Х.Нямхишиг: Аксу гудамжны 21 тоот
2020-06-13 Фройдын сүүдэр 2674

Бидний сайн танил, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн хүүрнэлийн төрлөөр бичсэн "Гашуун амт, амтлаг үнэр" ном уншигчдын гарт ирээд удаагүй байна. Тэрээр "Бөгтөр хөх өвс" (2008), "Зун гээсэн чөдөр" (2010), "................" (2014), "Хөх цэгцгий жиргэнэ" (2018) зэрэг яруу найргийн түүврүүдээрээ ямар чансаатай найрагч вэ гэдгээ хэдий нь баталсан. Тэгвэл өгүүллэг, тууж эмхэрдсэн эл шинэ ном нь Х.Нямхишигийн үргэлжилсэн үгээр ч жинтэй туурвих уран бүтээлч гэдгийг лавтай сайн нотолгоо болжээ. Нягт сэтгэлгээ, шигүү уртай, гүн рүү шунгаж, өндрөөс дуулсан түүнийх шиг ийм чадал цараатай хүүрнэл санааны хэрээр олон таардаггүй нь үнэн билээ. Олон таардаггүй нь үнэний учир ихэд олзуурхсанаа бид уншигчдадаа танилцуулж байна. Г.Нямхишигийн шинэхэн номд багтсан нэгэн өгүүллэгийг таалан болгооно уу! Илүүг уншиж амтлахыг хүсвэл "Гашуун амт, амтлаг үнэр"-ийг сөхөөрэй!


Хандхүүгийн Нямхишиг

АКСУ ГУДАМЖНЫ 21 ТООТ
(өгүүллэг)

Анх ажилд ороход Хүдэрт гуанзны шилэн таваг тун хэврэг санагддаг байж билээ. Тэрхүү хэврэг зүйлсийг зөөгчид хоолны тавиур дүүрэн овоолж авчраад түүний урд шидэж орхино. Анхандаа тэдгээрт гар хүрэх бүрдээ хагалчих вий гэж эмээдэг байсан ч угаагчийн ажилдаа дадаад ирэхийн үест тэвэрч явахаар томоос нь авахуулаад чимхэж явахаар жижиг хүртэлх төрөл бүрийн шилэн тавагт тун ч хайр найргүй хандах болжээ.

Элдэв төрлийн угаалгын бодис үнэртсэн халуун устай угаалтуур дотор тавгууд хангир жингэр хийн харшилдах авч хагарах нь ер үгүй. Үнэндээ шил гэдэг харагдаж буйгаасаа хавьгүй бат бөх аж. Үүн лүгээ адил хүний сэтгэл ч бас санагдаж буй шигээ тийм эмзэг биш нь Хүдэрт ойлгогдож авай. Өглөөгүүр зугуухан цуварч, өдрийн цайнаар дээд цэгтээ тулж оволзоод, үдээс хойш татран татарсаар угаагдаж дуусах шилэн тавгууд цөм бүрэн бүтэн хураагдах нь түүний мэдрэмжээс хамааралтай. Сэтгэл зүрх ч мөн эмтрэх эсэх нь хувь хүний мэдрэмжээс шалтгаална. Энэ бол Хүдэрийн ажлаасаа олж авсан амьдралын нарийн ухагдахуун байлаа. Хүдэр ажлаасаа бууж, гартаа хоёр сав хоол (гуанзны үлдэгдэл хоол) барьсаар харихад эхнэр нь ирээгүй байв. Тэр Акинтай цуг Измирт буй. Түүний эзгүй гурав хоног Хүдэрт тийм ч хэцүү байсангүй. Магадгүй, өмнө нь ч бас ингээд л гурав хоног эзгүй байсан болохоор тэр биз. Акины хөлс нь бурзайсан халзан дух, мэлэрсэн бор нүд хааяа бодолд нь тодорно. Үүдний чулуун шатнаа түүний хиймэл хөлийн чимээ гарахад эхэндээ сэртэсхийдэг байснаа санав. Акины тэр хөлийн чимээ үнэхээр андашгүй, халуунд түүртсэндээ аахилсаар орж ирэх нь харин ч тээртэй биш, түрэмгий санагддаг сан. Буйданд нь арагш унах мэт лагхийтэл суугаад,

- Nasil sen? хэмээн эхнэрт нь хандан дуугарна. Хүдэр Акины нэг тийм нялуун дуу хоолойд дотроо эгдүүцдэг байсан юм. Харин одоо бол турк эрчүүд бүгд тийм дуу хоолойтой мэт анзаарагдах болжээ. Акин буйданд тухалмагц хуванцар хөлөө даруй салгаж, хана түшүүлэн тавина. Өвдөгнийхөө доохнуур тайруулсан мухар хөл нь оймстой. Эрүүл хөл нь ч, тайлаад тавьсан хиймэл хөл нь ч оймстой. Тэр гурван оймс нь яг адилхан хүрэн өнгөтэй. “Сул унжсан шурхнаг доторх мухар хөлдөө өөр өнгийн оймс өмссөн ч болох шүү дээ” гэж Хүдэрт бодогдсон билээ. 

Туркэд ирээд хөлөө ч, хэлээ ч олж амжаагүй тэвдүүхэн байх үед эхнэр нь эхэлж Акинтай танилцсан юм. Тэдэнд хэн нэгний өмөг түшиг, тус дэм нэн чухал байж. Хавь ойрд нь цөөн монголчууд байсан ч тэд цөмөөрөө хүн чанараа зоосоор арилжиж орхисон байлаа. Амьдралд нь нэмэр биш нэрмээс бологч нутаг нэгтнүүдээсээ холдохын түүс болсон үе байж. Тэгээд л үнэгүй байр, цалин сайтай ажил амласан Акины сууцанд нүүж ирсэн билээ. Өдрөөс өдөрт хэн нэгэн өөр лүү нь хөлөө дүрсээр, гэвч дүрж буй тэр хөл хуванцар эд тул өвдөхгүй, харин өвтгөж л чадахыг Хүдэр мэдэрсээр байсан ч нэгэн биед гурван оймс өмссөн мэт, басхүү өөрөөр байх аргагүй мэт бодогдоно. Бодогдсон гэж ч боломгүй, ер нь бол энэ тухай тэгтлээ ухаан зарж бодсон ч үгүй. Цаг хугацаа хийгээд орон зайн ямарваа нөлөөлөл хүний сэтгэл зүрхнээ ямх ямхаар нэвчихдээ зугтах ч, тулгарах ч хүсэл төрүүлдэггүй. Нэг л мэдэхэд элсний нүүдэл шиг нөмрөн авч, бурхнаас өгөгдсөн хувь заяа мэт санагдахаар болчихсон байдаг даа. Яг л тийм жам ёсны дагуу бүх зүйл явагдаж байлаа. Эхнэрийнх нь хэзээ язааны хөнгөмсөг явдлууд, олон жилийн турш шуурга мэт нүдсэн зүхэл цухлын үгс ч Хүдэрийн дотоод оршихуйг нэгэнт цөлжүүлсэн авай. Акин, Измирт байх гурилын үйлдвэрээ эргэх бүрдээ эхнэрийг нь авч явах болов. Ганцаархнаа байх нь Хүдэрт харин ч амар байлаа. Гагцхүү ханын цагийн шогшрох мэт дуу л нэн тээртэй санагдана. “Өмнө нь яагаад цагийн цохилт сонсогддоггүй байсан юм бол” хэмээн бодлоо. Магадгүй нэгэн хэвийн учраас тэр биз. Хэрэв цагийн цохилт нэгэн үе тод, нэгэн үе бүдэг дуугардаг сан бол анзаарагдана шүү дээ. Тийнхүү цаг руу ширтэн сууж байтал утсанд нь дуудлага ирлээ. 

- Байна уу?

- Байна.

- Сайн уу?

- Сайн. Хэн бэ?

- Хуучны андаа танихаа болио юу даа? гэх нь зургаан сарын өмнө нэг байранд цуг амьдарч байсан монгол залуугийн дуу мөн аж. 

- Танилаа, танилаа.

- Ашгүй дээ. Тэгвэл хэдүүлээ ганц лонх юм хувааж уувал ямар вэ?

- Тэгье л дээ.

Хүдэр хуучин танилуудтайгаа оройжин суув. Тэд монгол дуугаа дуулцгааж, турк архи уужээ. Тэрээр шөнө дундын алдад найзынхаасаа гарсан байлаа. Хөлсний тэрэгний жолооч гараас нь татаж,

- Хаашаа явах вэ? гэж асуухад л Хүдэр харих гэж яваагаа, бас нэлээд согтсоноо сая ойлгов. 

- Аксу гудамжны 21 тоот.

Арын суудалд бас зүс таних нэгэн монгол хүүхэн суужээ. Юутай ч тэр ганцаараа харихгүй бололтой. 

- Эхнэр ирчихсэн байх вий дээ? гэж Хүдэр хэлэв.

- Ирэхгүй гэсэн шүү дээ, чи! гэж бүсгүй хариуллаа.

- Тийм ээ, тийм. Ирэхгүй. Манайд хэн ч байхгүй. Цагийн дуунаас өөр юу ч байхгүй гэж Хүдэр согтуурхав. Бүсгүй түүний мөрөн дээр гараа зөөлхөн тавьж, жолооч өтгөн хөмсгөө нумруулан ширүүн харах нь түүнд “Дуугүй яв!” гэсэн сануулга шиг санагджээ.

- Аксу гудамжны 21 тоот шүү!

- Ирчихлээ! гэж жолооч эр уурсангуй дуугарав.

Хаалганых нь дээрээс туссан бүдэг гэрэлд “21” гэсэн тоо тод үзэгдэнэ. Зөвхөн тэр тоог гэрэлтүүлэхийн тулд л тэнд гэрэл тавьсан мэт авай. Хүдэр хаалгандаа түлхүүр шургуулах гэж оролдох зуураа;

- 2+1=3,  Х+Ж=А  хэмээн үглэнэ.

Ард нь зогсоо бүсгүйн шоолонгуй инээх сонсогдоно. Эхнэр нь ирээгүй л байлаа. “Тэр маань яаж шүү яваа юм бол?” Хүдэрийн сэтгэл зовнив.

- Гоё буйдан юм аа. Гудамжнаас олоо юу? гэж бүсгүй асуув.

- Үгүй ээ. Байрны эзэн өгсөн юм.

- Танай байрны эзэн сайн хүн үү?

- Чамд түүний тухай яриагүй бил үү?

- Яриагүй шүү дээ.

- Яриагүй байсан нь дээр биз ээ?

- Яагаад?

- Ер нь Туркэд сайн эр хүн байдаггүй юм. 

-Надад лав турк эрчүүд сайн хүмүүс шиг санагддаг. Ядаж л эмэгтэй хүнд халамжтай. Гэтэл манай монгол эрчүүд...

- Монгол эрчүүд архичин, арчаагүй, залхуу гэж үү? Энэ үгийг эх орноосоо хол яваа монгол эмс бүгдээрээ хэлдэг юм. 

Хүдэр бүсгүйг үг дуугарахаас нь өрсөн тэврээд авлаа. Уруул уруулаа үмхэн озолцож ахуйд цагийн дуу нэгэнтээ сонсогджээ. Эхнэрийнх нь гурвалжилсан хурц нүд санаанд нь зурсхийсэн тул тийнхүү чагнаархсан хэрэг.

- Чи ямар түрэмгий юм бэ? гэж бүсгүй давчидсан амьсгаагаар шивнэнэ.


Өглөө нь Хүдэр ажилдаа арван таван минут хоцорч очлоо. Гуанзны эзэн өвгөн нүдний шилэн дээгүүрээ тун ёозгүй ширтэнэ.

          - Архи уугаа юу?

          - Жаахан шар айраг л... гэж Хүдэр хэллээ. Өвгөн:

          - Аллах, Аллах гэж уулга алдсаар цааш эргэв.

Ахлах тогооч туркмен залуу Хүдэрт зутан хийж өгөв. Мөнөөх л давтагдмал ажил нь эхэлж, шартсан дотор шиг нь барзайж хуурайшсан гараа угаалтуурын бүлээн усанд бушуухан дүрлээ. Шилэн тавгууд яг л зоосон мөнгө шиг жингэнэнэ. Хар захын худалдаачид чийрсэн сагсанд хийсэн задгай зооснуудаа тийнхүү жингэнүүлэн самарч зогсдог сон. Мөнгө бол хорвоо ертөнцийн бүхий л юмсыг хураан эрхшээх хүчит давлагаан юм. Тэр давлагаан хүнийг эрэгт гаргаж хаядаг. Гэхдээ гагцхүү амиа гээсэн биеийг нь тийн орхидог. Тэгэхээр амьддаа мөнгөний эрхшээлээс гарах аргагүй ажээ.

- Бие чинь ямар байна? гэж туркмен залуу асуув.

- Зүгээр ээ, найз аа!

Тэр хоёр найзууд, бас адилхан цагаачид билээ. Энд эхнэртэйгээ цуг ирснийг нь сонсоод тэрээр:

- Хүдэр ээ, чи жинхэнэ тэнэг эр юм гэж дүгнэсэн удаатай. Үнэндээ бол Хүдэрийн энд яваа нь ч, эхнэрийнх нь энд яваа ч тэнэг хэрэг л дээ. Түүний амьдралдаа хийж байсан олон тэнэг алхмуудын нэг нь л энэ. Гэхдээ туйлын буруу зүйл гэж нэгээхэн ч үгүй юм. Хүдэрийн алдаатай шийдвэр болгон эргэн санахад оноотой байсан. Тийн ухаарсандаа алдаандаа гэмшихээ больсон билээ.

Эхнэрийнх нь утасны дугаар толгойд нь эргэлдэнэ. Гэлээ ч тэрээр утасдахгүй байхаар шийджээ. Шаралхсандаа ч юм уу, эсвэл явчихсанд нь сэтгэл ханасандаа ч юм уу бүү мэд. Ямартаа ч түүний хувьд эхнэр нь торноос нэгэнт алдуурсан шувуу мэт санагдана. Шувуу гэснээс арын өрөөнд жижигхэн гоёмсог тортой хоёр хөөрхөн шувуу бий. Энд ажиллаж эхлэхэд хамгийн тааламжтай санагдсан зүйл бол тэр шувууд юм.

- Энэ ямар шувуу вэ? гэж Хүдэрийг асуухад эзэн өвгөн:

      - Канар бялзуухай. Австралиас авчирсан юм гэсэн билээ. Хүдэр ажлын завсар чөлөөнд амсхийх бүрдээ тэр шувуудад ойрхон суудаг юм. Тэдний жиргээ нь, тув тунгалаг нүд нь сэтгэл гэрэлтүүлнэ. Түүний урьд нь ажиллаж асан бүх газруудад яг адилхан чангаас чанга хөгжим эгшиглэж байсан бол энд харин тэр хөгжмийг энэ хоёр хөөрхөн шувуу орлож авай. 

Монголд байгаа хоёр хүүтэйгээ яримаар санагдсан тул эзэн өвгөнөөс ойролцоох холбооны газар руу явах чөлөө хүслээ. Тэр зөвшөөрөв. Хүдэрийг гадагш гарахад гудамжны эсрэг талд хэсэг хүмүүс эсэргүүцлийн цуглаан хийж байлаа. Тэд бүгдээрээ гартаа талх барьсан агаад талхаа дээш өргөн чанга чанга хашхиралдана.

- Талхны үнэ тэнгэрт туллаа. Энэ бол Ариун намын буруу! гэцгээж байв. Холбооны газарт хар арьстан хоёр эр, ази царайтай нэг хүүхэн суурин утасны харилцуур чихэндээ наагаад өөрсдийнхөө хэлээр ярьцгааж байлаа. Том хүүгийнх нь дуу харилцуурт сонсогдов.

- Аав аа, унадаг дугуй авах мөнгө явуулах гэж байгаа юм уу?

- Хэн тэгж байна?

- Дөнгөж сая ээж ярихдаа тэгж хэлсэн шүү дээ.

- Аан за. Мөнгө явуулна аа.

Бага хүү нь утас булааж авав бололтой.

- Аав аа, миний гутал бас л урагдчихсан.

- Тийм үү?

- Гутал авах мөнгө явуулаарай.

- За, мөнгө явуулна аа.

- Аав аа, би зөндөө гоё зураг зурсан.

- Сайн байна, миний хүү.

Холбооны газраас гарахад сэтгэл нь эмтрэх шиг санагдаж байлаа. Хүний сэтгэл гэдэг яг л шилэн тавгууд шиг хагарахдаа хүрвэл өөрөө ч хагарчих эмзэг юм байна шүү дээ гэж Хүдэр бодов. Тэр тусмаа Монголд утсаа булаалдан буй хоёр хүүгийнх нь тэр бяцхан гарууд түүний сэтгэлийг юу ч үгүй буталж чадах, бас буцаагаад бүтэн болгож ч чадах хүчтэй юм. Тэр хөөрхөн гаруудын зурсан зургуудад аав, ээж хоёр нь ямагт цугтаа багтдаг билээ.

Орой нь харихад эхнэр нь бас л ирээгүй байв. Ханын цагийн мөнөөх л залхам дуу түүнийг угтлаа. Хүдэр шууд л цагаа шүүрч аваад зайг нь суга татаж орхив. Тэгээд барьж ирсэн шар айргаа ширээн дээр тавилаа. Дэлгүүрийн худалдагчийн шар айраг боож өгсөн сонинг гарчиглаж эхэлтэл хаалганых нь хонх жингэнэв. Хүдэр ухасхийн хаалга руу очлоо.

- Хэн бэ?

- Хаалгаа тайлаарай! Алириза Акин намайг явууллаа!

Хаалга нээтэл хоёр цагдаа зогсож байв.

- Сайн байна уу? Та бичиг баримтаа шалгуулна уу? гэсээр тэд орж ирлээ.

- Хууль бусаар хөдөлмөр эрхлэгч юм биз дээ?

- Тийм  ээ.

- Энд өөр гадаад хүн амьдардаг уу?

- Үгүй ээ.

- Уучлаарай! Та бидэнтэй цуг явна!

Түүнийг тэрэгний арын суудалд суулгаад гэрэлт гудамжаар, дараа нь хонгил доогуурх хурдны замаар нэлээд удаан явсны эцэст “Хууль бусаар хөдөлмөр эрхлэгч гадаад иргэдийг түр саатуулах байр” гэсэн хаягтай газарт ирэв. Тэгээд цагдаагийн хамгаалалттай шалганаар явган дамжуулан хуучин зурагт, ганц буйдан, ширээ, сандал төдийхөнтэй өрөөнд орууллаа. Тэр нь Монголд бол хаа сайгүй байдаг ядруухан дэн буудлуудын өрөөг санагдуулам аж. Хүдэр төмөр сараалжин хамгаалалт бүхий цонхоор гадагш ширтэн хэсэг зогсов. Сэтгэл нь яг л угааж арчсан шилэн таваг шиг зовуурьгүй, тунгалаг, сайхан байлаа. Тэгтэл гар утас нь дуугарч зурвас ирэв. Эхнэрийнх нь дугаараас аж.

Сайн яваад хүрээрэй! 
Хоёр хүүгээ сайн хараарай! 
Би та гуравт мөнгө явуулж байя! Баяртай!

Хүдэр хариу бичлээ.

Баярлалаа. Баяртай!

Тэрээр унтахаар хэвтсэн боловч нойр нь эс хүрэв. Нүдээ анихуйяа хоёр хүүгийнх нь хөөцөлдөн тоглож буй дүр зураг, цаана нь банзан хашаа, цастай гудамж, гудамжны үзүүр дэх худгийн цагаан байшин үзэгдэнэ. Нүдээ нээлээ. Харанхуй адар, хана, өнцөг булан бүрээс эхнэрийнх нь гурвалжилсан хурц нүд ширтэж байх шиг санагдана. Хажуу өрөөнд нэгэн турк дуучны гунигт дуу эгшиглэсээр авай.

2017.1.14.

Түр хүлээнэ үү...
Top