Одоогоос зургаа, долоон жилийн өмнө юмсан уу даа. Яруу найрагч, орчуулагч Батжаргалын Одгэрэл ах маань нэг өдөр утасдаж байна. Тэр үед ах Ганданд шавилж суудаг байлаа. Бидний хэдэн шүлэгч залууст Одгэрэл ахыг зорьж очоод хурлыг нь тарахыг хүлээнгээ дацангийнх нь довжоон дээр элдвийг чалчиж, мар мар инээлдэн суух нь бараг хэвшил болоод байсан юм. Ахыг асууж, дуудуулсаар хамт шавилагч хэдэн бандийг нь толгой дараалан таньдаг болчихсон үе. Хурлынх нь дундуур ах руу “Тарах болж байна уу?” гэж эгээ л их сургуулийн лекцэнд суугаа нэгнээ дуудаж буй аятай мессэж бичнэ. Тэгээд хурал нь тарангуут довжооноос үсэрч босоод хэдэн арваараа цувран гарч ирэх лам нарыг харж “Пээ, улаан орхимжны давалгаан” гэхчлэн зориуд чангаар уулга алдаж, өөрсдийгөө баясгадаг байв. Харин энэ удаад би ганцаар очоод хурал нь тарахыг тэвчээртэй, удаан хүлээлээ. Ах маань гартаа гурван ном барьчихсан намс намс алхалсаар ирэхдээ Жагарын орноо номд одох болсноо дуулгаж билээ. Хол газар удаан суух болсон тул хувийн номын сангаа зөөж, тарааж байсан үе нь юмсан уу даа. Эс бөгөөс бурханы номоосоо бусдыг нь өөрөөсөө гүвж, хорвоогийн элдвээс ангижирч байсан үе нь ч байж мэднэ. Надад өгөөд, хүсвэл орчуулаарай гэсэн тэр гурван ном нь Салман Рушдигийн “Шулмын шүлгүүд” роман, Жон Китсийн “Шилмэл шүлгүүд”, бас Уйлъям Батлер Йэтсийн “Шилмэл шүлгүүд” байв.
Гандангийн хашаагаар орж явчихаар цаг хугацааны хаалгаар гараад нэг, хоёр зуун жилийн өмнөх амьдрал руу оччих шиг болдогсон. Хаа сайгүй орхимжоо намируулж, дээлийнхээ хормойг шалбуурдан алхах монгол гуталтай ламхай нар, арц хүжний үнэр, хэдэн бөөвгөр тагтаа, хийд оронгууд, хажууд суугаа хүний энэтхэг рүү ном хөөх тухай яриа… Өгсөн номуудынх нь нэгийг дэлгээд “Уйлъям Батлер Йэтс 1865 оны зургадугаар сарын 13-нд Ирландад төрсөн” гэж уншихад өнөөх хуучин он цаг, хуучин ахуй бүр ч их дараатай хүнд санагдаж, тэндээс бушуухан явчихмаар санагдаж билээ.
Болоогүй, өнөөх нь далд ертөнц, ид шид, элдэв увдис хүчинд итгэгч, тэр үеийн Ирландад дэлгэрээд байсан далд увдисын элдэв нийгэмлэгийн тэргүүн, тэргүүлэгч гишүүн явсан, “Илбэ шид гэж үгүйсэн бол би вээр нэр бүхий бүтээлүүдээ хэзээ ч бичиж чадахгүй байсан” гэж омтгойрон мэдэгдэгч, овоо тавьтаргүй эр байсан бололтой. Олон хүний мэддэгчлэн XX зууны тэргүүн найрагч, утга зохиол дахь модернист хөдөлгөөний манлайлагчдын нэг хэмээгдэгч сайх эр надад тэр ном, тэр намтар, тэр шүлгүүд, “модернист” хэмээх тодорхойлолттойгоо хамт их л хуучин, их л гунигтай санагдаж билээ. Харих замдаа автобусанд хэдэн шүлгийг нь гүйлгэж харахдаа санамсаргүй шахам нэг шүлгийг нь монголоор сийрүүлж дэвтэртээ биччихээд л хаачихсан тэр номоо би лавтайяа дөрвөн жил ахиж дэлгээгүй юмдаг. Тэгэхэд эх хэлнээ сийрүүлсэн шүлэг маань “Улс төр” нэртэй байв.
Улс төр
Тэр охиныг тэнд зогсож байхад
Яахин би бодол санаагаа
Ромын, Испанийн, аль эсвэл
Оросын улс төрд хандуулж чадах вэ?
Юу ярихаа мэддэг
Хал үзсэн аянчинтай хамт байлаа ч,
Юм юмыг уншиж бясалгадаг
Хашир суусан улстөрчтэй цуг зогслоо ч
Юу юугүй дайн гарах тухай
Тэдний яриа үнэн байлаа ч
Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!
Хэдэн жилийн дараа нэг уулзалтад очтол надаас орчуулсан шүлгүүдийнхээ нэгийг уншиж өгөөч гэж хүсэв. Барагтай бол шүлэг чээжилдэггүй би их л барьц алдахад толгойд хамгийн түрүүнд орж ирсэн нь өнөөх “Улс төр” байсан юм. Зориуд цаг гаргаж чээжилсэн юм шиг ар араасаа ундран орж ирэх үгсийг нь дагаж хэлэх ахуйдаа би энэ шүлгийн энгийн сайхныг анх удаагаа сэрж, цаад учир начрыг нь ухаж мэдэх хүсэлд автаж билээ. Тэгж ирландын их найрагч Уйлъям Батлер Йэтсийн намтрыг сөхөөд амьдралдаа хэзээ ч олж дуулаагүй, ер бусын гэгээн сайхан хайрын түүх нэгийг олж мэдсэн юм. Яруу найрагч хүн л ингэж хайрлана даа гэж яг тэрхэн үед надад бодогдож байж билээ. Энэ бодол бас л хуучин ч, тэгэхэд мэдсэн хайрын түүх минь үнэхээр цоо шинэ байсан юм.
Олон арван он цаг дурдаж уншигч таны толгойг эргүүлмээргүй байна. Ямартаа ч Йэтс 1865 онд Ирландад, нэрт зураач Жон Батлер Йэтсийн ууган хүү болон мэндэлжээ. Эцэг нь зураачийн нэр хүнд хөөцөлдөх хүсэлтэй тул жаал хүүг хоёр ойтой байхад гэр бүлээ аваад Лондон руу нүүв. Чингээд Йэтсийн хүүхэд нас эцгийнх нь Лондонд төвхнүүлсэн зугаа цэнгэл, хөл хөдөлгөөн ихтэй ундуй сундуй амьдрал, эхийнх нь нутагтаа үлдээсэн биелэгжүү, тансаг амьдралтай эдлэн газрын хооронд өнгөрчээ. Залуу нас нь Их Британийн эзэнт гүрнээс салан тусгаарлах гэсэн ирландын үндсэрхэгүүдийн дэгдээх элдэв хувьсгал тэмцэл, шашны үнэт зүйлсийн задрал, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний шинэ тэсрэлтийг туулсан нь мэдээж. Чингээд эцэг шигээ зураач болохоор шамдаж явсан залуу эр нэг л өдөр бийрээ тавиад, яруу найрагч болохоор санаа шулуудсан гэдэг. Басхүү анхны түүврийг нь аав нь ивээн тэтгэж, 100 ширхэгийг хэвлүүлсэн гэж байгаа.
Тэгтэл 1889 онд, 24 настай залуу Йэтсийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх нэгэн учрал тохиов. Ирландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч үндэсний хөдөлгөөнүүдийн тэргүүн эгнээнд явж байдаг Мод Гонн хэмээх гал цогтой хүүхэнтэй танилцсан нь тэр. Хүүхэн жинхэнэ ирланд маягийн өвөрмөц гоо үзэсгэлэнтэй, бардам ихэрхүү, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахааргүй зоримог, тиймдээ ч Их Британийн эзэнт гүрний хатавчны нохой шиг амьдрахыг хүсдэггүй, тэгээд өөрийн бяцхан Ирландаа тусгаар улс болгох гэж үхэлдэн тэмцэгчдийг толгойлж явдаг нэгэн байв. Шинэ цагийн Жанна Д’Арк. Йэтсээс тэс өөр. Мань яруу найрагч бол гэр бүлийнхээ уламжлалын дагуу шашны цөөнх давамгайлсан засгийг илүүд үздэг, гэр бүл нь Лондонд голдуу амьдардаг болохоор төв засгийг нэг их хажиглаад байдаггүй, Ирландад зунаар хөдөөлөх гэж л очдог болохоор тэнд амьдарч буй хүмүүс юу хүсч, юу мөрөөсч, ямар үнэт зүйлс тээж явааг нэг их сонирхоод байдаггүй, товчхондоо ирланд хүн гэж хэлэхэд чамламаар эр байж. Гэтэл тийм нэг дүрэлзсэн ирланд хүүхэнд дурлачихдаг. Йэтс энэ тухайгаа “Түүнтэй танилцсан өдрөөс хойш миний амьдралын зовлонт он жилүүд эхэлсэн юм” хэмээн дурссан нь бий. Тэгээд бүсгүйд зориулж бүхий л насаараа шүлэг бичжээ. Эхнийх нь, анх танилцаж ахуй үеийнх нь оргилуун эмэгтэйг дүрсэлсэн “Хоёр дахь Трой хэрэггүй” шүлэг.
Хоёр дахь Трой хэрэггүй
Өдөр хоногуудыг минь шаналлаар дүүргэж өгсөнд
Өширхөж түүнд гомдолтой ч биш дээ.
Өдгөө тэр хамгийн бүдүүлэг эрсийг ч
Өршөөлгүй хэрцгийгээр номхруулж
Өрөөстэй жижигхэн гудамжуудаа их гүрний дээгүүр
Өнхрүүлж дэлгэхээр улайрч явна.
Өнөөдүүлд нь гэвч уулгалсан хүсэлтэй нь тэнцэх
Өчиггүй зориг байдаг л байгаа даа?
Оройн дээд, хосгүй эрхэмсэг, гуйвшгүй чанд орших нь
Ороолсон ийм цагт огт нийцэхгүй хэдий ч
Чивчиртэл татсан нум шиг ийм гоо үзэсгэлэнг
Чийгтэйд дүрэлзсэн түймэр шиг тийм жавхаатай бүсгүйг
Түвшитгэн захирах арга юусан бол оо?
Түүнд амар амгаланг хэн өгөхсөн билээ?
Ай, юунд тэр ийн үйлдэж, тийн оршном бэ?
Ахиад нэг Тройг галдахаар агсан довтолж яваа нь энэ үү?
Энд Йэтс “Өрөөстэй жижигхэн гудамжууд”-аар Ирландын бяцхан улсаа төлөөлүүлж, хайртай хүүхнээ Тройн дайныг өдүүлсэн үзэсгэлэнт бүсгүйтэй зүйрлэжээ.
Мод Гонн
Ийн танилцсанаасаа хоёр жилийн дараа буюу 1891 онд Йэтс чухамдаа Мод Гоннтой уулзахаар Лондонгоос Ирландыг зорин ирж, бүсгүйд гэрлэх санал тавьжээ. Харин цаадах нь Йэтсийн эзгүй хоёр жилийн хугацаанд, тэр үедээ л шаггүй улстөрчид тооцогдож асан Люсьен Миллевой хэмээгчтэй гэрлээд нэг хүү төрүүлчихсэн, хүү нь тархины хавдраар нас барчихаад ухаан сөхөөгүй, Йэтстэй манатай байлаа. Хорин зургаатай Йэтсийн сэтгэл ихээр шархалж Лондон руу буцав.
Хоёр жилийн дараа Йэтс Лондонд, өөртэй нь адил уран зохиолч, машид үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэйтэй учирчээ. Яг тэр үеэр Мод Гонн Ирландад ахин нярайлж, Исеюлт Гонн хэмээх үзэсгэлэнт охиноо өлгийдөн авч байлаа. Йэтсийн шинэ амраг Оливия Шекспир улс төрд сонирхолгүй, цаг заваа урлаг, утга зохиол хэлэлцэн өнгөрүүлэх дуртай, машид баян өв залгамжлагч авхай байв. Тэд хамтдаа Лондонгийн булан тохой бүрийн элдэв клубээр хэсч, шүлэг дуудаж, урлаг, утга зохиолын талаар шүүмжлэн хэлэлцсээр цагийг барна. Гэвч Оливияд нэг л зүйл дутуу санагдаад байлаа. Уран бүтээлийн хамтрагчдын биш, эр эмийн хайр түүнд хэрэгтэй байв. Йэтс харин тэр хайраа хаа холын Ирландад орхиод иржээ. Хүүхэн үүнийг нь мэдэх тул тэсч гурван жил амьдраад хоёр тийш болсон юм. Хожим нь Йэтсийн залуу анд Эзра Паунд эднийхээр эргэлдэх болж, Оливиягийн ганц охин Доротиг эргүүлэнгээ баян хадам эхийнхээ хөрөнгө зоорийг зөөн Томас Элиот, Жэймс Жойс хоёрыг ёстой л ивээн тэтгэж байсан нь тусдаа түүх.
Энэ үеэр Мод нөхрөөсөө салж, охинтойгоо үлдсэн тухай яриа дуулдав. Йэтс эргэлзэх ч үгүйгээр шууд л Ирландыг зорьжээ. Тэгээд анх танилцсанаасаа хойш 10 жилийн дараа, анх гуйснаасаа хойш найман жилийн дараа бүсгүйн хайрыг ахин нэг удаа гуйв. Амьдралд нухлагдсан ч сэхүүн зангаа гээгээгүй Мод Гонн эрсхэн татгалзжээ. Дараа жил нь Йэтс Ирландад ирж бүсгүйтэй гэрлэхээр гурав дахь удаагаа гуйв. Мод Гонн хөдөлсөнгүй. Удаах жил нь буюу 1901 онд Йэтс ахиад л Ирландад ирж цөхрөлтгүй өнөөх гуйлтаа дөрөв дэх удаагаа давтжээ. Мод зөвшөөрсөнгүй. Энэ зуур тэдний хоорондох учир битүүлэг явдлын талаар Дублины нохой хүртэл хуцах болж, бүсгүйд зориулсан гунигт шүлгүүд нь Йэтсийг англи хэлтний утга зохиолын ертөнцөд хэдийнэ алдаршуулаад амжжээ. Дублинчууд бүр Модын охиныг Йэтсийнх гэж мэтгэх болов.
Тэгтэл санаанд оромгүй явдал тохиож, 1903 онд Мод Гонн өөрийнхөө үзэл нэгт нөхөр, Ирландын үндсэрхэг хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг Жон Макбрайд гэгчтэй гэрлэж гэнэ. Йэтс маш их хилэгнэн уурсаж, гомдон хорсож байлаа. Шаралхсандаа Жон Макбрайдыг басан доромжлох боломж бүрийг ашиглаж байв. Тэр үеийн шүлгүүд нь хорсол, егөөдөл, уур, гутралаар дүүрэн. Тэдэн дунд нь Жон Макбрайд хэмээх дүр “дайсны тал”-ыг төлөөлж байлаа.
Гэвч Модын гэрлэлт ахиад л бүтэлгүйтлээ. Бүсгүй шинэхэн төрсөн хүүгээ аваад Макбрайдаас салжээ. Тухайн үедээ Лэйди Григорий хэмээх эгчмэд бүсгүйтэй нийлж Ирландад шинэ үеийн театр байгуулан, жүжгийн урлагийг хөгжүүлэх тал дээр овоохон амжилт олоод байсан Йэтст энэ мэдээ дуулдахуй ёстой л бах нь ханажээ. Улмаар тэр Лэйди Григорийд бичсэн захидалдаа Жон Макбрайдыг дагавар охиноо “оролдсон” учир тэд салсан гэж онцолсон байлаа. Түүний ийн бичсэнийг сонссон дублинчууд “Ингэж хэлсэн байхыг бодоход үзэсгэлэнт Исеюлт түүний охин биш байх нь” хэмээн хэлэлцэж эхлэв. Чингээд хоёр хүүхэдтэй, ганц бие үлдсэн Мод Лондон руу үе үе зочлохдоо Йэтсийн гэрээр саатах болжээ. Танилцсанаасаа бараг 15 жилийн дараа хамтдаа өнгөрүүлсэн цорын ганц шөнийнхөө талаар Йэтс:
“Трой хотыг бүхлээр нь өлмийдөө сөхрүүлж
Тэнгэрлиг Гекторыг ч бохируулж чадсан үзэсгэлэн
Тэрлэг бүсээ тайлж хажууд минь хэвтэхэд
Тэлээстэй гар минь хүзүүн дор нь өргөс шиг санагднам”
хэмээн бичсэн нь буй. Тэдний анхны, бас сүүлчийн шөнө. Мод Гонн найрагчийг орхин нутагтаа ирэхдээ “Үүнээс хойш, түүнээс цааш ийм явдал ахин давтагдахгүй” гэж тов тодорхой бичжээ. Тэгээд шаналж, ганцаардаж үлдсэн Йэтсийг тайтгаруулах гэж “Хурьцал тачаалаас тойрсноор уран бүтээлчид онгод билгийн ундарга үл тасармуй” хэмээсэн захидал илгээж байв. Бүсгүй үлдсэн амьдралаа хоёр хүүхдэдээ сайн эх болоход зориулахаар шийдсэн биз. Макбрайдтай гэрлээд төрүүлсэн хүү нь хожим Ирландын гадаад хэргийн сайдаас олон улсын улс төрийн тавцан руу дэвшиж, “Эмнисти Интернэшнл”-ийг байгуулалцан, НҮБ-д олон жил өндөр албан тушаал хашиж, 1976 онд Нобелийн Энх тайваны эрхэм хүндэт шагнал гардсан, алдарт Шон Макбрайд шүү дээ. Харин түүний үзэсгэлэнт эгчийн талаар энд өөр түүх үгүүлэгдэнэ.
1916 он. Мод Гонныг хайрласаар даруй 27 жилийг үдсэн, нас 51 хүрсэн Йэтс Улаан өндөгний баярын үеэр гарсан улс төрийн үймээн самуунд оролцож явахдаа цагдаа нарт баривчлагдан ял сонсож одсон Жон Макбрайдыг эзгүйчилж, насан туршийн хайрт эмэгтэйгээ сүүлчийн удаа гуйгаад үзэхээр шийджээ. Тав дахь гуйлт. Хайрт бүсгүй нь хөгширч доройтоод гоо үзэсгэлэн замхран одсон, өвчин намдаагчдаа дасал болоод шаналж гутарсан, уймраа тэвдүү нэгэн болсон байв. Үүнийг нь мэдэх Йэтс түүнийг дэргэдээ авч халамжлахаа сэтгэлийнхээ үүрэг болгосондоо л гэрт нь очиж гэрлэхийг гуйсан гэж олон хүн ярьдаг. Гэвч угийн бардам Мод түүгээр энэрүүлж, асруулахыг хүссэнгүй. 27 жил. Тав дахь гэрлэх санал. Тав дахь татгалзсан хариу. Үүнийхээ дараа Йэтс ингэж бичжээ.
Хэтэрхий удаан хайрлах хэрэггүй
Дүү минь, хэтэрхий удаан хайрлах хэрэггүй
Би ч гэсэн, хэнээрхэж олон жил хайрлаж л явлаа.
Эцэстээ миний сэтгэл хуучны гунихруу дуу шиг
Элж мартагдаж л үлдсэн дээ, хөөрхий.
Өлчирхөн залуугийн цагт бидэнд
Өрөөлийн санаан дахь өөрсдийгөө тольдоод
Адилхан л нэг зүйл хүсч яваагаа
Анзаарч мэдчих сөхөө байдаг ч биш дээ.
Гэтэл, хүүхнүүд хормын дотор л өөрчлөгдчихнө
Гиюүрч, удаан хайрлах хэрэггүй
Эцэстээ чиний сэтгэл хуучны гунихруу дуу шиг
Элж мартагдаж үлдэхийн л нэмэр шүү.
Исеюлт Гонн
Насан туршийнхаа хайр, яруу найргийнхаа охин тэнгэрийн гэрээс 51-тэй өвгөжөөр Йэтс ахиад л толгой гудайн гарч явахдаа үүдний сэхээвчинд хайрт түүнийхээ залуугийн дүртэй таарчээ. Үзэсгэлэнт Исеюлт 22-той, ижийнхээ залуугийн төрхийг бүх талаар санагдуулам, болсон жимс шиг сайхан бүсгүй болжээ. Найрагч яахаа мэдэхгүй хөшиж орхив. Хаа газрын найрагчдын ингэж хөшиж алмайрсан харц Исеюлтэд харин шинэ зүйл биш байлаа. Бүсгүй тэр үед шүлэгч залуусын онгод болоод байжээ. Йэтсийн залуу анд Эзра Паунд хүртэл түүнд унаж тусан дурлаж байв. Энэтхэгээс Таагүр ирж Исеюлтэд баахан шүлэг уншиж амжжээ. Догдолсон бүсгүй шууд л бенгаль хэл сурахаар шамдаж, тэр хоёр Парист очиж Таагүрийн шүлэг найргийг бенгалиас франц хэл рүү хөрвүүлж удсан түүх ч бас болоод өнгөрсөн байж. Йэтсийн түүнийг олж харсан харц Эзрагийнхаас, Таагүрийнхаас эрс өөр байж. Тэр насан туршдаа шаналж хүлээгээд амьдралд ер туршиж чадаагүй, хэзээд залуу идрээрээ сэтгэлд нь хатаагдсан хайр дурлалынхаа “шинэхэн дүр”-ийг олж харсан юм. Тэгээд бүсгүйгээс гэрлэхийг гуйжээ. Гэвч Гоннынхны гэрээс тэр ямагт толгой гудайн гарах хувь тавилантай байсан аж. Чухам энд хүрээд л би
“Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!” гэж харуусан шүлэглэснийх нь утга учрыг таньсан юм. Нэгэн насаа ч зориулж чадах тэр их хайр, тэр их хүсэл шунал… Хөөрхий найрагчийн өмнө ямагт үзэсгэлэнтэйгээр оршиж, ахин дахин төрж, шинээр үхэж, шинээр мэндлэх биелээгүй хүсэл, амтлаагүй жаргалууд.
Дараа жил нь 52-той Йэтс үр удмаа үлдээхсэн гэж санааширч эхлэхэд урьдын амраг Оливия Шекспир нь түүнийг хэзээнээс ойлгож халамжлах тул нэгэн бүсгүй хөтлөн ирж танилцуулсан нь 25-хан настай хонгорхон Жоржия Лийс байлаа. Тэд гэрлэж, хоёр сайхан үртэй болжээ. 1923 онд Уйльям Батлер Йэтс “Үндэстнийхээ сэтгэл зүрхний илэрхийлэл болсон, урлахуйн өндөр түвшний шүлэг найраглалуудаараа” Нобелийн Утга зохиолын шагнал гарджээ. Хэдийгээр тэр модернистуудын төлөөлөл ч тэднээр л эвдэгдсэн уламжлалт шүлэглэлийн яруу сайхан, бадаглал зүй, хэм хэмнэлийг ягштал мөрддөг найрагч байв. Үүнийгээ “Шүлэг гэдэг хөгжим шиг өөрийн гэсэн хэм хэмнэлтэй байх ёстой” хэмээн тайлбарлаж, тэр хэмнэлийг нь сонсгохын тулд шүлгээ өөрөө уншиж өгөх дуртай хүн байв. Йэтс Нобелийн шагнал гардсаныхаа дараа л хамгийн мундаг бүтээлүүдээ туурвисан юм. Ингэж чадсан бүтээлчид тун цөөн. Ихэнх нь шагналынхаа сүрд дарагдаад өмнөхөөсөө ахихгүй байсаар дуусах нь бий.
Хайр сэтгэл гэхээсээ илүү хуурай ухаанаар шийдэж үйлдсэн гэрлэлт нь түүнийг Мод Гонныг тойрч эргэсэн 30 жилийн дөнгөнөөс нь салгаж, ёстой л эрх чөлөө бэлэглэсэн гэлтэй. Йэтсийн амьдрал 50 наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлж, хувийн амьдралаа тохинуулахын зэрэгцээ улс төрд хүч үзэж, уран зохиолд нэр мандаж, гадуур дотуур сэлгүүцэх нь ихэсч, охид хүүхнүүдтэй ч чамгүй зугаацах болжээ. Жоржия Лий тэр бүхнийг нь тэвчиж “Хожим таныг өөд болоход надаас хүмүүс амрагийн явдлуудыг чинь асууж л таарна. Тэгэхэд нь би юу ч дуугарахгүй, та санаа амар байж болно” гэж хэлнэ. Харин Йэтст залуу насандаа хатамжилж өнгөрүүлсэн бие сэтгэлийнхээ чилээг гаргах хэрэгцээ захаас аван байлаа. Тэгээд юу гэж бичиж байв гээч?
Хундаганы дуу
Аагтай дарс аманд цутгагдлаа
Аатай дурлал нүдэнд аслаа
Өтлөх, үхэхийн зуурт ийм л зүйлийг
Үнэн голоосоо мэдэрчих ёстой.
Хундагаа би уруулдаа өргөөд
Чам руу хараад санаа алдлаа.
Өтлөх үхэхийн зуурт амжиж хүртэх гэж шунасан бүхэн нь өвгөн найрагчийн сэтгэлийг дүүргэж чадсан эсэхийг таашгүй. Ямартаа ч:
“Аяа, залуу байсансан бол тэр охины гарыг л
Атгаж зогсохсон гэж хүсэхээс өөр юм алга аа!” хэмээх санаашрах өвгөнийг,
“Хундагаа би уруулдаа өргөөд
Чам руу хараад санаа алдлаа” хэмээн гунихрах өвгөнийг би ямагт өршөөн бодож, залуугийн ариун догдлолд нь хамаатуулан өмөөрөх дуртай.
Улаан орхимжоо дэрвүүлэн, дээлийнхээ хормойг шалбуурдан алхах лам хөвгүүд өмнүүр зөрнө. Тэднийг ч бас нэгэн насаараа хатамжлан сахих олон олон дурлал хүлээж бий.
Батсуурийн Баясгалан