Уралдааны шилдэг орчуулагч: ЭНХБЭЛЭГИЙН МӨНХЗАЯА
2017-05-09 Фройдын сүүдэр 1032

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах номын нээлт-ийн үеэр зарлаж шагнах болно.

Өгүүллэгийн орчуулгын уралдаанд дээр дурдсанчлан 45 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг таван орчуулагчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Мөн шилдэгт багтсан таван оролцогч манай хэвлэлийн газартай хамтран ажиллах боломжтой.


Уралдааны шилдэг орчуулагчдын нэг Энхбэлэгийн Мөнхзаяа Оросын нэрт зохиолч Александр Иванович Куприны "Будлиан" өгүүллэгийг Орос хэлнээс орчуулжээ. “Ирүүл” /1895/, “Молох” /1896/, “Олеся” /1898/ зэрэг роман, амьтдын тухай өгүүллэгүүдээр бидний сайн мэдэх эл зохиолчийн бас нэгэн сонирхолтой өгүүллэгийг та бүхэн авьяаслаг орчуулагч Э.Мөнхзаяагийн орчуулгаар уншина уу.

Александр Иванович Куприн (1870-1938)

БУДЛИАН

“Зул сарын баярыг 1896 онд миний нэг өвчтөн тун өвөрмөц угтсан шиг явдал өөр хэнд ч тохиож байгаагүй гэж би боддог. Гэхдээ би энэ инээдэмтэй хэрнээ эмгэнэлт явдлын талаар юу ч ярихгүй. Гол хүн маань энэ талаар юу гэж бичсэнийг өөрөө уншсан нь дээр” хэмээн хот дотроо гайгүйхэн нэр хүндтэй сэтгэцийн эмч Бутынский өгүүлэв.

Ингэж хэлэнгээ эмч бичгийн ширээнээсээ янз бүрийн хэмжээтэй, боодолтой бичиг сачигуудыг үнэхээр эмх цэгцтэй байршуулсан дундах шургуулгаа татлаа. Боодол бүр нь дугаартай, хүмүүсийн овог нэртэй аж.

“За энэ дээ, миний азгүй өвчтөнүүдийн түүх” хэмээн Бутынский хайрцган дахиа овоолонгоо хэлэв. “Сүүлийн хэдэн арван жилийн турш миний хамгийн их нямбайлан цуглуулсан бүхэл бүтэн цуглуулга. Дараа хэзээ нэгэн цагт үүнийг хамтдаа цэгцэлнэ. Энд хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм, тэр ч бүү хэл сургамж болох тун их юм бий дээ. Харин одоо, та энэ цаасыг унших хэрэгтэй гэж бодож байна.”

Би эмчээс хуудасныхаа дөрөвний нэг хэсэгтээ том, шулуун, нэлээд чанга дарсан хэрнээ жигд бус бичигтэй бяцхан дэвтрийг авлаа. Миний уншсан зүйл гэвэл энэ. (Эмчийн зөвшөөрлөөр гар бичмэлийг бүтнээр нь орууллаа.)

N-ийн эмнэлгийн сэтгэцийн тасгийн дэргэдэх зөвлөх Өндөр дээд ноён Бутынскийд. Дээрх тасагт хэвтэж буй тайж Иван Ефимович Пчеловодовоос.

Хүсэлт гаргах нь

Эрхэм хүндэт ноёнтон танаа!

Галзуучуудын тасагт хоёр жил гаруйн турш хэвтэж байхдаа би цоо эрүүл намайг энд авчирсан харамсалтай үл ойлголцлыг тайлбарлах гэж нэг бус удаа оролдож байсан. Би энэ асуудлаараа ерөнхий эмчид, эмнэлгийн бүх ажилтанд бичгээр болон амаар хандсан. Хэрвээ та санаж байгаа бол таны найрсаг дэмжлэгийг ч хүсч байсан. Харин одоо би дахиад нэг удаа таныг доорх мөрүүдэд анхаарлаа хандуулахыг зориг гарган гуйж байна. Энэ үйлдлийг хийж байгаа нь таны эелдэг төрх, өвчтөнүүдэд хүнлэг ханддаг байдал таныг мэргэжлийн хоосон номлогч болоогүй, сайн хүн гэж таамаглахад хүргэснийх ээ.

Энэ захидлыг дуустал нь уншихыг танаас хичээнгүйлэн гуйя. Хэл зүйн алдаа гаргасан, эсвэл үг хэллэг нь авцалдаагүй байвал бүү цухалдаарай. Тэгээд ч галзуучуудын байранд хоёр жил амьдарч, зөвхөн харуул манааныхны хараал, өвчтөнүүдийн элий балай яриаг сонссоор байгаад бодол санаагаа бичгээр ойлгомжтой илэрхийлэхэд хүнд болдог юм байна. Би дээд сургууль төгссөн хэдий ч өдгөө хүүхэд ч мэдэх өгүүлбэр зүйн энгийн дүрмийг хэрэглэхдээ ч эргэлздэг болжээ.

Сэтгэцийн өвчтэй бүх хүн өөрийгөө үл ойлголцлоос, эсвэл дайснуудынхаа далд явуулгаар эмнэлэгт ирсэн гэж үздэг гэдгийг сайн мэдэх тул үүнд онцгой анхаарахыг танаас хүсье. Тэд үүнийгээ эмч, харуул манаа, ирсэн хүмүүс, азгүй нөхдөдөө батлах дуртай болохыг мэднэ. Тиймээс эмч нар тэдний олон мянган мэдэгдэл, хүсэлтэд итгэж харьцдаггүй гэдэг нь ч маш ойлгомжтой байдаг. Би танаас зөвхөн одоо хэлэх гэж байгааг минь шалгаж өгөөсэй гэж гуйж байна.

Энэ явдал 1896 оны 12 дугаар сарын 24-нд болсон юм. Тухайн үед би “Карл Вудт ба К®-ийн өв залгамжлагчид” болд цутгах үйлдвэрт ахлах техникчээр ажилладаг байсан ч 12 дугаар сарын дундуур захиралтайгаа ажилчдыг мэхэлдэг торгуулийн замбараагүй системээс нь болж айхтар хэрэлдсэн. Ингээд түүнтэй учраа олохгүй муудалцаж түүн рүү хашхичиж хатуу ширүүн, доромжилсон үгс хэлж намайг зайлахыг шаардахаас нь өмнө өөрөө ажлаа хаясан.

Цаашид надад үйлдвэрт хийх зүйл юу ч байгаагүй болохоор зул сарын сүүлчээр N хотод ойр дотны төрөл төрөгсдийнхөө хүрээнд шинэ он, зул сарын баяраа угтахаар явахаар шулуудсан.

Галт тэрэг дүүрэн хүнтэй байлаа. Миний суусан вагонд урт сандал болгон дээр гурван хүн суусан байв. Миний зүүн талд Уран сайхны академийн оюутан гэх залуу байсан. Эсрэг талд нь том өртөө бүрт коньяк уухаар гардаг наймаачин эр сууж байлаа. Дашрамд хэлэхэд наймаачин эр N-ийн Доод гудамжинд махны худалдааны цэгтэй гэж хальт мөлтхөн дурдаж байсан шүү. Тэр бас овгоо хэлж байсан. Гэхдээ одоо би түүнийг нь сайн санахгүй байна. Сердюк... Средняк... Сердолик ч бил үү, ямар ч байсан С. Р. Д. К гэсэн үсгүүдийн нийлмэл овог байсан санагдаж байна. Түүний овог нэрийг дэлгэрэнгүй өгүүлээд байгаа нь хэрвээ та энэ наймаачныг хайвал тэр миний хэлсэн бүгдийг танд батална гэснийх юм. Тэр дундаж өндөртэй, бадриун, эгдүүтэй булцгардуу ягаан царайтай, шар үстэй, дээгүүрээ нямбай гэгч нь мушгиралдуулсан жижигхэн живэр сахалтай, хууз хэсгээ хусдаг нөхөр бий.

Бид вагонд унтаж чадахгүй байсан болохоор цаг хороохын тулд чалчиж, бага зэрэг ууцгаасан. Гэвч шөнө дунд гэхэд хамаг тэнхээ алдарсан. Өмнө нь дахиад бүхэл бүтэн нойргүй шөнө хүлээж байдаг. Ингээд хонгилд зогсонгоо бид гурав, дөрвөн цаг нойроо авахын тулд юу хийвэл зүгээр вэ яльгүй даажигнах атлаа бас ч гэж нухацтай байдлаар янз бүрийн арга сэдэж эхэлцгээсэн. Гэнэт академийн залуу самбаа сийлж:

“Ноёд оо! Нэг гайхалтай санаа байна. Гэхдээ та хэд зөвшөөрөхийг мэдэхгүй байна. Бидний нэг нь галзуу хүний дүрд тоглоно. Тэгэхэд өөр нэг нь түүний дэргэд үлдэж, гурав дахь нь тасалбар хураагч дээр очоод, бид сэтгэцийн асуудалтай хамаатнаа авч явж байсан юм, тэр саяхныг болтол тайван байсан ч гэнэт мэдрэл нь хөдлөөд эхэллээ, бусад зорчигчдын аюулгүй байдлын үүднээс түүнийг түр тусгаарлах нь зүйтэй гэж хэлнэ” гэлээ. Би ч академийн залуугийн төлөвлөгөө энгийн, үнэмшилтэй юм гээд зөвшөөрчихлөө. Гэхдээ хэн маань ч түрүүлж галзуугийн дүрд тоглоё гэсэнгүй. Энэ үед наймаачин эр бидний тээнэгэлзлийг хоромхон зуур үргээж “Шодчихъё, ноёд оо!” гэлээ. Бид гурваас би хамгийн ахмад нь болохоор би хамгийн хэрсүү нь байвал таарна. Ингээд би энэ тэнэг тоглоомд тэртэй тэргүй оролцохоор болж, махны худалдаачин мултарч чадлаа.

Тасалбар хураагчтай хошин жүжиг гайхалтай үнэмшилтэй болж чадлаа. Бидэнд яаралтай купе гаргаж өгөв. Заримдаа уртхан зогсолтын үеэр манай хаалганы хажуугаар “За, за. Энэ купе яасан юм? Онгойлго л доо!” гэх чанга, ууртай ярих нь сонстоно.

Ингэж тушаасны дараа айсан аястай, дуугаа намсган ярих тасалбар хураагч “Уучлаарай. Энэ купе та нарт тухгүй байх болов уу. Энд өвчтэй.., галзуу хүн авч яваа юм. Тэр тийм ч амар хүн биш” хэмээн хариулах нь сонстоно.

Ингэж хэлэхэд л яриа дуусч, алхаа нь цааш холдоно. Бидний төлөвлөгөө үнэмшилтэй болж, бид ч сэтгэл хангалуун инээмсэглэн унтацгаав. Гэвч би тийм ч тайван сайхан унтсангүй. Яг үнэндээ хар дарж зүүдлээд байсан юм. Намайг ямар нэгэн хүнд аймшигтай зүйл боож байсан болохоор би өглөө хүртэл өөрийнхөө чанга хашхирах дуунаасаа цочиж хэдэнтээ сэрлээ. Би өглөөний 10 цаг гэхэд бүрмөсөн сэрэв. Миний хамсаатнууд байхгүй байлаа. (Тэд өглөө эрт дайрч гарах нэг өртөөн дээр буух ёстой байсан). Гэхдээ миний эсрэг талын буйдан дээр төмөр замын дүрэмт хувцасны хатуу саравчтай малгайтай, чацархаг биетэй, улаан шар үстэй залуу суучихсан, намайг анхааралтай гэгч харж байв. Би хувцсаа цэгцэлж засаад, бүсээ бүсэлж, богцноосоо гар нүүрийн алчуураа гаргаад нүүр гараа угаахаар угаалгын өрөө рүү явахыг оролдов. Гэтэл намайг хаалганы бариулд хүрэв үү, үгүй юу өнөөх залуу чинь байрнаасаа үсэрч босоод, араас минь тэврэн авч, буйдан дээр унагалаа. Энэхүү ичгүүргүй явдалд галзууртлаа уурласан би түүнээс мултарч, нүүр рүү нь цохих гэсэн боловч хөдөлж ч чадсангүй. Энэ залуугийн гар намайг бөх гэгч нь барьж орхижээ.

“Надаас юу хүсээ вэ? Зайл! Намайг тавь!” хэмээн түүний хүнд биед дарагдсан би амьсгаадан байж хашхирлаа.

Энэ мөчид миний толгойд галзуу солиотой хүн болъё гэсэн бодол орж ирэв. Тэмцэлд хөөрсөн залуу ч намайг улам л хүчтэй дарж, заналтайгаар “Хүлээж бай, хонгор минь. Чамайг торонд суулгахаар юу хүсээд байгааг мэдэх болно. Тэр үед л мэдэх болно доо ах минь, мэдэх болно” хэмээн уухилна. Би юу болохыг гадарлаж, өөрийгөө зовоож буй нөхөрт тайвшрах хугацаа өгч байгаад “За, тэгвэл би байрнаасаа хөдлөхгүй байхаа амлаж байна. Намайг сулла!” гэлээ. Гэхдээ дотроо бол “Мэдээж, энэ тэнэг амьтанд ямар ч тайлбар хэлээд нэмэргүй. Тэвчээртэй байж, энэ бүх түүх эргэлзэх юмгүй тайлагдана” хэмээн бодож байв.

Эргүү амьтан чинь эхлээд надад итгэхгүй байснаа намайг маш тайван хэвтэж байгааг мэдрээд гараа бага зэрэг сулласнаа хатуу тэврээсээ биеийг минь чөлөөлж, эсрэг талын буйдан дээр суулаа. Гэвч түүний нүд хулгана анаж буй муур шиг намайг цоо ширтсээр байсан бөгөөд асуусан асуултад минь ганц ч үг ганхийсэнгүй.

Галт тэрэг өртөөнд зогсоход вагоны хонгилоос хэн нэгэн чангаар ярих сонстов.
-Энд өвчтөн байна уу?
Өөр нэг хүн маш хурднаар “Яг тийм, дарга аа!” гэж хариулах аж.
Үүнтэй зэрэгцээд хаалганы түгжээ эргэж, купе руу улаан оройтой саравчтай малгайтай толгой цухуйв.
Би тэр саравчтай малгайтай хүн рүү тэмүүлэн, аргаа барсан байдалтайгаар “Өртөөний дарга минь, ашгүй!” хэмээн дуу алдлаа.
Гэвч энэ агшинд өнөөх толгой гялс алга болж, хаалганы түгжээ түгжигдэж, би аль хэдийнэ хамт байгаа нөхрөөрөө даруулан буйдан дээр тийчигнэн хэвтэв.

Ингээд бид N-д хүрч ирлээ. Галт тэрэг зогссоноос хойш арваад минут болов уу, үгүй юу над дээр хамтралын гурван хүн ирлээ. Тэдний хоёр нь миний гараас чанга гэгч нь барьж аваад, гурав дахь нь хуучин тамлагчтай минь хамт миний хүрэмний захнаас зуурав.

Энэ маягаар намайг вагоноос гаргалаа. Өртөөний тавцан дээр миний хамгийн түрүүнд харсан зүйл гэвэл уруулынхаа хоёр талд гоё сахал тавьсан, саравчтай малгайнхаа хүрээний өнгөтэй адил амгалан цэнхэр өнгийн нүдтэй цагдаагийн хурандаа байв. Би ч баярлаад, түүн рүү “Ноён офицер оо, намайг сонсооч, гуйж байна!” гэв. Тэр хамтралын ажилтнуудыг зогс хэмээн дохиод над руу дөхөн ирж тун эелдэг, бараг өхөөрдсөн дуугаар “Танд юугаар туслах вэ?” гэж байна.

Тэр тайван байхыг хүссэн нь илт байлаа. Гэвч түүний зөөлөн харц, уруулыг нь тойрсон үрчлээ үргэлж сонор сэрэмжтэй байдгийг нь илтгэх аж. Миний аврал энэхүү тайван байдалд байна гэдгийг ойлгоод би аль болох эвтэйхэн, яаралгүй, итгэлтэйхэн юу болсон тухайгаа офицерт бүгдийг нь ярилаа.

Тэр надад итгэсэн үү, үгүй юу? Хааяа түүний царай миний ярьж буй зүйлд үнэн сэтгэлээсээ оролцож байгаагаа илэрхийлсэн, заримдаа эргэлзэж байгаа мэт байдлыг илтгэж, миний сайн мэддэгээр хүүхдүүдийн, эсвэл солиотой хүмүүсийн хий хоосон чалчихыг сонсож байгаа мэт толгой дохино.

Ярьж дуусахад минь тэр миний нүд рүү шууд харахаас зайлсхийх мөртлөө тун эелдэг зөөлхнөөр “Харж байна уу? Би мэдээж эргэлзэхгүй байна. Гэхдээ үнэндээ бид иймэрхүү цахилгаан хүлээн авсан... Дараа нь.., танай нөхөд... Ер нь би таныг цоо эрүүл гэдэгт бүрэн итгэлтэй байна, гэхдээ... та эмчтэй ямартай ч 10 минут ч юм уу, ярилцаад үзэх шаардлагатай гэж би бодож байна. Эргэлзэх юмгүй тэр ч таны оюуны чадавхийг тун сайн байгаад итгэж, таныг чөлөөлнө. Тэгээд ч би эцсийн эцэст энэ хэргийг мэдэх эрх мэдэлтэй нэгэн биш гэдгийг ойлгоорой” гэв. Тэр тун эелдэг эр бөгөөд надаас замдаа ямар нэгэн асуудал гаргахгүй, зугтах оролдлого хийхгүй гэсэн ам аваад ердөө ганцхан хамтралын гишүүнээр хүргүүлэхээр болов.

Бид цаг орчим болоод эмнэлэгт ирэв. Тийм ч удаан хүлээх хэрэг гарсангүй. Удалгүй хүлээн авах өрөөнд ерөнхий эмч тасгийн хэдэн эмч, сэтгэцийн тасгийн сахиул, харуул манаа, 20-иод оюутан дагуулсаар ирлээ. Эмч шууд над руу дөхөн ирснээ удаан гэгч нь цоо ширтэв. Би нүүрээ бурууллаа. Надад яагаад ч юм бэ, энэ хүн шууд л намайг үзэн ядаад байгаа юм шиг санагдсан юм.

“Одоохон, бүү санаа зов! Энд таны дайснууд байхгүй. Хэн ч таныг мөрдөж мөшгихгүй. Дайснууд тэндээ... өөр хотод үлдсэн. Тэд энд танд хүрч зүрхлэхгүй. Харж байна уу, эргэн тойронд бүгд сайн, нэр хүндтэй хүмүүс байна. Олонх нь таныг сайн мэдэж, таны асуудалд оролцож байна. Жишээ нь та намайг танихгүй биз дээ?” хэмээн эмч надаас хэцүү харцаа салгалгүйгээр хэлэв.

Тэр намайг аль хэдийн галзуу хүн гэж боджээ. Би түүнд уурсахыг хүссэн ч хэсэгхэн зуур тэвчив. Тэгээд ч миний уур бухимдал, ширүүн хэлсэн үг болгон галзуурлын эргэлзээгүй шинж болно гэдгийг сайн ойлгож байлаа. Тиймээс би дуугүй байв. Эмч дараа нь надаас миний нэр, овог, хэдэн настай, юу хийдэг, эцэг эх нь хэн болох гээд асуулт асуув. Би бүх асуултад нь товч бөгөөд тодорхой хариуллаа.

“Та өвчтэй гэдгээ мэдрээд удаж байна уу?” хэмээн эмч гэнэт надаас асуулаа. Би өөрийгөө өвчтэй гэж боддоггүй, ер нь эрүүл мэндийн хувьд тун сайн гэж хариуллаа.

“Тийм ээ, мэдээж тэгэлгүй яах вэ. Би ямар нэгэн ноцтой өвчний талаар яриагүй байна. Гэхдээ... та толгойн өвдөлт, нойргүйдлээр шаналаад удаж байна уу? Хий юм хардаг уу? Толгой эргэдэг үү? Заримдаа өөрийн эрхгүй булчин тань чангарч байсан уу?”

“Харин ч эсрэгээрээ, ноён эмч ээ. Би маш сайн унтаж амардаг, толгойн өвчин гэж юу байдгийг ч бараг мэдэхгүй. Цорын ганц тайван бус унтсан тохиолдол нь өнгөрсөн шөнө байлаа.”

“Үүнийг бид мэднэ ээ” хэмээн эмч тайвнаар хэлээд “Харин одоо та бидэнд дагалдан явсан ноёдоо галт тэргэндээ сууж амжилгүй Криворечье өртөөнд үлдсэн цагаас хойш юу хийж байснаа дэлгэрэнгүй ярихгүй юу? Жишээлбэл ямар санаатайгаар тасалбар хураагчтай зодоон хийсэн юм бэ? Эсвэл яагаад үүний дараа купенд орж ирсэн өртөөний даргыг заналхийлэх болов?” хэмээн шалгаалаа.

Энэ үед бид цагдаагийн офицерт өмнө нь хэлсэн бүхнээ эмчид дэлгэрэнгүй ярив. Гэвч миний яриа хоорондоо авцалдаагүй, өмнөх шиг тийм ч итгэл төгс болж чадсангүй. Намайг тойрон хүрээлсэн олны увайгүй анхаарал аягүйцүүлнэ. Тийм ээ, үүнээс гадна намайг ямар ч байсан галзуу болгохыг хүссэн эмчийн шаргуу зан сэтгэлийг минь түгшээж байсан юм. Намайг яриад ид дундаа орж байх үед ерөнхий эмч оюутнууд руу эргэн харснаа:

“Анхаараарай, ноёд оо! Заримдаа амьдрал итгэмээргүй бодож олсон зүйлсээр дүүрэн байдаг юм. Зохиолчийн толгойд ийм сэдэв орж ирвэл хэвлэлийнхэн юунд ч итгэдэггүй. Үүнийг л би бүтээлч зан гэж нэрлэдэг юм” гэв.

Түүний хэлж байгаа үгийн даажигнасан өнгө аясыг би сайн ойлгож байлаа. Тиймээс ч ичсэндээ улайж, дуугүй болов.

“Үргэлжлүүл, үргэлжлүүл. Би таныг сонсож байна” хэмээн ерөнхий эмч эелдэг хүний дүр үзүүлэн хэллээ.
Гэвч би хэрхэн сэрсэн тухайгаа ярьж ч амжаагүй байтал эмч гэнэт намайг асуултаар самгардуулж орхилоо.
-Одоо хэддүгээр сар болж байгаа билээ?
“Арван хоёрдугаар сар” хэмээн би асуултад гайхсандаа тийм ч хурдан биш хариулав.
-Тэгвэл өмнө нь хэддүгээр сар байв?
-Арван нэг.
-Харин өмнө нь?

“Дугаар, дүгээр” гэсэн энэ сарууд миний хувьд үргэлж л хэлэхэд хэцүү даваа байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээд ч өмнөх саруудыг хэлэхийн тулд миний хувьд дотроо наймдугаар сараас эхлэн тоолох шаардлагатай байв. Тиймээс би нэлээд түгдрэв.

“Тэгэхээр.., саруудын дарааллыг та тийм ч сайн санахгүй байна” хэмээн ерөнхий эмч над руу гэхээсээ илүү оюутнууд руу илүү хандаж, хайнгадуухан, бараг л хальтхан дурдаад “Заримдаа цаг хугацааны хувьд будилдаг. Энэ ч юу ч биш. Байдаг л зүйл. Тэгэхээр цааш нь. Би сонсож байя” гэв.

Мэдээж миний буруу байсан, зуунтаа буруу байсан. Тэгээд өөртөө төдийгүй эмчийн хоёр нүүрт үзлэгт уур хүрч “Эргүү мал! Нэг хэвшилд баригдсан амьтан! Та надаас илүү галзуу этгээд юм байна!” гээд л байдаг чадлаараа хашхирч гарав.

Ингэж бахардан хашхирахдаа болгоомжгүй, тэнэг үг хэлж байсан гэдгээ давтан хэлье. Гэхдээ ерөнхий эмчийн бүх асуултад нийцэх харгис хэрцгий доромжлолын 100 хувьд ч хүрээгүй юм шүү.

Түүний нүд л үл ялиг хөдөлж байлаа. Энэ үед миний бүх талаас харуул манаач нар бүчээд авлаа. Галзууртлаа уурссан би нэгнийх нь шанаа руу цохиод авав. Тэд ч намайг дарж аваад, хүлж гарав.

Харуулууд, манаачид намайг гараас минь зуурч, хүлээн авах өрөөнөөс гарах үед:

“Энэ үзэгдлийг raptus буюу гэнэтийн, ширүүн тэсрэлт гэж нэрлэдэг!” гэх ерөнхий эмчийн аядуухан үг ард сонстлоо.

... Ноён эмч ээ, таныг миний бичсэн бүх зүйлийг шалгаад, хэрэв зээ үнэн байвал эндээс намайг анагаахын алдааны хохирогч болсон гэсэн ганц дүгнэлт хийхийг хүсч байна. Би бас танаас намайг аль болох хурдан гаргаж өгөөсэй гэж гуйж, залбирч байна. Эндхийн байдал тэвчихийн аргагүй. Харгалзагч (пруссийн тагнуул гэдгээр нь та танина)-ийн хахуульдсан үйлчлэгчид өдөр болгон өвчтөнүүдэд асар их хэмжээний хүнж, синилийн хүчил хольсон хоол авчирч өгдөг. Гурав дахь хоног дээр эдгээр тамлагчид харгис хатуугаа харуулж, миний хэвлий, цээжинд халуун төмрөөр хайрч тамласан. Түүнчлэн хархнуудыг тухай хэлэхгүй бол болохгүй. Энэ амьтад ёстой нэг...”

“Юу гэгч нь энэ вэ, эмч ээ! Төөрөгдөл үү? Ухаан муутай хүний тэнэглэл үү? Энэ хүний бичсэн баримтуудыг хэн нэгэн шалгаж үзсэн үү?” хэмээн би Бутынскийд гар бичмэлийг нь эргүүлэн өгөнгөө асуув.

Бутынскийн царайд гашуун инээмсэглэл тодров.

“Тэгэлгүй дээ! Энд үнэхээр анагаах ухааны алдаа гээч юм нь болсон” хэмээн тэр ширээндээ цаасыг хийнгээ ярив. “Би тэр наймаачныг нь хайж олж уулзсан. Түүний овгийг Свириденко гэдэг, сая таны уншсан болгоныг яг л баталсан. Тэр бас илүү ч зүйл ярьсан. Өртөөн дээр буумагцаа уран сайханчтай нийлэн ромтой цай маш ихээр ууж, өнөөх тоглоом шоглоомыг үргэлжлүүлэхээр болж л дээ. Тэгээд галт тэрэгний араас “Галт тэргэндээ сууж амжилгүй Криворечьед үлдчихлээ. Өвчтөнийг сайн харж байгаарай” гэсэн утгатай цахилгаан явуулсан гэнэ. Мэдээж, тоглоом шоглоом болгож шүү дээ! Гэхдээ хэн энэ хөөрхийлөлтэй эрийг бүрмөсөн баллаж орхисон гээч? “Карл Вудт ба К®-ийн өв залгамжлагчид” үйлдвэрийн захирал. Түүнээс “Та өөрөө болон эргэн тойрны хүмүүс тань Пчеловодовоос этгээд, хэвийн бус зүйл анзаарч байсан уу?” гэж асуухад тэр шууд л “Ахлах техникч Пчеловодовыг галзуу гэж эртнээс мэдсэн, сүүлийн үед айхтар догшин, агсам болсон” гэж хариулсан гэнэ. Би түүнийг өс хонзонгийн үүднээс ингэж хэлсэн гэж бодож байгаа.”

“Тэгвэл та нарт бүх зүйл ил болсон юм бол яагаад энэ азгүй эрийг байлгаад байгаа юм бэ? Түүнийг гаргаач, ямар нэгэн оролдлого хийгээч!” гэж би сандран хэллээ.

Бутынский мөрөө хавчив. Тэгснээ “Та захидлын сүүлчийн хэсэгт анхаараагүй юм аа даа? Манай байгууллагын алдартай дэглэм хийх ёстой юмаа хийчихсэн. Энэ хүн аль нэг жилийн өмнө эдгэршгүй өвчтэй гэдэг нь тогтоогдсон. Эхэндээ тэр мөрдөх мөшгих донтой болсон бол дараа нь эргүү дүйнгэ болчихсон шүү дээ” гэх нь тэр. 

Түр хүлээнэ үү...
Top