Уралдааны шилдэг зохиолч: БАТХҮҮГИЙН БАТЗАЯА "НАМАГ"
2017-05-10 Фройдын сүүдэр 3518

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах номын нээлт-ийн үеэр зарлаж шагнах болно.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 93 залуу зохиолч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг гурван зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх гурван зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно.


Уралдааны шилдэг зохиолчдын нэг Батхүүгийн Батзаяа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотод төржээ. Яруу найргийн “Баяртай гуниг минь” /2010/, “Догдлолууд” /2012/ түүврүүд хэвлүүлсэн. ETV телевизэд найруулагчийн алба хашдаг.


НАМАГ

Уг нь би, зуун жилийн өмнөх аглаг ойн тухай; тэр ойгоос шилж сонгон бэлтгэсэн модоо гурван жил хатааж ширхэг зөрүүлэлгүй шахаж углуургадан онцгой сайхан авдар хийгээд үхрийн ширээр бүрж, дээр нь үүлэн хээ хөөмөлдөж суугаа мужааны тухай, өвгөн мужааны урласан авдрыг тойруулан шороон будгаар арван хийг төлөөлөх араатан жигүүртэн зурж нүүрэн талд нь арван хоёр салаа эвэртэй буга бүтээсэн зураачийн тухай; дайр бугын магнайд гадна дотроос эвдрэхгүйн билэг тарни шингээн очир эрдэнэ шигтгэсэн уран дарханы тухай; жаран жилийн өмнө судар ном, бичиг цаасаар дүүрэн тэрхүү авдраа үхэр тэргэнд ачин үүрээр хөдөлсөн тал бичээчийн тухай, авдар чухам ямар шүтэн барилдлагаар бүтээгдээд энэ олон хүний гар дамжсаны эцэст нь юуны учир намагт хаягдсан тухай бичих юмсан гэж мөн ч их хүсдэг байж билээ. Тэдгээр түүх домгийг бичих хүсэл минь Улаанбаатарын хөл хөдөлгөөн тасардаггүй өргөн чөлөө, хөгжөөн наргиан ундарч байдаг уушийн газруудад живэн эдүгээ нэгэнт мартагджээ. Тэгээд ч энэ тухай сонирхох хүн тэр бүр олдохгүй л болов уу.

Одоогоос зуугаад жилийн өмнө энэ газар гол горхи урссан бяцхан төгөл байсан юм гэдэг. Өглөө эртээ хүүхдүүд шилбүүрийнхээ үзүүрээр салхи хүүгүүлэн гүйлдэж, үхрээ төгөл рүү тууж оруулчихаад ойрхон байх цөөрөмд нь өдөржин тоглоно. Нар жаргах үед үхэр мал нь мөөрөлдөн өнөө хүүхдүүдээ туучихсан ирж яваа үзэгддэг байсан биз. Харин одоо энэ газар хүн амьтангүй хүлэрт намаг болжээ. Тэр намаг дундуур нэгэн эр юу ч юм эрж хайн туучих ба чухам тэр эрлийн тухай өгүүлэхээр шийдсэн минь энэ.

Эхэндээ тэр зүлэг хучсан нойтон чийгтэй бамбалзуур газраар, дараа нь шигдэмхий хөрсөн дээр тогтсон усархаг шавартай хэсгээр, сүүлдээ ганц нэгхэн мэлхийнээс өөр амьд амьтангүй балчиг намаг дундуур туучин их л удаан явсан. Өвөөгийнх нь хуучин модон авдар гучаад оны хэцүү үед хүн амьтны нүднээс хол энэхүү намагт хаягдсан гэдэг. Тэгээд л тэр энд ирсэн юм. Нутгийн хөгшнийг “Тээр жил их чамин хээ хуартай эртний бололтой авдар намагт хаячихсан байхтай таарч, гаргаад авчих санаатай явж ороод живж үхэх дөхсөн юмдаг” хэмээн дурсан ярихад нь чих тавин анхааралтай сонсcоноос хамаг хэрэг үүджээ. Тэгээд л өвөөгийнх нь ч байж мэдэх авдрыг өнөө хүртэл “хадгалжбайх учиртай намгийг хөгшнөөр заалгаж авсан хэрэг.

Хичнээн ч эрж хайсан юм бүү мэд. Алхаж гишгэх бүрийд нь намаг шимэгч хорхой шиг хүч тэнхээг нь бага багаар сорно. Гэтэл бас, тамир тэнхээгээ алдах тусам эрж хайсан зүйл рүүгээ улам ойртоод байх шиг, эргээд буцчихаж боломгүй тийм нэг итгэл үнэмшил төрнө. Итгэл үнэмшил гээч зүйл бүх түүхийн эхэнд, эсвэл төгсгөлд нь ирдэг байх гэж би боддог юм. Гэхдээ миний өгүүлж буй энэ хэрэг явдал намагт живээд үхэж төгссөн эрийн тухай биш намагт живэхтэй нь зэрэг түүх нь эхэлсэн тийм нэг эрийн түүх билээ.

Намаг түүнийг өлсгөлөн могой шиг залгисаар, алгуурхнаар ахиулан үмхсээр ядарч хүндэрсэн бие нь бүсэлхийгээ хүртэл намагт шигдэж орхив. Шавар шалбаагнаас нь мултрах гэж оролдох бүрт илжирч муудсан хийгээр утан мансууруулж ёроолгүй ходоод руугаа хүчлэн сорох ажээ. Хамаг бие нь чилж булчин шөрмөс нь татан хөл рүү нь цус гүйхээ байж хүйт оргиулна. Өвөөгийнхөө авдрыг эрж олно гэсэн итгэл үнэмшил нь ч замхарч, намгийн өмхий хийнд мансуурахтай зэрэгцэн элдэв бодол толгойд нь орж амар заяаг нь үзүүлэхээ болив. Хагд цахилдаг дундаас үе үе мэлхий вааглаж хааяа нэг хар хэрээ гуагчин өнгөрхөд “Өмхий хар намагт амьсгал хураах тавилантай байж дээ. Болдогсон бол цаг хугацааг ганцхан өдрөөр ухраачих юмсан гэж тэр боджээ. Гэтэл бас, балчиг намагт хөшиж зоогдчихоод мэлхий вааглах, хэрээ гуагчихыг сонсон үхлээ хүлээн зүүрмэглэх нь өчигдрөөс нь, уржигдраас нь, бүхэлдээ үрж өнгөрүүлсэн амьдралаас нь өөрцгүй санагдана.

***

Мань эр эртний эдлэлийн жижигхэн мухлагтай. Мухлагтаа өнжөөд орой нь үүгээр тэрүүгээр сэлгүүцэн зарж борлуулчих ховор зүйлтэй хүн байвал очиж уулздаг байж. Уулзах ч юу байхав, түүнд эртний эдлэл нийлүүлдэг хүмүүс нь энд тэндхийн архичдаас хэтрэхгүй болохоор очиж уудаг байж гэсэн нь дээр. Өдөр хоногийг аргацаасан энэ ажилдаа дургүй ч өөр хийж чадах зүйл байхгүй болохоор элдэв зүйлийн юм зарж борлуулан амь зуусаар өдий хүрчээ. Тэгж яваад хуучин модон авдарны тухай багадаа дуулснаа сэргээн бодож яах ийх тухайгаа төлөвлөсөн ч юмгүй өвөөгийнхөө зургийг цүнхэлж орон нутгийн автобусанд суухдаа ингээд намагт зоогдчихно гэж санаагүй нь лавтай.

... Нар шингэн, хөндийг өтгөн манан дарж эргэн тойрон сонстох чимээгүй, үзэгдэх дүрсгүй болох үед айдас, ганцаардал гээч бас нэгэн үл үзэгдэх намаг түүний дээрээс нөмрөн авах нь тэр. Ингээд хөөрхий залуугийн бөгсөн биеийг нь хөлгүй намаг үмхэж, цээжин биеийг нь манан будан, айдас жихүүцэл залгижээ. Аниргүй бүрэнхийд тэрээр хоёр ёроолгүйн дунд тарчилж эцэстээ аль нь намаг, аль нь айдас хүйдэс болохыг ч ялгаж салгаж чадахаа болив. Ингээд ч зогссонгүй түүнд намагт живж үхэхээсээ өмнө айдас хүйдсээс болж үхэх вий гэсэн бодол төрж эхэлжээ. Эргэн тойрон бүдэг бадаг, анир чимээгүй, уйтгар гунигаас өөр юу ч байсангүй. Гэтэл тэр өнгөрсөн өдөр хоногуудад хотын чимээ шуугиан, хүмүүсээс нь залхахдаа одоо байгаа шигээ яг ийм оргүй хоосон орчинд орчих юмсан гэж хүсэж байсан юм. Тэгэхээр түүнийг азтай гэхүү, аль эсвэл азгүйд тооцох уу гэдгээ би хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч энэ намагт байгаа ганц хүн нь тэр юмдаг.

Түүний өвөө дуу хөгжим, уран зохиол, ер нь л урлагт шимтсэн, дуу шүлэг зохиодог нэгэн байжээ. Энэ нь түүнд дамжиж ирсэн мэт санагдах нь бий. Тэгээд тэр айдас ганцаардлаа давж дийлэх гэсэндээ ч биш, аниргүй хоосныг үргээх гэж дуулж эхлэв.

... Дэгдэн гарах жавар салхи нь
Дээд зүгээсээ дээ хө
Дэмжин авах жавар салхи нь
Дор зүгээсээ дээ хө ...

Ийн дуулахтай зэрэг зөөлөн салхи дэгдэн өтгөн манан аажмаар сарниж, хэдий харанхуй ч гэлээ эргэн тойрных нь юмс түүнд харагдаж эхэлжээ. Харанхуйд удахаар нүд дасаад юмс үзэгдэж эхэлдэг дээ. Тэр дэргэд нь шахуу найгах хэсэг бургасыг, бургасны ёроолд дэлгэрсэн Бадам цэцгийг, Бадам цэцгийн дэлбээнээс түгэх сүүн гэгээг ч олж харав. Айдас жихүүцэл төрүүлсэн бодлууд нь ч манантай цуг сарничих шиг болжээ.

Шаварт үндэслэж, иш шилбээрээ усан намгийг гэтлэн ургаад сая мандалд нь хүрч нарны туяа үзэн дэлбээгээ нээдэг Бадам цэцгийн тухай бодол түүнийг бага ч атугай тайвшруулах нь тэр.

-Энгийн борог буурай амьдрал дундаас буянтан гэгээнтэн төрөх, муу муухай дундаас сайн сайхан соёолох, шавар намаг дундаас туяа цацарсан ийм үзэмжит цэцэг урган дэлгэрэхийн нууц нь юундаа байна вэ? Шавар шавхай дороос ургаж гарсан хэрнээ яаж тийм хиргүй ариун харагддаг байна аа? Намгийн өмхий хий дунд дэлгэрсэн атлаа яагаад тийм зөөлөн анхилуун үнэртдэг юм болоо? Тэр өөрөөсөө ийн асууж байлаа.

-Ингэхэд би гэж хүн мах цусанд төрснөөс биш энэ Бадам цэцгээс ялгаагүй болсон мэт. Гэхдээ энэ цэцгэнд үндэс гэж байх атал миний дор хөлгүй намгаас өөр юу байгаа билээ? Энэ цэцэг ургаж нахиалж байхад би удахгүй үхэх гэж байна. Тэгэхээр энэ цэцэгтэй өөрийгөө харьцуулан бодож яахан болох билээ.

... Холгүйхэн хөлийн чимээ дуулдахад тэр “Хүн байна уу? Амь авраарай!” хэмээн орилж гарав. Хичнээн орилоод хариу байдаггүй. “Амьтан юм болов уу?” гэж бодоод арай намуухнаар “Хүн байна уу?” гэж асуусан ч бас л ямар ч хариу олж сонссонгүй. Гэсэн хэрнээ л хажууханд нь шавар шавхай дуугарган шал шалхийн алхах чимээ дуулдаад болдоггүй. Тийн ойртон ирж буй зүйл нь араатан амьтан, энэ хөндийн эзэн савдаг, энэ намагт живж үхсэн хэн нэгний сүнс сүүдэр, ер юу ч байхаас тэр айсангүй. Харин намаг түүнд ямар нэгэн зүйлээ нээн харуулах гэж байгааг, юуг ч юм мэдрүүлэх гээд байгааг ойлгож, тэр зүйл нь чухам юу болохыг харахсан хэмээн яарч, юу байх бол гэхээс эмээж байв. Удсангүй өнөө хөлийн чимээ хий хоосон дуу, зүүд төсөөлөл адил замхран арилах нь тэр. “Ямар нэг амьтан байгаад үргэчихэв үү” гэж тэр боджээ. Гэтэл яг хажууд нь улам тодоор дахин сонсогдож, нэгэн жижигхэн хорхой шавар дээгүүр явж байхыг тэр олж үзжээ. “Энэ жижигхэн хорхойны хөлийн чимээ хүртэл надад ингэж тод сонсогдохын учир юу вэ” хэмээн гайхаж орхив. Удалгүй түүнд сэвэлзэн найгах бургаснаас эхлээд модод, хад цохионд исгэгдэх салхи, намгийн гүнээс дээшилж буй хий, зүрхнийх нь цохилох чимээ гээд бүх зүйл хачин тод сонсогдоод эхэлжээ. Түмэн янзын дуу чимээг ялган сонсож байхдаа тэр хэдэн сарын өмнө зүүдэлсэн нэгэн зүүдээ нэхэн санажээ.

***

Хэдэн сарын өмнө түүний зүүдэнд эцэг нь ийн ярьсан юм: Өргөн талд чи бид хоёр ганц моринд сундалдан давхиж явах юм. Хэр өргөн юм гэж үү? Өргөн гэхэд даанч өргөн, гэхдээ туулж бармаар тал. Өдрөөс өдөрт чамайг өсөж томрохтой зэрэг морь маань эцэж зам туулах нь муудаад л байх юм. Нар ургахаас шингэх хүртэл давхичихдаг байсан өнөөх адгуус чинь үд өнгөрөв үү, үгүй юу эцчихээд байх боллоо. Чамайг өсөж томрох тусам аав нь ганзагалаж гарснаас эхлээд өвөртөлж явсан хүртэлх хамаг байдгаа хаяж хөнгөрч явав. Үгүй бол морь маань эцэж явдал нь саараад болдоггүй. Эцэстээ морь ч зогслоо. Тэгэхээр нь морио модны захад чөдөрлөж орхичихоод түүдэг асааж хоол цай хийж идэж уугаад нэг хоног амрав. Салхинд моддын орой залхуутай найгаж хажууханд адуу хүр хүр өвс зулгаах нь тодхон сонстоно. Үүрд цугтаа аялмаар үнэхээр сайхан орчлон шүү. Түүдгийн дэргэд би чамд үзэж сонссон түүх домгоосоо ярьж өгч байх юм: Өвөөгийн чинь модон авдарны тухай, модон авдарны нүүрэн дээр байдагтай яг ижилхэн арванхоёр салаа эвэртэй бугыг олж үзсэн хөх хайрхан уулынхаа тухай, үүрээр үхэр хариулж гараад тоглож өнждөг байсан цөөрмийнхөө тухай.

... Эрт цагт мод навчнаасаа ахин ургадаг байж. Үндэс нь навчиндаа хэрхэн шингэж нуугдсаныг чи одоо ч харж болно. Хэдий олон навчтай байна үндэс нь төдий чинээ гүнд шургана гэсэн үг. Цагийн салхинд үндсээрээ булга татуулан унаж хатингаршиж мартагдалгүй мөнх урган цэцэглэнэ гэсэн үг. Тэр цагт аль нь навч цэцэг болох, аль нь үндэс мөчир гэдгээ ч мэдэхээ болидог юм гэнэ лээ. Өглөө ч болж бид ч мориндоо мордож аваад цааш давхилаа. Өдөр өдрөөр би турж эцээд л, намайг агшиж жижигрэхтэй зэрэг морины маань хөл чангарч туулах зай нь ч холдоод ирлээ. Намайг өдөр өдрөөр өтөлж бөгтийх тусам чи замаас янз бүрийн зүйл олж цуглуулж явах юм. Тэгээд нэгэн өглөө бибяцхан жаал болчихсон өргөн талаар чамтай хамт давхиж явна гэж зүүдэллээ.

***

Эцэст нь түүнийг цочоосон явдал болов. Ёроолгүй намаг руу алгуурхан живж байсан хөл доор нь ямар нэг зүйл тээглэж тулаад иржээ. Тэрүүхэнд нь хөлөөрөө тэмтэрч үзээд “өнөө эрж хайгаад байсан өвөөгийн минь модон авдар арай энэ юм биш байгаа гэж залуу бодлоо. Ямартаа ч түүнийг энэ намагт живүүлэхгүй гэх шиг хөл дороос нь түшиж тулж буй тэр зүйл амь амьсгал, утга учир, ирээдүйг өгөх шиг; бүтэн улаараа гишгэхэд сэтгэлд нь өвөөгийнх нь хуучин модон авдарны хяхнан чахрах чимээ сонстох шиг болоход тэр уйлжээ. Эрж хайснаа олсон мэт дотор нь цэлмээд иржээ. Тэртээ хөхрөх уулын орой улаанаар туяарахад аниргүй намаг дахь хэдэн бургас ургах нарыг хүлээн найган байв аа.

Түр хүлээнэ үү...
Top