Ч. ДӨЛГӨӨН: НИЛ ЯГААН ӨДРҮҮД
2021-02-10 Фройдын сүүдэр 1475

Нэг тийм аз жаргалтай, хүүхэд шиг, тэгснээ жаахан санаашрангуй нэгэн эмэгтэйтэй ярилцах гэж удаан хичээлээ. Тэр бол би. Одоо би гучин настай, тэр минь хорин есөн настай. Бид дөрвөн хүүгийн аав, ээж. Бид амьдралд хайртай. Бид ямар ч шалгуургүйгээр, их бага гэж хэмжихгүйгээр аз жаргалтай амьдрагчид. Зүгээр л варены шилэнд бор цай дүүргэж, талхан дээр масло сахар түрхээд хүүхдүүдээ дагуулан энүүхэн хаяанд байх Бунхан толгой, Хэрлэн голын хөвөөгөөр алхахаа дэлхийгээр л аялж байна гэж баясан цэнгэдэг хүмүүс. “Энэ хөл доорх хэсэгхэн газар ч дэлхийн нэг хэсэг мөн биз дээ” гэж хүүхдүүддээ тайлбарлахад том хүү минь маш их баярлаж дэлхийд хэчнээн хайртайгаа хэлдэг. Цай унд авч гарахаар бэлдэж байгааг харсан дунд хүү минь “Ээж ээ, бүгдээрээ аялалд явах юм уу?” гэж асуухад би жаргалтай болдог. Тэр минь хэн юу гэх бол гэж эмээдэггүй, хаана ч байсан инээж, чанга ярьж өөрийнхөөрөө байдаг. Би ч бас шинэ жилээр өсгийт өмсөөгүй. өсгийт өмсөхгүй байсан ч эмэгтэй хүн хэвээрээ л байхыг мэднэ. Харин үнэн сэтгэл, инээмсэглэлээ маш үнэтэй гоёл гэж сэтгэн зүүж явсан. Түүндээ ч юм уу, өмсөж чадахгүй ганган гутландаа түүртэлгүй шавайгаа ханатал бүжиглэсэндээ ч юм уу маш их аз жаргал мэдэрсэн. Урьд нь бид маш хөөрхөн, маш энгийн амьдардаг байсан хэдий ч ямар нэгэн жижиг сажиг зүйлд үргэлж баригдаж, алхам тутамдаа өөрийгөө хүчээр бусдад таалагдуулах гэж хичээж жинхэнэ аз жаргалаа ойлгодоггүй, бүрэн утгаар нь мэдэрдэггүй байсан юм билээ. Харин одоо бол юунаас ч, хаанаас ч гэрэл гэгээг хайж явдаг, жижигхээн зүйлээс ч би аз жаргалтай хүн гэх мэдрэмжийг олж цуглуулж байдаг хүмүүс болсон. Бидний амьдралын дөрвөн жил “эпилепси” гэх урилгагүй зочинтой эвлэрч нэг, эвдэрч нэг үзсээр өнгөрч байна.

Монгол Улсад 37 мянган хүн энэ өвчинтэй ямар нэгэн байдлаар тэмцэж байгаа гэдэг тоо бий. Бид эмч биш учраас энэ өвчний тухай мэдэмхийрмээргүй байна. гэхдээ туулж яваа учраас хэн нэгэн уншиж урам зориг аваасай гэдэг бодлоос үүдэлтэй хэдэн хүүрнэл, тэмдэглэлээ нэгтгэн хүргэхээр шийдсэн юм. Үүнийг бичсэн хүн нь би боловч бусдад хүргэх санаа түүнийх минь байсан шүү гэдгийг бас дурдмаар байна.

 

Гучин настай, харааны шил зүүдэг, өндөр ч биш, намхан ч биш, тарган, туранхай аль нь ч биш, царайлаг бол бүр биш, шилжилтийн насны хүүхэд шиг эрүү духаараа хэд хэдэн батгатай, бас зөндөө том хацартай, конверсын хуучин, улаан, даавуун кет, шагайных нь дээгүүр урттай шулуун жинс, нуруундаа “Монголын арми” гэсэн бичиг, есөн цагаан тугны зурагтай том хар цамцтай, мөр дөнгөж давах богиновтор үсээ хоёр гурав сүлжээд хаанаас олсон юм гэмээр неон ногоон, хариугүй резинээр боосон эмэгтэй хэзээ ч чанга хашгирч чадахгүй байх гэмээр аядуу бас удаанаар ярихыг нь сонсож байна гэж төсөөлж уншаасай гэж хүсэх байна. Заримдаа би өөртөө хэтэрхий сул дорой нэгэн мэт санагддаг.

Урьд нь хэзээ ч “би юу ч хийж чадахгүй нь” гэсэн ийм мэдрэмж төрж байгаагүй мэт. Би бол зүгээр л нэг хорин хэдтэй бүсгүй. Хоёр хүүхдийн ээж, хайртынхаа өмөг түшиг нь билээ. Хорвоогоос би ийм амар амгалан, элэг бүтэн гэр бүлээс өөр их зүйл хүсэж, шунаж байснаа санахгүй байна. Түүнтэйгээ учирснаас хойш хэчнээн аз жаргалтай, сахилгагүй, эрх ч гэж жигтэйхэн эмэгтэй байгаа вэ. Хамтдаа хөөрхөн хүүхдүүдтэй болж, бусдын л жишигээр ипотекийн зээлээр авсан нэг өрөө байрандаа айл гэр гэж тоглож байгаа юм шиг л амар сайхандаа жаргаж байжээ. Тэр минь “Хайр нь ажилдаа явлаа” гээд л үнсээд гарна. Харин би өдөржин түүнийг хүлээж хоёр хүүтэйгээ тоглож, кино үзэж, ном уншиж, үйл урлаж, хоол унд зэхэж өнжинө. Түүнийгээ ирэхэд бөөн баяр болж угтана. Тийм ээ, бид жирийн л амьдарч байв. Жирийн л өдөр хоногуудыг өнгөрүүлж, бидний хамгийн том үүрэг хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх, зээлээ хугацаанд нь төлөх л байв. Бидний хамгийн том баяр нэг нэгнийхээ төрсөн өдрөөр бялуу хувааж идэх байв. Илүү ч үгүй, дутуу ч үгүй эгэлээс эгэлхэн амьдарч байв. Үгүй ээ, үнэхээр хөөрхөн амьдарч байв. гэтэл сэргэлэн цовоо, чанга чанга инээж, том Чадраабалын Дөлгөөн Нил ягаан өдрүүд 8 9 том алхалсаар орж ирдэг тэр минь нэг л ядруу, нүд нь үргэлж гархилсан, сайн ажвал жаахан жаахан гунигтай, орж ирээд биднийг эрхлүүлэн тоглох нь цөөрч, унтаад л, унтаад л байх нь элбэг болов. дэмий л сэтгэл зовно. Ямар нэг зүйл чинь өвдөж байна уу л гэж асууна. өөр чадах зүйл үгүйд би ч бас шаналж байв. дэмий л санаашрах дүнсгэр өдрүүд. Хэнд, юуг, яасан гэж хандах учраа олохгүй дүв дүнсгэр өдөр хоногууд. Явсаар бас ирсээр, нэг нэгнээсээ бараг ялгагдахгүй чимээ аниргүй.

Ч.ДӨЛГӨӨН: "НИЛ ЯГААН ӨДРҮҮД НОМ"-ООС ХЭСЭГЛЭН АВАВ

Түр хүлээнэ үү...
Top