Тагтаа паблишингаас энэ намрын номын баяраар уншигчдадаа хүргэж буй онцлох нэгэн бүтээл бол “Tagtaa Review” утга зохиолын сэтгүүл билээ. Сэтгүүлийн анхны дугаарын нээлт есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болох Үндэсний номын баяраар Тагтаа паблишингийн асарт болно. “Хориотой урлан” хэмээх намрын дугаарын онцлох зургаан нийтлэлийг дор толилуулж байна.
1. СОВИН БИЛГИЙН СОНОР БУЮУ АРВАНГУРАВДУГААР ЗУУНЫГ ХҮЛЭЭХҮЙ
Наяад оны хүүрнэл зохиолчдын нэгэн томоохон төлөөлөгч, “Соёо”, “Паанан” зэрэг туужуудаар нь бидний сайн мэдэх, зохиолч Доржзовдын Энхболдтой хийсэн ярилцлага.
“Уран зохиолын хувьд үгсийг амьдруулдаг хүчин зүйл нь зохиолчийн найруулга байна л даа. Ерөөсөө үндсийн үндэс нь тэр. Зохиолч найруулгаа хүчилж тогтоох биш, өөрөө аяндаа бий болж байвал сайн. Яахав, зарим нэг хүн оролдож байгаад өөрийн гэсэн хэл найруулгатай болдог л доо. Жинхэнэ авьяасаар бий болсон найруулга бол огт өөр. Тэр хүн өөрөө тэгж бий болгоё гэж хүчилсэнгүй, оролдсонгүй, цаанаас нь байгалиас нь өгөгдчихсөн байна шүү дээ. Тэгэхээр үүнийг бид их анхаарах хэрэгтэй. Энэ бас орчуулга дээр ч харагддаг.”
2. ҮГ БИДЭН
Тагтаа паблишингийн орчуулагч, редактор Мөнхцолын Батбаярын Ян Лянькэгийн “Дин тосгоны зүүд” романыг орчуулан ахуй тухайгаа бичсэн орчуулагчийн тэмдэглэл.
“Маргаашийнхаа талаар бид даанч бага төсөөлөлтэй юм даа гэсэн харуусал. Нэгэнт дууссан хүүхэд насны талаарх дурдатгал гээд сэтгэл, оюун бодлын олон асуудлуудтай биечлэн ганцаараа нүүр тулсан энэ л үедээ би Хятад-Америкийн нэрт зохиолч Ян Лянькэгийн “Дин тосгоны зүүд” романыг орчуулж байв. Цусаа худалдсаны уршиг арван жилийн дараа ирж, Хятадын хөдөө тосгод аюулт ДОХ өвчинтэй, товчхондоо бол тосгоноороо үхэлтэй нүүр тулж буй үйл явдлаар нийгмийн амьдралын далдад өрнөдөг олон асуудлыг ил болгож тавьсан уг романыг хөл хорио, цар тахлын үед орчуулж байгаа нь онцлог байлаа. Өвчин зовлонг хэрхэн алдар нэр, албан тушаал, эд хөрөнгөд хүрэх арга хэрэгсэл болгож буй тухайтад тус романаас ч, цонхны цаанаа өрнөж буй Монголын улс төрийн амьдралаас ч бэлээхэн харав. Энэ өвчин зовлон бушуухан хэн нэгэнд ашгаа өгөөд дуусаасай, биднийг зүгээр орхиосой гэж өөрийн эрхгүй хүсэж байв.”
3. ЛЮДМИЛА ПЕТРУШЕВСКАЯ "АРИУН ЦЭВРИЙН ДЭГЛЭМ"
Зохиолч Людмила Петрушевскаягийн өгүүллэг орчуулагч Баттсайхан Сувддуламын орчуулгаар.
“Би энэ өвчнийг тусаад эдгэсэн” гэж залуу эр хэлээд малгайгаа авсанд халзан толгой гарч ирэв. Хуйхных нь нимгэн ягаан арьсан дээр хөөрүүлсэн сүүний хөөсөрхүү цэврүү тогтжээ. “Би нэгэнт эдгэсэн учраас одоо дархлаатай болсон. Тиймээс айлуудад хэл дуулгангаа талх тариаг нь дөхүүлж өгч байгаа юм. Та бүхэн надад мөнгө өгөөд хүнсээ захиж болно шүү. Тор юм уу сагс өгөөд явуулбал бүр л сайн. Дэлгүүрүүдийн үүдэнд урт дараалал үүссэн байна лээ. Гэхдээ би дархлаатай болохоор халдвар авна гэж айх юм алга.”
4.ЦАР ТАХЛЫН ТЭМДЭГЛЭЛ
Орчуулагч Дашдоржийн Дашмөнхийн АНУ-аас бичсэн тэмдэглэл.
“Төсөөлшгүй, олныг хамарсан, ихээхэн нүсэр хүрээтэй, хамгаалах, дарах боломж тааруу гамшиг болоход хүн сүрэг түүний эсрэг хамгийн адгийн утга учиргүй муу арга замыг нь сонгож авдаг нь орчлонгийн хууль мэт. Үүнийг олон зууны туршид гүн ухаантнууд, зохиолчид, эрдэмтэд анхааруулаад л байдаг ч тухайн цагийнх нь эрдэм боловсролтой хүмүүс чадлаараа чанга дуугарч, ухуулж, сэнхрүүлдэг ч хүмүүн төрөлтөн сүрэг болон бөөгнөрөхөөрөө улам мулгуу болчихдог нь хувь тавилангийн егөө ажээ.”
5. ХУВЬ ЗАЯАНЫ ЭРХЭЭР ХҮН
Яруу найрагч Хандхүүгийн Нямхишигтэй хийсэн ярилцлага болон найрагчийн шинэ шүлгүүд.
“Манай нутгийнхан уулс шигээ хөх, эсвэл элс шигээ шар хүмүүс байдаг юм. За, энэ ч яахав, царай зүсний асуудал. Тэднийдотоод мөн чанарт илүү хайртай. Нутгийн маань сүмбэр их уулс, уулсын дундуурхуужмын уужим говь хоолойдод Алтайн хөх салхи гэж нэг айхтар юм бий. Салхиныөнгө гэдэг бол харин мөн чанарын өнгө. Салхи сөрж үүрэндээ хүрэхээр нисэвчурагшилж чадахгүй, тэрүүхэндээ далбилзан дэвэх ёл шувууд, уулсын ян халилаасчаргуулдан цахрах цагаан үүлс, хонио салхин сөргөө дэгтээр арай чүү давуулж,араас нь өөрөө хад чулуу, харгана тэсэгнээс зууран барин мөлхөх хоньчин хүүхэд,жилийн дөрвөн улиралд чулуугаар даруулаастай гэрүүд, сайрын бут бараадажтуулайлсан цас, сахал шиг хэдэн бөгтөр өвс... Энэ бол манай нутгийн дүр төрх.
6. ҮГИЙН ШИДИЙГ ЭЗЭМШЭЭГҮЙДЭЭ ҮХЭХИЙГ ХҮСНЭ
АНУ-д зохиолч, яруу найрагчаар суралцаж буй Эрдэнэбаатарын Бүжинлхамын шинэ өгүүллэг.
“Тэрхэн зуур нүдэнд минь бяцхан суурин, ядуухан дүүрэг, хоёр давхар байшин, нээлттэй хөшиг, тэгэхээс тэгэх гэсэн шиг унтлагынхаа даашинзтай цонхон дээрээ шөнийн туршид эргэлдэн, оёдлын машин тачигнуулж суудаг арван зургаахан настай үзэсгэлэнт колумб охин төсөөлөгдлөө. Аль хэдийнээ бие нь урган төлжчихсөн энэ бяцхан адтай амьтан эмэгтэй хүнийхээ зөн совингоор ямархан нэг анхилуун, хачирхам үнэрийг хавь орчиндоо тарааж, хөршийнхөө хэдэн хөвгүүний шөнийн зүүдийг яасхийж бусниулж байсан бол доо гэж бодохоос инээд хүрнэ. Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа л мөн ч шидийн хойно доо.”