ДҮ Я: ГУТРАЛ
2021-03-19 Зугаатай уншлага 900

ГУТРАЛ /БНХАУ/

Дү Я

“Надад нэг байшин өгөөч

Цуцсан хөлөө амрааж амсхиймээр байна

Надад нэг газар өгөөч

Хот, хөдөө нь хамаагүй

Хаалган дээр нь би нэрээ бичмээр байна”

“Үдшийн бүрий, гэрэл гэгээ, уужуу алсын мөрөөдөл

Эрвээхийн зоргоороо нисэхийг бахдах сэтгэл

Үзэг цаасаа хэрвээ чи орхиж чадах юм бол”

“Ганц өдрийн тайван амьдрал, буудайн тариа, худаг

Өвлийн уртад өмсөх дулаан хувцас, галын дөл өгөөч”

“Ширхэг лааны гэрэл л чинийх юм

Ширүүн салхинд хэзээ ч унтарч мэднэ шүү”

“Шударга бус, муу муухай, замын хажуу дахь

Гуйлгачин хөгшний хөөрхийлөлтэй төрх

Хонь шиг ноомойчуудын өрөвдөлтэй харц

Энэ бүхнийг миний нүднээс далдалж өгөөч”

“Дайн самуун, өвчин тахал, өлсгөлөн гачлан

Үхэл хагацал, айдас түгшүүр

Хүйтэн төмрийн хатуу гараар хийгдэх хувьсгал

Энэ бүхэн эргэх дөрвөн улирал шиг давтагдах л болно”

“Тэгвэл намайг хүүхэд ахуйд минь буцаагаад өг

Тэнд л аав ээжийн хайр, цагаахан үүл, ариухан одод бий”

Хариу өгүүлэгч дуугүй мөшөөсөөр

Цонхны цаадах тунгалагт уусан тэнгэрт хөөрөв

Биед тэмтрэгдэх ганцаардал, хатуужил

Сэтгэлийн чанадад гэрэлтэх

Зөөлхөн өвдөлтөө тээсээр

Амьд явахаар шийдэв би

2012.11.04


Дү Я 1968 онд Хэнэнь мужид төрсөн, Анагаахын их сургуулийг дүүргээд 10 жил эмнэлэгт ажиллаж, дараа нь сонин сэтгүүлүүдэд редактораар ажиллаж байжээ. “Салхины гэрэлт жигүүр” зэрэг ном хэвлүүлж, яруу найргийн олон шагналын эзэн болсон.

Дүүрэнжаргал Шарайд орчуулав

Түр хүлээнэ үү...
Top