Бүхий л цуглаан нийгмийн үйл ажиллагаанууд цахим хэлбэрт шилжээд буй 2020 оны зургадугаар сарын онцлох үйл явдлын нэг бол бэлгийн чиг баримжаа үл харгалзан хүн бүр тэгш эрхтэйг тунхаглах, ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв мэдээллийг нийгэмдээ хүргэх зорилготой “Бахархлын сар” тохиож байгаа билээ. ЛГБТ олон нийт болон ЛГБТ олон нийтийг дэмжигчид бахархан өнгөрүүлдэг онцгой өдрүүд өндөрлөж байна. Бахархлын сарыг тохиолдуулан 2019 онд уншигч бидний гарт хүрсэн “Тагтаа” паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн “Дур булаам” антологийн талаар бичихээр сонгон авлаа.
Уг антологийг би бээр гарсан дариуд нь авч уншин тус оны наймдугаар сард доорхи бичвэрээ хувийн блог хуудсандаа нийтлэж байсан бөгөөд бүтээлийн утга агуулгыг Нэтфликс-ээс эрхлэн гаргасан “Euphoria” цувралтай сүлэлдүүлэн өөрийн сэтгэгдлээ тэмдэглэл болгон буулгаж байсан юм.
Б.Баясгалан эгчийн эмхтгэн гаргасан Энэтхэг-Америкийн зохиолч Жумпа Лахириийн “Дур булаам” өгүүллэгийн нэрээр хэвлэгдсэн Дэлхийн нэн шинэ өгүүллэгийн антологиийн талаар багахан өөрт ажиглагдсан сонин сонирхолтой зүйлсээ хуваалцах гэсэн юм. Тус антологи нь 21 өгүүллэгээс бүрдсэн ба олон үндэстний зохиолчдоос бүрдсэн. Өөр улс руу дүрвэн тэндээ амжилт олсон цагаач зохиолчид гэдэг нь илүү анхаарал татна. Уншиж байх үед өгүүллэгүүдэд бүгдэд нэг ижил төстэй зүйл байгаа нь ажиглагдсан төдийгүй зарим нь бүр нэг нэгэнтэйгээ сүлэлдсэн учир зүйн холбоотой мэт санагдаж байлаа. Учир юу вэ гэвэл тус антологиийн өгүүллэгүүдийг нэгтгэж буй онцгой нэг зүйл нь үндэстний цөөнхийн талаарх өгүүлэмжүүд байлаа. Урт удаан жилийн турш хүмүүсийн нүдэнд хүн гэж харагдаагүй буюу гадуурхлыг амсаж ирсэн хүмүүс. Бэлгийн цөөнх, Индианчууд, Мексикчүүд, цаашлаад мөн Азиуд, цагаачид, өнгөт арьстнуудаас гадна феминист эмэгтэйчүүд ч багтах нь бий. Энэ бүгдийн талаар өгүүлсэн, таньж мэдүүлэх гэсэн агуулга бүхий өгүүллэгүүд байлаа. “Та цагаан арьст, эсрэг хүйстэн эрэгтэй бол чимээгүй бай”. Энэ өгүүлбэрийг би хаанаас ч билээ уншиж байсан тэр цагаас хойш толгойноос минь огт гарч байгаагүй юм.
Орчуулагч бээр Японы нэгэн нэр хүндтэй зохиолчоос өнөө цагийн япон уран зохиолын голлох сэдэв юу болохыг асуухад манай зохиолчид “Gender Identity” буюу хүйсийн шинж чанарын тухайд давамгайлж бичих болсон гэж хариулсан юм. (Дур булаам:463) Миний сэтгэлийг татсан нэгэн өгүүллэг гэвэл Японы эмэгтэй зохиолч Юүко Сакатагийн “Энэхэн орчлонгийн чөлөөнд” өгүүллэг юм.
Хойд Америкт уран бүтээлээрээ танигдаад буй зохиолчийн тус өгүүллэг нь 2015 оны Америкийн шилдэг өгүүллэгүүдийн нэгээр нэрлэгдэж байсан бөгөөд транс байдлын талаар илэрхийлсэн өгүүллэг. Үйл явдлыг нь бичихгүй, харин та нарыг сонирхоод уншаасай гэж хүсэж байна. Арван жилийн хоёр хэдэн жилийн дараа уулзахад нэгнийгээ транс эмэгтэй байж гэдгийг мэднэ. Бие биедээ татагдаад л. Хүйс ямар ч хамаагүй, хэзээ ч хамаатай байгаагүй. Үнэндээ хэн нэгнийг хайрлахад хамаатай гэх зүйлээс илүү зүгээр л оршин байгаа нь сэтгэл булаахад хангалттай мэт. Тус өгүүлэгийн бичлэгийн хэлбэр тун уран, нарийн. Үүнд орчуулагчийн хувь нэмэр чухал нөлөөтэй болов уу. Монгол хүний ахуйд тааруулан орчуулан хүргэж байна гэдэг үнэхээр хүндлүүштэй ажил билээ. Үндэстний цөөнхийн талаар эхнээсээ өгүүлээд эхэлсэн учраас надад энэ антологи бүхэлдээ таалагдаж миний хүлээж байсан зүйл шиг л санагдаж байсан. Тэр тусмаа “Энэхэн орчлонгийн чөлөөнд” өгүүллэг. Ганц японд гэлтгүй дэлхий нийтэд хүйсийн ялгаатай байдлын сэдэв ихэд хөндөгдөж эхэлсэн. Учир нь одоо л дэлхий нийт эдгээр хүмүүсийн талаар сонирхож эхэлсэнтэй холбоотой. Бид ойлгоход бэлэн байна, тайлбарлаад өг гэж нийгэм нь тэдэнд, тэд ч биднээс хүсэж буй хэрэг юм. Саяхныг хүртэл тодорхойгүй өвчин эмгэг мэт үл хүлээн зөвшөөрөгдөж байсан энэ ялгаварлал бага багаар халагдаж зөвхөн Европ гэлтгүй Азийн орнуудад ч албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ мэтээр даяаршиж хүний эрхийн төлөөх хөдөлгөөнүүд хүрээгээ тэлэн өргөжих атал монгол оронд минь харин ЛГБТ хүмүүсийг хүй олноор нь цаазал, устга гэсэн сэтгэгдэл хөвөрсөөр, дотроо ч үзэн ядсаар хэвээр байгаа нь харамсалтай. Энэ сөрөг бодлуудыг юу багахан ч болов өөрчилж чадах вэ гэхээр нэн шинэ үеийн уран зохиол. Эх хэл дээрээ “Дур булаам” антологийг ядаж уншчихмаар. Багахан ч болов үндэстний цөөнх гэж юу байдгийг ойлгож аваасай, ухаараасай гэж хүсэж байна. Шашнаар нь, арьс өнгөөр нь, хүйс, бэлгийн чиг баримжаагаар нь нэгнээ гадуурхахаа хэзээ болихыг хэлж мэдэхгүй ч урлаг уран зохиолд шинэ өнгө төрх үзэл санаа ийн өгүүлэгдэж буйд талархмаар. Netflix “Euphoria” цувралд гардагчлан эхний ангиас эхлээд л сэтгэлийг минь булаасан зүйл бол Jules-ийн дүрд тоглосон транс эмэгтэй, модел Hunter Schavfer юм. Түүнийг дотроос нь л нэг зүйл гэрэлтүүлээд байлаа. Уяхан, эелдэг ааль сайхан бие гээд л. Мөн миний хүсдгээр шаргал үс, булбарай арьс. Бас хайр ямар ч байж болно гэдгийг сануулсан бүтээл. Хар тамхины хараат байдал, бэлгийн амьдрал, хайр дурлал. Үүн дээр нэмээд хамгийн чухал зүйл нь бид эцэг эхийгээ эцэг эх гэж л хардаг. Тэдний хүслийг, бүр дотоод хүслийг нь тэр бүр мэдээд байдаггүй. Бид олон зүйл рүү татагддаг шиг тэд ч бас тэгдэг. Сонирхолтой зүйлс рүү шунадаг юм шүү гэсэн санааг гаргах гэсэн болов уу.
Ийнхүү өгүүллэгийн талаар бичих гэсэн бичвэрээ шинэхэн цувралаас мэдэрсэн мэдрэмжийн илэрхийллээр өндөрлье.
Монголд тэгш эрх бахархлын өдрүүд болж буй энэ өдрүүдэд надад автобусны зогсоолны дэргэдэх туг л сайхан харагдаж байна даа. Илүү олон хүмүүст илүү их зүйлийг ойлгуулахыг багахан бичвэртээ багтаан захилаа.
Happy Pride Days
Х.Анужин