ЧАМАЙГ ЗОВООХ ВИЙ ГЭСЭНДЭЭ ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС
Удаан хугацааны дараа найзаас маань зурвас ирлээ.
“Ойрд хэр байна даа. Сайн сууж байсан уу?”
Үүнийг уншуутаа л гар минь чөлөө завгүй хөдөлж эхлэв.
*
Би мэргэжлийн үнэмлэх авах гэж байгаа. Ерөнхийдөө ажилд орохоор зэхэж байгаа гэсэн үг. Миний сайн байгаа эсэхийг асууж байгаа бол... Би өөрөө ч сайн мэдэхгүй юм. Хоол унд сайтай, онцын хэцүү гэх зүйлгүй л. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм даа. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хийж буй бүхэн маань надаас дүрвээд байх шиг.
Миний кофешоп орох дуртай байсныг санаж байна уу? Тэнд хэнтэй юу ч хийсэн бай хамаагүй. Зүгээр л үл мэдэг анхилах кофены үнэр, намуухан хөгжим, гулсан орох латтед нь би дуртай байсан. Харин ойрын үед тэнд очсон ч тайвшрахаа больж.
Гар утсан дээр минь үзсэн киноны тэмдэглэл байдгийг мэдэж байгаа байх. Тэр өдрөө үзсэн киноныхоо нэр, постер, төрсөн сэтгэгдлээ бичдэг тусгай хэсэг. Өмнө нь кино дууслаа л бол бараг 30 минут утсаа барин суудаг байсан санагдана. Тасралтгүй урсах мэдрэмж, эргэлзээ зэргээ нэгийг нь ч алдахгүйг хичээдэг. Ийнхүү бичсэний дараа эргэн харахад кино үзэх үеийн мэдрэмж дахин нэг амилж илүү шинэхэн болох үе ч байдаг байв шүү.
Тэгж зүтгэлтэй гэгч нь бичдэг байсан би ойрын үед нэг л биш болж. Цэлийтэл нээгдсэн мэдрэхүйн даланг хэн нэгэн хүчээр хаачихсан ч юм шиг. Би олон зүйлийг урьдынх шигээ мэдрэхгүй байна. Тиймээс бичих ч аргагүй нь.
Хувцас ч мөн адил. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх ганган хээнцэр биш ч ядаж л өөрийн гэсэн онцлог бүхий хувцасладаг байсан. Гэтэл одоо шаргал, цайвар, бор мөн завсрын өнгөтэй хувцаснаас төрдөг дулаан мэдрэмжид дуртай болсон. Пүүзнээс илүү оффис гутал, даашинзнаас илүү өмд. Ихэвчлэн энгийн ч хаа нэг хээ, шоотой хувцас.
Энэ хувцсыг харахаар чи санагддаг гэх үгэнд би үнэхээр дуртай. Зөвхөн надад байх бие даасан байдлаар маань хүлээн зөвшөөрсөн мэт санагддаг. Мэдээж намайг тодотгож өгөх тэр хүний сэтгэлийн талаар хэлж байна л даа. Тиймээс ч хувцас сонгохдоо илүү хичээдэг юм шиг байна.
Тодорхой өнгөгүй миний одоогийн хувцаслалтыг харвал чи лав гайхах байхаа. Учир нь чи намайг сайн мэднэ шүү дээ. Гэхдээ одоо хичээлээс өөрийг хийхгүй болохоор гадагш гарах ч онцын шаардлагагүй. Ингээд харсан хаана ч өмсөж болохуйц хар өнгийн хувцас л эрэлхийлдэг болж дээ.
Чамд хариу бичиж байхдаа л ухаарлаа. Хүн дуртай зүйлээ алдах нь бодсоноос ч илүү сэтгэлийн эзгүйрэл өгдөг гэдгийг. Мэдрэмжгүй, бас бага зэрэг гиюүрсэн болгодог юм шиг. Хөл хорио мөн ажилд орох бэлтгэл намайг ийм болгосон байх. Тэгэхээр сайн сууж байна гэж хэлэх аргаггүй нь дээ.
Энэ байдлаасаа өндийхийн тулд хэдэн өдрийн өмнөөс сав л хийвэл сэтгэлээ бэлдэх болсон. Бичлэг үзэж, ном ч уншина. Мэргэжлийн үнэмлэхээ авчихвал шинэ зүйл оролдож үзмээр ч юм шиг. Магадгүй дасгал хийж эхэлдэг ч юм уу. Ямартай ч чи ч гэсэн ийм нөхцөлд орохгүйн тулд өөрийн хүсэл, сэтгэлээ хүндэлдэг байгаасай гэж хүсэж байна.
Миний энэ хариу зурвас чамайг битгий зовоогоосой.
Харин чи хэр байна даа? Би ч мэдмээр байна.
*
Зогсоо зайгүй хөдөлж байсан гар минь гэнэт зогсчихлоо. Дэлгэцээ удаан ширтсэний эцэст шалавхан бүгдийг нь арилгаад дахин бичиж эхлэв.
“Сайн байлгүй яах вэ. Мэргэжлийн үнэмлэх авахаар бэлдэж байгаа. Харин чи?”
Тэгээд илгээв.
Орчуулагч О.Хүслэн