"Тагтаа" утга зохиолын шагналыг 2018 онд хүүрнэл зохиол төрөлд "Уруудах гудамжны.., муур ихэрлэх гудамжны төгсгөлд" өгүүллэгээрээ хүртэж байсан, залуу зохиолч Хишигнямын Буянбатын шинэхэн өгүүллэгийг бид та бүхэнд хүргэж байна.
БАЯРТАЙ ЖАРГАЛТАЙ
(өгүүллэг)
“Ургахын улаан наран хамгийн түрүүнд хаана тусдаг билээ?” гэж асуухад ач хүү нь долоовор хуруугаа жимийсэн уруулдаа хүргэн хацраа түмбийлгэн нүдээ хоёр тийш дээш өлийн харж нухацтай гэгч бодож буй дүр үзүүлээд “өвөөгийн толгой дээр” гэж хэлэн инээд алдахад хацарт нь дөрвийн дөрвөн хонхорхой гарч ирдэгсэн. Одоо ургахын улаан наран хамгаас түрүүнд тусч гялбуулдаг толгойд нь хөлс бурзайн гар хүрэхийн аргагүй халж улайссан мэт санагдаж, зуны аагим халуунд уяанаас алдуурч гудамжинд тоглох хүүхдүүд рүү бороолон хуцаж уйлаан майлаан, үймээн шуугиан тарьсан хашааны муу банхрын төлөө ийн хар тамаа цайж яваадаа байж ядан өгсүүр гудамжаар гэр өөдөө өгсөж явав. Харин түрүүхэн эзнээсээ тороосоор зодуур хүртэж, нулимс унаган гасалж аснаа хэдийн мартсан янзтай хэргийн эзэн нохой баяр жаргалтай нь аргагүй сүүлээ гозолзуулан сэнс адил эрчлүүлэнгээ минчийн улайж, хөлс бурзайсан эзнийхээ царай өөд байн байн харсаар шогшуулна.
Эгээ л тэнгэр дуугарах мэт сүр ихт дуугаар эзэн нохой хоёр хашаандаа орж ирлээ. Мэрж таслуулсан гэрийн бүслүүр уяаг тайлан оронд нь түрүүн хүзүүвчтэй нь холбон уясан тороосоороо хашааны банзнаас хэд хэд ороон бөх гэгч нь уячихаад гэртээ оров.
- За ёстой муу араатанг ахиж сулрахааргүй уяад хаялаа.
Гурил элдэн тонголзож байсан эхнэр нь өвгөнөө орж ирэхэд түгшсэн харцаар өөдөөс нь ширтэнэ.
- Яав? Хүн амьтан урчихаагүй биз?
- Аан, энэ доор хэдэн хүүхдүүд рүү дайрч боргоод, өнөө хэд нь уйлаад бөөн юм болж байхад нь л явж очлоо. Ашгүй харин урж сүйдлээгүй байна билээ. Үгүй би ч амжиж очсон л доо.
- За яамай яамай.
- Хачин туучий юм аа. Хашаанд хүн орж ирэхээр барагтай бол хуцахгүй байж хүүхэд харахаараа хуцаад л бүр хачин төрхгүй болчих юм.
- Хүүхэд үздэггүй нохой гэж дуулаагүй л юм байна гэсээр эхнэр нь эргэн гурилаа элдэж эхлэв.
- Энэ хажуу айлын чавганц өглөө таарчихаад хэлж байна билээ. Нялх хүүхэд нь шөнө унтахгүй байна гээд.
- Күэ, тэр нь маньд ямар хамаатай юм.
- Үгүй, энэ чинь шөнөжин улиад байдаг биз дээ!
- Нээрээ ч тийм шүү. Одоо яамаар ч юм бэ.
- Гаргаад хаячихъя гэхээр хэзээ ч хамаагүй ийш тийшээ явах болчихно. Хашаа хороо эзэнгүй байхад нэг юм байж байвал дээр л гэж санах юм байна шүү дээ.
- Тэр нь ч тийм л дээ. Энэ Ананд хаанаас очиж очиж ийм юм олж ирдэг байна аа. Күэ нээрээ...
- Мэдэхгүй цус...
Цас бударч эхлээд удаа ч үгүй бороо ганц хоёроор дусалсаар нэг мэдэх нь хоёул холилдон тэнгэр газрыг ялгахын аргагүй цагаан саарлаар хөшиглөв. “Мартын 8”-ны баярын энэ орой Ананд гудамнаас атгасан гарын чинээ хар юм энгэртээ тэвэрчихсэн орж иржээ. “Наадах чинь юу юм бэ?” гэж аав нь харуутаа асуухад гэрт байсан бүгд хариулт нэхсэн хийгээд гайхсан харцаар цоо ширтэх агаад тэрхэн хоромд баярын буузны жигнүүрний уур тургилан исгэрэх чимээнээс бусад бүхэн аниргүйд автчихав. “Энэ хар даа!” гээд мөнөөх хар юм аа үзүүлвэл нүдээ ч нээж амжаагүй гөлөг байх нь тэр.
“Нааш ирж байтал доод үзүүрийн шонгийн модны доор байхад нь оллоо. Цас ороод битүү цавцайчихаж. Тэгсэн газарт нэг хар юм хөдлөх шиг болоод бүртэлзээд байхаар нь ойртоод сайн хартал атиралдаад хэвтчихсэн ийм амьтан байж байдаг байгаа. Нүдээ ч нээгээгүй гөлөг ингээд хаядаг л юм байх даа, айн?”
“Эх нь ч хаяхгүй л дээ. Эзэн нь л хаяа биз, нохой нь төрчихөөр гөлөг маллахаас тээршаагаад.”
“Ээ эвий дээ, ямар хөөрхөн амьтан бэ.”
“Сая дэлгүүр ороход өгсөн цаасан хайрцагт хийчихье. Миний охин доторх юмсыг нь хөргөгч шүүгээнд хувааж хийгээд суллачих!”
“За ээж ээ!”
“Ашгүй хашаанд нохойгүй болчихоод байсан юм.”
“Хөөе, гадаа Содоо харагдаагүй юу, Ананд аа?”
“Үгүй ээ, би ч анзаарсангүй. Хар гүйхээрээ л шууд ороод ирлээ. Өвөл ороогүй том том цас ороод, ядаж байхад шуураад урдах зам ч харагдахгүй байна.”
“Миний охин хүүгээ дууд аа! Гадаа шуураад эхэллээ.”
“Алив бушуул аа!” хэмээн аав нь загнах зандрахын хооронд хэлэв.
Шилтэй даршилсан өргөст хэмх, лаазалсан вандуй, мөөг хөргөгчинд өрж зогссон охин нь:
“За одоохон эднийг хийгээдэхье” гэлээ.
Гэтэл “Би гараад дуудчихъя аа!” гээд Анар яаран гарч одлоо.
Жигнүүрийн исгэрэх чимээнээ сэрүүлэгний жингэнэх дуу хоршин дуугарсаар дулаан гэрт орж ирсэн гөлөг ягаахан бяцхан хамраа хэд долоосноо нүдээ алгуурхан нээлээ...
“Ийм үед хэл ам татлаад нохой нь хүртэл яачихаад байгаа юм бэ дээ…” гэж хэлэхтээ зэрэг хоолой нь өөрийн эрхгүй зангираад ирэв. Гарынхаа шуугаар шудран нулимсаа арчихчаа болон гүдхийтэл нусаа татна.
- За хөгшин минь юм дуулдах л байлгүй дээ. Сэтгэлээ бариа аа хө. Одоо хүүхдүүд ирнэ. Ингээд сууж байж болохгүй биз дээ.
- Харин бодох юм аа. Тэнэг толгой хүүхдүүдийнхээ хажууд янз бүр болоод сэтгэлийг нь үймүүлээд хаячих вий гэж.
- Үгүй ер нь муу ёрлож хар нулимс унагаад яах вэ. Олдож л таараа...
Тайвширав бололтой гүнзгий гэгч амьсгаа авч аажуухан гаргаснаа дуугаа хураан гурилаа элдэж дуусгаад баруун орон дээрээ дэвссэн сонин дээр хатаахаар тавилаа. Эмээ! Ийм байхад болох уу? Дөрвөлжлөөд бутлахаар үзүүр нь ийм хурц болчих юм. Хар даа эмээ!
“Болноо, миний хүү.” хэмээн шивнэв.
Хашааны үүдэнд машин ирж зогсох нь сонсогдож удаа ч үгүй хаалга дуугаран нохой хуцахад бодол болон хэвтэж байсан Мэдрээ гуай год үсрэн босож шаахайгаа углалгүй хаалга зүглэн яарсан ч эхнэр нь түрүүлэн гарчихав. Охин хүргэн хоёр нь аанай л толгой гудайлган орж ирэхийг хараад юу болсныг асууж төвдсөнгүй. Харин нохой нь л баярлаж буй бололтой хуцсаар дороо эв хавгүй эргэлдэн шороо босгон хөөрцөглөнө.
Гэрт орж ирээд ч тэд юм дуугарсангүй. Ээж нь сая хийсэн хөрж амжаагүй цуйван аягалж өгчихөөд хөргөгчнөөс савтай хүйтэн хар цай гаргаж хэдэн аягатай урд нь тавив. Тооноор тусах тэнгэр голлосон нарны туяа ширээн дээрх хятад шаазан аяганы улаан цэцгэн дээр тусахыг харахаас тэд өөрийг хийсэнгүй. Анар гурвуулангийнх нь царайг ээлжлэн харснаа хоолойгоо засаж:
- Ахиж зарлуулаад үзье гэсэн. Хэдэн хүн ярьсан ч бүгд биш байна билээ.
Хоолой нь сааралтан аргасанд хүйтэн цай аягалан залгиллаа.
- Тийм байж. Өнөө хүн дээр очсон уу, миний хүүхдүүд?
- Очсоон.
- Тэгээд юу гэнэ? Их сайн хэлдэг гэсэн.
“Олигтой юм хэлсэнгүй ээ” гээд түрүүнээс хойш ширээ ширтэн суух эхнэртээ цай аягалж өгөн гарт нь бариулав. Гэвч бүсгүй хөдөлгөөнгүй хэвээр. Уруул нь омголтон хатаж хагаран нүд нь бөлцийн хавдаж, доод зовхи нь сэлхрэн хөхрөөд, царай нь өнгө туяагаа хэдийн алдсан тэрээр гартаа барьсан цайгаа өвдгөө нийлүүлэн дээр нь тавьчихаад ахиад л гөлрөн суух агаад турж эцсэн бие нь амьсгалах төдий үл мэдэгхэн хөдлөхөд өвөр дээрх цай нь бага багаар цалгилах аж.
Охиноо ажин хэсэг сууснаа ээж нь аягатай цайг ширээн дээр авч тавиад:
“За миний хүүхдүүд хойд байшинд орж амар. Сайхан сэрүүхэн байна билээ. Алив миний охин наадахаа арч!” гээд хуурай алчуур сарвайв. Охин нь сая л сэхээ аван ээжийнхээ өөдөөс харан:
“Одоо солихоос хойш хэрэггүй дээ” хэмээн шивнэв.
Тэр хоёрыг гэрлэхэд аав ээжүүд нь энэ байшинг барьж өгсөн юм. Хавар намартаа буулгаж ахиж барих гээд ажил их тул гэр авч өгөлгүй ийн шийдэцгээжээ. Ганц давхар хааш хаашаагаа 3X4-ийн хэмжээтэй жижигхэн энэ тоосгон байшин тэр үед тэдэнд нүсэр том биш ч ханхайсан эд харагдаж байлаа. Гэвч энэ бол сүрдэн биширсэндээ эсхүл баярлаж бахадсандаа биш жийрхэн бишүүрхсэн, гэнэтийн, басхүү жинхэнээсээ тохион буй бодит явдал гэдгийг мэдрэн байсандаа тэр.
Үүдний бетон довжооноос эхлээд гялтганах мөнгөн өнгөт яндан хүртлээ шив шинэ байшинд гар гараасаа хөтлөн орсонд аав нь гэрлийн чийдэнгээс хадаг уян ерөөл хэлэхэд эхнэр нь ичиж хацар нь улайн сандарч алга нь хөлөрч байсныг гэнэт саналаа. Гэрлэлтээ бүртгүүлж гарын үсэг зурахдаа ч, нэгнээ эхнэр минь, нөхөр минь гэж дуудаж эхлэхдээ ч, найрын ширээний хойморт аав ээж хамаатан саднуудыхаа шүлэг шиг ерөөлийг сонсон суухдаа ч ийн догдолж байгаагүй билээ л. Бүр ахлах ангид ордог жилээсээ үерхэж эхлэн “гэрлэнэ” хэмээн бодож төсөөлж асан ч ингээд эл байшинд нэгнээсээ өөр хэн ч үгүй, хориг саад хязгаар хярхаггүйгээр амьдарна хэмээн бодоход гэв гэнэт нэгнээ огт танихгүй хүмүүс шиг санагдаж зугатаж явмаар, бүгдийг болиулж хойшлуулан “Дараа! Дараагийн удаад л болъё. Одоо л биш” гэж хэлмээр санагдахад атгасан гар ч, дэргэд алхах бие нь ч алсарч холдон хөндийрхэх мэт болж байв. Гэнэ сэрэггүй байтал ийм явдал болчихож буй шиг тэр мэдрэмж хэд хоногтоо салалгүй үе үе цухалзсаар байж билээ.
Харин одоо яс арьс болтлоо турж хөдлөх бүү хэл ярих ч чадлаа барсан гэмээр туйлдсан эхнэрээ түшин орж байна. Үүдний бетон довжоо хэдийн хагарч зай завсраар нь өвс, лууль цухуйн багсайжээ. Гадна хаалганы ногоон будаг халцарч одоо ногоон байсан гэдгийг нь нугас, дээд доод ирмэгт үлдсэн хуурч амжаагүй өчүүхэн хэсгээс өөрөөр мэдэх аргагүй болж зэвэнд идэгдчихэж. Цонхнуудых нь хэдэн нүд хагарч, хүлэмжний уутаар битүүлсэн байх агаад бүтэн хэд нь саарлаар будчихсан аятай халтартсан байна. Тэднийг нүүсний дараа аав ээж нь байшинг амбаар болгож ашиглаж байсан ч саяны хэргээс болж байнга шахуу энд байхаас аргагүйтэхэд хог новшийг нь гаргаж, тоос шороог нь хэрэндээ л арчиж цэвэрлэсэн юм. Гэвч байшин хэдийнээ амьгүйдэн чийг, сүүдэр даан ханхайжээ.
Ор болгон зассан зузаан гудсан дээр эхнэрээ хэвтүүлэн гутлыг нь тайлж, шалбарч зулгарсан шилбэ, шагайг нь хөндөхгүйг хичээн норж халтартсан даашинзыг гэрийн өмд, цамцаар сольж өмсгөчихөөд, нимгэн бүтээлгээр хучиж орхин цонхоор ширтэн суулаа. Хашааны урд булан дахь модон жорлон, нуруугаа харуулах шиг урд айлын шинэ барьсан тоосгон байшин, хажуу завсарт нь ургах моносны мод, “Аав аа! Миний бөмбөгийг өвөөгийн хажуу айлын хүүхэд авчихсан гээд байхад даа. Та одоо очихоороо аваад өгөөч дээ. Тэгэх үү?” Гудамжаар уруудах нь хашааны завсраар жирэлзэн харагдах машин. Ялаа хазахаар ангас ангасхийн агаарт хий хазах нохой. Нисэн өнгөрөх эрээн алаг цаасан шувуу. “Шинийг авчих аа. Аав нь гэртээ харих замдаа аваад өгье.” “За юу. За за, уг нь өнгөрсөн жилийн хүүхдийн баярын бэлэг минь юмсан...” бүрхчихсэн юм шиг саарал харагдах тэнгэр. Яг л ийм саарал өдөр байсан сан.
Шинэ ажилтны цайны цаггүй үд дунд болж байлаа. Туршилтын хугацаандаа сайн үнэлүүлж жинхлүүлэхийн тулд цайны цаг бүү хэл шөнийн нойроо ч хасан ажиллах хэрэгтэй. Хэрэв цайны цагтайсан бол эхнэрээ эмчид үзүүлж амжих байв. Гэвчиг тэрийг алгасхаас байлгахаас өөр яалтай. Түүний оронд хадам ээж нь явжээ. Үзүүлчихээд хариуг нь тэр дороо хэлээрэй, бүр завдалгүй бол зурвас ч болохнээ бичээрэй гэж хэлсэн ч хариу алга. Аль өглөө үзүүлсэн байх ёстой атал. Эхнэр лүүгээ залгасан ч авахгүй, хадам ээж рүүгээ залгасан ч холбогдох боломжгүй гэх ажээ. Бүх юм нэг л түгшүүртэй санагдана. Ажилчид цайндаа гарч эхлэв. Хаана орохоо шийдэхээр хашгирах шахам чанга ярилцацгаасаар. “Өчигдөр орсонд орохгүй шүү, ордогтоо л оръё. Тэр дажгүй л байсан шүү дээ. Чи л тийм балай хоол захиалсан шүү дээ. Эсвэл зүгээр эндээ захиалчих юм уу? За яршигаа, дараа нь орж ирэхээр нил хоол үнэртээд эвгүй. Харин тийм ээ, дарга үглээд гай болно. Мөрөөрөө л гарцгаая.”
- Чи гарахгүй юм уу?
- Амжихгүй бололтой.
- Манай царайлаг залуу алив хамт гаръя аа, нааш ир.
- Өө, би угаасаа нэг их юм иддэггүй юм. Тэглээ ч үнэндээ урдах ажлаа бардаггүй ээ.
- За за, тэгвэл ажлаа сайн харж байгаарай! Хаха.
- За сайхан хооллоорой.
Үгүй тэр инээж байгаа нь яасан хөөрхөн юм бэ. Чи битгий хүүхэд ичэээгээд бай. Хүүхэд нь ч хаашаа юм бэ. Хаха...
Бүгдийг гарч явсаны дараа хэсэг амсхийхээр шийдлээ. Дэлгэц утас хоёр луугаа ээлжлэн хялайсаар сүүлдээ нүд нь ч ядрах шиг болжээ. Нүдээ даран хэсэг суув. Тайвширч даан ч чадсангүй. Улам их бодол толгойд тасралтгүй хөвөрсөөр түүртэж эцэстээ толгой өвтгөнө. Би чамд сайн. Тийм гэсээн, тийм гэсэн. Сайн болохороо л бүх юмаа хийгээд дуусчихсан над руу багшийн нүдэн дээр шипины цаас шидэж шийтгүүлж байгаа юм биз дээ. Чи бүр өдөөд байгаа юм аа даа. Хуцалгүй ус сольж ир ээ. Хурдан дуусгачихаад харимаар байна. Юу... би нээрээ...чамд сайн... Утасны хонх дуугарч зурвас ирэв. “Хэвийн байна гэнэ. Орой эртхэн ирэхийг хичээгээрэй.”
Нэг л мэдэхэд оройн ес өнгөрчихсөн жижүүр хэзээ явахыг нь асууж, явах болохоороо ахдаа хэлж цоожлуулаарай хэмээн сануулчихаад гарч одов. Хамаг юмаа хамж аваад харихаар яарлаа. Юу юугүй цас хаялах нь ээ гэмээр зэвэргэн намрын орой гүйх алхах зэрэгцэн чадах хэрээрээ хурдалсаар. Ашгүй шөнийн автобус зогсоогүй байж таарсанд таксины мөнгө хэмнэсэндээ дотор нь жаал уужрав.
Гэртээ ирэхэд хадам ээж нь эхнэртэй нь ярилцаж байсан ч орж ирүүт дуугаа хураан зөрөн гарлаа.
- Ээж яагаа вэ?
- Ананд л хэрэг тарьсан юм шиг байна. Өнөөдөр ядрав уу? Би гялс хоол халаагаад өгье.
Дуу нь үл ялиг сааралтаж сөөнгөтсөн санагдав.
- Яах юм бэ. Хэрэггүй. Би өөрөө халаачихна. Хамаагүй огцом битгий босч бай л даа.
“Юугаа ярина вэ. Би жирэмсэн болохоос биш хөгшин хүн биш. Чи хурдан хувцсаа сольж гараа угаахаа л бод” гэсээр орны хөл түшин босоод цахилгаан зуух асаан хоол тавилаа.
Хүрмээ тайлж орон дээр тавьж байхдаа түрүүн эхнэрийнх нь ардаа ивэн сууж байсан дэрэн доороос норж базагдсан сальфитка цухуйж байв.
- Анар аа!
Эхнэрийх нь хоолой бүүр түүрхэн сонсогдоно.
- Яасан? Бие нь яаж байна?
- Түрүүн үнэхээр биш байсан уу?
- Биш ээ, биш байсан.
Ахиж юм хэлсэнгүй хөнжил татан толгой дээгүүрээ нөмрөн цааш харж хэвтлээ.
“Халуудахгүй юу?”
Хариу хэлсэнгүй.
“Хөл нь гайгүй юу?”
Мөн л юм дуугарсангүйд дэргэд нь очиж хөнжлийн сөхөн шагайнд хүрэхэд гал шиг төөнөж байв.
“Эмнэлэг явах юм биш үү. Түрүүн шагайгаа булгалчихсан юм шиг байна ш дээ.”
Хөнжил дотроос битүүхэн “Айгаад байна” гэх нь дуулдлаа.
“Өнөөдөр СӨХ-ийн мөнгө тушаах өдөр юм байна ш дээ. Банк ороод тушаачихъя!” гэж нөхрийгөө хоёрдохоо хэлэхэд л нэг юм анзаарлаа.
- Тэнд байгаа ч биш дээ, тушааж яадаг юм бэ.
- Битгий цонх нал аа! Толгойгоо цохичихно. Байрандаа очно шүү дээ. Ямар заралтай биш. Нээрээ чамд бэлэн мөнгө үлдсэн үү?
- Үгүй ээ. Түрүүн тэр хүнд бүгдийг нь өгчихсөн.
- Тэгвэл мөнгө тушаангаа авчихъя.
Хотын байдаг л нэг түгжрэл дунд зуугуухан, дуугүйхэн урагшилсаар банкинд ирэв. Машинаа байрлуулчихаад нөхөр нь:
“Би орчихоод ирье. Чи хүлээж байх уу? Удахаар бол эргээд ирье, тэгээд хамт оръё!” гэж хэлсэн ч бүүр түүрхэн хаа нэгтээгээс “Ээж ээ!” хэмээх сонсогдов. Өөртөө итгэсэнгүй. Гэвч ахин бүр тод
“Ээж ээ!” гэж дуудлаа.
Түрүүнээс хойш унтаа сэрүүний хооронд гөлийн суусан тэр тогонд цохиулах шиг болж ийш тийш сандран харав.
- Яав аа?
Цээжин дэх хамаг бүхэн оволзоод ирэхтэй зэрэг хөл гар нь өөрийн мэдэлгүй хөдөлж эхлэн яах ийхийн зуургүй машинаас буун хаалга ч хаах завдалгүй хар хурдаараа гүйлээ.
“Хүүе, хаачих гээ вэ?” гэх нөхрийнх нь дуу хойно үлдэж, завсар зайгүй чигжин алхах хүмүүсийн дундуур шурган оров. Түрүүхэн сонссон нь яах аргагүй хүүгийнх нь хоолой байсанд өчүүхэн ч эргэлзсэнгүй. Нүдэнд тусах хүүхэд бүрийг угзчин татаж царайг нь харсаар. Бүгд л биш. Ондоо хүүхдүүд байж таарна. Цөхрөхдөө нулимс нь шууд л урсаатхав. Амьсгал нь дээрдэж, уйлж эхэлснээс болж хамар битүүрэхэд гагц амаараа амьсгалах ч юу юугүй бөглөрчих мэт мэдрэгдэж байв. Гэсэн ч яг одоо, яг энд л байна гэдгийг мэдрээд байх шиг “Содоо миний хүү! Ээж нь энд байна” гэж амандаа бувтнах ч чанга хэлэх хэрэгтэй гэдгээ мэдэн хамаг чадлаа шавхан “Содоо миний хүү!” хэмээн орилоход хоолой нь урагдах шиг хорсон өвдөж ахин орилъё гэвч чадсангүй. Гэтэл замын цаана нэг хүү цааш харан зогсож байх нь тэр. Улаан саравчтай малгай, хөх богино ханцуйтай цамцтай. Хорвоогийн бүх дуу чимээ алсран холдсоор... Ханиа! Жаргалмаа аа! Мэдрэл муутай юм байхдаа. Удахгүй өгчихнө өө. Түрүүн орилоод байсан. Тийм үү, би ёстой үзээгүй юм байна. Хаягийг нь явуулаач хө. Харваас галзуу гэж хэлэхээргүй л юм. Ишшш, гэрийхэн нь хаана байгаа юм бол доо. Лизингээ тушаах өдөр ш дээ тэгээд банк орох гээд л явна. Жаргалмаа! Хөөх энэ хүүхэн яачихсан юм бэ. Тэгсэн тэгсэн шалгалтууд дууссан. Нөгөөдрөөс нутаг буцна. Яасан хөөрхөн хүүхэн бэ. Харин тийм даанч нэг л биш ээ. Гуталгүй явж байна шд. “Тийм ээ мөн, мөн байна.” гэсээр зөвхөн чанх урагш харан алхаж байгаад хашлагад тээглэн тэнцвэрээ алдаж унахгүй гэхдээ хий гишгэж зам дээр шургачин уначихав. Гагц урагш зам гарахаас өөр бодол толгойд үгүйд босох гэвч чадсангүй. Мөлхөж эхэллээ. Машинууд дохиогоо дуугаргасаар. “Хөөш чи зайлаач ээ! Энэ чинь машин зам.”
“Жаргалмаа алив босоорой!” гэсээр нөхөр нь ирж ухасхийн тэвэрч аван замын наана гарлаа. Машинууд хурдалсаар, жирэлзэн явж өнгөрсөөр. Нэг мэдэхнээ нөгөө хүү түүн рүү дүрлийтлээ ширтэн зогсож байв.
- Юунаас нь вэ?
- Эмнэлэгт байх вий гэхээс...
- Тийм юм болохгүй дээ. Муу юм битгий...
- Тэндээс хоёулхнаа харьж ирмээргүй байна. Ахиж...
Хөнжлийг нь сөхөж зүрхэлсэнгүй гараа шургуулан дэрлэж хэвтсэн гарыг нь олж атгав. Нойтон бас бүлээхэн гарыг нь атгасаар сууна. Бороо зүсэрсэн өдөр уйтай хэрнээ ягуухан урагшилсаар нэг мэдэхэд л дуусч байдаг шиг нэг мэдэхэд л бүрий нөмөрсөн байлаа.
- Бүрий болчихож. Би урагшаа ороод бойпор аваад ирье.
Нөхрөө гаруут хөнжлөө хуу татан босоод цүнхнээсээ асаагуур авч эргэн хөнжилдөө шургав. Зай завсар гаргахгүйн тулд бөх гэгч тулмайдлаа. Асаагуурын арын гэрлийг алгандаа тулгаж асаахад гэрлийг хүрээлэн арьс нь улаан шаргал өнгөөр туяарна. Ямар жижигхэн юм бэ? Нүүр нь, энэ хамар нь, ам нь, уруул нь, гар нь, хуруунууд нь, хумсных нь толиог хараач ээ. Хэхэ. Бас царай муутай. Яагаад ийм өнгөтэй байгаа юм бол оо. Дулаахан. Зөөлөн. Хөөе хөөе, юундаа уурлаад хөмсгөө зангидаад байгаа юм бэ, чи айн. Хэхэ. Гэрлээ асааж унтраасаар...
Анарыг орж ирэхэд эхнэр нь хөнжлөө дэлгэн хэвтэж байлаа. Өөрийг нь харахгүйн тулд л түрүүнээс хойш хажуулдан хэвтээд байсан юм болов уу. Одоо бол дусаал дуссаар шарлаж эгээ л хээтэй мэт болсон тааз ширтэн хэвтэнэ.
- Гарах уу? Бие чинь дийлэхгүй бол өнөөдөртөө больсон ч яах вэ дээ.
“Гарна аа” гээд өндийн сууж босох гэтэл хөл нь өвдөв бололтой яраглан буцаад суучихав.
- Алив би түшээд гаръя.
Хөнжил нөмөрснөөс хөлөрч үс нь шалчийн бүр ч ядранги харагдана. Өөрийг нь түшиж буй ч үнэндээ хэт хөнгөнөөс мөрнөөс зууран базлах гараас нь өөрөөр бараг л мэдрэгдэхгүй шахам байх ажээ. Хөдлөх бүрт амьсгал нь дээрдэж хүндээр амьсгаадах нь сонсогдоно.
- Өргөх үү?
- Хэрэггүй ээ.
Өдрийн аагим халуун буусан ч орой бүгчим байх аж. Бүрий тасрахын алдад арц уугиулан ээж нь хөхөөрөө даллан хүүгээ дуудвал өөрөө хүрч ирэхгүй юм аа гэхэд сураг ажиг нь дуулдах учиртай гэж хэлснээс хойш хэдийн гурван сар өнгөрчээ. Байшингаас гарч ирэхийг нь харсан нохой гозосхийн босч, хуцаж эхэллээ. Идэх хоолыг нь бариад гарч ирсэн аятай тэсгэл алдан хуцаж урагш тэмүүлэн уяагаа угзачсаар тэгэх бүрийд хашаа хөдлөн юу юугүй нурах эсвэл уяа нь тасарч сулрах мэт санагдана. Гэсэн ч эхнэр нь үүнийг тоосон шинж алга. Сонсохгүй байгаа юм болов уу гэж бодогдтол таг дуугүй байх аж. Одоо болно цаашаа гэж буй бололтой гараа тавин зөөлөн түлхэв.
- Өөрөө зогсож чадах юм уу даа?
- Зүгээр зүгээр. Цаанаа зогсож бай.
Арцны үнэр хамар загатнуулан хорсгоно.
- Ах аа, утас чинь дуугараад байна.
- Аан за.
Чичиргээн дээр нь тавьсан ч мартаж орхижээ. Анандыг хэлэхэд л нэг юм сэхэл авч нэрийг нь ч харалгүй шууд авчихлаа.
- Байна уу?
- Байна аа. Хэн бэ ?
- Таныг орой залгаж болно гэсэн болохоор л залгачихлаа, уучлаарай. Нягтлан байна аа. Та хэлтсийнхээ тайланг маргааш өглөө яаралтай өгчихөөрэй.
- Өө, тэгье тэгье.
- Харин таныг хэлтсийн дарга нарын хуралд сууж амжаагүй чөлөөтэй байгаа гэж байсан юм. Сая санасан дээрээ гээд би шууд залгачихлаа. Уучлаарай.
- За яах вэ Зүгээр.
- За баяртай.
Таван сар гэдэг хаврын байтугай зуны улирал байтал шөнөдөө ийм хүйтэн байх гэж. Ихэнх хүмүүс машиндаа суун хүлээцгээнэ. Харин түүнд машин нь хэтэрхий давчуу санагдаж дотор нь удах тусам хором бүрт агшиж жижигрээд байх шиг давчдуулсанд ийн хүйтэн ч гэлээ гадаа байхад жаал боловч дотор уужирч тайвшрах аж. Гадаа хүлээцгээж байгаа бололтой хэдэн хүн харанхуйд сүүтэгнэх ч тэдний ихэнх нь тамхи татахаар л бууж ирсэн бололтой. Татдагсан бол өдийд хэд хэдээр нь зэрэг уушгилмаар ч, анхны бөгөөд одоогоор эцсийн гэж хэлж болох тамхиа татсанаас хойш хэдийн арваад жил өнгөрчээ. Тамхи татахгүй, утсаар оролдохгүй бол юу хийх билээ. Алхана. Нааш цааш хий дэмий алхан цаг нөгцөөхийг хичээнэ. Явган хүний замын шигтгэмэлийн зөвхөн улаан өнгөтэй дээр нь гишгэхээр алхаагаа тааруулав. Бодолдоо сатаарч үе үе алдан шар дээр гишгэнэ. Гэрлээс холдох тусам өнгө ялгах аргагүй болсоор энэ тоглоом тэгсгээд дуусчихлаа. Буцаж очоод үүдний багана налан хэсэг зогсов. Шилэн хаалганы цаана Ананд айвуу тайвуу алхан ирж байгааг харахад онцын юм болоогүй бололтой.
- Болоогүй гэнэ ээ.
- Хөөх, бас ингэж уддаг л юм байх даа. Өглөө л ирсэн шүү дээ.
- Харин тийм ээ. Ээж таныг хайгаад л байна лээ. Дотогшоо орохгүй юм уу?
- Бүгчимдээд байсан юм. Ингэсгээд орлоо.
- Ийм ээ тийм ээ юм болвол би гүйгээд ирнэ ээ.
- Юу... Ананд аа! Чамд тамхи байна уу?
- Би татдаггүй... За за. Та тамхи татдаггүй биз дээ.
- Яг одоо л хэрэг болоод...
...хуцах дуу нь төмөр харшуулан хавируулах шиг улам хахирган болж чихнээ сонсохын аргагүйдэж эхлэхэд чулуу авч шидэн зандарч дуугүй болгохыг хүсэн дотор огших ч орой бүр л ингэдэгээс хойш одоо загнаад ч нэмэргүйг бодон эвлэрч зогслоо. Эхнэр нь дуусав бололтой нааш эргэж өөдөөс нь хуцах нохой руу харж хэсэг зогсозносноо гэнэт гартаа барьсан гуулин бойпороо чулуудчихав. Хаана нь оносныг мэдэхгүй ч түрүүн хуцаж байснаасаа ч хачин муухай дуугаар гасалсаар цацагдсан үнсэн дунд харагдахгүй шахуу болов. Дуугай бай гэж хэлээд байхад чинь хэмээн хамаг чадлаараа хашгирахад бие нь салганан чичирнэ. Унах нь гэдгийг мэдээд ухасхийн очиж түшиж авлаа.
- За яах вэ дээ. Араатан шүү дээ. Юунд нь уурладаг юм бэ. Наад хөлөө мэдээтэй бай л даа.
Зүрх нь хүчтэй дэлсэж амьсгаа нь дээрдчихэж. Бойпор авахаар тонгойн гараа сунгатал нохой яаран ирж халган халгасаар гар долоон нүүр өөд өлийн харлаа.
- Хүү ирж байна. Өнөөдөр овоо эрт ирж байх чинь
- Ашгүй тэгж.
Нохойн хуцах дуугаар л ийн мэджээ. Дайрч давшилсан буюу тэсч тэвчихийн аргагүйдсэн биш харин цовоо цолгуйн гэхээр хуцах нь эрхлэхээр тэмүүлж буйнх юм.
Хүү нь эрт ирж буй нь аавынх нь хэлдгээр тийм ч “ашгүй” гэхээр сайхан явдал биш ажээ. Гурван жил үерхэж буй найз охиноо хүргэдэгээ ч тэвчихэд хүрч ийн эрт ирж буй юм. Тэд үүнийг яахын мэдэх билээ. Хүүгээ хүнтэй үерхдэгийг тэд мөн л мэдэхгүй. Тэр зүгээр л тас нуучихжээ.
- Ах эгч хоёр юу болсон бэ? Юм дуулж уу?
- Үгүй ээ, юм хэлэхгүй л байна билээ. Өнөө үздэг хүн нь олигтой юм хэлээгүй гэсэн.
- Өө, тийм үү.
- Ингэхэд миний хүү өнөөдөр эрт ирэх чинь?
- Менежер эрт явчих гээд л...
Нүүр нь халуу оргин хөлс бурзайх шиг санагдаж хамаг цус толгойд нь юүлэгдэж даахын аргагүй хүндрэхийг мэдрэв.
- Өнөөдөр хоёр япон эмээтэй таарсан. Яана аа! Япон Солонгос Хятад хэл алийг нь ч мэдэхгүй шүү дээ. Хаанахын эмээ нар юм болоо гээд айгаад байсан чинь англиар сүрхий ярьдаг юм байна билээ. Хөөрхөн аялагатай. Дэ-па-томэнто гээд л.
- Аан.
- Юун “аан” гэж. Яасан юм бэ? Уурлаад байгаа юм уу? Айн?
- Зүгээр л ...
- Хнн... Чи мөн зүгээр байх даа.
Ананд хариу хэлсэнгүй. Гараас нь атгаад дув дуугүй алхав. Гэсэн ч түүний энэ гөлгөр царай, хов хоосон хөндий харцыг Хонгороо тэссэнгүй. Урд нь гарч зогсон:
- Яасан юм бэ дээ?
- Зүгээр ээ.
- Үгүй, яагаад байгаа юм бэ?
Гарыг нь шидэх шиг хаяж тавиулаад урд нь гарч хөндөлсөн өөдөөс нь хөмсөг зангидан ширтэв. Ананд хэлэхээс өөр замгүй болсноо ойлговч чухам яаж хэлэхээ мэдсэнгүй. Юу гэж хэлэхээ өдөржин тэр бүү хэл урд шөнөжин бодсон ч гагц яаж гэдгийг л одоо ч олоогүй хэвээр. Гэвч түүнийг ийн өөдөөс нь ширтэхэд амьсгал өөрийн эрхгүй дээрдээд ирэв. Түрүүнээс хойш амьсгалаа түгжиж байгаад сая л гаргаж болохоо, үүнээс цааш тэвчихгүй гэдгээ мэдэх шиг.
- Чи өөрөө яагаад байгаа юм бэ? Яах гэж тэнд очсон юм бэ? Яах гэж худлаа хэлэн байж тэнд очсон юмбэ?
Хоолойгоо тэгж их шахчихсанаа, тэгж их чанга дуугарснаа гайхав. Яг л өөр хэн нэгний дотор орчихоод хэлэх үгс нь хөндий бие дотуур нь цуурайтаж буйг сонсох шиг.
Хонгороо яах учраа олсонгүй шууд л харц буруулан газар ширтэж зогссоноо урд нь байх түүний гар алгуурхан холдох шиг, тэгсээр бүр хүрэхийн аргагүй хол явчих шиг санагдсанд шүүрэн авч атгалаа.
- Уучлаарай!
Нэг л дутуу, хэтэрхий бага санагдсанд хамаг дотор оволзож ирэх шиг болж багтарч ядав.
- Би өглөө нь асуугаа биз дээ? Өнөөдөр тэр өдөр зүгээр үү гэж, уулзъя гэж. Тэгсэн чи юу гэлээ? Завгүй болохоор зүгээр гээ биз дээ? Тэгчихээд яагаад тэнд байсан юм бэ?
Дээш харж чадахгүй нь гэдгээ мэдэрнэ. “Энэ гарыг л тавьчихгүй бол, алдчихгүй бол бүх юм сайхан болчихно” хэмээн өөртөө хэлнэ. Утгагүй гэдгийг мэдэх ч ийн хэлсээр. Уйлж эхлэхэд ам нь өөрийн мэдэлгүй өмөлзөн хөл нь салганан чичирч, дагаад хамаг бие нь салганахыг ч анзаарсангүй. Анзаарах ч, мэдэж буй ч бодол болохыг эс зөвшөөрнө. Нулимс шууг нь даган урссаар тас атгасан гарт нь ирэхэд л уйлж буйгаа ойлгов бололтой. Ананд ярьсаар л. Түүний үгсийг ойлгож буй гэхээс зүгээр л хүлээн авч байлаа.
- Би юу ч хийж чадахгүй юм уу? Тийм үү? Энэ бүхэн... чадсангүй шүү дээ. Би чамайгаа яах ёстой юм бэ?
Хоолойгоо чичирж буйг, хамар нь битүүрч хачин гуншиж ярьж эхэлснээ мэдэж байсан ч урсан унах нулимсаа арчихаа мартсандаа биш хоёр гарыг нь тэр тас атган зуурчихсанаас арчиж шудраагүйгээ мэдэхэд, унжсан үснийх нь цаанаас цухуйх хамрых нь үзүүр дээр бөнжигнөх дусал ихэр татан салганах аясаар нь чичигнэхийг харахад үүнээс цааш юу ч хэлж чадахгүй, угаас юу ч үлдээгүйг, бас хамгийн ихээр түүнийг ийм байдалд оруулснаа мэдсэндээ балмагдан хурдхан зугатаж орхиж явахыг хүсэн гарыг нь хүчлэн тавиулаад гүйх шахам хурдан хурдан алхлаа. Одоо тэр эргэж харахаас л хамгийн их айж байлаа.
- Наад утсаа оролдоод байлгүй хоолоо идээч ээ!
- Идэж л байна шүү дээ, ээж ээ.
- Нүд чинь бөлцийгөөд бүр ядраад байгаа юм биш үү, миний хүү.
- Харин тийм. Зуны амралтаараа ажиллачихаад хичээл орохоор өдөр шөнөгүй хичээлээ нүдчихээр биегүй болно шүү!
- Ээ тэгээд яаж зүгээр суугаад байх билээ дээ. Ямар арван жилийн сурагч биш.
Зурвас ирлээ.
- Мөнгө орсон байна билээ шүү. Өчигдөр хэлэхээ мартчихаж.
- Мхнн. Тэгээд дажгүй болсон уу?
- Тэгсээн сайхан болж өнгөрсөн.
Зурвас ирэх чимээгээр сэрсэн үү эсхүл сэрүүн хэвтсэн үү мэдэхгүй ямартай ч ухамсартайгаар хийсэн анхны үйлдэл нь л ирсэн зурвасаа харсан нь байв.
- Сайн уу. Өнөөдөр бид хэд асрамжийн газар бэлэг тараахаар болсон. Чи ирэх үү?
Хариу бичилгүй орхиод Хонгороо руу зурвас бичлээ.
- Зүгээр үү?
- Юу..? Аан, зүгээр ээ.
- Өнөөдөр эрт гараад очъё.
- Хэрэггүй ээ. Өнөөдөр музейнүүдээр явна. Энэ их ажлын хажуугаар иймээ тиймээ юм бодож амжихгүй ээ. Санаа зоволтгүй.
- За за. Гадуур их явж байж наршив аа! Ядахнаа малгайгаа норгоорой!
- Музей орно гээд байхад. Хаха. Ямартаа ч мэдлээ гүйцэтгэе.
Үнэхээр зүгээр гэж үү. Итгэх хэрэгтэй. Чамгүй хугацаа өнгөрсөн юм чинь хэмээн өөрийгөө аргадав.
- Найз нь амжихгүй шүү дээ. Ажилтай. Чи дансаа өгчих. Би шилжүүлчихье.
- За. Цаадах чинь яаж байна?
- Зүгээр байгаа.
- Ашгүй дээ. Ирээд юм бичнэ ээ.
Хүнд өдөр болохыг мэдрээд ч тэр үү толгой дүүрэн хачин оргих ч яг одоо л босохгүй бол ажлаасаа хоцрохоо мэдэх учир нэг бүү хэл хоёр дахин хүндэрсэн биеэ дааж ядан бослоо. Аав ээж хоёрыгоо аль хэдийн сэрсэн эсвээс бүр унтаагүй алин ч бай сэрүүн хэвтээг нь мэдэх болохоор чимээ имээгүй байя гэж төвдсөнгүй. Хөнгөн цагаан шанагаа бидоны хананд цохин хангинуулж гоожуур дүүргээд гэрт хоносон ус таатай нь аргагүй бүлээн байна байх гэж итгэсэн ч хумбадан нүүр рүүгээ цацахад цэл хүйтэнд нь цочив. Нүүрээ арчиж байтал ээж нь дуудах шиг сонсогдов.
- Айн? Юм хэлсэн үү, ээж!
- Миний хүү өнөөдөр нөгөө хэдэн зараа эргэчихээрэй!
- Тэгье ээ. Цайныхаа цагаар нэг тойръё.
Ээж нь нэг харвал шал ширтээ шиг, нөгөө бол зуух руу ширтэх шиг бодол болон хэвтэнэ. Гэрээс гарахад ч ийн хааш ч юм ширтсээр л үлдлээ.
Өглөөний зөгнөл зовнил төдийхэн байсан уу. Итгэх хэрэгтэй гэж шийдсэнээр тэр үү хамаг бүхэн яг эсрэгээр хэд дахин хөнгөрчихсөн шиг санагдаж инээд алдан гүйж хашгирмаар байвч яахин тэгж болох билээ. Харин нүүр дүүрэн инээмсэглэж болно. Дөнгөж орж ирсэн хүн бүр лүү хол хэдий ч кассны араас мэндчилэн инээмсэглэсээр байлаа. “Тавтай морилно уу!”
Цайны цагаа амдан хүлээсээр эхлүүт нь “Би цайндаа гарлаа шүү!”гэж чангахан хэлчихээд эргэж харахын завдалгүй арилаад өглөө. Ойр хавийн гэхэд л тав, зургаан буудал байх агаад жаахан л хурдалчихвал арваадыг бол тойрчихно хэмээн тооцоолов. Хот тохижилтын ажилчид хуулсан уу эсвэл үнэхээр л харсан нэгэн холбогдох гээд хуулсан уу Их сургуулийн хоёр буудал дээр наасан зарууд алга болчихжээ. “Олчихоороо бид бүх зараа авчих тул бүү хуулна уу! Бидэнд тусалсанд баярлалаа” хэмээн бичиж наасан байтал ийн хуулчихдагийг нь бодохоос гомдол төрнө. Гэвч орой тарахдаа ахиад наачихна, тэгээд л дорхноо олдчих юм шиг санагдахад сэтгэл догдлоод ирэв.
Зун байтлаа өнөөдөр Их сургуулийн гудамжаар холхих хүмүүс дэндүү их байлаа. Элсэлтийн шалгалт дуусч, сургуульдаа бүртгүүлэх гэсэн хүүхдүүдээр дүүрчихээд байгаа нь энэ байж ч болох. Уг нь Багшийн дээдийн буудлыг л шалгачихвал дуусах аж. Нягт гэгч чигжчихсэн юм шиг холхих хүмүүс дундуур завсар сиймхий эрж олон явж байтал түүнийг харах шиг боллоо. Хүнийг араас нь хараад таниж болно гэж үү. Нэг л итгэж өгсөнгүй. Гэвч баталж болно. Мөн гэдгийг нь бус, биш гэдгийг нь батлахаар араас нь дагах хэрэгтэй. Тэгээд өөр хүн байвал мөнөөх л нүүр дүүрэн инээмсэглэлээрээ өдрийг өнгөрөөнө гэж итгэнэ. Кино театр явж орлоо. “Өдрийн цагаар яагаад зүгээр кино үзэж болохгүй гэж. Тэглээ ч одоо зуны амралт эхэлчихсэн. Кино үзэхээр л яваа өөр нэгэн байна.” Ингэж бодоод л орхиж зам гараад явчихаж болох байсан ч араас нь дагаад орчихов. Касс руу дээш өгсөн явахад нь “Баруун тал руугаа битгий л эргээсэй. Зүгээр л кассан дээр очоосой” хэмээн залбирах шиг бодож байлаа. Харин түүнийг баруун гар тийшээгээ эргэн шилэн хана, хаалгатай зоогийн газар луу ороход нь Хонгороо болохыг нь танив. Үгүй ээ, батлав.
Ананд түүний юу хийж байгааг мэднэ. Хамгийн наад талын, хаалгаар оронгуут яг үүдэнд нь байх ширээнээ суугаад хоёр хүнийхээр захиалсан жижиг пиццанаасаа ягаан сонгиныг нь түүчихээд урдаа тавин тасалбар худалдаалах касс тийш харсаар суугаа. “Үгүй ээ, зүгээр л энэ хавиар явж байгаад идэх юм авахаар л орж ирээ биз. Тэгж л таараа. Одоохон гараад ирнэ. Харин гарч ирүүт нь би л хурдхан хаа нэг тийш бултахаа бодох хэрэгтэй” гэсэн ч тэр гарч ирсэнгүй. Цайны цаг нь ч дууслаа. Одоо тэр ажил руугаа явах уу, эсвэл гарч ирэхийг нь хүлээж байгаад сургууль явах эсэхийг нь шалгах уу хэмээн эргэлзэж эхэллээ.
Менежер нь залгаж байна. Одоо л гүйхгүй бол бүтэн нэг цагийн цалин хийсч одно. “Арван минут байгаагүйг чинь би жар гээд биччихэж болохгүй. Жарыгаа зургаа хуваагаад нэгийг нь хасчих тухай гэрээнд чинь байхгүй.” гэж ирээд тавлаж тохуурхах менежерийнхээ царайг харж багтарч зогссоноос тэр жаран минутыг нь бүрэн дүүрэн эдэлсэн шиг эдлэхээр шийдэн арван жилийн сургууль руугаа явав.
Гудамж, цээжинд хурсан түрүүний баяр хөөр, толгойд эргэлдэх бодол бүгд л шингэрчээ. Яах гэж тийш явж байгаа юм бэ? Түүнийг эндээс гараад очно гэж бодоод уу? Очих байлаа гээд юу гэж. Үнэхээр л очихыг нь мэдэж байгаа юм бол шалгахын хэрэг юун? Тэнд очихгүй байгаасай гэж хүснэ, бодлын бүүр цаад мухартаа.
Хотын төвийн сургууль болохоор ердөө тавхан минут алхаад л хүрч очив. Битүү ургасан моддын цаанаас сургууль нь үзэгдэхээргүй болжээ. Хэдэн жилийн өмнө тайрч танасан ч мөдхөн л ийн саглайн ой шиг болчихсон аж. Салхинаа шуугих навчсын чимээн дор төгсөлтийн баяраа хийнэ гэж бодож байсан ч яг тэр жил гөлчийтэл нь мухарлаад хаячихсан юм. Хичээл амарч эл хуль оргих нь эгээ л орхигдсон хотод явах шиг санагдана. Түүнийг ирвэл яг хаана очихыг тэр мэднэ. Харин хаанаас харахаа бодож бодож сургууль дотроос харуулдахаар шийдэв.
Сургуулийн засвар ид үргэлжилж буй бололтой шохой, замаск, будагны үнэр ханх тавьж, үүдний хүлээлгийн хэсэг цулгайрч хоосорчээ. Жижүүр хаачсаныг мэдэхгүй. Харин баруун жигүүрийн төгсгөлд таслагчийн бололтой дуу хадаж байв. Хүлээлгийн танхимын ширээ сандлууд яг хэвэндээ цонхнуудынхаа доор ирийнэ. Хамгийн захын цонхноос гадаах урт төмөр сандал хажууд мэт ойрхон харагдана. Мэт ч гэж угаасаа л хажууд нь юм хойно.
Нүд салгалгүй ширтсээр. Өнөөх жаран минутаас түүнд ердөө хорьхон минут л үлджээ. Ирэхгүй нь. Ирэх байлаа ч харж чадахгүй нь гэж бодоход сэтгэл нь амарч дотор онгойно. Гэвч Хонгороо цонхны хүрээний булангаас гараад ирэх шиг хүрч ирэн сандал дээр суув. Тийм ээ. Тэр ирчихлээ. Түүнийг суунгуут, хажууд нь ямар нэг бичиг бичээстэй байх шиг ширтэхэд, гараараа хүрч илбэхэд, малгайгаа дарчихаад цэх урагш харан таг суухад зөвхөн зүрх нь л хөдөлж байх шиг таг хөшчихөв.
- Нөгөө хэдээ нөхөж нааж амжив уу?
- Тэгсэн, тэгсэн.
- За болж.
- Унтацгаах уу даа. Миний хүү хоолоо идэхгүй яагаа вэ?
- Өө, хоол орж өгдөггүй ээ.
“За за. Хөргөгчинд хийчих. Өглөө цайнд хийгээд идчихнэ биз. Дээр нь өөр аяга хөмөрч тавихаа мартав аа!” гэсээр ээж нь орны бүтээлгээ хуулан эвхэж зогсоно. Хоолоо хэлснээр нь хөргөгчинд хийчихээд ороо засч шүдээ угаачихаад орондоо орж хэвтлээ. Удалгүй аав ээж хоёр нь ч орондоо орж гэрэл унтрав.
Унтахаар хичээх, унтахгүйг хичээхийн алийг нь оролдож буйгаа Ананд мэдэхгүй байх шиг хөрвөөн ямартай ч аав ээждээ унтаж байгаа шиг харагдахын тулд хөнжлөө дээгүүрээ нөмрөн хэвтэнэ. Нүдээ аниут унтаж орхиод элдвийг зүүдлэх вий гэж эмээнэ. Бодлыг бол сарниаж сатааруулж болох ч зүүдийг бол захирч залуурдана гэж үгүй. Тиймээс л ингээд бодол болоод хэвтэх нь хавь илүү гэж шийдэв.
- Чи Хонгороо эгчдээ тийм сайн юм уу?
- Тийм ээ.
Дүүгээ сургуулиас нь авчихаад далимд нь Хонгороотой уулзахаар мөрөн дээрээ суулган явж буй нь энэ.
- Тэгвэл Хонгороо эгчийнх нь юу чамд таалагддаг юм бэ дээ?
- Мнн... Хонгороо эгч хөөрхөн.
- Хөөе хөөе арай л ерөнхий байна шүү дээ. Яг юу нь?
- Ммм... нүд нь
- Яагаад?
- Дөлгөөхөн тайван харцтай.
- За өөр?
- Чих нь. Үсээ чихнийхээ араар хийхээр бүр хөөрхөн болчихдог юм.
- Өөр юм байна уу?
- Бас гар нь.
- Гар аа?
- Тийм ээ. Эрхий хурууных нь төгсгөлд жижигхэн мэнгэтэй. Тийм цагаан гарт ердөө тэнд л мэнгэ байдаг.
- Хөө. Бас их эр ээ, чи. Ингэхэд хөөе, ахдаа ингээд эрхлээд явж байх зүгээр үү? Сургуулийн том ах байж. Айн?
- Охид чинь эгдүүтэй залууд дуртай байдаг юм шд.
- Юу гэнэ ээ, чи? Ха ха ха...
Нулимсыг ч бас захирч залуурдаж болдоггүй бололтой. Яагаад юу ч хэлэхгүй байсан юм бэ? Би яах ёстой юм бэ? Өөрийн мэдэлгүй хашгирчих юм шиг санагдахад гараараа дарав. Тэгтэл гэнэт гадаа нохой ульж эхэллээ. Гүнээс гүн цээлд, холоос холд хүргэхээр хичээж байгаа шиг улина. Аав нь сэрэв бололтой. Эсвэл унтаагүй ч байсан байж мэднэ.
“Энэ нэг зулбасгыг яая даа. Хөөе, Ананд гарч нохойгоо дуугүй болго!” хэмээн зандарлаа.
Бүх юм оволзоод ирэв. Арай ч хөл нүцгэн гарсангүй, шаахайгаа углахчаа аядаад гадагш гарч үүдэнд байсан шалны мод хийхээр авч ирсэн модыг шүүрэн эзнээ гарч ирэхийг харахдаа сүүлээ гозолзуулах нохой дээр очоод далайж байгаад буулгачихав. Ананд аа! Хүн үхэхээр яадгийг мэдэх үү. Зүгээр л алга болчихдог юм билээ. Утас руу нь залгасан ч авахгүй. Зурвас бичсэн ч хариу өгөхгүй. Гэртээ байхгүй. Сургууль дээрээ ч ирэхгүй... хэн нэгнээс, хариулж чадах эсэх нь хамаагүй зүгээр л хааччихсан юм бэ гэж асуухыг хүсдэг... Чихарч гангинан гаслахад нь сэхэл авах бүү хэл улам ч уур хүрч хошуу, хондлой руу нь цохисоор л байлаа. Хошуу руу нь хэд цохиход гасалж ч чадахгүй байгаа бололтой дуугарахаа болив. Өгөхгүй...байхгүй...ирэхгүй...байхгүй байна биш ерөөс л байхгүй... Эгч хөөрхөн шдээ.
Үд дундын нар халуунаар төөнөх ч өглөөн нар шиг хурц биш ээ. Хэрэвзээ үүртэйсэн бол тийш шурган орох сон. Золоор хажууд нь хашаатай чацуулан өрсөн түлээний мод байх агаад түүний алгын чинээхэн сүүдэрт одоо ч цус шүүрсээр ялаа батгана шавааралдаж эхэлсэн хошуугаа шургуулан хэвтэнэ. Байдгаараа нугдайн сарвуугаараа хамгаалаагүй бол хошуу нь тасарч уначихсан байхсан. Одоо бол хавдаж хөөн томроод хамраар амьсгал авч болохоо байж, урагдаж шалбарсан завжаа хөндөн хөндөн арайхийн аахилна. Хөдлөхгүй удвал хамаг бие нь хөшиж хөндүүрлэнэ. Харин хөдөлвөөс янгинан өвдөнө. Ялангуяа сүүл хондлой нь даагдахгүй шахуу болж хүндрэн өчүүхэн хөдлөх төдийд ч шархирч байлаа. Нуухандаа барьцалдаж арайхийн нээгдэх нүдэнд нь хашааны завсраар цаана байх алаг эрээн бөмбөг тусав. Сая л өвчин хөндүүр зовуурьт баглаатай асан бие нь хөнгөрчихсөн шиг болж ухасхийн босч хуцах гэвч, сүүлээ хөдөлгөе гэхнээ яавч болсонгүй хий дэмий хашаа самардсаар хажуудах өрсөн түлээний модыг харвал шат шиг үелэн хураасан байсанд мацсаар орой дээр нь гарав. Ердөө л энүүхэнд, хашаанаас ганцхан алхмын зайд өнөөх бөмбөг нь хэвтэнэ. Давж буугаад л авчихаж болно. Үсрэхээр биеэ хурааж газар тийш хараачилж байгаад үсэрлээ. Хүзүүнээс нь уясан тороос санаснаас тийм ч урт биш ажээ. Тачирдаж хашаан дээр тохогдон дүүжлэгдээд буцаж савагдаж хашаа цохиход тороос хоёр банзны хооронд орж хөндлөвч банзанд тохогдон тээглэчихэв. Тийчлэн тэлчилж хашаа цохин их чимээ гаргасаар, урагдсан завжаар нь цагаан хөөс сахарч булхсаар эцсийн мөчид “Эмээ ээ!” хэмээн хашгирч амжив.
2016.05.26, 2019.08.07-08