорьсон араншин байгальд байдаг юм бэ?
Навч шиг ногоохон байсан сэтгэл минь чи ч бас
Намар болсон, өвөл болсон...
Хагдрахаасаа өмнө гэвч
Хаврыг үзэх гэж цонхон дээрээ зогсном...
***
Хайрлахад, хамаг сэтгэлээрээ хайлахад зориг хэрэгтэй.
Халирч, хальсан дороо нуугдаж,
Үг хэлгүй цэмцгэр алхахад
Өв тэгш жаргалтай харагдахад
Хайлуулж, чамайг урсгадаг хайр л илүүдэж мэднэ.
Өөг нь хайчилсан торго шиг амьдралд гэвч чи
Өөр юухнаар ч юм битүүхэн дутаж,
Өр зүрх чинь агшин хатсаар
Өвчүүн дотор чинь ханхайж хоцроод
Өвтгөх салхи ч тэндээс л сийгэх вий
***
Чамайг, дарс шиг санаж суугаад дурсамжаа уучихлаа
Чангахан иссэн дарс байгаад,
Мартагдах нь үгүй юу гэтэл
Чиний төрх, хоёрхон борооны дараа л угаагдаж орхилоо...
Эмх замбараагүй хэлхэгдсэн шүлгийн мөрт шиг
Энэ бороо сэтгэлийг минь харин ч цэгцэлж өглөө
"Ганцаардан, халуурсандаа эндүүрч мэднэ шүү
Гараа чи хайргүй нэгэнд өгөх вий" гэж шивнэлээ...
Юу ч үгүй хоосолсон өрөө шиг цэлийсэн сэтгэлтэй үлдээд
Юм бүхнийг гүйцээх гэж хэчнээн түйдсэнээ мэдлээ
Дурсамж минь ердөө л дундуурхан ганц хундага байж
Дуустал хөнтөрсөн хундаганы ёроолд өөртэйгөө л харц туллаа...
***
— Как долго я тебя искала...
— 8 дней
— Как долго я тебя искала
“Москва слезам не верит”
Би чамайг ямар их эрэв ээ...
Битүү харанхуй шөнөөс ч тэр, шөнө бүрийн зүүднээсээ ч тэр
Биелшгүй өдрийн мөрөөслөөс ч тэр, өдөр бүрийн гэрлээс ч тэр
Би чамайг байгаа гэж итгэсээр хэчнээн их эрэв ээ!
Гэвч би чамайг хаанаас ч олсонгүй
Гэзгийг минь илбэж, зарим шөнө зүүдэнд чи ирдэг ч
Бид гараасаа атгалцаад огторгуйн уудмаар жингүйддэг ч
Би сэрээд харахад чи хаа ч байдаггүй, гэсэн ч би итгэсээр л...
Үсээ илбүүлэн зүүдлээд өглөөний гудманд хөл тавихдаа
Өрцөндөө хорголсон тэр л өчүүхэн гэгээгээр дэнлүү хийж
Үймэх олны дунд толгой өөд алхдаг ч, аяа миний лээ
Өвчүү жиндээх салхин хааяа өнөөх гэрлийг үлээчих гээд байдаг.
Амьдралд заавал бүтэн жаргах учиртай юм шиг
Андуурч бодоод дэмий хоосонд тэмүүлсээр байж мэдэх ч
Алганд өвсөд дохилзоод, гэгээ гэрэл минь сацраад байхаар
Алимад хортноос өмгөөлөх тийм нөмөр үгүйлэгдээд байдаг
Уудмын уудмыг хайсаар хорвоогоор хэсэн бэдүүчилж
Уйтан нөгөө л зүрхтэйгээ буцаж ирэх хоногуудад
Хэн нэгэн үүдэн дээр тосоод хэчнээн хүлээснээ хэлэхэд нь
Хэлшгүй олон өдрийн гуниг сарнина даа гэж зүүдэлсээр л байдаг.
Улаанбаатарын хаа нэгтээх сүмийн хашаанд ургасан
цэцгийн бичүүлсэн шүлэг
Элс, хайрга дундах
Сүүмгэр таван дэлбээ, чүүчгэр иш...
Эвийлэн хайлах хэрэггүй дээ,
Энэ цэцгийн амьдрал өөрийнхөөрөө л өрнөж байна.
Харин олж харж чадвал,
Хатуу чулууд цаанаас нь гэрэлтэх
Хальс шиг эмзэгхэн дэлбээг нь тэмтэрч чадвал
Хайр болоод хүлцлийн тухай санаарай!
Үндэс нь хэрхэн газрын хөрс рүү яргаж,
Өндийхөд бэрх хатуу чулуудын дундуур зүтгэлж,
Өөдөө тэмүүлсэн ногоохон нахиад нь тэнчигнэсээр
Өчүүхэн таван дэлбээгээрээ нарыг тосон ганхалзаж,
Үзэгдэхгүй шахам дохиур нь намуухан найгасныг бодоорой!
Тэгж суухад чинь ширүүн салхи ирвэл,
Тэнгэр тачигнасан аадар бороо цутгавал,
Тэнхээ бардам хүний хөл дайрах гэвэл,
Тэр өчүүхэн цэцгийг алгаараа нөмөрлөөрэй!
Өөр нэгэн шиг алдар чинь мандаагүй байг,
Өөрийнхөө хүсдэг тэр нэгэн чи болоогүй байг,
Өнө хойшид чамд тохиох сайхан бүхнээ харин
Өнөөдөр алгаараа нөмөрлөсөн цэцгийн үр гэж итгээрэй!
ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА "ЗҮРХЭНД АГЧ НАМУР", 2021