Эзэмшил хашаанаасаа хальж гудамж тийш өнгийн даваад нэлмийн ургасан алимны мод бүхий Бишкек хотын нэгэн гудамнаа хүргэж ирсэн хөлсний тэргээ зохих ёсоор үдээд, ачаагаа хөтлөн үлдвэй.
Олон зуун жилийн турш над мэт бядан явагчдад өлзий ээлээ хайрлахдаа хайрлаж, өвдөг сөхрүүлэн унагахаа унагаж асан их “Торгоны зам”-ын дагуух энэ хотод урьдчилан тохирсон нэгэн буурчийн газар аяны дөрөө ийнхүү мулталлаа.
Үнэ хямдын дээр, сургуультайгаа ойрыг бодолцож “юутай ч юмны туурьниа гартал түр сууя” гэж сэтгээд “Салма” хэмээх жижигхэн нийтийн буудалд сарын хугацаатай суухаар төвхнөв. Жар эргэм насны болов уу? гэмээр эхнэр нөхөр хоёр охин Салмагийнхаа хамт энэхүү буудлыг ажиллуулдаг ажээ.
Дэн буудлаас надад тасалж өгсөн хувь өмч хэмээвээс гүйдэг хаалгатай ганц битүү ор байх бөгөөд түүнийгээ капсул хэмээн нэрийднэ. Бие засах газар, угаалгын өрөө, гал тогоо, амрах ажиллах буйдан ширээ, ачаа тээшээ хадгалах шүүгээ, интоорын гурван мод бүхий арын хашаа нь харин энд ирсэн бүх зочдынх эсвэл зөвхөн миний л өмч хэмээн ойлгож болно.
Анх сонсоход л хоёр үзүүрийг нь шургуулан нийлүүлдэг савлагаатай эм шиг санагдаж байсан ор дэр маань төсөөлснөөс хол зөрсөнгүй. Буудалд саатсан хүмүүс өдрийн цагаар тус тусын ажил хэргээ гүйцээгээд шөнө болоход өөрсдийн капсулдаа багтан орж “нойрны эм” болон хувирцгаана.
Буудалласан хүмүүс голцуу л газар орон сонирхож яваа жуулчид ажээ. Тэд оройдоо нийтийн танхимд ширээ тойрч цай цүй оочингоо үзсэн харсан газар, идсэн уусан хоол, учирч танилцсан хүмүүсийнхээ талаар цахим толь, хуруу гарыг дадамгай оролцуулан хууч дэлгэнэ.
Эзэн Чингис хаан нэгэнтээ “Монголын газар нутгаар дайран өнгөрч буй худалдааны жингийн цувааг дайсан орных байсан ч довтолж үл болно” хэмээн зарлиг буулгасны учир нь зорчин буй худалдаачид, хэрэн хэсэх жуулчдаас хорвоогийн элдэв хачин, сонин дуулж мэдэх гэснийх байжээ.
Ирсэн өдрийнхөө маргааш нь нэжгээд Араб, Орос, Турк, хоёр Хятадын дундуур дэнэмгий нэг Монгол дэмбээ дэлгэх адилаар хоёр гараа өрөн бариад ширээнээ шахаж суулаа.
Араб эрийн нэрийг Хасан гэнэ. Тэр ширээн дээр тавьсан усыг өөрийнх нь нутагт хэчнээн үнэтэй тухай, мөн тэр нь энд зүгээр бие засах суултуураар урсаж байгаа талаар ярингаа байнга авч явдаг бололтой дэгжин гүцнээс өтгөн цай аягалж түүнийгээ шимэн сууна.
Харин Хятад залуус саяхан сүй тавьсан хос ажээ. Шанхай хотоос ирээд энд хэд хоног хоттой танилцаад цааш уул өөд аялал хийгээд тэндээсээ шууд буцах бололтой. Бүсгүй нь намайг Хятад төрхтэй гэхэд нь би “Танай залуу харин Монгол төрхтэй юм” гэсэн шүү юм хэлж саванд самбай хиймээр аядан суувай.
Орос залуу энд Европын орнуудаас виз хүлээж суугаа гэнэ. Унгар улсад зорчин 3-4 жил ажиллах санаа зүйжээ. Хэдий асууж сураглаагүй ч дайны хөлөөс л дайжиж яваа нь илт. Цэрэг татлагаас дүрвэсэн Орос залуусыг хэл усны бэрхшээлгүй Киргиз улс чухам л элсэн цөл дэх баян бүрд лугаа соронзлон татжээ. Бишкек хотын байрны түрээс сүүлийн жилд нуга өссөн нь дан ганц ийм учиртай биз ээ.
...Хар дайн харагдахгүй мөртөө
Харандаа, цаас гараас булааж
Шилэн савтай бэх хуурайлж
Ширээн дээрээс дэвтэр хураалаа...
Хэмээн Д.Пүрэвдорж абугайн “Хар цас” найраглалд бичсэнчлэн хаа байсан тэнд өрнөсөн дайн энд ирсэн надаас түрээсийн тухтай сууцыг түрдээ халааснаас минь суйлан авч өдий дүнгийн байртай үлдээжээ.
Өмнөө ном тавьсан, нүдээ эргэлдүүлэн чанга дуугаар ярих Турк бүсгүй Голланд улсад англи хэлний багшийн ажилтай гэнэ. Орон гэр, ээж аав нь цөм тэнд. Сургууль амруут л цүнхээ үүрээд хаа нэгэн газар луу гарч өгдөг аж.
Сонсох нь ээ яваагүй газар үгүй бололтой. Монголд очиж үзэх төлөвлөгөө ч гаргасан. Тэр нь мөн хэдэн жилийн дараа гэнэ.
Алмай сууж байгаад түүний өмнө байх номд санамсаргүй харц буулгатал “Сабахаттин Али” гэсэн гэсэн нэр нүднээ тусав. Хэлгүй мэт удаан суусан би гэнэт л “...Мадонна” гэсэн ганц үг чанга гэгч хэлээд таг болчхов.
Хаа байсан Иран улсын хоол унд хэчнээн сайхан талаар ам булаалдан цэц хаялцаж байхад дүн пад сууснаа гэнэт огт хавирахгүй үг хэлчихсэнд минь бүгд гайхан над руу ширтэцгээнэ.
Турк бүсгүйд хандан номыг нь заагаад “Сабахаттин Али” “...Мадонна” гэж үгээ залгин хэлтэл өнөөх маань харин номын нэрийг гүйцээн чангаар хэлээд намайг бүгдийн анхааралд татан авч ирэв. Өмнөө талбин суугаа өнөөх ном нь мөн л Монгол хэлнээ орчуулагдсан “Бидний доторх чөтгөр” хэмээх ном байжээ.
Турк бүсгүй Сабахаттин Алигийн хоёр номыг жишин ярьж эхлэв. Надад ойлгох юм ховор. Лавтай нэгийг нь уншсан тулдаа л Райф гэдэг нэрийг арай ядан ялгаж сонсов.
Хариуд нь би Л.Мөнхтөр багшийн орчуулсан “Турк яруу найргийн дээжис”-ээс тогтож үлдсэн Орхоон Вээли, Наазим Хикмэт тэргүүтэй яруу найрагчдын нэрсийг гавжийн дамжаанд дагсал хаяж байгаа аятай хэлээд эцэст нь Орхан Памук, Элиф Шакаф гэснээр мэддэг “Орос хэл” дууслаа.
Турк бүсгүй Амстердам хотод нутаг нэгтэн Орхан Памукын уншигчтай хийсэн уулзалтад сууснаа хэлж тэр уулзалтын зураг хөргийг утасны дэлгэцнээ дэлгэн бариад нааш татаж гайхуулахад би хариу болгож хэдхэн сарын өмнө зохиолчтой биечлэн уулзаад, түүгээр ч тогтохгүй бүр гэрт нь орж хундага харшуулаад ирсэн хоёр найзынхаа зураг, бичлэгээр дайлав.
Эцэст нь би яах аргагүй гартаж, буу сумаа хураалгах дээрээ тулж байтал зохиолчдын талаар ярьж буйг мэдсэн буудлын эзэн авхай яриаг дэврээж хамгийн гайхалтай зохиолч бол Чингиз Айтматов хэмээсэнд Турк бүсгүй харин түүний талаар юу ч мэдэхгүй болж таарав.
Би мөн л “...Жамиль” гэдэг ганц үг хэлээд аг чиг болоход авхай үргэлжлүүлэн Жамиль, Данияр нарын хайрын түүхийг дүрслэн ярьж олон Турк зохиолчдын нэр ус, зохиол бүтээлийг мэдэхгүй булан хавцалд шахагдаад байсан надад хүчин хавсарлаа.
Шанхайн хоёроос Үй Хуа зохиолчийг сураглахад тэд мөн дуу шуу болоод явчхав. Үй Хуаг тун удахгүй Монголд айлчлах талаар чадан ядан сонин болгоод гурван улсын алдарт зохиолчдын нэр төдийхнөөр арай чамай улаан нүүрээ тахалсан боллоо.
Хуйгаар торго, хунзаар цай зөөсөн худалдаачид, олз омог, адал явдал бэдэрсэн сайн эрс, түүх цадиг, газар орон, хүн зоны амьдрал ахуй судалсан харь улс, эргэл мөргөлийн сүсэгтнүүд гээд олон хөлхөж асан их “Торгоны зам”-ыг эцэг өвгөд минь эртнээс “Түмэн уртын зам” хэмээн нэрлэж иржээ.
Түмэн уртын зам гудас дэн буудлын гол танхимд “..Мадонна”, “Жамиль” хэмээн хэлд орж аваад “Царцаа Намжил”-ийн үлгэр намайг олон аврахгүй вий... хэмээн бодсоор капсулдаа орж “нойрны эм” төлөвтөө шилжлээ.
Маргааш өглөө нь хос хоёр ууланд аялахаар гарч байгаатай таарлаа. Тэд үүгээр дайрахгүй шууд нутаг буцацгаана. Ахиж хэзээ ч бараа дүрс, царай зүсээ харахгүй байж мэдэх ч тэр улстай ямарч гуниггүй салах ёс хийж сайн сайхныг хүсэн үдэн гаргаж өгөөд мөнөөх танхимд ортол Араб эр танимхайран мэндлээд дэгжин гүцнээсээ цай аягалж хамт уухыг санал болгов. Багахан хийгээд амсаж үзвэл үнэхээр чанга эд ажээ. Хажууд нь тухалж авлаа. Мань эр ээтэн гутал шиг Арабын хойгийн өмнө боомд орших Бахрейн улсаас иржээ. Удалгүй цайны ширээнээ Турк бүсгүй нэгдэн ирлээ. Тэр өнөөдөр Киргиз улсын утга зохиол, урлагийн музей үзэх төлөвлөгөөтэй агаад мөнөөх газар нь 30 минут л алхаад хүрчих ойрхон гэнэ.
Утга зохиол, урлагийн музей гэсэн үг сонирхол татаад явчхав. Хамт үзэхээр тохирч хоёр цагийн дараа гарахаар цаг тогтож авлаа.
Ийн байтал удалгүй Араб эрийн цай ид шидээ үзүүлж эхлэв. Дотор хутгарч ариун цэврийн өрөөнд нулимсаа гартал хий огив. Зүрх ч салганаад явчих шиг. Балгаж шимэхэд нүд онгойж, хацар туяарч байсан ч өлөн дээрээ хүртчихсэнээс болсон уу бүү мэд бага тунгаар уусан гэлтгүй хамаг бие бөнжгөнүүлчив.
Капсулдаа ороод өөрийгөө “зүрхний эм” мэтээр төсөөлөн хэвтсээр овоо дээрдэж авлаа. Тогтсон цагтаа мөнөөх жуулчинтайгаа нийлж Утга зохиол, урлагийн музей тийш утсандаа зам зурж аваад, гарч өгөв.
Алхаж яваад гэнэт өмнө мэлсхийн хөндөлдсөн өндөр уулсыг хараад уулга алдчихлаа. Ойр зуур гарахдаа ч утасны дэлгэцэд заах зам харж даган гэлдэрсээр тэргүүнийг өргөхөө умартсан байжээ.
Уулстай л хот гэж сонссоноос унаад ирэх гэж байгаа юм шиг том оргилууд үүлнээс дээшээ зулай дээр байж байх юм гэж санасангүй. Бахдам бас сүрдэм ажээ.
Бид гар утасны ярианы толь зэргийг ашиглан элдвийг хүүрнэж явлаа. ...Бүсгүйн ковидын эхэн үед Казакстан улсад байж таарчээ. Хүндээр өвдөж эмнэлэг бараадаад Руслан гэх эмч залуутай учирч. Эхлээд эмч, өвчтөн хоёр байсан залуус тогтмол утсаар ярьж уулзсаар улмаар дотносожээ. Бүсгүй холын Голланддаа буцсан ч тэд харилцсаар л байж л дээ. Харин аажимдаа эмч залуугаас нь хариу удааширсаар чимээ тасарч. Гэсэн ч бүсгүйн сэтгэлээс өнөөх нь гарч өгсөнгүй. Энэ удаад ч мөн л Казакстаныг зорин ирж тэр хавиар эргэлдэж байгаад наашаа иржээ. Буцахдаа мөн л түүгээр л явах гэнэ. Залуу нь бас огт ор сураггүй болчхоогүй бөгөөд уулзъя гэхэд нь хар цагааны дуу гаргахгүй байгаа гэнэ. Учрал нь хэдий хүнд ч бүсгүй Русланы талаар ярихдаа нүд нь аз жаргалаар дүүрч, цогшин гялалзана.
Бидний үзсэн музей хэн хэний маань хүлээлтэд хүрсэнгүй. Баахан туульчдын зурагтай гэр музей аж.
Буцаж явахдаа чиний залуу гэхдээ Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Маддона”-д гардаг Райф шиг юм байна гэхэд. Бүсгүй “...Магадгүй ээ. Гэхдээ би түүнээс эхлээд түүнээс Райф шиг л явсан” гэж хэлээд дуугаа хураачхав.
Зугаа цэнгэлийг хөөж, сэтгэл юугаа баясгаж яваа мэт дүртэй нэг жуулчин бүсгүйн үнэн учир нь ердөө ийм л санж. Үзэгдэж байгаа шигээ дардан биш “Түмэн уртын зам”-д хүний амьдрал гэдэг мөн л харагдаж байгаа шиг ээ жаргалтай биш ажээ.
Одоо харин тэр бүсгүй Чингиз Айтматовын “Жамиль” шиг болжээ. Русланаа дагуулаад эсвэл дагаад хаашаа ч талийж өгөхөөр сэтгэл юу нь шулуудаж. Харамсалтай нь түүний Руслан нь бас Данияр байж чадахгүй нь дээ хэмээн дотроо бодоод “цагаан морин” жилд төрсөн бүсгүйн өмнөөс баахан өмөрч орхив.
Энэ үдэш би капсулдаа ороод “тайвшруулах эм” болон хувирахыг ихэд хичээвэй.
Үүрээр манай ангид суралцах Афганистан залуу зэргэлдээ капсулд ирж байрлав. Бид сургуулиас илгээсэн нэг нийтийн захидлаас нэр хаягаа мэдэлцэн хэрхэн байр түрээслэх талаар захидал солилцож ичнээ танилцсан юм.
Би урьдаар ирсэн тул энэхүү дэн буудлын талаар мэдээ сэлт өгч тэр дагуу мань эр олоод иржээ. Жавад Мохаммидын яс үндэс нь Хазар гэнэ. Тэгэхээр нь “Чи Хазар Монгол уу?” гэж асуусан “Тиймээ бид хоёр үндэс угсаа нэгтэй Монгол хүмүүс юм” гэх нь тэр.
Хоёр жилийн өмнө Афганистаныг Талибууд эзэлж улс орноосоо дүрвэх хүсэлтэй үй олон хүмүүсийн зарим нь АНУ-ын нисэх онгоцны дугуйнаас зүүгдэн өндөрт хөөрөөд хөсөр шунган унаж байх үест манай улсад зохион байгуулагдаж байсан “Хазар Монголчуудаа хамгаалъя, нутаг нэгтнээ эх орондоо авч ирье”. гэсэн утгатай нийтлэгдсэн хэвлэлийн хурлын мэдээг түүнд үзүүллээ.
“Удам угсаа, үнэт зүйл, түүх соёл нэгтэй ахан дүүс минь биднийг хүнд хэцүү үед минь хайрлан хамгаална” хэмээн чанга дуугарсанд тэр халуун талархал илэрхийлэв.
Жавад маань Афганистанаас Иран улс руу 3 сарын визээр гарч түүнийгээ дахин гурван сар сунгаж байгаад наашаа иржээ. Мөн өөр нэг Афган залуу манай хөтөлбөрт шалгарч бүх бичиг баримт нь бэлэн болсон ч Талибууд түүнийг онгоцны буудалд саатуулан тодорхойгүй шалтгаанаар нааш гарах зөвшөөрөл олгосонгүй.
Хаа очиж Монголын заяа их юм даа. Халх Монгол, Хазар Монгол хоёр тэврэлдэн уулзаж аваад хоёул эрдэм сурах “Түмэн уртын зам”-даа дөрөө нийлэн шуударч авлаа.
Бишкек хот, Киргиз улс
2023-09-02
Хүндэтгэн ёсолсон: Ц.Гончиг
Үргэлжлэл бий....