Арлааны Эрдэнэ-Очир найрагчийн тухай нэгэнтээ бичээд, өгүүлбэрүүд тун найрссан, хэлэх санаа машид зохицонги асан тийм нэг гоё эхлэлээ цахим хадгаламжид түр орхиод нээтэл сарнисан байсанд ихээхэн харамсаж билээ. Бичихэд сайхан эхлэл гэдэг онцгой таашаалтай байдаг. Тийм нэг онцгой гэмээр таашаалтайхан бичвэрээ хулжааснаас хойш эрхэм найрагчийн тухай үгүүлбэр тавьсангүй хэдэн оныг үджээ. А.Эрдэнэ-Очир гоц сайхан чанартай эр л дээ. Номхон, хэтийдсэн гэмээр цөлх. Аяс намуун, тийм атлаа дөллөн угалзлах далд ноцомтгой бодолтон. Бүлээн гэгээн сэтгэлтэй. Бас заримдаа баахан арчгүй гэмээр удаан, хэнэггүй. Ерөнхий хүн арлаараа сайхан “амьтаан” даа.
Шандын саруул тал, нозоорсон хул халиун толгодод намайг анхлан урьсан уран сэтгэлтэн бол Арлааны Эрдэнэ-Очир бүлгээ. Түүнд хүнийг сайханд уруу татах, энгийн, зорилгогүй гэмээр цөөн үгээр ер бусын таатайд урих үлэмж гэгээн чанар байдаг. Арваад жилийн өмнө түүний тийм нэг сэтгэл эгшиглэм урилгын дагуу төмөр замт тэргээр Сайншандад түжигнүүлж хүрэв ээ. Зуны эхэн сарын гал зээрд өдрийн ягаан үдэш галт тэрэгний буудлын түмэн хүн дотор зочноо тоссон тэрбээр өвдөгцөө шуумагтай шаргал богино өмд өмсч,нүцгэн хөлөндөө сандаал жийн, нимгэн цэнхэр цамц пансагнуулаад,тэргүүн чимэж, мөрийг хучсан ганган үсээ сэвэлзүүлсэн нь далайн эргийн наран шарлагаас боссон мэт санагдсан авай. Ингээд тэднийд борцтой сайхан шөлөнд дарсан хөмүүл хөвүүлж таалан зооглоод толгодын суунд нар хүүшлэн молцоглох ахуйд Улаанбадрах сумын зүг зээрддүүхэн гарч явахад даанч сайхан байлаа даа. Аглаг чөлөөт тал хээр рүү, тэгээд мань ханагарын төрөлх сум тоонот руу явж байгаа нь тийнхүү сэтгэл дэвлүүлсэн билээ. Урих гэгч ихээхэн утга учир бүхий хүндэтгэлт соёл, харилцаа. Гэхдээ нутаг усандаа урих, тоонотдоо залан аялуулах гэгч жинхэнэ төгс урилга хүндэтгэл мөөн. Тэр тусмаа уран бүтээлчид нэгэндээ ийм шалтгаан, нөхцөлдөхүүнээр хандана гэдэг л тийн даанч сайхан хэмээн хэлүүлж буй хэмээн бодох.
Шандаас урагш гарч яваад төдийлөн удалгүй гэгээ тасарч, шөнийн тал бүсээ тайллаа. Машины салхивч онгорхой, хэзээ ч юм шил нь алга болжээ. Манай хэнэггүйгийн л үйлс хямгын багцаа л даа, шөнийн салхи залгин сэрүү татуулж явах таатай. Явж байгаад зогсч, манай хүн тамхи татна. Тэр талын нам гүмийг ээ. Чив чимээгүй. Талын хаяанд ганц нэг гэрэл очтох нь ертөнцөд байгааг эрхгүй санагдуулам. “Тал нутаг. Дорнын говь гэж энийг л хэлээд байгаа юм аа даа, янз нь , тийм ээ хө” хэмээх А.Эрдэнэ-Очирын үгүүлэх нь эзгүй их том театрын тайзад хэлсэн мэт хүнгэнээнтэй, сонорт нэн чимээлэг, хамгийн гол нь тэгж хэлэхэд нь “Энэ чинь биднийх шүү дээ” гэсэн аяс хадгалаатай . Орчны ахуй тийнхүү намуун учраас ийн сонсогдоно. Тэндээс холгүйхэн нэг айлд очлоо. Гэрийн эзэгтэй манай аваргыг хүндлэн хоол цай хийе хэмээн шаламгайлахад , хоёул хорин, ямааны элгэн тараг аяга аягыг хүртээд, хоймроор унтсан хүүхдүүдийн дунд орж хэвтлээ. Ээрэм талын айлд шууд явж ороод, өөрийн мэт гэрийн хойморь өөд хэвтэхдээ, ийнхүү өөриймсөг нь, хилгүй нь дэндсэн монгол ёсоо бодож зүүрмэглэсэн сэн. Үүрээр хоёул босч дөмөгхөн давхиад нар дөнгөж тусч байхад Улаанбадрах сумын арын овоон дээр гүц дарсын бөглөө ханз татахнаа, эртэч эгшиглэнт болжморууд сэржим лимбэдэн жиргүүлсэн нь юутай аялгуулаг байсан гэх вэ, хөөрхий.
Ингэж би Улаанбадрах хэмээх талын уянгалаг бяцхан сууринд хөл тавьж, энэ нутгийн морьдын ялгуун үзэмжит галбир, зэрэглээ хайчлан солбих гоо чих, хүн зоны нь зочлолт сайхан сэтгэл, юунд ч сандарч үл тэвдэх тэнүүн ууч амьдрал ахуй, зэлүүд хөндийн нууцгайхан худгуудын асгар царайчилсан тэмээдийн дүрлэгэр нүд, дэрхийн нисэлдэх ногтрууд, түүний сүүдрийг сүлжин жирэлзэх газар өнгөт гүрвэлүүд, тэртээд хар даллуур сүүл соёолзуулах зээр, уйлагнан устахуй дотроо газар тэнгэрийн хаяаг нийлүүлэн эмхэрдэж, хот гандирсыг үзэмжлүүлэн хэлбэрдэх илбийн хөх зэрэглээ, гэрийн хаяагаар утаагаа нисгэх шавар зуухнаа бохьших будаатай цай, дэлгээтэй үүдээр дэрсэн түнгэнд тугал моодогнох энэ бүхэнтэй учирсан, Эрдэнэ-Очирын бүхэнтэй уулзсан бүлгээ. Түүний яруу найргийн орчин, зүрх сэтгэлийн нэгжээс энэ л нутаг, Дорнын говийн элсэн зам мөн юм аа.
Шинэ мянган гарсаны дөрөв дэх оны арванхоёрдугаар сарын хорьдоор “Өдрийн сонин”-д ажиллаж ахуйдаа томилолт авч Дорнодын Эрээнцав орлоо. Хөхрөгчид дэвшээд одсон найрагч Данзангийн Нямсүрэнгийн бүлээн эдлэн бууцанд хүрээд уяран дуулж, уужимшин тунгалагшаад,эрэл-богцоо дүүргээд, басхүү өөрийгөө хөөрхөн зутраагаад Дорнодод ирээд буудалд хэвтэж ахул Эрдэнэ-Очир гэнэт ороод ирлээ. Мөхөс намайг ийнхүү явааг дуулж. Тэгээд яахав, бид баясан хөгжижгөөж, сөгнөж, дуулж, цагийг бүтээв. Улмаар Чойбалсан хотын өмнөдөд, Хэрлэнг дэрлэн байх Д.Нямсүрэн найрагчийн цэцэрлэгт очин хүндэтгэл дэвсээд, тэндээс Хэрлэнгийн хөвөөнд очив. Хэрлэн зуны цэнгэгт ямар ч чимээгүй мэлрэн урсч байдаг. Бүр өчүүхэн ч чимээгүй.Өвлийн энэ тунгалагт мөсөн доогуураа бүр ч аниргүйг ноёлуулжээ. Тэр өдрийн цасны сайхан гэж. Будраад л , туйлаад л, хийсээд л. Тогоонтөмөрийн Содномнамжил, Пүрэвийн Хашчулуун хамт байсан. Тэгэхэд Эрдэнэ-Очир бидэн Хэрлэнгийн мөсөн дээр шижир цас үмхлэн хэвтэж, нэгэнтээ андлан хүндлэлцсэн учрал тохиол бий билээ. Эргэн санахад ер бусын байдаг. Ер бусын гэж бодсон учраас л ер бусын байх. Жир юм ер бусын байх олоон. Тийм л ер бусын байсан байх аа. Яруу найрагч Эрдэнэ-Очир ах-андын үс тэгэхэд ингэн туйлаадсын том том ширхэгээр гоёогдоод онцгой гойд нэгэн титэмийг зүүсэн нь санаанд үлгэрлэгджээ.
Арлааны Эрдэнэ-Очир ил цагаахан хүн. Түүний хамгийн дуртай ажил бол ном унших. Гэхдээ зүгээр нэг ном унших бус, гүнзгийхэн шартчихаад таалагдсан номоо тэвэрч аваад хэвтчихвэл жаргал тэр гэх. Шоолж, бас буруушааж болох л. Шарталт хэдийгээр хүсэмжит зүйл огт биш боловч сэтгэл эмзэглэл, мэдрэхүйн үйлчлэл үлэмж хүчтэй хүртэлттэй байх шиг анзаарагддаг. Тийм нэг мэдрэмтгий үед шарталтаа мартан номонд уусч, онцгой мэдрэмтгийгээр уншдагаа ч тийнхүү нэгэнтээ хэлсэн байж мэдэх. А.Эрдэнэ-Очирын үеийн тодорхой зохиолч Г.Аюурзана пийшингээ галлачихаад, нохойгоо хооллочихоод, дээлээр хөлөө хуччихаад таалсан номоо уншиж хэвтэхийг аз жаргалын оргил хэмээн илэрхийлсэн байна билээ. Ойролцоо л дадлууд юм даа.
А.Эрдэнэ-Очир утга зохиолынхоо төлөө амьдарч, туурвин эрэх замынхаа төлөө явахдаа алдар нэр, албан тушаал, эд баялагийг шүтсэнгүй. Өөрийнхөөрөө намба төгөлдөр амьдарч яваа. Гэхдээ түүнээс ядарсан нэгэндээ, тэнгэрт хальсан нөхдийнхөө ар гэрт туслах, утга зохиолынхныгоо гэх, тэр тусмаа ахмадаа хүндэтгэх халуун сэтгэл үргэлж төөнөж байдаг. Байгаагаараа, чадлаараа хүрэлцэхийг эрмэлзэж явдаг нь төгөлдөр сайхан санагддаг. Энэ мэт явахдаа, эс бөгөөс хөөрхөн дампуурч явахдаа юунаас ч хоцорсон байж мэдэх хүн. Тэр жил Дорноговиос “Болор цом”-д орно хэмээн ирээд, сархад цомд хэлтийгээд, болоод өнгөрчихжээ гээд инээж л суух. Тэр энэ зэргийг тоох хүн биш. Сэтгэл нь угаас тунгалаг. Тиймээс “Тунгалаг гунигийн улирал” хэмээн нэгэнтээ номоо нэрлэсэн биз. “Сайхан гуниглах ч бас гоё шүү” хэмээн ярина. Шүлгүүд нь нэн энхрий, халуун дотно, эмзэглэнги, яруу болоод гунигтай.
Саяхан эрхэм нөхөр ярьж байна. “Том Уул хилийн цэрэгт явсаан. Халх голд. Захиа ирлээ. Их сайн байгаа гэнэ. Зургаан жин нэмэгдсэн байна. Сэтгэл санаа ч өндөр байгаа юм байна” гээд чин сэтгэлээсээ ярилаа. Гүдэсхэн, мөн сайхан эцэг шүү. Яруу найрагч эцэг л ийм байх байхдаа гэж бодлоо. Хүүгээ хязгаар нутагт суулгаад, энэ зэрэгтэй яваад баярлаад, нэг нөхөртөө ярьж суугаа ийм эцгийг энэ үед ямар эцэг гэх вэ, жинхэнэ эх оронч эцэг гэж энэ биз дээ. Нөгөө нэг агуулга бол, хүү өсч, хүний зэрэгт хүрээд, эх орны чухал хэрэгцээт газар тийнхүү явна гэж баярлаж байгаа эцгийн сэтгэл. Эрдэнэ-очирын сэтгэл. Ямар ч худал хуурмаггүй, жинхэнэ сайхан бодь, дулаан халуун, төв сэтгэл. Хүн сэтгэл.
А.Эрдэнэ-Очир нэгэнтээ утасдан “Санамсаргүй…” тэргүүтэн шив шинэ бичсэн шүлгээ дуудаж өгч байсан нь сэтгэлд нэн гоё дурсамж үлдээжээ. Тийм нандин, яршиггүй, уяхан, ил үнэн хандлага гагцхүү түүнээс л гарна. Хачин ширхэглэг, маш нарийн мэдрэмжит хүний хандлага л даа. Сэтгэл үнэн хөдлөм.
Шооч гэж жигтэйхэн. Уртай, урлагтайхан шоолно. “Догмид ах борвио хавираад, царцаа шиг..” гэх жишээний хэлнэ. Яг л “авч” байгаа юм даа. Хамт байхад уйдаана л гэж байхгүй. Балжирын Догмид ах Эрдэнэ-Очирт жинхэнэ нутаг амьт, халуун сэтгэлт ахын ёсоор ханддаг. Эрдэнэ-Очир ч өөрөө Ж.Лхагва ах, Б.Догмид ах нарт сэтгэлээ чилээнэ. Ж.Лхагваа ахын бүтээлүүдийг эмхэтгээд гаргана гээд л явсан, ард нь гарсан байх аа. Зохиолчдынхоо анхны номын үзэсгэлэнг гаргасан, сумын наадам сэдвээр бичсэн бүтээлүүдийг нь эмхэтгээд хэвлүүлсэн. Ер нь бол иймэрхүү бусдын төлөө ажиллаж, амьдарч, өөртөө олигтойхон анхаардаггүй л явдаг ийм нэг ховор сайхан найрагч бол А. Эрдэнэ-Очир минь билээ.
Саяхан цогтой шүүмжлэгч Г.Батсуурь ерээд оныхны дотроос уран зохиолдоо чин үнэнч агаад, илүү ихийг хүсч болох тоотойхон нөхдийн эхэн эгнээнд А.Эрдэнэ-Очирыг нэрлэсэн байна билээ. Зүй ёсны юм аа. Эрхэм нөхрийн дөч дөнгөж гарсан энэ насанд уншигчид, ард түмэн, ихийг нэхэн хүсэх нь үлэмж үнээн. А.Эрдэнэ-Очирын,
Үүлэн завсраар сар шагалзах үдшийн
Үүргэлэх ахуйд од мичид далайд унана
Тэртээд усны мандлыг цахлай алгадан нисэхэд
Тэнгэрийн эрхэс далайн сувдтай ярилцана
Завин дээр суусан хоёр амраг
Шинэ хайрын туульс усан дээр бичнэ
Замбуулинд мөнхийн хайр үгүй гэх шиг
Долгис түүнийг нь арчина
Атиран гүвэлзэх их усны захад
Аргамжаатай хөлөг онгоц зүүрмэглэнэ
Аниргүйг цочоож сэлүүр цалхийх чимээ
Ангир үргээгээ биз ээ,
жигүүр сэвээд өнгөрнө.
* * *
Нимгэн цагаан өмсгөл
Амьсгал хиртэм санагдаад
Хоёр хөөрхөн мөөм
Мөнхийн булаг шиг үзэгдээд
Дэргэд чинь би
Цангаж үхэх нь… мөрүүд бий. Цангамаар мөрүүд. Ийм мөрүүдийг хүсэхгүй аваас энэ орчлон утгагүйднэ. Ийм мөрүүдийг түүнээс нэхэж, ихийн их гоё цангалтаар бүгдээр цангая.
Баастын ЗОЛБАЯР