КИМ ЁНСҮ: ХАЛААГУУР
2021-11-15 О.Хүслэн 1159

ХАЛААГУУР

- Өнөөдөр халаагуур муу байх чинь.

- Харин тийм ээ. Өнөөдөр бас үүрээр нэг юм болсон.

- Юу болов оо?

- Хэвлэгч машин дээр юм хийж байгаад боссон чинь урд маань цүнх үүрсэн нэгэн хөгшин зогсож байсан юм. Гэхдээ би чамд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

- Юу болсон юм бэ?

- Би зочид буудалд хамгаалагчаар ажиллаад аль хэдийн арван хоёр жил болжээ. Үйлчилгээний ажилтан хэзээд ямар ч хүнийг угтан авах ёстой ч энэ нь тийм ч амар байдаггүй ээ. Энэ зүйлээс болоод би салхинд их мэдрэмтгий болсон санагддаг. Учир нь хэн нэгэн ойртох мэдрэмж яг л салхитай адил мэт санагддаг.  

- Дэргэд хүн байх үеийн мэдрэмжийг хэлээд байна уу?

- Түүнээс арай өөр л дөө. Хүн бүрээс ирэх мэдрэмж ялгаатай гэх үү дээ. Зарим хүн нь сэвшээ салхи шиг зөөлөн харин зарим хүн нь хар салхи шиг ширүүн.

- Сонин л юм. Би ямар байсан бэ? Надтай уулзахаас өмнө салхи үлээсэн үү?

- Мэдээж шүү дээ. Дөрөвдүгээр сарын хуурай салхи мэт мэдрэмж... Жаахан дулаан бас жаахан хөндий. Гэхдээ тэр салхинд үнэр ч бас байсан.

- Сонин юм аа. Чи анх уулзахад эелдэг, албаны байсан санагдаж байна.

- Надтай анх уулзахад эелдэг, албаны байсан гэхээр жоохон онцгүй л юм. Уг нь ер бусын гэмээр мэдрэмж байсан юмсан...

- Ер бусын... Юу гэсэн үг вэ?

- Тэр хөгшнийг илэрхийлбэл... түүнтэй ярилцаад үзэхэд ямар ч мэдрэмж, совин гэхээр зүйл байгаагүй.

- Магад өмнө нь ирж байсан үйлчлүүлэгч байсан юм болов уу?

- Царай нь танил биш байсан. Буудалд орж, гарсан бүх үйлчлүүлэгчдийн царайг би санадаг юм. Энэ салбарт ажиллахаар нэг л мэдэхэд ийм болчихдог. Захиалгат үйлчлүүлэгч нар бүгд өрөөндөө орж үүр цайхад тэр хөгшин л үлдсэн. Тэгээд “Энэ Чаньпён буудал мөн үү” гэж асуухад нь “Та андуурсан юм шиг байна. Энэ бол Бижиби Эстэт” хэмээн хариулахад хөгшин “Миний санахаар энэ мөн дөө. Энэ биш бол Чаньпён буудал хаана байсан юм бол? гэсэн. Үнэндээ энэ нь хамгийн хэцүү асуулт байсан.

- Яагаад тэр үү?

- Хөгшинтэй ярьж байхдаа юмыг яаж мэдэхэв гээд интернетээс тэр буудлыг нь хайж үзтэл тийм нэртэй буудал нэг ч байгаагүй. Түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байсан болохоор хайлт илэрцгүй гэсэн хуудсаа ширтсээр л суусан. Гэтэл дахиад “Чаньпён буудал алга болчихсон юм болов уу” гэж асуухад нь сая нэг толгой өргөн би “Үгүй байх аа” гэж хариулсан ч тухайн үед бол ямар нэгэн зүйл оршин байж гэмээн алга болдог гэж бодсон. Анхнаасаа байгаагүй буудал алга болох боломжгүй гэсэн утгаар л ингэж хэлсэн хэрэг. Гэхдээ тэр хүн бол ингэж ойлгоогүй юм шиг байна лээ.  

- Тэр үүрээр хаана ч байхгүй буудлыг хайж байна гэхээр эрүүл ухаангүй эсвэл зөнгөрсөн  ч юм бил үү?

- Хэн ч тэгж бодохоор байсан л даа. Харин би түүнийг ойлгох гэж хичээсэн.

- Яаж?

- Арай халуун дулаанаар. Сайтар харвал хөгшин чичирч байсан болохоор кофе шоп уруу дагуулж яваад халуун ус өмнө нь тавихад аяга ус уугаад талархсанаа илэрхийлсэн. Халуун ус ч яахав харин энэ талархал нь “Тэр буудал алга болоогүй” гэх миний үгэнд байсан юм. Энэ үгийг л сонсохыг хүссэн байх. Дараа нь Чаньпён буудлын тухай ярьж эхэлтэл 42 жилийн өмнө бал сарын аяллаараа буудалласан газар нь байсан.

- 42 жилийн өмнө гэхээр бид нарыг төрөхөөс ч өмнө байх нь ээ. Тэр үед ямар буудал байсныг бид ч яаж мэдэхэв дээ.

- Тэр хөгшин Чаньпён буудлыг их л сайн санаж байсан. Орох хаалган дээрх мод, хүлээлгийн танхимд байрлах буйдан, гэрлийн бүрхүүл, рестораны цэлгэр цонхоор харагдах байгалийн үзэмж гээд л. Мөн оройн хоолны өмнө дөнгөж гэргий нь болоод буй түүнтэйгээ хамт нуурын эргээр зугаалснаа ярьж өгсөн. Бүрэнхийд нуурыг тойрон алхаж байхад гэнэт сархийн шувууд нисэхэд хөгшин зэрлэг нугас байсныг хэлж өгсөн. Эхнэр нь тэр өдөр анх удаа зэрлэг нугас харсан хэрэг.

- Аан анх удаа харсан байх нээ.

- Тэгээд хөгшин үргэлжлүүлэн эхнэр маань нас бараад хэдэн жил өнгөрсөн. Би ч одоо үхэх дөхөж байна. Гэхдээ амьдралынхаа туршид асуултан дунд л живж ирлээ гээд цүнхнээсээ үргэлж авч явдаг “Асуултын дэвтэр”- ээ гарган ирж үзүүлсэн. Түүн дотор нь “Би юунд ингэж их гунигладаг юм бол? Хүн яагаад хангалттай хайрлагдаж чаддаггүй юм бол? Яагаад цаг хугацаа ийм хурдан урсан өнгөрдөг юм бол? гэх мэт асуултууд бичээстэй байсан. Тэр дунд “Чаньпён буудал одоо хүртэл байгаа болов уу? гэсэн асуулт байв. Тиймээс л надад талархсан байх. Тэр буудлыг алга болоогүй гэж хэлээд халуун ус өгсөн болохоор. Тухайн мөчид тийм утгаар хэлээгүй дээ санаа зовнин буйг тэр хөгшин мэдээгүй. Түүний хувьд зэрлэг нугас харж, эхнэртэйгээ хамт хоол идээд унтсан нь энгийн нэг хосын өдөр тутмын амьдрал байсан бол харин одоо ер бусын зүйл мэт болж дээ.

- Ойлгох гэж хичээсэн нь сайн юм болжээ. Ийм зүйлийг нь хүртэл сонсоод.

- Харин л дээ. Яриа энэ хүртэл үргэлжлээд хөгшин явах гээд өндийхөд нь үүрээр хаачих гэж байгааг нь асуухад “Битгий санаа зовоорой” л гэсэн. Гэхдээ үгүй болсон нуурын талаар сонссон болохоор санаа зовохгүй байж чадаагүй. Тийм болохоор ажилчдын амралтын өрөө рүү дагуулж яваад эвхдэг орон дээрээ жаахан амраах гэтэл хөгшин “Зүгээр” гэсэн ч миний санаа зовсон хэвээр л байлаа. Ингээд амралтын өрөөнийхөө гэрлийг унтраагаад гартал гадаа зэврүүн байсан ч тэнд хэсэг зогсоход нэг тийм бодол төрсөн. Тэр доор харагдах хотын гэрэл өвгөний яриад байсан нуур байсан бол яах вэ гэж. Тэгээд тэр нууран дээрээс зэрлэг нугаснууд сархийн нисэхийг хараад залуухан, үзэсгэлэнтэй эхнэр нь гайхан хараад “Хөөх энэ зэрлэг нугас байх нээ” гэж хэлбэл. Тэгээд хоёулханаа хооллосны дараа үдэш болбол...

- Хэрэв тэгвэл өнөөдөр амьдралынх нь хамгийн дулаахан үдэш байна байх даа.

- Мэдэхгүй юм даа.

 

Орчуулагч О.Хүслэн

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top