Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулсан Чех гаралтай Франц зохиолч Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романы тэмдэглэл.
ГҮН УХААНЫ НОМ
Орчин үеийн шилдэг, постмодерн романчдын нэг, Чех гаралтай Франц зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон, ийм өвөрмөц, сонирхолтой, асар их бодол, эргэцүүлэлд нэг мэдэх нь ээ л хөтөлчихсөн байдаг, долоон бүлэгт шидэт романыг, үнэхээр яруу, мэдрэмжтэй, найруулга, үг сонголтын хувьд ярих юмгүй мундаг орчуулгаар эх хэл дээрээ уншиж сууна гэдэг нь миний хувьд аз жаргал. Кундера 1929 онд Чех улсад төрсөн бөгөөд анхны романаа туурвиснаас нь эхлэн Чехословак улсад түүний зохиол бүтээлийг хэвлэн нийтлүүлэх үйлд хориг тавьсан байна. Ингээд 1975 оноос Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор Франц улсын иргэн болжээ.Ницшегийн мөнхийн эргэлтийн тухай, хэрвээ үзэж туулсан бүхэн маань дахин дахин давтагдаж, цаг хугацаа тэгш шулуунаар урагшлах бус тойрог замаар эргэлдэж байдаг бол бидэнд юу тохиолдох вэ? урвуугаараа, үзэж туулсан бүхэн маань хэзээ ч дахин давтагдахгүй зуурдад хувилж өднөөс хөнгөн утгыг олдог бол ямар байх вэ?, хөнгөнийг эерэг, хүндийг сөрөг гэж үзсэн Паренины санаа чухам зөв үү? гэх мэт нүсэр гэхээс илүүтэй яггүй ээдрээт ч гэмээр, хүнд ч гэмээр, магад хэзээ ч цор ганцхан хариултыг дагуулахгүй тийм л асуулт, эргэцүүллүүдээр уншигчдын тархийг хангалттай, ханатал нь бэлтгэсний дараагаар оршихуйн түмэн хэмжээст, буман төрхөт гүн бүтэц, хүний мөн чанарын тухай гүн ухааны гаргалгааг гарган тавьж, түүндээ дүр тус бүрийн өнцгөөс ёжтой мөртлөө яруугаар хариулж буй нь, мөн Чех орны хувь заяа, зовлон зүдгүүр, Оросуудын эзлэн түрэмгийлэл, дарангуй засгийнх нь хөнгөн, хоосон мөн чанарыг зохиолын өөр нэг шугамаар гаргаж, дүрүүдэд уян дэнслэх нь зохиолчийн ур чадвар, сэтгэлгээ ямархан давтагдашгүй оргил болохыг харуулах аж. Тереза, Сабина, Томас, Франц, Сэймон, Каренин, Мари Клод, Мэри-Энн гээд л... романы дүрүүд бас зохиолч хүний мөн чанарын хачирхалтайг, оршихуйн баялагийг, алхам тутамд философидон, ахуй байдлын дүрслэл бараг үгүй, оронд нь дүр болгоны ДОТООДЫГ төнхөж, эргэцүүлж уншигчийн өмнө тавьж буй нь ШИНЭ өнгө байлаа, миний хувьд.
Кундера "Зохиолын дүрүүд хүмүүс шиг эхийн хэвлийгээс бус өмнө хэний ч нээж олоогүй, хэлээгүй, зохиогчийн дотор бүрэлдсэн хүний оршихуйн боломж, хувилбаруудыг агуулсан нөхцөл байдал, өгүүлбэр, зүйрлэлээс мэндэлдэг юм." /234-р тал/ гэжээ. Тереза. Хүнд оршихуй. Хүнд оршихуй тэвчихийн аргагүй биш харин ч хүнд байх тусмаа тэвчээр дагуулдаг мэт... Бүх хүний бие ав адил. Ялгарах, цолгорох онцлог, үнэт юм тэнд нэгээхэн ч үгүй гэх, өөрийг нь шоолон инээж, бах таваа хангах, сэтгэцийн комплекстэй гэмээр ээжийнхээ гараас мултран Томас руу ирсэн нь, зөвхөн түүнд л зориулагдсан нь байх гэх хүсэл, өөрийнхөө давтагдашгүйг мэдрэх гэсэн эрмэлзэл байсан ч олон хүүхэнтэй холбогддог Томасын явдал нүсэр хүнд эсрэг тал болон зогсож буй нь эмзэг дорой дээр нь нэмээд мянга дахин доройтуулна. Томаст, "Терезагийн эмзэг зүрх сэтгэлийг хүйтнээр булшлахыг хүсээ юу, одоо болно" гээд хэлчихмээр л... Яагаад ч юм бид гунигтай, шаналгаатай, нэгэн рүү илүү татагдаж, түүний төлөө өөрийгөө золимоор, зовоомоор болдоггүйсэн бол, тэр л зовлонгоороо тэжээгддэггүйсэн бол хэтэрхий хөнгөн ноёлж, хүндийн амтыг амтлахгүйсэн. "Хүчтэй нь доройгоо хаяж зүрхлэхгүй болтлоо сул дорой болсон бол дорой нь хүчтэйгээ орхиж явахуйц хүчтэй байх учиртай" тийм ээ, Тереза Томасыг орхиж явахуйц хүчтэй байсан ч, хаяж зүрхлэмгүй болтол нь Томасыг дорой болгож чаджээ. Зохиолч, Терезагийн, Карениныг хайрлах хайр Томасыг хайрлах хайр хоёрыг эсрэгцүүлэн, зааг ялгааг тодоор гарган тавьсан нь, хүн, бусдыг хайрлаж чаддаггүйг илэрхийлсэн юм. Яагаад?, Цаг үргэлж харамлаж, ямар нэг зүйлийг хүсч, өөртөө тааруулж өөрчлөхийг хүсч, болзолтой мэт хайрладаг учраас тэр. Харин Каренин нохойг "байгаа чигээр нь хүлээж авсан. Түүнийг өөрийнхөө хүсэлд таацуулан өөрчлөх гэж санаархаагүй. Нохойн амьдралд хөндлөнгөөс оролцож, уг чанараас нь холдуулах гэж хүсээгүй, далд санааг нь тааж ядан хардаагүй. Каренинг сургасан нь хувиргаж өөрчлөх гэсэндээ бус (нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө өөрчлөх гэдэг шиг) ердөө хамт амьдарч, харилцахад хэрэг болох энгийн хэлэнд л зүгшрүүлсэн төдий." учраас л жинхэнэ хайр оршиж чадаж. Томас бол хүндийг ч, хөнгөнийг ч сүлэлдүүлэн орших дүр байх. Олон хүүхэнтэй дотносдог нь Терезаг хуурч мэхэлж буй мэт. Гэхдээ үгүй. Тэр, "Эмэгтэйчүүдийн ертөнцийн бүхий л нарийн ширийнийг бодитоор нээх хүсэлтэй" /212-р тал/, хүний хосгүй чанарыг илүү гүнээс нь эрэгч байж. Эцсийн эцэст Терезаг орхилгүй араас нь ирсээр, хардаж тавгүйтэхээс нь эмээсээр, тэр болгонд өөрийгөө зүхэж буй нь ч "Үнэнч байдал л амьдралыг хормын төдийд бутарган хувааж түм буман сэтгэгдлийн үйрмэг болгочихолгүй нэгтгэн зангидаж байдаг" /96-р тал/-ийг нэг талаар батлах мэт. Бүрэн дүүрэн зөв, огтоос бурууг дэнслэх нь Томасын хувьд утгагүй.
Сабина. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй. Урвахдаа ч, үхэхдээ ч салхи шиг. Салхи шиг хөнгөн. Салхинаас ч хөнгөн. Шинэ газрыг гэрэлтүүлэх хуучин дэнлүү, гоёмсог тоглоом, бяцхан лаагаар чимэглэсэн зул сарын гацуураас ургасан, зургийн зотон урж буй гар... зурж буй зураач жинхэнэ чөлөөт сэтгэлгээний дууч байгаа биз. Өвөөгөөсөө хар бүрхийг нь л аваад үлдчихсэн нь хаашаа л явна, уншихгүй байсан ч хамаагүй цүнхлээд явдаг хар ном шиг минь л санагдсан сан. Урвалтыг, дагташрсныг эвдэхүй гэж үздэгээрээ тэр хөнгөнд тэмүүлэгч. Гэвч энэ хөнгөн эцсийн эцэст Сабинаг аз жаргалтай, утга учиртай оршуулав уу? Түүнд юу ч үлдсэнгүй, Франц ч, Томас ч, дотны хүмүүс нь ч. Ийм байхад хөнгөн эерэг гэж үү? Эрх чөлөөтэй, дур зоргоороо орших нь тийм ч татгалзам зүйл биш л дээ... ийм баялаг романыг зүгээр л уншаарай гэж зөвлөе!
Романаас таалагдсан эшлэлүүдээ хуваалцъя:"...Зовлонгийн хүнд гэдэг тэгэхээр амьдралын хамгийн хурц амт шимт аж. Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж, илүү бодитой, илүү үнэн болдог аж..." /5-р тал/
"...загас наадуулахын утга учир ч дараа нь өвөртөө унтахын сайхныг давахгүй аж..." / 13-р тал/ "
...Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж..." /15-р тал/
"хэн нэгнийг өрөвдсөндөө хайрлаж байвал тэр нь үнэндээ хайр биш юм" /20-р тал/
"Төсөөллөөр өдөөгдөж, өөрийгөө хувилан, хэдэн зуу дахин цуурайтан түгэх хүчтэй өрөөлийн төлөөх сэтгэлийн зовлон биеэр эдэлж буй бодит зовлонгоос хавьгүй хүнд санагддаг." / 33-р тал/
"Даанч төдөлгүй Тереза эргээд л хардахын зовлонд унаж Томас ч бүсгүй хүний харын сэтгэл гэдэг Нобелийн шагнал бус харин насан туршдаа нуруундаа үүрэх бул хар чулуу болохыг ухаарчээ" /59-р тал/
"Өнгөн гадарт өөгүй бодот ертөнц харагддаг ч дотоод гүнд, ан цавын цаана огт өөр нууцлаг, абстракт ертөнц нуугдаж байдаг" /66-р тал/
"Гэвч хүчтэй нь доройгоо хаяж зүрхлэхгүй болтлоо сул дорой болсон бол дорой нь хүчтэйгээ орхиж явахуйц хүчтэй байх учиртай"
"Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр" /121-р тал/
"Хүнд чулуугаар хав дарчихсан булшинд үхэгсэд мөнхөд хоригдох болно...Булшийг чулуугаар хав дарвал талийгчийг үүрд тэнд нь орхин мартахыг хүсэж байна гэсэн үг. Нүсэр чулуу бол "Наанаа ингээд үлд" гэж талийгчид хэлж буйн тэмдэг юм." /134-р тал/
"Гуниг бол хэлбэр, аз жаргал бол агуулга"
МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн ангийн 3-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр.