1.
Милорад Павич “Салхины дотоод тал”
Орчуулагч Д. Оюунчимэг
“Ирээдүйд нэг авах сайн чанар бий. Тэр нь бодит байдлыг хэрхэн яаж хүлээж авч байгаагаар биш, хэрхэн байвал зохих үүднээс үргэлж холоос хардаг явдал юм...”
“...Леандрийн эцэг шөнө орой болсон хойно шал нойтон юм гэртээ иргэж ирэхэд түүнийг Дунайгаас ирж үү, Савагаас ирж үү гэдгийг ялгаж цөхөх юмгүй, гол бүхэн өөрийн гэсэн үнэртэйг тэд бүр багаасаа мэддэг байв.
Сербийн зохиолч Милорад Павичийн эл роман тансаг яруу хийгээд хачин жигтэй эхэлдэг. Зохиолын эхний өгүүлбэр ирээдүйг өөрийн санаа зоригоор бүтээж, өөрчилж болно гэх утгыг илэрхийлэх мөртлөө эхний бүлэг дуусаа ч үгүй байхад жинхэнэ холын ирээдүй бол бороон дундуур нэвт үлээх салхины нороогүй гарсан дотор тал, өөрчлөх аргагүй өнийн хувь тавилан болж хувирдаг. Мөнхүү Леандрын тухай өгүүлж буй хэсгүүдийг уншихад хүн үү, хүний нэрээр бэлгэдсэн өөр зүйл үү гэх асуулт ургасан. Мэдрэхүйн чадварууд Леандрт гойд хөгжсөн нь голын усыг үнэрээр нь ялгах, хөгжим тоглож буй бүсгүйн нэг хуруугүйг сонсголоороо мэдрэх, магадгүй хүрэлцэх мэдрэхүй нь ч мөн адил болохоор л завин дээр бүтэлгүй шөнийг үдэж буй зэргээс нь мэдэгдэнэ. Амьд бүхэн удаан, түргэн хоёр хэмнэлтэйг анзаарсан дайруйдаа аавынхаа гэрийг орхиж өөрийн хэмнэл нийлэх нөгөө талаа хайн аянд гардаг. Ингээд бодохоор Леандр яг л Яруу найргийн бэлгэдэл дүр мэт. Хэрвээ тийм бол “Хунгийнх шиг урт, уран цэмцгэр хүзүү...” нь лав Утга уянга биз. “Энэ хүзүү чамд эмэгтэй хүний гар, цэргийн сэлэм хоёр л авчрах болно доо” гэсэн нь ч миний төсөөллийг хүчжүүлдэг. Тэгээд ч хүн ер нь харахыг хүссэнээ л хардаг гэдэг шүү дээ.
2.
Гүн-Аажав Аюурзана “Шүгдэн”
“Машины хүлээн авагчаар аллагын тухай мэдээлж байх нь тэр. “Шарын шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газар- Гүмбум хийдэд хүн амины хэрэг гарчээ. Навчин дээр нь Буддагийн дүр тодордог хэмээх алдарт модны доор залуухан лам алагдсан байна...”
Аюурзана зохиолчийн романуудаас миний хамгийн дуртай эхлэл. Зонховын мэндэлсэн газар, навчин дээр нь Буддагийн дүр тодордог хэмээх алдарт модны дор гэхээр тэнд тийм хэрцгий нүгэл үйлдэгдэж болно гэж үү. Энэ эсрэг тэсрэгийг сүлсэн хэрдхийлгэм эхлэлээрээ зохиолч юу илэрхийлэхийг зорив. Утга учрын төв цэгээсээ холдсон шашны салбарын уналтыг уу, үгүй байх аа. Гэтэл яагаад тэр хэргийг нь мөрдөхөөр нэр төдий монгол, уг гарвалынхаа төв цэгээс хаягдан алсарч буй Сэржамц явах болов. Эхлэл шигээ эсрэг тэсрэг эргэлт гарах уу? Хэргийн учрыг тайлж чадах болов уу, хэргийн учгийг тайлах нь ч үнэндээ зохиолийн зорилго мөн үү?
Хэрэв гэгээрлийг олсон егүзэрт лам алагдсан мэдээг дуулгавал –Анн тийм үү? л гэх биз. Тэгвэл энэ романы шашинт дүрүүд хэрхэн хүлээж авах бол?. Харуусал үгүй нүдээр харах нь л гэгээрэл гэдэг дээ
3.
Саяака Мурата
“Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”
Орчуулагч Б. Дэлгэрмаа
“Нэрийн дэлгүүр бол элдвийн дуу чимээний ертөнц. Хаалганы хонх жингэнэхээс эхлээд сүлжээ дэлгүүрийн сувгуудаар цацагдах шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа цаашлаад ажилчид нэг нэгнээ дуудах, барааны код уншигчийн дохио дуугарах, хүмүүс авах зүйлсээ сонгон уут, сав дуугаргаж сагсандаа хийх, энд тэндгүй хөлхөх хөлийн чимээ гээд эл бүх дуу чимээ уусан сүлэлдэж дэлгүүрийн нэгэн цогц хөг аялгуу болж тасралтгүй, тааламжтай дуурсана...”
Бүхнийг нарийн ширхэгчлэн дүрсэлж тоочсон энэ эхлэл өгүүлэгч буюу гол дүрийнхээ тухай юу юунаас илүү мэдээлэл өгдөг. Жижигхэн зүйлсийг ч ширхэгчлэн тооцох, үйл хөдлөл бүрээ теором шигээр дагаж мөрдөх нь Улигт бодлын эмгэгтэй хүмүүст нийтлэг илэрдэг шүү дээ. Эхлэл хэсэгтээ л год дүрийн бүсгүйг ийм эмгэгтэй болгосон улигт дурсамж тодорхой гарна. Улигт дурсамжаас улигт бодлын эмгэг бүрэлдэн бий болдог. Дэмийрэх эмгэгийн үед хүн өөрийнхөө бодлыг хүлээн зөвшөөрч бахархах шинжтэй байдаг бол Улигт бодлын эмгэгийн үед хүн өөрийнхөө бодлын эсрэг идэвхитэй тэмцдэг. Тэгэхээр зохиолын эхлэл хэсгийг харвал нийгмээс өөрийг нь тусгаарласан эмгэгээ даван туулах гэж хичээж буй бүсгүйн тухай гарах нь. Түүнийг нийгэм нь хүлээж авах болов уу, юу тохиох бол? Хувь хүний сэтгэлзүйн амьдралыг хөндсөн энэ зохиолыг би талархан уншдаг. Надад лав эрх чөлөө, үнэт чанарын тухай тод дуу хоолой сонсогддог
4.
Уильям Фолкнер “Өвгөд”
Орчуулагч Г. Аюурзана
“Анхандаа юу ч байсангүй. Гагцхүү голд ормоор хүйтэн шиврээ бороо, тэгээд арваннэгдүгээр сарын хуучдаархи манантай өглөө, тэр л бүдэгхэн өглөөг нэвт цуурайтах, отооны газар өөд айсуй нохдын дуу л сонстоно...”
“...Жаалхүү хэлснийг нь дагалаа: - бугын хүзүүг гэдийлгэн дарахад хоолой нь гүрэлзэнэ. Сэм бөхийж, гүрээний судаснаас олгойдох цусанд хоёр гараа булхаад, жаалхүүгийн нүүрийг хоёронтоо илж нялгадав...”
Дэлхийн хамгийн анхны метароманы эхлэл. Миний уншиж байсан ихэнх өрнийн зохиол шиг хэн нэгэн залуу ноён бүрх малгайгаа аваад шат уруудаж байгаагаар, эсвэл кофены мухлагаас гарч байгаагаар, эсвэл хүүхнүүдийн дундах язгууртны соёлын ёсорхуу яриа, чамин зан үйлээр биш зүгээр л ан олзных нь цусаар онгод тэнгэр, сүр сүлдийг нь мялааж буй байгаллаг зан үйлээр эхэлдэг нь надад маш их таалагддаг. Нэг талд, Хар арьстнууд болон уугуул америкчуудын гунигт хувь тавиланг бэлгэдсэн Сэм Фадерс хэмээх холимог арьст индиан болон түүний л ойлголцон мэдэрч буй байгаль дэлхий. Нөгөө талд нь (дэргэд нь ч гэмээр юм уу), чадах чинээгээрээ олз олох гэсэн бүлэг анчид. Дунд нь Айк хүү. Түүний зөн совинг нээж буй бугын ангаар зохиол эхэлнэ. Ямар зөн совин бэ гэдгийг уншиж мэднэ биз ээ. Харин би энд “Өвгөд”-ийг унших болгонд санагддаг нэг дурсамжаа хуваалцъя:
Намайг арван нэгтэйд нагац ах минь хонь муулуулж сургасан юм. Тэр нэг л өглөө надад хутга бариулаад -Өвчүүнээс нь доохнуур гар орохоор зүс! гэж билээ. Би гараа оруулаад хонины хав халуун дотор эрхтнүүдийг тэмтчих зуураа –Одоо яах вэ? гэж асуутал –Голыг нь тасла! гэхээс өөр юу ч хэлээгүй сэн. Гол гэж юу гээч судас уу, нугас уу гэдгийг мэддэг ч үгүй байлаа. Зүрхийг нь хага атгах ч байж болно шүү дээ. Ах босоод явчихсан, би яахаа мэдэхгүй. Харин тэмтэрч яваад үнэхээр л голыг нь олсон доо. Гол гэж нэрлэдэг зүйлийг мэдэхгүй ч энэ л яг “гол” нь байна гэдгийг мэдээд байж билээ. Дараа нь ах дэргэд ирж суугаад амь таслахдаа уншиж байх тарни зааж өгсөн сөн.
5.
Орхан Памук “Шинэ амьдрал”
Орчуулагч Г. Сугиррагчаа
“Би нэгэн өдөр нэг ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн...”
Юун түрүүнд дээрх шидлэг эхлэлийг нь онцолмоор санагдлаа. Ном амьдралыг өөрчилдөг гэдэгт би итгэдэг. Туркийн алдарт зохиолч Орхан Памукын чамгүй олон ном эх хэлэнд минь орчуулагдсан тул бага сагаар бичих онцлогийг нь мэддэг болж байна. Ер нь тэр эхлэл хэсэгтээ зохиолынхоо төгсгөлийг хэдийн биччихээд огт тийм биш юм шиг явсаар байгаад өнөөх л хуучин төгсгөлдөө эргээд ирдэг талтай. Тиймээс эхлэлийг нь анхааралтай уншихыг хичээдэг юм. Гол дүрийн залуу нэгэн учир битүүлэг ном уншиж, түүнийхээ ертөнцийг л бодит мэтээр итгэн автаж буйгаар зохиол эхэлнэ. Төгсгөл нь энэ эхлэлдээ л байх ёстой гэж улайран мэрийсний эцэст хэд хэдэн төсөөлөл бий болгосон билээ. Бараг л төсөөллөө хүчээр тулгачихсан гэх үү дээ.
“Нэг ном уншаад, амьдрал нь сүйрсэн над шиг амьтдад юу тохиолддогийг мэдэх учраас тэр. “Философийн үндсэн зарчмууд” хэмээх номыг нэг шөнийн дотор уншаад, уншсан бүхэнтэйгээ санал нэгдэн, маргааш нь “Хувьгсалч пролетари шинэ тэргүүлэгчдийн бүлгэм”-д нэгдэж, гурав хоногийн дараа банк дээрэмдэж байгаад баригдан, арван жил шоронд суусан хүний түүхийг би сонссон. “Ислам ба шинэ ёс суртахуун” эсвэл “Барууны замаар хөгжихийн уршиг” гэх мэт ном уншаад, нэг шөнийн дотор уушийн газраас гаран шууд сүмд очиж, мөс шиг хүйтэн хивсэн дээр сарнайн усны үнэр дунд, тавин жилийн дараа ирэх үхлээ тэвчээртэй хүлээж эхэлсэн хүнийг ч мэднэ. Цаашлаад, “Дурлалын эрх чөлөө” эсвэл “Өөрийгөө таньсан минь” гэх нэртэй номд автсан хүмүүстэй ч танилцаж явлаа. Эд бүгд зурхайд итгэгчидтэй зан аашийн хувьд төстэй хүмүүс байдаг, гэхдээ тэд ч ялгаагүй “Энэ ном нэг шөнийн дотор амьдралыг минь өөрчилсөн!” гэж чин сэтгэлээсээ хэлдэг шүү дээ...” гэж зохиолын эхлэлд гардаг. Үүнээс үзвэл тэр зүгээр л учир битүүлэг номонд автсандаа өөрт хамааралгүй хэрэгт татагдан орох, тэр нь маргаангүй муу үр дүнд хүргэх биз. Асуудал биднийх биш байдаг, бид л асуудлыг өөрийн болгодог гэдэг шүү дээ. Энэ романы төгсгөлд мань залуу зүгээр л номоо шидэж орхиод “Залуус” цайны газарт найзуудтайгаа суухаар явчихаж магадгүй л юм. Нөгөөтэйгүүр
“Ратибэ эгч нөхрийнхөө хоосон буйдан руу дөчин таван хэм эргэж суугаад, зурагт үзэнгээ, толгойгоо ээж шиг минь мөрөн завсраа нугдайлгажээ... Төмөр замч Рыфкы авга(нөхөр нь) түрүү жил зүрхний өвчнөөр бурхан болсон ааваас минь нэг жилийн өмнө талийж одсон, гэхдээ жамаараа нас бараагүй...” гэж эхний бүлэгт бичсэн байдаг. Зохиолч яагаад үүнийг бичив, ямар үүрэгтэйгээр эхний бүлэг дүрслэгдэж байна вэ? Бэлэвсэн эмэгтэй үхсэн нөхрийнхөө суудал руу дөчин таван хэм хандаад зурагт үзэж байна. Утга учир үгүй болоход дадал үлддэг ажээ. Эмэгтэйд дөчин таван хэм жишүүлдэж суух хэрэг байхгүй, тэгж суухын шалтгаан нь өөд болчихсон ч өөрчлөгдсөнгүй. Магадгүй зохиол ийм л утга учраа алдсан дадал зуршил, өөрчлөлтэй эвлэрч чаддаггүй зогсонги үзлийн тухай юм биш биз. Тэгвэл тэр ном огтхон ч онцгой содон биш болж таарах нь, бидний бүх зүйлээс заавал утга нэхдэг дадлыг егөөдсөн ч юм бил үү? Тэгээд Рыфкы авгынх нь жам бус үхлийн алуурчин олдоогүй шиг шийдэгдэхгүй өнгөрөхчихөж ч магад. Яг одоо уншиж буй энэ романы эхлэл надад иймэрхүү бууж байна.