Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуатай “Амьдрахуй” туужаар нь анх танилцаж билээ. Өдгөө харин хятад хүний мөн чанар, тэдний амьдралын хачир чимэггүй үнэн түүх, Соёлын хувьсгалын хүнд хэцүү үеийг уудлан дэлгэсэн “Цусаа худалдсан тэмдэглэл” хэмээх зохиолтой нь танилцлаа. Нэг л танил ахуй, нэг л танил гуниг, нэг л танил тэмцэл. “Амьдрахуй”-аас олж харсан ахуй хийгээд соёл, амьдрал хийгээд тэмцэл энэхүү зохиолд ч мөн тусгалаа олжээ. Нийгэм цаг үеийн байдлыг сууриа болгож, түүн дээр хэд хэдэн дүрийг өрж тавиад өнөөх хэдээ түлхэж үзэхэд үгүй мөн хэн нь ч ойчиж унасангүй үлдэв шив. Үй Хуагийн амилуулсан дүрүүд өөрт нь өчнөөн зовлон үүрүүлээд байхад л “Үгүй чи ингэж л бай, би ясны хятад хүн болохоор бууж өгч, буруу харна гэж гонж за” гээд л урагшлаад байх юм. Урамтай байна аа... За ингээд зохиол руугаа оръё.
Шү Сан Гуаний цус ямар халууцахаар урсаж байдаг хар хөлс биш дээ... Шү Юй Лан нөхрөө 4 дэх удаагаа цусаа худалдахад ийнхүү зовнидог. Нээрэн ч цус бол амины үнэтэй зүйл. Гэтэл тэр юуны төлөө амиа золин байж цусаа зарав? Эхнэр авах гэж нэг, эр хүн гэдгээ мэдрэх гэж нэг зарснаас бусдаар бол тэр гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө хариуцлага үүрсэн эцгийн ёсоор цусаа худалдсан. Орон гэрийнхээ юмыг эргүүлж авъя, энэ хэддээ амттай хоол идүүлье, хүүгийнхээ даргад сайн хандаад хажуудаа татъя, хүү маань л эдгэрч байвал би яахав гэх эцэг хүний сэтгэл. Хүссэн хүсээгүй амьдралын ачааг нуруундаа үүрч урагшлах ёстой хувь тавилангийнхаа өмнө тэр баатарлаг зогссон. Нийгэм цаг үеийнхээ зүүж өгсөн гав дөнгийг ялархалгүй зүүгээд аяар боловч урагшилж амьдарсан. Шү Сан Гуан гэх эрийн цусаар тэжээгдсэн хүмүүс бол түүний амьдралын утга учир, үргэлжлэх цаг хугацаа нь билээ. Ингээд бодохоор хүн гээчийн оршихуй нь үргэлж ирээдүй рүү тэмүүлэх тэр тэмүүллийн дунд л сая нэг утга учраа олдог бололтой. Эцэг хүн үр хүүхдийнхээ төлөө, эх орон нь ирээдүй хойчийнхоо төлөө өөрийн эрхэм нандин зүйлийг зориулна бас золиосолно.Тэр нь цус, хөлс, цаг хугацаа... Ийн бодоод аавыгаа л ихэд санаж уншлаа. Хэзээ хамгийн сүүлд хайртай гэж хэлсэн билээ, хэзээ хамгийн сүүлд мэндийг нь асууж залгасан билээ, өвгөн болсон Шү Сан Гуань шиг хүсэл юугаан хэлж чадахгүй гаднаа биш юм аа гэхэд дотроо мэлмэрээд сууж байх вий дээ гээд л. Аавыгаа санах санаашрал, ачлалгүй үр болчих вий гэх айдсыг өгсөн уран зохиолын мөн чанар, үнэ цэн гээч нь хэчнээн сайхан, хэчнээн агуу. Уран зохиол дотор амьдрал, амьдрал дотор уран зохиол байдаг гэдгийг ахин мэдрүүлсэнд баярлалаа...
Уйлж, инээж, өлсөж, цусаа авахуулж буй мэт хямарч уншсан энэхүү зохиолд өөр олон нандин зүйл бий шүү. Хүний мөн чанар, эцэг үрийн бие биенээ гэх сэтгэл, хүнд хэцүү үеийг даван туулах эмэгтэй хүний ухаан, тэсвэр тэвчээр, Соёлын гэх нэртэй соёлгүй хувьсгалын үнэн царай гээд олон чухал санаа, онц хачин явдлууд бий. Тэр бүхнийг олж харахын тулд уншаарай гэж хүсье. Үгүй ядаж л хоёр Хятад эмэгтэй зодолдохдоо бие биенээ юу гэж хараадаг байсан тухай мэдэж авч болно
Ийнхүү “Ухаалаг хүний үйлдэл ухрах зам өөртөө үлдээдэг.” 121х хэмээх Шү Юй Ланы үгээр энэхүү тэмдэглэлээ жаргаая даа.
Хүндэтгэсэн: "ЗӨВ ШИЙДЭЛ" СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ А.Амармөрөн