Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Балдоржийн Алтанхуяг. Тэрээр 1996 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрсөн. Батноров сумын харьяат. МЗЭ-ийн гишүүн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. Одоо “Монцамэ” агентлагын урлаг, соёлын тоймчоор ажилладаг. Балдоржийн Алтанхуяг “Сэтгэлийн таталбар” /2011/ шүлгийн түүвэр, “Цаасан навчсын эмгэнэл” /2013/, “Зурмал нүдэт хэрээ” /2015/ шүлгийн түүвэр, “Муурын байшингуудын түүх” /2016/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлсэн.
* * *
Хичнээн шөнө өрөөндөө
унталгүй тарчилж хонов, би.
Хэдэн шөнө хана руу авирч
намайг ширтэж суув, чи.
Асуугаад нэмэргүй л дээ,
энэ хорхойн дотроос
асгартал уйлсан нүдээр
цоо ширтдэг, чи.
Утгагүйгээс нь залхаад үүр цайхын өмнө
урьд нь бэлдээд тавьчихсан авсанд орж хэвтлээ, би.
Адар өөд авирч ширээ рүү минь тонгойгоод
алдаж хагалсан дурсамжуудыг минь эвлүүлж үлдлээ, чи.
* * *
Хэдэн цаас гуйлгүй өвөрт минь хоносон янхан
хэд хоногийн дараа надад дурласнаа хэлнэ.
Залуу насны тийм хямдхан хүсэл
замхарч гүйцэлгүй урт өдрийг барна.
Сэтгэл гэгч хүслээс даанч ондоо хэмээвч
сэрээд үзсэн бүхэн минь зүүдний сайханд хүрэхгүй.
Сэрүүлэгний хонхыг мулт татаж дахин нойрсох шиг
сэтгэл догдлуулах зүйлгүй хуучин л өдөр шив дээ.
* * *
Хурууны өндөг эсгэсэн бодлууд шувуу болоод
элгээрээ зөөлөн давалгаа яран нисэхдээ замхрах шиг
гүн цэнхэр шөнөөр Хэнтий нуурын хөвөөнөө
гүйцэд намжаагүй салхин хэний гунигийн дуу вэ?
Хүслээ цусны амтаар дардаг өлсгөлөн шувууд
хүзүүн дээр минь сарвууны мөрөө үлдээгээд
эргэж харалгүй өчүүхэн арьс хошуундаа зуун одох,
эрэгт чинь би юу бодон суугааг ойлгосон мэт
амандаа хөвөн чихүүлсэн өвчтөн шиг хөөсрөх их усан
амь минь нэг шөнийн салхинд чинь бутран унах
хэврэгхэн зүйл гэдгийг ухаарахдаа эх орон минь уйлаад
тийм том нулимс унагасан нь чи юм уу?
Элгээрээ зөөлөн давалгаа яран нисэх бодлууд минь
харанхуйн гүн рүү шувуу мэт нисэн одохдоо замхрах шиг
гүн цэнхэр шөнөөр Хэнтий нуурын хөвөөнөө
гүйцэд намжаагүй салхин хэний гунигийн дуу вэ?
Балдоржийн Алтанхуягийн шүлгүүдийг бид утга зохиолын Хүрээ Ахан Дүүс бүлгэмийн гишүүн, яруу найрагч, зохиолч Даваадоржийн Энхболдбаатарт уншуулж уншаад сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр шүлгүүдийг уншаад: дп
Санагалзлын сүүдэр нь ганцаардахуй байдаг. Гуниг нэрмэвэл тэрхүү ганилант ганцаар сэтгэлээс түрэгдэн гарах илэрхийллүүд цочир агаад сонин байхаас өөр аргагүй. Ханан дээр хорхой мэт гүйх нулимст нүдний эзэн авст оршихуйд гансран хэвтэгчийг аргадан гуйх нь юу л бол гэвч шүлгийг нэвт сүлбэсэн тийм нэгэн бардам хүсэл залуугийн ганцаардлыг зарим талаар асар драматик болгож байгааг анзаарч болно.
Дараагийн шүлэгт яг ийм хүслийн ташаарал бүр тодорхой өгүүлэгдэхдээ ахуйлаг дүрслэлүүдтэй холилдон хэлбэржиж, гэнэн реалист (натуралист ч гэж болмоор) агуулга бүхий мета-зураглалыг үүтгэж байна. Зүүдний ба бодит оршихуйн шилжилт дээр үл тоомсорлол шигтгэсэн хэдий ч мөнөөх зүүд байдаг л нэг хэвийн тохиолдол бус болохыг халхавчилж дөнгөсөнгүй. Дотогш зөрчилдөх уран хэлбэрдлүүдэд мөчид мөчидхөн зүүгдэж үзэгдэх энэ байц агуулгууд илрэн илэрхийлэгдсэнүүдээсээ илүү олзуурхууштай санагдлаа.
Харин гурав дахь шүлэгт зохиогчийн дотоод бачуурал улам хурцлагджээ. Салхилант сэтгэлийн эрээвэр дүрслэлүүдэд үл мэдэг сентименталь маягийн санаашрал агуулж, асуух хэлбэршлээр илэрсэн дотоод эрэлхийлэлдээ бүдэгхэн цөхрөл шингээснийг өнгөц харвал арга барагдал буюу мухардал тодотгосон шинжтэй байна. Хачин гутранги элементүүд, бүр амь бутрах буюу үхэх, төгсөхийн эргэцүүлэл мэт атлаа эх орон харуусах хүртэлх үнэ цэнийг бэдэрсэнд яруу найргийн гэгээлэг чанар орших мэт.
хэмээн бидэнд сэтгэгдлээ ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс Б.Алтанхуягт урлан бүтээхүйн ихийн их амжилт, онгод билгийг ерөөе!