Зургаан сар гаруут л дуусчих вий хэмээн өдөр бүрээр нь хайрладаг зуны улирал иржээ. Дэлгэр цагийг угтан зуны талаарх олон мэдрэмжийг тань хөглөх Солонгос яруу найрагчдын шүлгийг орчуулан хүргэж байна. О. ХҮСЛЭН
1.
Яруу найрагч, орчуулагч Рью Шихуа нь 1958 онд Солонгосын Өмнөд Чүнчон аймагт төрсөн. Түүний жинхэнэ нэр Ань Жэчань. Залуусын хамгийн хайртай яруу найрагч гэдгээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд тэрээр Японы хайкуг Солонгос хэлнээ орчуулах ажилд идэвхийлэн зүтгэж байна.
Талын өвс / Рью Шихуа
Талын өвс шиг амьдар
Сэтгэл дүүртэл салхилах
Хязгаар үгүй хоосролын ертөнцөд
Нүцгэн хэвтээд
Нүцгэн зогс.
Хамт байж, ганцаар орш
Өнгөрснийг үл дурсаж
Ирээдүй рүү үл тэмүүлж
Гагцхүү одоодоо орш.
Хэзээд сэтгэлээ чөлөөлж
Гунигийг гунигаар нь ирүүлж
Жаргалыг жаргалаар нь явуул
Тэгээд нам гүм бай
Гагцхүү чимээгүйн хэлээр
Аялгуулан дуул
Хэзээд талын өвс шиг
Өмч үгүй сүнсээрээ үлд.
2.
Ким Юүнгтэг 1948 онд төрсөн бөгөөд Өмнөд Солонгосын яруу найрагч, эсээч. Тэрээр хамгийн анх 1982 онд “Сомжинган гол” шүлгээ бичсэн бөгөөд өдгөө алдартай яруу найрагчийн дээр олон 40 гаруй жилийн турш уран зохиол, яруу найргийн багшаар ажилжээ.
2010 онд Солонгосын уран сайхны "Poetry" кинонд яруу найргийн багшийн дүр бүтээснээр энэ эрхэмийг бид илүүтэй таних болжээ.
Зургаадугаар сар / Ким Юүнгтэг
Бүхэл өдөржин чиний минь бодолд
Зургаадугаар сарын навчис зүг
Салхи үлээсээр наран жаргана.
Чамайгаа харах гэсэн
Цалгих хүслэнгээ
Зөнд нь орхих арга үгүйнээ.
Цонхны дэргэд шанаа тулан
Гөлрөхөөс өөр ажилгүй намайг
Гэнэт сочирдуулсан нь
Чиний бодол байжээ.
Бүхэл өдөржин чиний минь бодолд
Зургаадугаар сарын навчис
Салхинд сэрчигнэсээр наран жаргана.
3.
Яруу найрагч И Хэинь 1945 онд Гангвонь мужид айлын гурав дахь охин болон мэндэлсэн. Тэрээр католик шашны гэлэнмаа бөгөөд анх нэрээ нууцалж шүлгээ сэтгүүлд илгээдэг байжээ.
Зуны тэмдэглэл / И Хэинь
Нарны туяанд бүжих цагаан даавуу шиг
Ариухан цэнгэлийн амтыг нэг үзэх сэн
Сүнсийг минь хүртэл шатаах мэт наран доор
Би өөрийгөө угаан нэг хатаах сан
Зун,
Нарны илчинд боловсорсон усан үзмийн хонгорцог адил
Анхилам хөлсөө урсгахыг нэг хүснэ
Хөлсний дусал аялгуут дуу болох адил
Тийм л халуунаар амьдрахыг нэг хүснэ
Зун,
Нэг удаа ч атугай далай явахыг хүснэ
Давалгаатай орооцолдсоор ирэх
Сүрлэн уутнаас түүх сонсохыг хүснэ.
Дуу үгүй элгээрээ хэвтэн залбирах түүнээс
Хэрхэн амьдрахыг суралцахыг хүснэ.
4.
Хамгийн анх 1965 онд “Үүр” “Орчин үеийн уран зохиол” зэрэг бүтээлээрээ алдаршиж байсан тэрээр БНСУ-ын Яруу найрагчдын эвлэл, Суүолын утга зохиолын эвлэлийн зэрэг олон шагнал хүртсэн. Мөн Сөүлийн үндэсний их сургуулийн профессороор ажиллаж байжээ.
Наймдугаар сарын шүлэг / У Сэёнг
Наймдугаар сар бол
Өгсөх замын дунд гэнэтхэн
Буцах замыг бодуулдаг сар
Дэлгэрэх цэцэг, хагдрахтайгаа уулзах адил
Алсрах давлагаа, ойртон ирэхтэйгээ уулзах адил
Амьдралаас явангаа ирж байдаг тэр зүйл бол наймдугаар сар
Бутны сараана, хонхон цэцэгдийн дэлгэрэх үе атал
Ертөнц бүхэлдээ ногоорон халиурч шуугих атал
Наймдугаар сар бол
Оргил өөдөө өгсөхийн өмнө гэнэтхэн
Агч модоо дийлэлгүй сульдах
Намрын уулыг эрхгүй бодуулах сар