Ажлаа тарчихаад их хотын бум бужигнасан олны дунд хэн рүү хаашаа яараад байгаа нь мэдэгдэхгүй мертоны зүг бусадтай уралдаж явтал “Сэтгүүл ирчихлээ. Энэ хүнтэй холбогдоод аваарай” гэх зурвас ирэв. Нүдэндээ ч итгэсэнгүй. Зурвасыг байн байн харж үнэмшиж өгөхгүй байсан тул тухайн хүнтэй цаг товлож би өөрөө очиж авах хүсэлт тавиад их л догдлонгуй очиж авсан. Тухайн үед дурласан залуу руу гаа яарч байгаа мэт тэр минь хаанаас юм гараад ирэх мэт тийм их хүлээлттэй сэтгэл түгшилттэй зогсож байгаад сэтгүүлээ гар дээрээ авлаа. Гоё сэтгүүл гэж сэтгэл догдлохын хажуугаар нээх гоё хүнтэй мөн учруулсан дурсамжит өдөр.
Би ямар энэ сайн хэсэг, энэ тааруухан хэсэг гэж үнэлж шүүж чадах биш. Энэ сэтгүүлийг эргүүлж суухад надад мэдрэгдсэн мөн тэгээд дахин эргэцүүлэхэд хүргэсэн тэрхэн мэдрэмжүүдээ бичвэр болгож байгаа нь энэ юм.
Нутагаа бодох, нутаг руу гаа яарах бодол ойрын өдрүүдэд яагаад ч юм их л төрөх боллоо. Нутгаасаа хол байгаа найзтайгаа дүрсээр ярьж суухад “ Миний найз одоо нэг нутаг руу гаа явчихаад ирсэн нь дээр байхаа. Чиний виз чинь ирж очиход асуудалгүй. Харин би өнгөрсөн хүн. Эндээ л шингэх юм шиг байна. Чи миний өмнөөс мөн өөрийнхөө өмнөөс 7 хоног ч гэсэн очоод ир” гэх үгийг сонсоод би найзтайгаа хугацаа товлохын эцэсгүй уулзах өдөр минь хүртэл барагцаалахын аргагүй холдсон гэдгийг сонсоод “ Чи явахгүй юм чинь би ч бас явахгүй гэж” хэлээд утасаа тасалж номоо эхлүүллээ.
Эх орноо чамлаж
Ижийгээ тамлаж
Ханасан бол
Буцаж ир
/Б.Лхагвасүрэн гуайн Хишигдорж шавьдаа илгээсэн номон дээрх үг. 118 дугаар тал/
Энэ үгийг унших мөчид их том лүндэн толгойн дээр бууж. Энэ хотод ирэх үүрэг даалгавартай адил буцах гэдэг үүрэг даалгавар авах шиг. Би буцах хэрэгтэй юм байна гэсэн шийдвэрийг гаргахад хүргэсэн ярилцлага.
Казино бол их том ангал гэдгийг энэ ярилцлагаас ухаарах шиг. Хамтдаа эмээ өвөө дээр минь өссөн үеэл ах минь энэ хотод энэ том ангалд унаад мөн л 10 гаран жилийг ардаа үлдээсэн сурагтай. Намайг энд ирэхэд ах минь танигдахын аргагүй шал өөр хүн болсон мэт харц нь хүртэл өөрчлөгдсөнг тухайн үед мэдсэн. Мөн нь л ярьж хөөрч байгаад надаас мөнгө зээлээд усанд хаясан чулуу шиг алга болсон хүн. Нэгэн өглөө 7 цагийн алдад утсанд ахаас дуудлага ирнэ. Би ч хаширлаад дахиад л мөнгө асуух байх гэсэндээ дуудлагыг нь тасартал харж суусан юм. Гэтэл энэ ярилцлагыг уншаад муу ах минь аль газар ядарч зүдрээд надаас аврал ирж залгасан болдоо гэх харуусал дотор зурахад мөн өнгөрсөнийг эргэцүүлэн бодоход хүргэлээ.
Ярилцлага, өгүүллэг, нийтлэлүүд гээд нэг хэсэгээс нөгөө хэсэг рүү дамжих мөчид уншсан хугацаанаасаа илүү дундаа зогсолт авч бодолд автаж мэдэрсэн мэдрэмжээ дахин шүүж эргэцүүлсэн хугацаа минь уншсан хугацаанаас минь урт. Үг бүрийг шуналтайн аргагүй уншаад цэг тавигдаж нэг хэсэг дуусах мөчид би амьсгалтай гэдгээ санаж нээх гүн амьсгал авч бодолд автана. Ингэж л намайг бүхнээс холдуулж өөртөө шингээж хэсэгхэн хугацаанд бясалгахад хүргэсэн цаг мөчүүдийг “Өвөл”сэтгүүл мэдрүүллээ.
Тогоо ямаатаж, аргал цогшсон бор гэртээ очмоор байна
Тосох хүн, угтах нохой ч үгүй болгодог энэ орчлонг сөрж
Тооноор нь ирвэсийн нүд шиг шаргал одод шагайсан
Толгодын энгэрт хярсан бор гэртээ очмоор байна
/Уртын дуу шиг хүн ярилцлага 62 дугаар тал/
Харь хотод их л удаан байж болохгүйг өөрөө бусдыг санахаас эхлээд намайг санаж өгүүлдэг эцэг эх минь санахын бэтгэрэлд эдгэдэж байгаа гэдгийг ухааруулах шиг. Нутагаа санаж байгаа надад энэ л хэсгүүд зүрхэнд тусан мэдрэгджээ.
Номыг уншиж эхлэхэд шунан дурлаж эхлүүлдэг бол ном дуусах мөчид салж хагацмааргүй санагдана. Баруун гарт мэдрэгдэх хэдхэн хуудас төгсгөл ойртож буйг сануулж хоргодох мэдрэмж төрүүлдэг нь номны ид шид гэж боддог.
Дахин нэг “Өвөл” онгоцны альхан нэгэн хэсэгт үүл зүсэн намайг чиглэн ирж байгаа. Тэр л “Өвөл”-ийг мэдэрч чадах хүнд нь бэлэглэе гэсэн бодол төрнө.