Элиф Шафак Хайрын дөчин дүрэм
Орчуулагч Б.Сувддулам
Би л хувьдаа уншаад дууссаныхаа хойно эргэцүүлсээр байдаг, хэд хоног санаанаас гардаггүй, ер бусыг мэдрэхэд хүргэсэн номыг “сайн ном” гэж боддог оо. “Хайрын дөчин дүрэм” яг л ийм ном байсан. Сайн ном унших хэзээд сайхан байдаг хойно доо.
Нэг. Хачин сайхан мэдрэмж хамаг биеийг эзэмдсэний учрыг энд сийрүүлбэл:
Бидний шашин бол ХАЙР. Номоо уншиж байхад яагаад ч юм энэ үг л бодогдоод байсан. Гэтэл 407-р хуудсан дээр энэ өгүүлбэр байж байдаг шүү. Хэчнээн сайхан санагдсан гээч. Хайснаа олсон хүн ямар бардам сэтгэл хангалуун байдаг билээ дээ. Яг л тийм мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд цааш нь унших хүсэл төрсөнгүй.Эрэлд хатахдаа хүмүүс хэчнээн улангасан улайрдгийг, олсон хойноо ямар их хоосорч, нурж байдгийн цаад учрыг өөрийн биеэр мэдэрсэн гэмээр ч юм уу… Гэвч бидний олсон, эцсийг нь үзсэн гэж бодсон бүхэн жинхэнэ нууцаа, үнэн төрхөө дэлгээгүй л байдаг. Бид дахиад нэг л алхвал тэр бүгдэд хүрч чадах атлаа зүгээр л зогсчихдог… Зогссон тэр цагтаа, тэр газартаа л амьдарсаар байдаг нь хэчнээн харамсалтай. Үнэндээ бүх зүйл яг ТЭНДЭЭС эхэлдэг гэдгийг Шамс, Руми, Азиз, Элла нар миний зүрхэнд шивнэсэн юм. Шамс Руми хоёр бол нэг зоосны хоёр тал бөгөөд Шамсын эр зориг, хурц ухаан, хайраас өөр зүйл багтахааргүй зүрх сэтгэл нь Румид цоо шинэ ертөнцийг нээж хэдэн зуун өртөөлөн нисэх жигүүр ургуулжээ. Азиз ч мөн ялгаагүй хайраас ангид амьдрал үгүй гэдгийг Эллад мэдрүүлсэн юм. Тэд ХАЙРыг өөрсдөдөө нээснээрээ орчлон хорвоогийн олон өнгө, хувиралд өөрийгөө ч, дэлхий ертөнцийг ч таньжээ… Хэн нэгнийг хайрламаар, хэн нэгэн рүү зурвас бичмээр болтол гэгэлзүүлсэн энэ номд нэг тийм нууцлаг зүйл яах аргагүй байна. Түнэр харанхуйг хүртэл гэрэл гэгээтэй дүрсэлж чадсан болохоор ч тэр байж мэднэ.
Номын 37-р хуудаснаа “…Бид өөрсдийгөө юу гэж харна, бурхан яг л тэгж харагдана. Бурхны тухай бодоход айдас хүйдэс, гэм зэм л санаанд бууж байвал бидний дотор төдий чинээ айдас хүйдэс, гэм зэм байна гэсэн үг. Хэрвээ бид бурхныг хайр, энэрэл дүүрэн харцаар харвал бидний сэтгэл ч бас хайр, энэрлээр дүүрнэ. Энэ бол НЭГДҮГЭЭР ДҮРЭМ ” гэж бичсэн байдаг юм. Бидний сэтгэлд айдас хүйдэс, атаа жөтөө, хайр энэрэл, уучлал нигүүсэл сүлэлдэн оршдог гэдгийг л хэлээд байгаа бус уу. Харин бид зүрх сэтгэлээ тухайн агшинд л аль нэг өнгөөр нь будаж орхидог хэрэг.
414-р хуудсанд “-Энэ бол ДӨЧДҮГЭЭР ДҮРЭМ гэж Элла намуухан дуугаар хэллээ. -Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг, бурхных болоод хүмүүнийх, өрнийнх болоод дорнынх гэх зэргээр ангилан ялгахын хэрэг ер үгүй. Юмсыг хувааж ангилах тусам улам л хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм.” ингэж зохиол төгсдөг юм. Сэтгэл уужраад тархи амрах шиг л боллоо. Сайхан чиг юм даа…
ХОЁР. Таван махбод хийгээд зохиолын зохиомж
Шамсыг Азиз биш байгаа даа гэж хардсан Эллаг би Элиф биш байгаа даа гэж бодсоноо энд хэлэх нь зүйтэй болов уу… Уншигч бүхэн л тухайн зохиолчоо зохиолын аль нэг дүртэй нь таацуулан бодох сонирхолтой байдаг байх… Эсвэл зохиолын зохиомжийн онцлог намайг ийн бодоход хүргэсэн ч байж мэднэ. Зохиол доторх зохиолд Эллатай хамт хөвсөөр эцсийн хуудсыг эргүүлэхдээ энэ номын нэр чинь “Ядуу доромж” бил үү “Хайрын дөчин дүрэм” бил үү гэж эргэлзсэн шүү. Тэгж бодтол минь намайг урхидаж орхив. Зохиолын зохиомж хийгээд үйл явлын шугам үнэхээр сонирхолтой. Эллагийн нөхөр Дэвид эхнэртээ ажил олж өгөөгүй бол энэ зохиол хэрхэн үргэлжлэх байсныг би таашгүй. Энгийн л нэг үйл явдалд бүхэл бүтэн зохиолынхоо зангилааг багтаана гэдэг ур ухаан, авьяас билгийн гайхалтай хослолын үр биз…
1.Элла ба Азиз
Үзэл бодол, шашин шүтлэг, амьдралын хэв маяг гээд аль талаараа тэдэнд төстэй зүйл нэг ч үгүй. Гэвч тэд бие биедээ сэтгэл алдардаг. Гэхдээ энэ хайрыг бүтээхэд Шамс тусалсан гэж би боддог. Гэрийн сайн эзэгтэй Эллагийн сэтгэл дотор орших унтрах шахсан өчүүхэн тэр цогонд бага багаар зомгол нэмсээр эцэстээ дүрэлзсэн гал болгож орхив. Угтаа энэ гал нь хэзээ нэгэн цагт мэдрэгдэх төдий болоод ор мөргүй алга болсон ХАЙР байж…
Шамс гэж хэн бэ?
2. Шамс ба Руми
Шамс бол Исламын шашны Суфи урсгалын дэрвиш юм. Хэрэн хэсүүчилж явсаар хувь заяаныхаа ерөөлөөр Румитай учирч түүнийг чиглүүлэгч багш анд нөхөр нь болсон юм. Энэ хоёрын үйл хэрэг, амьдралын замнал Эллад ямар нөлөө үзүүлж байгааг зохиолд бэлхнээ дүрсэлсэн.
Үйл явдлын энэ хоёр шугам сүлжсэн утас мэт хөвөрсөөр эцсийн цэгтээ нэгэн цул болно. Энэхүү номд өгүүлэгдэж буй хоёр зохиолын үйл явдал нэг нь он цагийн дарааллаар урсаж байдаг бол нөгөө нь одоо цагаас өнгөрсөн рүүгээ өндийж буйгаар үргэлжилдэг. Зохиомжийн төрөл зүйлүүдийг эвлүүлдэг тоглоом шиг л эвлүүлсэн нь уншигчдыг уях нэгэн учир болж гэмээр.
Уг роман 5 хэсэгтэй. Хэсэг тус бүрийг таван махбодоор нэрлэсэн.
Газар- Юмсын хатуу, хөшүүн, тогтуун чанар
Ус- Юмсын барьцгүй, хувирамтгай, тогтворгүй чанар
Салхи-Юмсын солигдмол, хувьсамтгай, адармаатай чанар
Гал-Юмсын нураагч сүйтгэгч, бусниулагч чанар
Бидэнд ч бас дээрх шинж чанаруудаас байж л байгаа. Байхгүй байх боломжгүй л болов уу… Яагаад зохиолч ийнхүү нэрлэх болсны учир шалтгааныг эрж олохын хэрэг бий бил үү…
3. Үндэстэн ба шашин
Хэзээ ч билээ дээ их сургуулийнхаа нэг багшаас “Сайн зохиолч уран бүтээлдээ үндэстний соёл заншил, шашин шүтлэгийг тусгасан байдаг. ” гэж сонсож байсан юм. Хаа нэг ном зохиол уншихдаа энэ үгийг санан санан уншдаг юм.
Зохиолд Шамс, Руми хоёр сема бүжиглэдэг юм. Тэгэхдээ өргөн банзал бүхий урт цагаан өмсгөл өмсдөг юм. Энэ хэсгийг уншаад хүнсний нэгийн уулзварын тэнд байдаг бүжиглэж буй эрэгтэйн хөшөөг саналаа. “Аан ийм учиртай хөшөө байж” гэж бодов. Эндээс сема гэх бүжгийн тухай бага ч гэсэн ойлголттой болов. Шашин шүтлэг гэдэг угтаа тухайн үндэстний мөн чанарыг илэрхийлж байдаг байх… Коран судрыг унших сан гэсэн хүсэл дахин төрснөө ч нуух юун. Исламын ертөнцийн тухай өөрийн гэсэн ойлголттой болчхоод “Хайрын дөчин дүрэм”-ийг дахин уншихад өөр зүйл мэдрэх нь гарцаагүй гэж итгэнэм…
Орчуулагчийн ур чадварыг ч энд дурдахгүй өнгөрч болохгүй. Эх хэл дээрээ уншихад ийм сайхан байгаа юм чинь эх хэл дээр нь уншвал ч… гэсэн бодол төрсөн шүү… \Ганц нэгхэн үг үсэг, хэлзүйн алдаа байсан.\