Уралдааны шилдэг шүлэгчид: ГАНТӨМӨРИЙН ХАШБААТАР
2017-05-02 Фройдын сүүдэр 1244

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Гантөмөрийн Хашбаатар.   Тэрээр Сэлэнгэ аймагийн Шаамар суманд 1992 онд төрсөн. Утга зохиол Нийгмийн ажилтны дээд сургуулийг 2014 онд Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Хас-Дорно бүлгэмийн гишүүн. Хас-Дорно антологит шүлэг нь хэвлэгдсэн.


***

Өө... цонх цантах нь дээ,
Өдөржин цас
Өрөөнд минь... Өвөл
Харин вааран дээрх
Эртний тосгон л зунаараа.

Гэвч,
Тэнд буй нэгэн эрвээхэй
Даарч байгаа нь мэдрэгдэнэ.
Тосгоноосоо зайдуухан мөөг түүсээр
Төөрчихсөн охины айсан зүрх шиг
Чичирж байгаа нь мэдрэгдэнэ.
Эрвээхэй
Зурган дээрх тосгоныг орхиод нисмээр байвч
Жижигхэн далиа дэвэх төдийд ваар хагарчих гээд болохгүй.
***

Хэнд ч үл сонсдох
Хоосон чанарын дууг аялнам би
Эртний цэцгийн тухай хуучны дууг санахын тулд
Эсвэл
Чимээгүй шиг зөөлхөн агаад
Ахуйгаас алсрах бүдэг жимээр
Чиний сэтгэлд очихын тулд л юм шүү дээ
Алга нэвтлэн орох зарим өдрийн бороо
Аль эсвэл өдөр бүрийн бороо
Балархай зүүднээс ч хүйтэн байвч
Судас болгоныг минь сүлжих
Дусал бүрийг мэдрэхдээ
Хэнд ч үл сонсдох хоосон чанарын дууг
Хэзээ ч санахааргүйгээр мартнам би
***

Шөнө бүр тэнгис зүүдлэсээр
Нэг л өглөө би өвгөн далайчин болж сэрлээ
Дэр минь нойтон
Орны хөл ороож өгссөн хүйтэн замаг
Хүзүүг минь орооход ч бэлэн байна
Торны шувуухай нисээд явчихсан
Тор нь газарт хэмхэрчихсэн
Яг л гишгүүлсэн цахлайн өндөг шиг
Загасчилах өдрүүдэд аадар цутгах шиг
Уйтар гуниг хичнээн хүнд вэ
Цаг хугацааны өгөөшийг хэдийнээ би өмхчихээд байхад
Яагаад намайг уснаас татаж гаргахгүй байна вэ
Ахиад унтаад тэнгис зүүдлэхгүй байж чадах болов уу
Өвгөн далайчны нүд мэт их усны мандлаас
Завь мэт орон дээрээ
Залуухан хүү болж сэрэх болов уу...

Гантөмөрийн Хашбаатарын шүлгүүдийг уншаад Тагтаа Хэвлэлийн Газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяа сэтгэгдлээ хуваалцлаа.

Сайн шүлгийг уншихад л андашгүй байдаг. Сайн шүлгийг мэдэрч, ойлгох гэж өөрийгөө “хүчилж”, “зовоох” шаардлагагүй. Хялбар хүртэгдэх шинж л сайн шүлгий шалгуур гэсэн юм биш. Магад хамгийн утга авцалдаагүй үгсийн нийлэмж шиг санагдах ойлгомжгүй шүлэг хүртэл уншигчийг ямар нэгэн сонин сэрэхүйд автуулж л байдаг, магад зарим шүлэг хүний сэтгэлийн хаалгыг шуудхан балбаж, зарим шүлэг унших тэрхэн мөчид ердөө дохио, тэмдэг төдийг үлдээчихээд зүүдэнд чинь тэрхүү дохио, тэмдгийнхээ утгыг тайлж ч мэдэх юм. Сайхныг нь шугам тавиад л хялбар хэмжчихэж болдоггүй “далд” нь, хүмүүний дотортой ямар нэгэн сэжмээр холбогдож байдаг “ил” нь зохиогчоосоо өөр хэн ч ойлгох боломжгүй элийрэл, сэтгэгдэл төдийхнөөс яруу найргийг ялгаж байдаг гэж боддог.

Бичээчийн эхний шүлгийг анхлан уншихад л “эмзэг”, “хүнлэг” чанараа шуудхан мэдрүүлж байна. Өчүүхэн далиа дэвэх төдийд л тосгоны зуныг төгсгөж, ваарыг хагалчих гээд буйгээ мэдрэн нисэлгүй чичрэн чичрэн тэвчсээр л буй эрвээхийг төсөөлөхөөс л...торгон мэдрэмж.

Дараагийн шүлэг харин “Ахуйгаас алсрах бүдэг жим”, “Хэнд ч үл сонсдох хоосон чанарын дуу” зэрэг илт өгүүлэх үгсээрээ хэлбэрдэлд ойр болсон шүлэг шиг санагдлаа. Үгээр гарамгай тоглохын зэрэгцээ шүлгийнхээ утга санааг алдахгүй байна гэдэг магад “туршлагатай” шүлэгчдийн л ялгуун үйл байх. Залуу шүлэгчид харин иймэрхүү хэлбэрдлээс болгоомжлох нь зүгээр байж мэднэ.

Сүүлийн шүлэг арслан зүүдэлж буй Сантьяго өвгөн, зогсолтгүй аадар цутгаж буй “Макондо” руу авааччих шиг тийм нэг шидэт мэдрэмж төрүүлж байна. Ер уншигчийн дотор тийм нэг хүчтэй зураглал, уур амьсгал төрүүлж чадаж буй шүлгийнх нь чанар содон санагдлаа. Тийм ээ, “Цаг хугацааны өгөөшийг хэдийнээ өмчихөөд байхад” юунд уснаас татаж гаргахгүй байна вэ?

ТАГТАА-гийн зүгээс Г.Хашбаатарт урлан бүтээхүйн ихийн их онгод цалиг ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top