Төгсгөлийг нь таамагласан эхлэл гэдэг бүтээгчээс авьяас билиг, ур ухаан, бүтээхүйн нарийн мэдрэмж, чадварыг шаарддаг билээ. Учир нь төсөөлж байсан эсвэл хүсэж байсанаас нь огт өөрөөр хувь тавилан эргэж, эгээ л хувь тавилангийн эрчим, ээдрээн дундуур сүлжилдсээр хүн ч өөрөө санаанд оромгүйгээр өөрчлөгдсөн байдаг улигт хэмнэл бүтээхүйн үйлд ч нэгэн адил үйлчлэнэ. Тиймээс л эхлэхдээ таамагласан үнэнд хүрэх тэр үйл явц нь хэн хүнээс асар их тэвчээр, сэтгэлийн хат, чин үнэнч сэтгэлийг нэхдэг билээ. Амьдрахуйн үнэнд, төгсгөл гэдэг үргэлжлэн хөврөх цаг хугацааны тайлагдашгүй мөн чанарыг агуулж байдаг бол эхлэл гэдэг ямагт дурсамжаар дүүрэн байдаг. Энэ л эрхшээл, эхлэлийг ямагт сүрлэг бадрангуйд автсан өчүүхэн гэнэн дүр төрхтэй болгодог биз.
“Эхлэлүүд” давалгаанд зураач Б.Төрмөнх найзын уриалгаар нэгдсэн тул өөрийн гар, сэтгэлд ойр таван бүтээлийн эхлэлийг хуваалцая. Мөнхүү давалгааг цааш үргэлжлүүлэхийг Тө.Бямбасүрэн дүүгээс хүсье.
1.
Зохиолч: Габриель Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал"
Орчуулагч: Го.Аким
Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай.
Намар болгон уншдаг энэ зохиолоос мэдэрдэг зүйл маань ердөө л хүний дотоод сэтгэлийн хязгааргүй уудам орон зайг дүүргэж байдаг ганцаардалаас хаашаа ч бултан зайлах аргагүй бөгөөд тэрхүү ганцаардал гэгч чухамхүү биднийг хаа нэгтээх булан, тохойд отон хүлээж байдаг гэх илбэ, шидийн бодол билээ. Энэхүү зохиолын эхлэл ч мөн ганцаардлын хөг эгшигээр дүүрэн. Амьдралаас хайж олсон сүүлчийн хоромдоо хүн гэгч амьдралд шунан тэмүүлэх хүслээ гээж, өнгөрсөн цаг хугацааны гүнд улам ярган, харуусал гунигаас илүү ганцаардсан үнэнээ танидаг биз.
2.
Зохиолч: Жан Поль Сартр "Огиудас"
Орчуулагч: Б.Баттогтох
Ер нь тэмдэглэлийг өдөр өнжилгүй хийж байх нь дээр. Юмсыг угт нь хүртэл ойлгохын тулд өдрийн тэмдэглэл хөтлөх. Хэдий чухал биш санагдаж байлаа ч гэсэн алив юмсын нарийн ширийн авцалдаа, жижиг сажиг баримт сэлтийг анзааралгүй орхичихгүйгээс гадна хамгийн гол нь тэднийг цэгцэнд оруулахын тулд. Энэ ширээ, гудамж, хүмүүс, миний тамхины хавтага зэргийг би хэрхэн харж байгааг зураглан бичих. Яагаад гэвэл ингэж харахуй маань ч өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлтийн шинж чанар, хэмжээ дамжааг яв цав тодорхойлох хэрэгтэй.
Саяхан уншсан энэ номын эхлэлийг яагаад сонгосноо хэлж мэдэхгүй юм. Үнэн гэдэг агшин зуурын мэдрэмж гэлтэй. Аясхан салхины чимээнээр л өөрийгөө танихгүй болтол өөрчилж орхидог. Тийм л барин тавим зүйлсийн дунд өөрөөсөө урвахгүй байх гэдэг амьдарч буй хүнд бол дааж давшгүй их тарчлаан юм. Тиймээс л энэ номын эхлэлийг сонголоо.
3.
Зохиолч: Ю.В.Трифонов "Үйлтэй байшин"
Орчуулагч: Ц.Гомбосүрэн
Тэр хөвүүдийн хэн нь ч одоо нарт хорвоод байхгүй. Дайнд амь үрэгдэх нь үрэгдэж, өвчин эмгэгээр үхэх нь үхэж, зарим нь ор сураггүй алга болжээ. Бас зарим нь амьд мэнд байгаа хэдий ч өөр өөр хүн болон хувирч. Энэ өөр хүмүүс хүүхэд насны суян цамцтай, резин ултай даавуу шаахайтай алга бологсодтой ямар нэг ид шидийн аргаар уулзах юм бол тэдэнтэй юу ярихаа мэдэхгүй байх биз. Аягүй бол, бүр өөрсөдтэйгөө уулзсанаа ч мэдэхгүй өнгөрнө. За яахав цаашаа, тэднийг бурхан өршөөг! Тэдэнд зав байхгүй, тэд өдрөөс өдөрт, жилээс жилд улам бүр цаашлан, яарч бачимдан нисч байгаа, сэлж байгаа, урсгалд автан хөвж яваа. Очих эрэг нь өөрчлөгдөж, уул нурууд зай тавьж, ой мод шингэрэн нүцгэрч, тэнгэр бүүдийж, жавар хүйт нүүрлэх тул тэд яарах, шамдах хэрэгтэй. Ийн яарсандаа газар тэнгэрийн савсалгад тогтсон үүл мэт, хөшөөд зогсчихсон юм руу эргэж харах тамир тэнхээгүй гараараа самардан зүтгэсээр л байна.
Энэ ном надад уурхайн сууринд өнгөрүүлсэн өвлүүд, хат суусан балмад зангаа амин зуулгын төлөөнөө тэмүүлсэн хүлцэнгүй дорой байдлаар далдалсан золбоотой эрсийн цовоо цолгиун дуу хуур, агшин зуурын гэлээ ч үнэнч нөхөрлөлийн сайхныг санагдуулдаг.
4.
Зохиолч: Мишэль дө Монтень
Орчуулагч: Г.Аюурзана
Нэгнийх нь ашиг нөгөө хүний хувьд гарз байдаг /эсээ/
Оршуулах зан үйлд зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг арилжаалсан нэгэн иргэнийг Афины төрийн зүтгэлтэн Демад “Асар олон хүний үхлийн үнээр олз ашиг олохыг завдсан” хэмээн яллаж шүүсэн гэдэг. Энэ ял надад ямар ч үндэслэлгүй санагддаг юм. Учир нь бусдын гарз хохиролтой холбогддоггүй тийм ашиг гэж ерөөсөө байдаггүй шүү дээ. Хэрэв Демад шиг л болох юм бол, бүхий л ашиг хонжоог шүүх шаардлагатай болно.
Ширээн дээрээ байдаг номноос санамсаргүй сонгосон эхлэл. Хүн төрөлхтөн ёс суртахууны тухай олон асуултанд одоог хүртэл хариулж амжаагүй л явна.
5.
Зохиолч: Шарль Монтескье "Хуулийн амин сүнс"
Орчуулагч Т.Төмөрхүлэг
Хууль бол уул үгийн хамгийн өргөн утга санаагаар юмны цаад мөн чанараас урган гардаг шаардлага бүхий харилцаа юм. Энэ үүднээс бүхий л юм өөрийн гэсэн хуультай. Бурхад хуультай, сав ертөнц өөрийн хуультай, хүнд байдаг дээд ухаан өөрийн хуультай, мал адгуус хуультай, хүн мөн хуультай.
Яг одоо уншиж буй номын эхлэл. Хавтсан дээр нь “Ардчиллын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагдсанаас бус, хэтийдсэнээс ч бас завхардаг” гэх үгс дурайтал бичээстэй буй.