Хорьдугаар зууны Чехийн нөлөө бүхий зохиолчдын нэг, орчин цагийн Чехийн утга зохиолын нүүр царай болсон Бохумил Храбал болон хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг чех гаралт франц зохиолч Милан Кундера нарын уран бүтээлийн замнал болоод бүтээн туурвих үйл хэрэгт тулгарч байсан үндэстний асуудлууд хоёр уран бүтээлчид хэрхэн нөлөөлснийг түүхэнд үлдсэн баримтуудаас эргэн дурссан “Кундера ба Храбал”-ын Чехословакаас авсан сургамжийг эргэн дурсахуй хэмээх нийтлэлийг хүргэж байна.
“Кундера ба Храбал”-ын Чехословакаас авсан сургамжийг эргэн дурсахуй
буюу хоёр зохиолч авторитар засгийн газрын шахалтанд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн тухай
Нэтан Скотт МкНамара 2016/12/16
1968 оны наймдугаар сард Зөвлөлт Холбоот Улс Чехословакийг эзэлсэн юм. Прагийн гудамжуудаар явж өнгөрөх танкнуудын талаар Милан Кундера Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй-даа бичжээ. Тус улсын удирдагч Александр Дубчек ЗХУ-д дуудагдаж, тэнд хүчээр Москвагийн зөвшилцөх гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр олон хүнийг цаазаар авахуулахаас аварч, Сибирьт цөлөгдөхөөс сэргийлсэн боловч Чехийн ард түмнийг Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэгчдэд хаяж өгсөн юм. Тэдний ялагдлыг дагалдан аялал жуулчлал болон ажилд тавих хязгаарлалт чангарсан. Сөрөг хүчний бүлгүүдийг дарахыг шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг үгүй болгов. Кундера бичиж байлаа, “Дубчек эргэж ирээд радиогоор илтгэл тавьсан юм. Тэр зургаан өдөр хоригдсоноосоо болж цөхрөөд ярьж ч чадахгүй байв; тасралтгүй түгдрээд л, амьсгал авах гэж санаа алдаад л... Багт наадам дууссан байлаа. Өдөр тутмын доромжлол эхэллээ.”
Дарангуйлал дор ажиллаж байсан эсхүл цөллөгт байсан зохиолчдын түүх урт бөгөөд аль ч тохиолдолд харгислал ямар нэг хэмжээгээр агуулагдана. 1968-аас 1989 он хүртэл Милан Кундера болон Бохумил Храбал нар шиг Чех зохиолч нар бараг л байж боломгүй нөхцөлд амьдарсан юм. Тэд Төв Европын өчүүхэн хэсэгт хязгаарлагдсан Чех хэлээр ярьж бас бичиж байсан ба энэ хэл сонор хийгээд авторитар засгийн газрын хяналтанд орсон байлаа.
1967 онд, эзлэн түрэмгийллээс нэг жилийн өмнө Кундера өөрийн анхны тууж/роман болох Наргиа-гаа хэвлүүлээд байсан юм. Чехословакт гайхалтай амжилт олсон энэхүү ном гурван ч том хэвлэлийн газраар дамжин хэвлэгдсэн ба Кундераг утга зохиолын од болох суурийг тавьсан. Гэвч үүнээс гадна тууж/роман Коммунист намын анхаарлыг татжээ. Зөвлөлтийн булаан эзлэлтийн дараахан Кундерагийн номыг хориглож, номын сангуудаас хурааж авсан байна. Тэрбээр Прагийн Кино урлагийн сургууль дахь профессорын ажлаасаа ч халагджээ.
Тэгсэн ч Кундера зохиолчийн хувьд амьдралын итгэл найдвараа Чехословакийн ирээдүйн төлөө илэрхийлсээр байсан юм. 1968 оны 12-р сард тэрбээр улс төрийн нөхцөл байдлыг үндэсний сүйрэл гэж нэрлэхээс татгалзсан талаараа эсээ нийтлүүлжээ. Тэр бичихдээ, “Хэний ч таамаглаагүй зүйлс болж өнгөрсөн: энэ аймшигт мөргөлдөөнийг шинэ улс төр давж гарч чадлаа. Ухарсан нь үнэн ч гэсэн эвдрээгүй байна, нурж унаагүй байна.” Тэрбээр аль хэдийнээ ил тод болчихсон хориг, хязгаарлалтуудын эсрэг маргаан өрнүүлж байлаа. “Цагдаагийн улс дахин байгуулагдаагүй, оюун санааны хүрээнд тогтоосон хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөөгүй, бууж өгөөгүй, өөрийнхөө зарчмуудаас урваагүй, ард түмнээ хөсөр хаяагүй... ирээдүйд үлэмж итгэл найдвар хүлээж байна. Ингэхдээ бас тийм ч холын биш, ойрын ирээдүйд шүү.”
Харамсалтай нь 1975 он гэхэд Кундера бууж өгсөн байлаа. Бичсэн зүйлсээ хэвлүүлэх аргагүй, ажил хийх ч боломжгүйн улмаас Чехословакаас зугтаж Францад иржээ. Тэнд тэрбээр өөрийн хамгийн алдартай, улс төрийн агуулга бүхий хоёр зохиолыг бичсэн нь, Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй болон Инээх хийгээд мартахуйн тухай ном юм. Түүний номнууд Чехословакт хэвлэгдэх боломжгүй хэвээр байсан. Нэг л мэдэхэд Кундера дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж эхэлжээ. Гэхдээ үүнд өөрийнх нь төлөөлж байсан ард түмэн багтсангүй. Бүр Зөвлөлтийн удирдлагаас хойших эринд хүртэл олон хүн түүнийг урвагч гэж үзсэн хэвээр байгаа учраас Кундера эх орондоо хайр хүндлэл хүлээгээгүй юм. Утга зохиол судлаач Хана Пичова ийн бичиж байна, “Тэр хүмүүст ховорхон үзэгддэг, ярилцлага ч тохиолдлын байдлаар өгдөг. Эх орондоо нууцаар ирдэг (жишээлбэл хуурамч сахал зүүж). Түүний бүтээлүүдийг сайндаа л гэхэд үл тоомсорлосон байдалтай хүлээж авдаг.” Кундерагийн дэлхийд алдартай ном Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй л гэхэд Бүгд Найрамдах Чех Улсад (хуучнаар Чехословак) 2006 он хүртэл хэвлэгдээгүй юм, Коммунизмын уналтаас хойш 17 жил өнгөрчихөөд байхад шүү дээ.
Кундерагийн нутаг нэгтэн, орчин цагийн зохиолчдын нэг Бохумил Храбал улс төрөөс холхон байхыг хичээсээр ирсэн нэгэн. Храбал түүх өгүүлэхдээ улс төрийн шүүмж гэх ойлголт төрүүлэлгүй зайлсхийх “дэмий үглэх” хэмээн танигдсан аргыг ашигладаг байв. Энэхүү аргыг өргөн хүрээнд тэлсэн хоорондоо авцалдаагүй зүйлс үргэлжилсээр л байх гэж ойлгож болно. Храбал нагац ахыгаа “дэмий үглэгч”, “ширээний ард сууж байгаад тааз руу ширтэхдээ тэр дээрээс ярьж байсан зүйлсээ харчихдаг” тийм хүн, тасралтгүй түүх өгүүлэгч байсан гэж тодорхойлсон байдаг.
Адам Тирвеллийн өгүүлснээр, “Храбалын номнууд улс төрийн баримжааны шилжилтээс зайлсхийхийг хичээсэн ч тасралтгүй орооцолдсоор байсан түүхийг өгүүлдэг. Түүний бичлэгийн нарийн хэв маягийн ард Прагийн улс төр үргэлж байсаар ирсэн.” Храбал Чехословак дахь гэрээ аварч чадсан ч төлөөсөнд нь үр бүтээлч байдал ба сэтгэлзүйн төлөөс өгсөн юм. “Ойролцоогоор 15 жилийн хугацаанд Храбал хэдэнтээ Чехословакийн Коммунист нам бүтээлүүдийг нь хориглохтой тулгарсан” хэмээн Меган Форбес бичиж байна. “Гэхдээ 1975 онд өгсөн ярилцлагадаа улс төрийн хувьд эвлэрлийн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн нь тэрс үзэлт бүлгүүдэд дохио өгсний зэрэгцээ түүнд дахин хэвлэгдэх боломжийг нээж өгчээ.” Коммунизмын эсрэг тэмцэгчид түүний номнуудыг гудамжинд шатааж байлаа.
“Аугаа Төв Европын зохиолч нар занга болчихсон ертөнц дэх хүний боломжууд гэж юу болох талаар өөрсдөөсөө асууж байна,” гэж Кундера 1986 онд хэвлүүлсэн Роман/туужийн урлаг номдоо бичсэн. Бүгд Найрамдах Чех Улс – Чехословак – Австри Унгарын Эзэнт гүрэнд энэ утга зохиолын ойлголт бүүр эрт, Франц Кафкад хүрэх бөгөөд бүхэл амьдралаа Прагад өнгөрүүлсэн Герман хэлт Еврэй эр үүнтэй төстэй асуултуудад донтсон байсан нь илэрхий билээ.
Булаан эзлэлтээс хойш Храбалын хяналтанд орсон зохиолуудаас Зөвлөлт дэглэмийн боомилж буй гар илт харагдаж байлаа. Храбалын Алиа салбадайн саяууд зохиол дахь гол дүрийн оргил хэсэг дэх цогцолборт ямар өөрчлөлт оруулсныг Жозеф Скворечки үзүүлж байна.
Одоо сэргээсэн жинхэнэ хувилбарт:
Эцэг ажлын өрөөнөөсөө гарахад ажилчдын удирдагчийн хүлээсэн мөч ирж, тэрээр чийдэнг ногоон халхавчных нь хамтаар барьж аваад цонхоор шидэж орхисонд түлээний мод бас хаягдлын овоон дээр унаж, шил бас халхавч нь хэдэн хэсэг болон хагарахад Эцэг толгойгоо базлахад эгээ л тархи нь няцарсан мэт базлах чимээ дотор нь сонсогдох авай. “Шинэ эрин энд ч бас эхэлж байна” хэмээгээд ажилчдын удирдагч түүний өрөөг зүглэлээ.
Хянагдсан хувилбарт:
За тэгэхээр, юу гэж бодож байна даа нөхдөө? Уужим сэтгэлтнүүд болцгоох уу даа хэдүүлээ? Урьд нь чамд сайн хандсан хуучны цагийг дурсаад чийдэнг дурсгал болгоод авчих.
Энэ бол Кундерагийн нэгэнтээ найдангуй төсөөлж байсан уян хатан коммунист төр биш байлаа.
Храбалын хамгийн аугаа зохиол Дэндүү чанга ганцаардал-д ном цэвэрлэгч согтуу эрийн түүхийг өгүүлдэг. “Гучин таван жилийн турш хаягдал цаас, номнууд шахаж нягтруулахдаа би өөрийгөө үсэгнүүдээр завааруулж орхисон юм,” хэмээн хүүрнэгч тайлбарлана. “Энэ он жилүүдэд гурван ч тонныг нягтруулж дөнгөсөн.” Хүүрнэгч ажлаасаа ихээхэн таашаал авдаг нь энэ түүхэнд өгүүлэгдэж буй хамгийн баялаг утга учиргүй байдлуудын нэг. Тэрээр өөрийнх нь ажлыг ямар ч утга учиргүй болгохоор заналхийлж буй үлэмж хэмжээтэй ном цэвэрлэгч машин харсныхаа дараагаар өөрийн бяцхан цехэд эргэн очоод ажлынхаа үр дүнг 50 хувиар нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж эхэлжээ. Тирвеллийн бичсэнээр, “Энэ бол Храбалын улс төрөөс зугтах ёсзүйн үндэс... бүтэн егөөдлийн байр суурь.”
Зөвлөлтийн удирдлага доорх Чехословакт бүтээл туурвихын тулд тэрхүү егөөдөл Храбалд амин чухал байсан ч тус нэмэр нь шальсангүй. 1989 оныг хүртэл Храбалын бусад номнуудын адилаар Дэндүү чанга ганцаардал-ыг голчлон хилийн цаана унших боломжтой байв. Чехословакт самиздатаар л үүнийг хэвлэх боломжтой байсан ба энэ нь Коммунист Европ дахь нууцаар ном хэвлэх, хуулбарлах санаачлага юм. Ингэхдээ нэг номыг цөөн тоогоор л олшруулах боломжтой байжээ. Эцэст нь Храбал төртэй өргөн хүрээнд зөвшилцсөн нь хамтран зүтгэгчдээсээ буруулах шалтгаан болсон. Тэгсэн ч энэ бүхэн хамаатай байхаа больсон байлаа.
Булаан эзлэлтээс өмнөх Прагийг эргэн дурсан Инээх хийгээд мартахуйн тухай ном-доо Кундера бичсэн нь, “[Мирек] эцэст нь нэг юм илүү болгоомжтой нөхдийнхөө хүрээлэлд орж ирлээ.” “Үндсэн хууль үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангасан, үнэн; гэхдээ төрийн эсрэг гэж тайлбарлагдахаар үйлдэл бүрийг хууль шийтгэдэг байсан. Төр энэ үг эсрэг байна, тэр үг ч эсрэг байна гэж хэзээ ч орилоод эхлэхийг хэн хэлж мэдэх вэ?”
Зөвлөлтийн дэглэм Чехословакийг хяналтандаа байлгахдаа Чех хүмүүсийг бие биенээ сэжиглэхэд хүргэж, бүх нийтийн айдсыг бүтээснээр томоохон амжилт олсон. Кундераг эх оронд нь хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага хүчтэй өрнөсөн бөгөөд 2008 онд Коммунист цагдаа нартай хамтран ажилласан хэрэгт учир битүүлгээр буруутгасан байдаг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Храбал өөрийгөө хулчгар этгээд гэж тооцох болсны улмаас 82 насандаа эмнэлгийн 5 давхрын цонхноос үсэрч нас барсан юм.
Эдгээр эрчүүдийн үйлс хэрэг, гавьяаг хүндэтгэх нь чухал; орчин цагт тэдний номнууд уншихад бэлэн, сэргээгдсэн бөгөөд та санаа амар уншиж болно. Гэхдээ авторитар засгийн газрын дор эдгээр зохиолч нарт тохиолдсон явдлууд бол энэ түүхээс бидний авах ёстой гол сургамж юм. Энэхүү улс төрийг тэсэн гарч, ажил хэргээ үргэлжлүүлсээр байсан Чехийн зохиолч, уран бүтээлчдийн талаарх түүхүүдийн цаана тэгж чадаагүй, албадлагаар хөдөө нүүсэн, тээрэм, үйлдвэрүүдэд хүчээр ажилласан, амаа таглуулсан олон хүний түүх бий.
Орчин цагт ч мөн адил тааварлах аргагүй засгийн газрын дор зохиолч нарын амьдрал тэсч үлдэх эсэх асуудал ноцтой тавигдаж байна. Саяхан Элиф Шафак Туркад зохиолчдын дуу хоолойг хааж буй талаар чухал нийтлэл бичсэн. Тэрбээр “Бид шилэн ханатай жижигхэн өрөөнүүдэд хуваагдчихсан. Хуучны нөхөрлөлд ч ан цав гарчээ.” Бүр илүү аюултай түвшинд гэвэл Алеппо дахь идэвхтнүүдийг бодоод үз. Хот нь бүслэгдсэн, гудамжинд энгийн иргэдийг цэргүүд буудаж байхад тэд нэг нэгээрээ Твиттерээс алга болж байна.
Эх сурвалж: www.lithub.com
Орчуулсан: МУИС-ийн Утга Зохиол Судлалын 3 дугаар дамжааны оюутан Оюу-Эрдэнэ