Үй Хуа: “Цусаа худалдсан тэмдэглэл”
/Монгол хэлнээ орчуулсан, яруу найрагч Мө.Батбаяр/ романы тэмдэглэл
Төрсөн хүүхдээ хаяж буй олиггүй эцэг, хүний хүү байхад өөрийн цусаар амийг нь аврах гэж зүтгэх эцэг, “- Хэ Шиао Юунд хорсож байгаа минь тэр намайг тоогоогүйд, харин үүнд /Шү Юй Ланд буюу ээждээ/ хорсдог маань энэ намайг толгой өндийх эрхгүй хүн болгосонд байгаа юм...” /189/ гэх, сүрхий, ухаалаг, хэрсүү хүү И Лэ, өөрийн гэсэн байр суурь хараахан үгүй дунд хүү Ар Лэ, гэнэн цагаахан, хөнгөн оршихуйн сайхныг өөртөө цогцлоосон мэт л чавхдаж, гудамж хэсэн гүйгч, бас ч эцгийгээ даган шаналан уйлахыг мэддэг бага хүү Сан Лэ. Романд өгүүлэгдэх түүний нэг хэсгээс дурдсу “...Шү Сан Гуанийг ийн ярихаас үзэхүл үнэндээ гурван хүүхдээсээ И Лэд хамгийн сайн ч эцсийн эцэст И Лэ нь хүний хүү билээ. Заримдаа Шү Сан Гуань тэнсэн орон дээрээ хэвтээд учиргүй шаналж гансраад нулимс унагаж харагдана.
Шү Сан Гуанийг уйлахаар Сан Лэ хүрч очоод аавынхаа нулимсыг харуутаа дагаж уйлна. Тэр аавыгаа яагаад уйлж байгааг мэдэхгүй, өөрийгөө ч яагаад уйлж байгааг мэдэхгүй. Аавынх нь шаналал түүнд халдварлаад яг л хүн дэргэд нь өөр нэгэн найтаахад дагаж найтаадаг шиг зүйл болдог юмуу даа.Шү Сан Гуань уйлах үедээ дэргэд нь нэг хүн өөрөөс нь ихээр шаналан уйлж буйг мэдээд өндийн хартал өнөөх жаал Сан Лэ байхуйд гараа занган, -Сан Лэ, цаашаа бай! гэнэ. /53/ Эдгээрээс, хамгийн хүнлэг дүр нь цусаа худалдагч эцэг байсан юм даа.Зохиолч Үй Хуа бээр эл романаа 1995 онд бичсэн бөгөөд онцлог нь, харилцан яриа, хүүрнэл хоёрын дундын шинжийг агуулсан, машид энгийн хэлээр, хүний зүрхэнд хүрэх уран зохиолыг бүтээсэнд буй. Амьдрахуй туужаар нь анхлан танилцаад одоо "Цусаа худалдсан тэмдэглэл" романаар нь дахин учрах юутай завшаан.
* *
Ганц шувуу ннснэ.
Газарт ч биш, тэнгэрт ч биш
Гань ганц шувуу ниснэ.
Нэг даль нь чи, нөгөө нь би.
Нэрийг нь мэдэхгүй тэр шувууг бид
Дамжилж яваа шиг санагдана.
Энэхүү романыг орчуулагчийн, дээрх шүлэг санаанд буув. Нэрийг нь ч мэдэхгүй тэр шувууны нэг даль нь хэтэрхий хүнд ачаа үүрээд, сүүлдээ өөрийгөө ч үл хайхран, нөгөө даль, тэднээс ургах бяцхан хөөрхөн дэгдээхийнүүдийнхээ төлөөнөө эргэлзээ, харамсалгүйгээр амь насаа дэнчин тавьж, хайртай бүхнээ хамгаалж буй, романы маань гол дүр Шү Сан Гуань идэр залуугаас өтөл хүртлээ, тэсэж зүтгээд давах тусам дараад л байх ачаагаа хариуцлагатайгаар үүрсээр зогсоол руугаа ирж байна. Сан Гуань юугаа ч алдаагүй, амьдралынх нь утга учир болсон бүх юм одоо түүнд байгаа нь бас ч гэж шударга байна шүү.Түүний тухай бяцхан дурдвал, тэр гурван сайхан хүүтэй, эхнэрийг нь Шү Юй Лан гэдэг. Ууган нь түүнийх биш, дагавар хүү нь юм л даа. Гэхдээ хүүхдүүдээсээ түүнд л хамгийн хайртай. Энэ гэр бүл, Хятадын “Соёлын хувьсгалын өмнөх, дараах болон Соёлын хувьсгалын ид үе буюу Хятадын түүхийн 3 үеийг дамжин амьдарч буй юм. Соёлын хувьгалын хэцүү цагт нийгмийн байдал, ард түмний амьдрал, хүнд бэрхийг даван туулахын төлөөх гэр бүлийн доторх харилцаа, бие биенээ гэсэн сэтгэл... ямаршуухан байсныг тольдох төлөөлөл юм. Шү Сан Гуань соёлын хувьсгалыг,“-Соёлын хувьсгал өрнөсөөр өнөөдрийг хүрэхэд би багахан зүйл л ойлгож авч. Юунд “Соёлын хувьсгал” гэж нэрлэдэг гээч? Нидэр дээрээ хувийн өшөөг хувьсгалаар л авч байгаа хэрэг. Өмнө нь хэрэв хэн нэгэн чамайг гомдоож байсан бол чи том үсгийн сонин дээр бичээд гудамжинд аваачаад наачих. Өштнөө хэргээс мултрах гэсэн, хувьсгалын эсэргүү ер нь юу гэсэн ч болно. Энэ цаг үед хууль дүрэм, хүндлэл гэж байхгүй, гагцхүү гэм буруу л гэж бий. Дуртайгаа шүүрч аваад том үсгийн сонин дээр бичээд гаргаж наа. Өөрөө ч оролцоод байх хэрэг байхгүй, өөр хүнээр замыг нь заалгахад л болно.” /173/ хэмээсэн билээ.Тэр амьдралдаа 11 удаа цусаа худалдсан /1 удаагийнх нь 35 юань/. Түүнээс нэг л удаагийнх нь өөрийнхөө хүслээр, өөрийн төлөөнөө, бусад нь дандаа гэр бүл, үр хүүхдийнхээ, товчоор бол бусдын төлөө байлаа. 5-6 удаагийн цус заралт нь том хүү И Лэгийн төлөө байсан юм. И Лэ түүний жинхэнэ хүү биш байхад амьдруулахын төлөөнөө үхэн хатан зүтгэж буй нь, гэр бүлээ бүтэн байлгах, хүүхдүүддээ, хүн байхуйн сайхныг мэдрүүлэхийн тулд шүү дээ. И Лэг Шанхайн эмнэлэгт хүндээр өвдөөд хэвтэж бүхүйд Сан Гуань тосгод дамжин, амь насаа үл хайхран эмчилгээний зардал олохын тулд цусаа худалдсаар явахдаа нэгэн шөнө, Бэй Даны хөдөөнөөс ирсэн өвгөнд “-Би удахгүй тавь хүрлээ. Хүн байхын сайхан нь юу гэдгийг би мэднэ. Үхэх нь илүү ашигтай гэж хэлж болно. Миний хүү дөнгөж хорин нэг хүрч яваа. Хүн байхын сайхныг мэдэрч амжаагүй. Хүнтэй ч гэрлээгүй. Тэр хүн байж үзэлгүй ингээд үхчихвэл хэчнээн харамсалтай вэ?...” /237/ гэж өгүүлдэг юм. Эцэг хүний хайр, эцэг хүний сэтгэл гэдэг агуу ажээ.Б.Галсансүх ахын нэг ийм шүлэг байдаг даа.
Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог гээд.
Сэтгэлийг сэтгэлээр л эмчилж, сэтгэлийг хайраар л төлжүүлдэг юм шиг ээ. И Лэгийн, Шү Сан Гуаний сэтгэл ч мөн адил тэднийг гэсэн хайраар л анагаагдаж буй мэт.Хэчнээн идэж уух юмгүй хоосорч, хоёр сарын турш, шишийн, шингэн зутан ууж байж, нэгэн өглөө Шү Юй Лан, чихэртэй зутан чанаж, Шү Сан Гуаньд нэг аягыг илүү хийснээ дуулгаад “ӨНӨӨДӨР ЧИНИЙ МИНЬ ТӨРСӨН ӨДӨР ШҮҮ ДЭЭ” хэмээж буй нь, Цусаа зарсан мөнгөө чамд зориулмааргүй байна гэж хэлээд ганц чихэртэй төмсний мөнгө өгөн, хоёр дүүг нь ээжтэй нь дагуулаад Шэн Лигийн хоолны газар руу лавшаа идэхээр явахад нь И Лэ дахиж хэзээ ч энэ гэрт ирэхгүй, энэ хүнийг ааваа гэж дуудахгүй гэж дотроо тангараглан гараад төрсөн аав дээрээ очиход Хэ Шиао Юун түүнийг харааж, зүхэж хөөдөг юм. Гэтэл түүнийг үхэхийн цагт аминд нь орох ганц хүн нь И Лэ болж таардаг даа. Даажинтайхан амьдрал байгаа биз. Ингээд л И Лэ: хэн надад лавшаа авч өгнө, тэр миний аав болно хэмээгээд хаашаа ч юм гуйвлан алхаад л байдаг... И Лэ зогслоо. Мөрөө унжуулж толгой гудайн хамаг бие нь дагжин уйлав. Шү Сан Гуань түүний өмнө сөхөрч суугаад, -Алив үүрье! гэх нь тэр, И Лэ аавдаа үүрүүлээд Шэн Лигийн хоолны газарлуу явдаг юм даа, цагаан лавшаа идэхээр.Бас нэг удаа И Лэ, Сан Гуаньд “-Би өлсөөд байна. Би харангадлаа. Би юм идмээр байна. Та хэрэв ахиад намайг хүүгээ гэхгүй бол Хэ Шиао Юунаас ихээр намайг өвтгөх болно. Би нэгэнт буцаад ирсэн. /153-154/” хэмээдэг бол Шү Сан Гуань гурван хүү нь ахиад нэг аяга чихэртэй зутан авч шалир шалир дуугарган уухыг хараад,-Ууж дуусаад аавдаа бүгд мөргөөрэй, надад өгсөн бэлэг болог гэж хэлэхдээ зүрх нь шимширдэг юм.Тийм ээ, сэтгэл гэдэг, өвддөг, илааршдаг, бусад бүх эрхтнээс илүүтэй эмзэг, нандин ЭРХТЭН билээ л.Романыг уншихад хамгийн ихээр анхаарал татсан нэг зүйл нь хуучирсан, мартагдах шахсан монгол үгс, өвөрмөц хэлцүүдийг амьдруулсан явдал байлаа. Бидний дархлаанд нэг ширхэг ч монгол үг хэчнээн нэмэртэй билээ. Өөрсдийнхөө юманд эзэн нь байх хэрэгтэй шүү дээ.Толон, халма-, зэтгүүл-, арс-, сэвэгний уяа гээд л олон үгс, Босго элээх, Хэлийг нь залгиулах, Сумаа харвачихаад нумаа нуух, Гэдэсийг нь хормойлуулах, Уул үлдэж байвал түлээгүй гэж бүү ай, Эхээ охмор, Чам шиг муу нохойн амнаас зааны соёо ургахгүй хойно гэх мэт өчнөөн хэлцүүд энэ романд амьдарч байна. Үүнээс “Эхээ охмор” гэсэн хараалын үгийг Хэл шинжлэлч, орчуулагч Ш.Одонтөр “Эцгээ ал, эхээ ох гэдэг хараалын учир” өгүүлэлдээ “...хүн төрөлхтний ураг төрлийн уламжлалд анх, тэнгэрт цугт нь очуулахаар талийгаачийн хамт бусад боол зардсан, эхнэр эмсийг хөлөөлүүлж байгаад /Монголд энэ ёсны элемент “дэр болгох” гэсэн томьёоллоор илэрч байв/ хөгжлийн дагуу өв залгамжлагч өөртөө авдаг болсон ч энэ ес бас л устсан байна. Хөгжлийн явцад уул ёсны талаарх ойлголт эрс өөр болж ирсэн тул ёс журамгүй этгээдийг ингэж хараах болжээ...” хэмээн тайлбарлажээ.
“...-Хүний зүрх, ходоод хоёр юутай хол зайтай вэ. Хүний зүсийг танихаас зүрхийг нь танихгүй юм даа...” /183/
МУИС-ийн оюутан Х.Түвшинтүлхүүр.