Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Батхүүгийн Батзаяа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотод төржээ. Яруу найргийн "Баяртай гуниг минь" /2010/, "Догдлолууд" /2012/ түүврүүд хэвлүүлсэн. ETV телевизэд найруулагчийн алба хашдаг.
САЛХИНЫ ТУХАЙ
Хожим бодохнээ тэр салхи
хоёрын хоёр хүнийг
тээр дээр гаргачихаад сарничихдаг
хоржоонтой, даанч тохуутай.
Бид ч гэж зайлуул хамхуул шиг
биесээ чирч хийсч хийсчхээд
догдлол, сэтгэл хөдлөлдөө эцэст нь
доромжлуулсан шиг...
Сахиулсан тэнгэрс шиг дүүлж яваад
хүйтэн бороонд салам цохиулсан шиг...
Нойрноосоо сэрсэн шиг,
нойтон, хүйтэн чулуун замаар
нохой шиг сүүлээ хавчаад буцаж явахад,
хоромхон зуурт нисээд хүрчихсэн өндрөөсөө
хоосон, сэтгэл дундуур удаан гэгч нь
уруудаж явахад, унаж явахад
амьдрал гэдэг тээр дороос цорвойх
амтыг нь мэдэх, хагарсан, нулимсанд түлэгдсэн
ахиж үнсмээргүй уруул шиг...
Ээ тэгээд,
ийм гансрал, тогтуун-зовиуртай мэдрэмж
эцэст нь хүлээж байх юм гэж мэдсэн бол,
ахиад хичнээн салхилсан ч хөдлөхөөргүй
амьгүй хүндээс хүнд зүрхтэй болно гэж
анхааруулсан бол, хэлсэн бол
дуртай нь аргагүй би тээр дээр байхдаа
дух руугаа сум зоочих байсан. Эсвэл
нисэж явахдаа л хад мөргөчих байсан.
Нэг бол судсаа хэрчиж улаан бороотой
түр зуурын нимгэн үүл болох байсан.
Нэг муу, иймхэн шүлэг бичээд
сууж байхгүй л байсан.
EXIT
Ингээд л гарчихсан бол энэ нүхэнд
ийм олон хоног тарчлахгүй байсан.
Гэхдээ, ингээд л гараад очсон бол бид нэгнээ
ийм ихээр хайрлаж чадна гэдгээ
мэдэхгүй л хоцрох байсан.
Айдас бидний гарыг атгалцуулж
хамтдаа илүү хүчирхэг болохыг ойлгуулсан.
Амьдралд тохиолдсон зовлон гачлан
биесээ илүү таньж, хайрлахад хүргэсэн.
Харанхуй урт хонгилын цаана хамтдаа гарч чадсан.
Гэхдээ үүнээс илүү нь
харах нүд, сонсох чихээ алдаж хоёул төөрсөн хэдий ч
хоёр биедээ буруугаа тохож, аль муугаа үзэлцсэн гэлээ ч
холдож чадалгүй хамтдаа байсан тэр хэцүү үеүүд юм.
Тиймээс, алдаж төөрөөд
эрж эрж олсон зам гэдэг л зам юм гэдгийг
айж айж, түгшиж түгшиж олж үзсэн гэрэл гэдэг л
гэрэл юм гэдгийг
ард нь хоцрох айдасгүй бол, харанхуйгүй бол
туулсан зовлонгүй бол
аль нь чухам зөв зам, юу нь жинхэнэ гэрэл гэдгийг
аргадаж биесээ тайвшруулж асан
тэдгээр үгсийн хүчийг ч ухаарахгүй байсан.
Ингээд л хүрчихсэн бол
энэ их тоос шороо, хөлс, цус, нулимс
ирээдүйд үлдэх байсан.
ПЛАНУУД
Цайны мухлагийг цас дарсан байна.
Цантсан цонхны наадах ширээнд хосууд
цай уугаад сууж байна.
Бүсгүйн царай гомдож тунирхсан байна.
Бүлээхэн хуруугаараа хүйтэн цонхон дээр
юу ч юм зурж байна.
Хуруугаар хүрсэн газрынх нь цас хайлж байна.
Хуруугаа холдуулж байна.
Цоолсон шиг жижигхэн зайгаар одоо
цонхон цаадах зүйлс харагдаж байна.
Хоосон танхим,
хосууд өөдөөсөө ширтээд сууж байна.
Дунд нь ширээ, ширээн дээр цай сэлт,
цаана нь цантсан цонх,
цонхны голд цан нь арилсан хэсэг,
цас орж байна, гадаа гудамж,
байшингууд, цастай хүйтэн өдөр
цайны мухлагийг мэдээж цас дарсан байна.
Батхүүгийн Батзаяагийн шүлгүүдийг бид Болор Цомын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасарт уншуулж уншаад сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр шүлгүүдийг уншаад:
Миний бодлоор яруу найраг хүмүүний мэдэрч чадах мэдрэмжийн охь оргил нь билээ. Яруу найрагч хэмээгч нь огторгуй мэт агуу сэтгэл гээч их авдарыг мэдлэгийн хэрээр төнхөж хүмүүст тэр мэдрэмжийг түгээх тэнгэрийн шууданч билээ. Миний мэдэх ертөнцийн төгс үнэн гайхамшигт мэдрэмж гагцхүү яруу найрагт л оршино. Тийм үү? Энд буй "Салхины тухай" шүлэг сэтгэл гэгчийг салхиар төлөөлүүлэн тэр салхин дотор догдолж, нисэж, хийсч, дүүлж, автаж хайраас хагацаж буй шаналлыг илэрхийлжээ. "Амтыг нь мэдэх хагарсан, нулимсанд түлэгдсэн ахиж үнсмээргүй уруул шиг" гэх мэт ёгт дүрслэл энэ бүтээлийн гол олз нь гэж санагдана. 'Дурлахгүйгээр хорвоог яаж туулна даа ...' гэж санаа алдмаар . Exit-Гарцгүй, сэтгэлийн хар нүхэнд хоригдол мэт тарчилж энэ хорвоог яаж туулах вэ? Хаашаа, хаана, яаж гэх мэт түмэн асуулт ээдрүүлсэн шаналал... Харах нүд сонсох чихгүй өчүүхэн хүмүүн төрлийг тохуутай харж, харанхуйн дундуур хайраараа хөтлөлцөн гэрэл гэгээ хайж, амьдрал хэмээх түнэр хонгилыг туулж байгаа нь бие биендээ жаргал хайрлан ханьсахын утга биш гэж үү? Планууд Цантсан цонх шиг сэтгэлийг бүлээн хуруугаар гэсгээн шагайж байгаа бүсгүй-тэр миний сэтгэлийг бүхэлд нь олж харсан байх, хуруу дарам зайгаар... Зөөлөн инээмсэглэх бүсгүйтэй тэр цайны газарт сууж сэтгэлээ нээж энэ л шүлгүүдийг дахин дахин унших юмсан ...
хэмээн сэтгэгдлээ ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс Б.Батзаяад урлан бүтээхүйн онгод цадигийн дээдийг ерөөе!