Өнөөдөр та бүхэнд шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Рэй Брэдберигийн "Африкийн онгон тал" өгүүллэгийг хүргэж байна. XIX зууны сүүлд үеийн уран зохиолын гол сэдэв, төрөл болж асан шинжлэх ухааны уран зөгнөлийг энэ зуунд дахин алдаршуулсан хүн бол Америкийн зохиолч Рэй Брэдбери. Түүний “Фаренгейтийн 451 градус” романыг уран зөгнөлт зохиолын орчин үеийн сонгодог жишээ хэмээн үнэлдэг. Өгүүллэгийг орчуулагч Б.Сувддулам англи эхээс эх хэлнээ буулгасан юм. Түүний орчуулсан Канадын зохиолч Янн Мартелын "Пигийн амьдрал" роман уншигчдын гарт очиход бэлэн болоод байгаа билээ. "Пигийн амьдрал" роман уншигчдад хүрч буйтай холбогдуулан бид залуу орчуулагчийн орчуулгын дээжээс та бүхэндээ толилуулж байна.
АФРИКИЙН ОНГОН ТАЛ
-Жорж минь, чи хүүхдүүдийн өрөөг нэг шалгана байгаа?
-Яачихсан юм?
-Би яаж мэдэх вэ дээ.
-Үгүй, тэгээд?
-Би чамайг зүгээр хараадах л гэж байна. Эсвэл сэтгэлзүйч дуудаж шалгуулах юм уу?
-Сэтгэлзүйч тийш орж яах юм?
-Яахыг нь чи л сайн мэдэж байгаа байлгүй гэж гэрийн эзэгтэй хэлээд галын өрөөнийхөө голд түр саатаж, зогсолтгүй хүнгэнэн дуугарч дөрвөн хүний хоол бэлдэх цахилгаан зуухаа ажлаа.
-Хүүхдүүдийн өрөө нэг л өөр болчихсон шиг байх юм.
-За за, тэгвэл явж харцгаая л даа.
Тийнхүү эхнэр нөхөр хоёр гучин мянган доллар зарцуулан байж босгосон “Аз жаргалын өргөө”-нийхөө дуу тусгаарлагчтай хонгилоор алхацгаав. Байшин нь тэднийг хувцаслаж, хооллож, бүүвэйлэн унтуулж, тоглуулж наадуулаад зогсохгүй дуу дуулан өгч, ая тухтай байлгах бүхнийг хийнэ. Хөлийн чимээ ойртон ирэхүйд хаа нэгтээ гэрэл асна. Тэднийг хүүхдүүдийн өрөөнд арваад алхмын зайтай ирэхэд доторх гэрэл нь цэлсхийн аслаа. Ард нь хоцорсон хонгилын асаатай гэрлүүд хөлийн чимээ холдоход өөрсдөө унтарч байв.
-За алив, хараадахъя гэж Жорж Хэдли хэллээ.
Эхнэр нөхөр хоёр хүүхдүүдийнхээ өрөөний сүрлэн шалан дээр зогсоцгооно. Хааш хаашаагаа 12 метр квадрат талбайтай уг өрөөний хана нь есөн метр өндөр бөгөөд байшингийн нийт өртгийн тал хувь нь үүнд зарцуулагджээ. “Гэхдээ миний хүүхдүүд үүнээс ч илүүг эдлэх ёстой” гэж Жорж Хэдли үздэг байв.
Хүүхдүүдийн өрөө нам гүм байлаа. Үд дундын алдад ойн чөлөө эзгүйрдэг шиг эл хуль байв. Өрөө хар өнгийн энгийн л ханатай аж. Жорж, Лидиа хоёрыг өрөөний голд зогсож байтал хананууд чичирхийлэн доргиж, тунгалаг шил болон хувирах шиг тэр даруй Африкийн онгон тал гарч ирэв. Жижиг чулуу, армаг тармаг өвс нь хүртэл харагдана. Өрөөний тааз алтан шар нар төөнөсөн гүн хөх огторгуй болж хувирлаа.
Жорж Хэдлигийн духны хөлс дааварлаад ирэв.
-Энэ нарнаас холдоцгооё гэж тэрээр хэлээд, -Жаахан үнэмшилтэй нь ч үнэмшилтэй юм аа. Гэхдээ бүр болохоо байчихсан юм алга л байна гэхэд
-Хэсэг харзная л даа гэж эхнэр нь хэллээ.
Тийнхүү эхнэр нөхөр хоёр аагим халуун Африкийн талд зогсож байтал нүднээс далд газар суурилуулсан үнэр ялгаруулагч төхөөрөмжнөөс салхи үлээж, хатаж гандсан өвс, хаа нэгтээ оргилох сэрүүн булгийн ус, амьтны сэг, бүгчим орчинд байлгасан халуун чинжүүнийх шиг тоосны үнэр хамрыг нь сэнгэнүүлэв. Төдөлгүй алсад гөрөөс туурайгаараа газар цавчлах, тас шувуу тэнгэрт элэн халих чимээ сонстлоо. Тэгтэл тэдний толгой дээгүүр нэгэн сүүдэр дайраад гарах шиг болов. Жорж Хэдли тэнгэр өөд харвал өнөөх сүүдэр түүний хөлс дааварласан нүүрэн дээр хормын зуур тусаад өнгөрлөө.
-Муу ёрын амьтад гэж Лидиа хэлэх нь сонстов.
-Тас л байна.
-Хараач гэм, арслан байна, тээр тэнд. Ус уух гэж яваа бололтой. Дөнгөж саяхан хооллож дууссан шиг байна. Юу идэж байсан юм бол доо? гэж Лидиа хэлэв.
-Ямар нэг амьтан л биз гэж Жорж Хэдли хэлээд гараараа саравчлан халуун нарнаас халхалснаа нүдээ онийлгон харж,
-Тахь юм уу эсвэл анаашны тугал байх гэв.
-Нээрэн үү? гэж эхнэр нь хачин хахир хоолойгоор асуулаа.
-Үгүй, яг ч тийм гэж хэлэхэд хэцүү л дээ гэж Жорж гайхсанаа нууж ядан хариулав.
–Хоосон яснаас өөр харагдах юм ер алга. Түрүүний таснууд сэгийг нь зулгаах гэж яваа бололтой.
-Юу орилсон бэ?
-Мэдэхгүй.
-Дөнгөж сая орилох чимээ гарлаа шүү дээ?
-Би юу ч сонссонгүй.
Арслангууд ирж яваа харагдлаа. Жорж Хэдлид энэ өрөөг зохион бүтээсэн суут хүнийг бишрэх сэтгэл оргилов. Ийм гайхамшигтай бүтээлийг ёстой хямдхан авчихсан шүү. Айл болгон нэг ийм өрөөтэй болбол таарна. Яахав, яг бодит юм шиг болохоор хааяадаа айх, цочих, сэтгэл зовох зүйл гардаг л юм. Гэхдээ ихэнх тохиолдолд хүүхдүүдийг чинь, таныг ч бас хөгжөөн баясгаж, хормын дотор л харь оронд аваачин, орчин тойрныг чинь сольж орхино шүү дээ. Манай энэ өрөөг л харахгүй юу.
Арслангууд арваадхан алхмын зайтай байлаа. Яг л бодит юм шиг, өвдөг чичирч, нуруу хүйт даамаар. Үс нь гар ирвэгнүүлж, халуу дүүгсэн биед нь наалдсан тоос шороо аманд амтагдмаар бодит агаад арьсных нь шар өнгө франц маягийн гоёмсог хивс шиг харагдана. Анир чимээгүй үдийн цаг тул арслангуудын амьсгалах, аахилах нь тодхон сонсогдож, амнаас нь махны үнэр ханхийнэ.
Тэд нуруу зарсхийм шар ногоон нүдээрээ Жорж, Лидиа хоёрыг харан зогсох аж.
-Хараач гэж Лидиа хашхирлаа.
Арслангууд тэдэн рүү айсуй харагдав.
Лидиа эргэж зугтаалаа. Жорж ч өөрийн мэдэлгүй түүнийг даган харайлгав. Тэд хонгилд гарч, өрөөний хаалга хаагдсаны дараа Жорж тачигнатал хөхөрч, Лидиа асгартал уйлав. Тэгснээ хоёул бие биенээ хараад мэл гайхаж хоцорлоо.
-Жорж!
-Лидиа. Эвий дээ, миний муу хань.
-Арслангууд биднийг барих шахлаа шүү.
-Лидиа минь, тэр чинь хана шүү дээ. Зүгээр л шилэн хана. Ойлгож байна уу? Яахав, бодит юм шиг харагдаж байсан нь үнэн л дээ. Манай гэр Африк болоод хувирчихсан байсан. Гэхдээ энэ чинь зүгээр л хүний бодлыг мэдэрч, хариу үйлдэл үзүүлэхдээ түүнийгээ өнгөтөөр, бодит юм шиг харуулдаг шилэн дэлгэц төдий шүү дээ. Тэгээд бас үнэр, дуу авиа ялгаруулагч төхөөрөмжүүд суурилуулчихсан байгаа. Май, энэ алчуур ав.
-Зүрх амаар гарах шахлаа гэж Лидиа хэлээд, нөхөртөө ойртон ирж , энгэрт нь наалдаад эхэр татан мэгшив.
–Чи харсан биз дээ? Мэдэрсэн биз? Үнэхээр бодит юм шиг байсан.
-Гэхдээ Лидиа…
-Африкийн тухай дахиж битгий унш гэж Вэнди, Питер хоёрт хэлээрэй.
-Тэгье тэгье гээд Жорж эхнэрээ тайвшруулан илэв.
-Нээрээ биз?
-Нээрээ байлгүй яах вэ.
-Тэгээд намайг тайвширтал хүүхдүүдийн өрөөг хэд хоног түгжээрэй.
-Питер ч боож үхэх дөхнө дөө. Сарын өмнө шийтгээд, хэдхэн цаг түгжчихсэн чинь галзуурах шахаа биз дээ. Вэнди ч гэсэн. Тэд чинь энэ өрөөндөө амиа өгөхөөс ч буцахгүй улс.
-Яадаг ч байсан түгжих хэрэгтэй. Өөр яриа байхгүй.
-За за гэж Жорж хэлээд, том хаалгыг дуртай дургүй түгжив. –Сүүлийн үед чи хэтэрхий их ажиллаад байх шиг. Жаахан амарсан нь дээр байх аа.
-Мэдэх юм алга гэж Лидиа хэлээд, нусаа нийснээ сандал дээр суухад өнөөх нь тэр даруй түүнийг бүүвэйлэн, тайвшруулав. –Магадгүй надад хийх юм бага байх шиг байна. Бодох цаг л хэтэрхий их байх шив. Байшингаа хэд хоног түгжиж орхиод, амралтанд яваад ирвэл яасан юм бэ?
-Чи тэгээд намайг өндгөө өөрөө шар гэж байгаа юм уу?
-Тэгж байна гээд Лидиа толгой дохив.
-Оймсоо өөрөө хураах юм уу?
-Ммхн гэж айснаасаа болоод нүдэнд нь нулимс цийлэгнэсэн бүсгүй хэлээд, мөн л толгой дохилоо.
-Гэрээ бас өөрөө шүүрдэх үү?
-Тэгнэ ээ. Тэгж л таарна шүү дээ.
-Гэхдээ чи бид хоёр иймэрхүү ажил хийхгүй гэж л энэ байшинг худалдаж авсан биш билүү?
-Тэгсэн л дээ. Гэхдээ би энд хахь хөндий хүн шиг л байх юм. Энэ байшин миний өмнөөс ээж, эхнэр, асрагчийн үүрэг гүйцэтгэж байна. Би Африкийн онгон зэлүүд талтай эн зэрэгцэж чадах билүү? Би хүүхдүүдээ автомат ванн шиг хурдан усанд оруулж, биеийг нь үрж өгч чадах билүү? Чадахгүй шүү дээ. Тэгээд ч надад биш чамд асуудал байна. Сүүлийн үед чиний сэтгэл үнэхээр тавгүй байгаа шүү дээ.
-Би ч сүүлийн үед хэт их тамхи татаад байгаа л даа.
-Чи ч гэсэн энэ гэрт юу хийхээ мэдэхгүй байгаа хүн шиг харагддаг. Өглөөд тамхи татах чинь олширч, өдөрт архи уух чинь ихсэж, шөнө тайвшруулах эм уух чинь нэмэгдсэнээс бусдаар чи ч гэсэн өөрийгөө хэрэгцээгүй хүн гэж мэдэрч эхлээд байгаа биз дээ.
-Тийм гэж үү? Жорж дороо зогтусаж, дотоод сэтгэл рүүгээ өнгийж чагнахыг хичээлээ.
-Жорж гэж Лидиа дуудаад, мөрийг нь давуулан хүүхдүүдийн өрөөний хаалга руу харж -Нөгөө арслангууд чинь гараад ирэхгүй байгаа? гэв.
-Яалаа гэж дээ гэж Жорж хариуллаа.
Вэнди, Питер хоёр хотын нөгөө захад багт наадамд оролцохоор явсан тул тэд оройн хоолоо хоёулхнаа идэв. Хүүхдүүд нь оройтох учраас хоолоо идэж байгаарай гэж гэр рүүгээ утасдаж хэлсэн байлаа. Тиймээс Жорж Хэдли галын өрөөнийхөө ширээний ард халуун хоол унд гарч ирэхийг харан, дурамжхан суух аж.
-Кетчупээ мартчихаж гэж тэрээр хэлэв.
-Өршөөгөөрэй гэх намуухан дуу ширээнээс гарч, төдөлгүй кетчуп гаргаж тавилаа.
Үхэл. Ширээ нь түүнд мах зүсэж өгөхөд Жорж тамшаалан зажлав. Үхлийн тухай бодол. Үхлийн тухай бодоход Вэнди, Питер хоёр арай л балчирдмаар юм даа. Үгүй балчирдахгүй юм байна, үнэндээ би өөрөө л гэхэд жаахан байхдаа л үхлийн тухай бодож байсан юм байна. Үхэл гэгч юу болохыг ойлгодог ч үгүй байхдаа л өөр бусдыг үхүүлэхийг хүсэж байсан шүү дээ. Хоёр настай байхдаа би тоглоомон буугаар хүмүүс рүү бууддаг байсан.
Гэхдээ аагим халуун Африкийн талд арсланд тасар татуулах шиг аймшигт үхэл хаана байна. Тэгээд бүр ахин дахин давтагдана гээч.
-Хаачих нь уу? гэж эхнэр нь асуусан ч Жорж хариулсангүй. Урьдын адил урдах гэрэлнүүд нь чимээгүй асаж байв. Түүнийг сэмээрхэн алхалсаар хүүхдүүдийн өрөөний хаалганд хүрэх үед ардах гэрэлнүүд нь өөрсдөө унтарсаар үлдлээ. Жорж хаалганд чихээ наан чагнав. Арслан архирах дуу алсад сонсогдлоо.
Жорж хаалганы цоожийг тайлан онгойлгов. Түүнийг хаалгаар орохын өмнөхөн тээр хол хэн нэгэн орилох нь сонсогдлоо. Дараа нь арслан архирах дуу гарснаа төдөлгүй замхрав.
Жорж Африкт хөл тавилаа. Өнгөрсөн жил тэрбээр энэ өрөөнд орж ирэхдээ Гайхамшгийн орон, Алис, Мок яст мэлхий, Аладдин, түүний шидэт дэнлүү, Озын хулуун толгойт Жэк, Дулиттл эмч, саран дээгүүр үсэрч байгаа үнээ гээд төсөөллийн ертөнцийн бүхий л гайхамшигт зүйлсийг олон удаа нүдээр үзэж билээ. Тэнгэрт дүүлэн нисэх Пегас[1], улаан гал улалзах усан оргилуурыг өчнөөн удаа харж, сахиусан тэнгэрийн уянгалаг хоолойг олонтаа сонссон доо. Гэтэл одоо цус үнэртсэн шарах шүүгээ шиг аагим халуун Африкаас өөр юм алга. Магадгүй Лидиагийн зөв байх. Магадгүй бид арван настай хүүхдүүдийн маань хувьд дэндүү бодит болчихоод буй энэ төсөөллийн ертөнцөөс түрхэн ч атугай холдох хэрэгтэй байх. Тархиндаа янз бүрийн юм төсөөлж, оюун ухаанаа дасгалжуулах нь муу хэрэг огт биш байх л даа. Гэхдээ цовоо сэргэлэн хүүхэд нэг л зүйлийн дүр зургийг тархиндаа бат хадчихвал..? Сарын өмнө Жорж Хэдли ажлынхаа өрөөнд сууж байтал алсад арслан архирах сонстож, биеийнх нь нэг тийм содон хурц үнэр үнэртэх шиг санагдаж билээ. Гэвч тэр үед завгүй байсан болохоор огт тоогоогүй юм.
Жорж Хэдли Африкийн онгон зэлүүд талд ганцаархнаа зогсоно. Арслангууд барьсан амьтнаа орхиод, түүнийг ажиглах аж. Онгорхой хаалгаар эхнэр нь харагдаж байсан тулдаа л Жорж Хэдли энэ бүхэн бодит биш гэдгийг ухаарав. Хонгилын нөгөө үзүүрт хоолоо хайнгадуухан халбагадах эхнэр нь яг л жаазлаад тавьчихсан зураг шиг үзэгдэнэ.
-Явцгаа гэж Жорж арслангуудад тушаалаа.
Гэвч арслангууд байрандаа байсаар л байв.
Өрөө яаж ажилладгийг Жорж маш сайн мэднэ. Ердөө бодлоо илгээхэд л болно. Юу ч бодсон бай тэр зүйл нь гараад л ирнэ.
-Аладдиныг шидэт дэнлүүтэй нь авчирцгаая гэж Жорж хэлэв. Гэвч Африкийн онгон зэлүүд тал алга болсонгүй, арслангууд ч байсаар л байлаа.
-Алив ээ, өрөө минь. Би Аладдиныг хармаар байна гэж тэрээр дахин хэлэв.Юу ч өөрчлөгдсөнгүй. Арслангууд шилээ шөргөөн зогсоцгооно.
-Аладдин!
Жорж хоолоо идэхээр буцаж ирэв.
-Энэ тэнэг өрөө бүр үгэнд орохоо больжээ. Тушаал огт биелүүлэхгүй юм гэж тэрээр хэлэв.
-Эсвэл…
-Эсвэл юу гэж?
-Тушаал хүлээж авч чадахгүй байгаа байх гэж Лидиа хэлээд, -Манай хүүхдүүд Африк, арслан, аллагын тухай хэтэрхий олон хоног бодчихсон болохоор тэр нь бүр тогтчихоо биз гэв.
-Магад ч үгүй.
-Эсвэл Питер тэгж тохируулчхаад явсан ч байж мэднэ. -Тохируулах ий? -Цаадах чинь удирдлагын өрөө рүү ороод, ямар нэг юмыг нь өөрчилчихсөн ч юм билүү. -Питер удирдлагын өрөөний учрыг олохгүй. -Манай хүү аравтай гэхэд насандаа баймгүй ухаантай хүүхэд шүү. Цаадхын чинь IQ…
-Тэгсэн ч гэсэн…
-Ээж ээ, аав аа, бид ирлээ.
Эхнэр нөхөр хоёр эргэн харав. Алим шиг улаан хацартай, номин цэнхэр нүдтэй Вэнди, Питер хоёр хаалгаар орж ирлээ. Хоёр жаал нисдэг тэргээр зугаалж яваад ирсэн тул цамцнаас нь озоны үнэр сэнхийнэ.
-Та хоёр яг хоолон дээрээ ирлээ гэж эцэг, эх хоёр нь зэрэг хэлэв.
-Бид хоёр гэдсээ хагартал хот-дог, гүзээлзгэнэтэй зайрмаг идсэн гэж хөтлөлцөн зогсох жаалууд хэллээ.
–Бид хоёр зүгээр та хоёртой хамт суугаад, харж байя.
-Тэг ээ тэг. Наашаа хүрч ирээд өрөө чинь яасныг тайлбарлаад аль гэж Жорж Хэдли хэллээ.
Эгч дүү хоёр аав руугаа нүд ирмэснээ, дараа нь өөд өөдөөсөө ирмэлцэв.
-Өрөө яасан гэж?
-Тэр Африк энээ тэрээ чинь ямар учиртай билээ? гэж Жорж Хэдли тун эелдэг маягөтай асуулаа.
-Би юу ч ойлгосонгүй гэж Питэр хариулав.
-Ээж бид хоёр чинь дөнгөж сая Африкаар аялаад ирлээ. Том Свифт, бас түүний электрон арслантай хамт гэж Жорж Хэдли хэлэв.
-Тэнд Африк байхгүй дээ гэж Питер тайван хэлэв.
-Алив ээ Питер, бид мэдэж байна шүү.
-Би лав Африкийн тухай огт бодоогүй гэж Питер хэлээд, Вэнди рүү хандаж, -Чи бодсон юм уу? гэв.
-Үгүй ээ.
-Гүйж очиж харчихаад ир. Тэгээд тайлбарлана биз.
Вэнди годхийн харайлаа.
-Вэнди, буцаад ир гэж Жорж Хэдли орилсон боловч охин аль хэдийн гүйгээд явчихсан байв. Байшингийн гэрлүүд охиныг гэрэлт цох шиг дагана. Жорж Хэдли хүүхдүүдийн өрөөг хамгийн сүүлд шалгахдаа хаалгыг нь түгжихээ мартсанаа санасан боловч хэтэрхий оройтжээ.
-Вэнди очиж харчхаад, ирж тайлбарлана биз гэж Питер хэлэв.
-Тайлбарлаад байх юм байхгүй. Би харсан юм чинь.
-Аав аа, та андуурч байна.
-Би андуураагүй ээ, Питер. Алив, явцгаая.
Гэвч Вэнди буцаад ирэв.
-Африк алга л байна шүү дээ гэж тэрээр амьсгаадан хэллээ.
-Алив, бүгдээрээ очиж үзэцгээе гэж Жорж Хэдли хэлээд, тэд хамтдаа хонгилоор алхсаар хүүхдүүдийн өрөөнд хүрч, хаалгыг нь онгойлгов.
Өмнө нь хараа булаам ногоон ой, үзэсгэлэнт гол горхи, хөх уулс, урт үсээ оролдон уянгалаг сайхан хоолойгоор дуулах нууцлаг, хайр татам хөөрхөн Рима[2] харагдав. Ойн моддыг хучсан өнгө өнгийн эрвээхийнүүд яг л амьд цэцэгс шиг үзэгдэнэ.
Африкийн онгон тал алга болжээ. Арслангууд ч харагдсангүй. Гагцхүү Рима л сонссон хүний нүдэнд нулимс мэлтэлзтэл цээл хоолойгоор дуулж байлаа.
Жорж Хэдли өрөөнд орж орчин тойрон солигдсоныг харсныхаа дараа “Явж унтацгаа” гэж хүүхдүүддээ тушаалаа.
Вэнди, Питер хоёр эсэргүүцэн ам нээх гэтэл тэрээр “Би та нарт хэлсэн шүү” хэмээн анхааруулав.
Хоёр жаал ханын шүүгээнд ороход салхи гарч, тэднийг агааржуулах хоолойгоор дамжуулан унтлагын өрөөнд нь аваачлаа.
Жорж Хэдли уянгат дуун эгшиглэх ойн цоорхойг өнгөрч, өмнө нь арслангууд зогсож асан буланд очоод газраас нэг юм авав. Тэрээр аажуу тайвуу алхалсаар эхнэр дээрээ эргэж ирлээ.
-Наадах чинь юу вэ? гэж Лидиа асуув.
-Миний хуучин түрийвч л байна гэж Жорж хариулаад, эхнэртээ үзүүллээ. Түрийвчнээс хатаж гандсан өвснөөс гадна арслангийн үнэр ханхийнэ. Шүлс болсон байхыг бодоход түүнийг зажилж хаясан бололтой. Хоёр талд нь цусан толбо тогтсон байв.
Жорж Хэдли хүүхдүүдийн өрөөний хаалгыг хааж, дангинатал түгжлээ.
Шөнө дунд болсон ч түүний нойр хүрсэнгүй. Эхнэр нь ч бас сэрүүн байгаа гэдгийг тэрбээр сайн мэдэж байлаа. Харанхуй өрөөндөө удтал сэрүүн хэвтсэний эцэст эхнэр нь,
-Өрөөг Вэнди өөрчилсөн байх аа, тийм ээ? хэмээн асуулаа.
-Мэдээж.
-Тэгэхээр тэр Африкийн онгон зэлүүд талыг ой мод болгож хувиргаад, арслангуудын оронд Римаг гаргаж ирсэн байх нь ээ?
-Яг зөв.
-Яаж тэр вэ?
-Бүү мэд. Гэхдээ намайг очиход өрөө түгжээтэй байсан.
-Чиний түрийвч яахаараа тэнд хэвтэж байдаг билээ?
-Ёстой мэдэх юм алга. Ямар ч гэсэн хүүхдүүддээ ийм өрөө авч өгсөндөө харамсаж эхэлж байна. Хэрвээ хүүхдүүдийн сэтгэцэд өөрчлөлт орсон бол иймэрхүү өрөө…
-Сэтгэц заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй байх аа.
-Би ч гэсэн тэгж бодож байгаа гэж Жорж Хэдли хэлээд, тааз руу ширтлээ.
-Чи бид хоёр хүүхдүүдийнхээ хүссэн болгоныг биелүүлдэг байсан. Түүний гор гарч, энэ хоёр маань ийм чихгүй толгойнууд болчихсон юм биш үү?
-‘Хүүхэд бол хивс л гэсэн үг. Хааяа дээр нь гишгэж байх ёстой’ гэж хэн хэллээ? Чи бид хоёр бол гар ч далайж үзээгүй. Манай хоёр ч үнэхээр тэвчээр бармаар шүү. Дуртай үедээ гарч ороод л, чи бид хоёртой хүүхэд шигээ харьцахыг нь яана. Ёстой нэг эрхийн тэнэгүүд болж гүйцэж. Хоёулаа ч ялгаагүй таарсан дугуйнууд юм аа даа.
-Хэдэн сарын өмнө Нью Йорк руу пуужин авч явна гэхэд нь чи хориглосноос хойш энэ хүүхдүүд хачин ааш гаргах болсон шүү.
-Тийм юм хийхэд арай балчирдана гэж би тэр хоёрт тайлбарласан шүү дээ.
-Тэгэхдээ л түүнээс хойш чи бид хоёртой хүйтэн хөндий харьцдаг болчихсон байна лээ.
-Маргааш өглөө Дэвид Макклейныг авчирч, энэ Африкийг үзүүлье байз.
-Гэхдээ тэр Африк чинь алга болчихсон шүү дээ. Оронд нь нов ногоон ой, Рима гараад ирээ биз дээ.
-Надад лав Макклейныг ирэхээс өмнө эргээд Африк болоод хувирчих юм шиг санагдаад байгаа.
Тийн ярилцаад удаагүй байтал хүн орилох шиг болов. Доод давхраас орилох дуу хоёр ч удаа сонсогдлоо. Тэгснээ арслан архирав.
-Вэнди, Питер хоёр унтлагын өрөөндөө алга гэж Лидиа хэлэв.
Жорж Хэдлигийн зүрх булгилан цохилно. Тэрээр орондоо хэвтсэн чигтээ, -Цаад хоёр чинь тэгвэл эвдээд орчихож л дээ гэв.
-Сая тэр хоёр л орилох шиг болсон доо?
-Тийм үү?
-Ммхн. Аймаар юм аа.
Ор нь тэднийг бүүвэйлэн унтуулах гэж байдаг чадлаараа зүтгэсэн боловч эхнэр, нөхөр хоёр дахиад цаг хэртэй сэрүүн хэвтлээ. Шөнийн агаарт муурны үнэр ханхийнэ.
-Аав аа? гэж Питер дуудав.
-Яасан?
Хүү эцгийнхээ гутал руу харан зогсоно. Тэр эцэг, эхийнхээ нүүр өөд харахаа ер больжээ.
-Та арай бид хоёрын өрөөг тэр чигт нь түгжих гэж байгаа юм биш биз дээ?
-Харан байж л болно доо.
-Юуг гэж Питер аавынхаа үгийг таслан асуув.
-Вэнди та хоёрыг. Та хоёр тэр Африкаа байнга бодохоо болиод, өөр юм бодвол… Магадгүй Швед, Дани ч юм уу эсвэл Хятадын тухай…
-Бид хоёр өөрсдийнхөө дураар тоглож болно гэж бодсон юм сан.
-Мэдээж болно, гэхдээ аюулгүй газар тогло.
-Африк яачихаад байгаа юм бэ, аав аа?
-Өө за, тэгэхээр чи Африкийг гаргаж ирсэн байх нь ээ?
-Би лав өрөөгөө түгжүүлэхгүй шүү. Хэзээ ч гэж Питер хүйтнээр хэлэв.
-Тэр ч байтугай бид хоёр байшингаа нэг сар түгжье гэж бодож байгаа. Энэ бүхнээс ангид амар тайван амьдаръя.
-Шал утгагүй юм. Тэгээд гутал үдэгч биш би өөрөө гутлаа үдэх болж байна уу? Та намайг шүдээ өөрөө угааж, үсээ өөрөө самнаж, усанд өөрөө ор гэж байгаа хэрэг үү?
-Тэгвэл харин ч хөгжилтэй юм биш үү?
-Юуных нь хөгжилтэй байх вэ дээ. Бүр дургүй хүрчихлээ. Өнгөрсөн сар миний зураг будагчийг аваачиж хаясан чинь надад огт таалагдаагүй.
-Би чамайг өөрөө будаж сураасай гэсэндээ л тэгсэн юм шүү дээ, хүү минь.
-Би харж, сонсож, үнэрлэхээс өөр юу ч хиймээргүй байна. Угаасаа өөр юу хийх вэ?
-За за, тэгвэл тэр Африктаа очиж тогло.
-Тэгээд өнөө маргаашгүй байшингаа түгжиж орхиод явах юм уу?
-Бид хоёр ярилцаж л байна.
-Та хоёр ярилцлаа гээд илүү сайн шийдэл олох нь юу л бол.
-Миний хүү намайг сүрдүүлэх болоогүй шүү!
-За за гээд Питер өрөө рүүгээ тоглохоор явлаа.
-Би цагаа барьсан биз? гэсээр Дэвид Макклейн орж ирэв.
-Цай уух уу гэж Жорж Хэдли асуулаа.
-Гэртээ уучихсан, баярлалаа. Ингэхэд юу болоо вэ?
-Дэвид, чи чинь сэтгэлзүйч биз дээ?
-Тэгж хэлж болно оо.
-Тэгвэл манай хүүхдүүдийн өрөөг нэг хараадхаач. Өнгөрсөн жил чи манайхаар ороод гарахдаа нэг харсан даа. Тэгэхэд ямар нэг сонин содон юм ажиглагдсан уу?
-Яг таг хэлэхэд хэцүү юм аа. Аав ээж нь үргэлж хорьж цагдаж байдаг хүүхдүүд балмад үйлдэл хийх, бага зэрэг галзуу солиотой гэмээр зан авир гаргах явдал мэр сэр байдаг даа, тийм л юм харагдсан. Ер нь гоц гойд юм ажиглагдаагүй шүү.
Тийн ярилцаад тэд үдэшлэгийн танхим руу буулаа.
-Би хүүхдүүдийн өрөөг түгжчихсэн байсан юм. Тэгсэн манай хоёр шөнө дунд эвдээд орчихож. Юу хийснийг нь танд үзүүлье гэж бодоод тэндээ байж бай гээд хэлчихсэн гэж Жорж Хэдли ярив.
Тэгтэл хүүхдүүдийн өрөөнөөс орь дуу тавин орилох чимээ сонсогдлоо.
-За тэр дээ гэж Жорж Хэдли хэлээд, -Юу хийж байгааг нь хараарай гэв.
Тэд хүүхдүүдийн өрөөний хаалгыг тогшсон ч үгүй, шууд орж явчихав. Орилох чимээ сонсогдохоо больжээ. Арслангууд ямар нэгэн амьтан барьж байлаа.
-Хүүхдүүд ээ, гараад байж бай гэж Жорж Хэдли хэлэв. –Бодлоо өөрчлөх хэрэггүй. Наад хананууд чинь яг тэгээд байж байг. Зүгээр гарцгаа!
Хүүхдүүд өрөөнөөс гарч, хоёр эр нэлээд зайтай барьсан амьтнаа тал талаас нь тасчин залгих арслангуудыг харсаар хоцров.
-Ямар амьтан барьсан юм бол доо гэж Жорж Хэдли хэлээд -Заримдаа ч барим тавим харагдах шиг болдог. Ингэхэд сайн тусгалтай дуран авчраад харвал яадаг бол? Тэгээд…хэмээн үгээ саалаа.
-Нэмэргүй л болов уу гэж Дэвид Макклейн хэлээд инээхчээ аядав. Тэгснээ эргэж дөрвөн ханыг анхааралтай ширтлээ. –Хэр удаан ингэж байгаа юм?
-Сар гаруй.
-Нэг л онцгүй мэдрэмж төрөөд байна шүү.
-Ямар мэдрэмж төрөх нь надад огт хамаагүй. Надад баримт нотолгоо л хэрэгтэй байна.
-Эрхэм Жорж минь, сэтгэлзүйч хүн баримт нотолгоо гээчтэй амьдралдаа нэг удаа ч болохнээ тулах нь үгүй. Хүмүүс юу мэдэрч байгааг, огтоос ойлгомжгүй зүйлсийн талаар л сонсдог. Надад нэг л онцгүй мэдрэмж төрөөд байна гэж би чамд хэллээ шүү. Миний мэдрэмж, зөн совинд итгээрэй. Би муу зүйлийг урьдаас мэдэрч чаддаг юм. Байдал үнэхээр бишдсэн байна. Тиймээс би чамд энэ муу ёрын өрөөгөө нурааж хаяад, нэг жилийн турш өдөр бүр хүүхдүүдээ над дээр авчирч сэтгэл заслын эмчилгээ хийлгэ л гэж зөвлөх байна даа.
-Нөхцөл байдал үнэхээр ингэтлээ муудсан гэж үү?
-Тийм ээ. Анх энэ өрөө ханан дээр үлдсэн хүүхдийн оюун бодлыг судалж, тэдэнд туслах зориулалттай байсан юм. Гэтэл энэ маань тэдний бодлыг гаргаж харуулахынхаа оронд хор хөнөөлтэй бодлыг нь дамжуулагч болоод хувирчихаж.
-Та урьд нь үүнийг мэдрээгүй хэрэг үү?
-Би зөвхөн таныг хүүхдүүдээ хэтэрхий их эрхлүүлэх юм л гэж бодсон. Тэгээд бас заримдаа хүүхдүүдээ хорьж цагдах болсныг чинь анзаарсан. Ингэхэд та яг юу юу хийхийг нь хориглож байсан бэ?
-Би тэднийг Нью Йорк явуулаагүй юм.
-Өөр?
-Хэдэн тоног төхөөрөмж гаргаж хаясан. Бас сарын өмнө гэрийн даалгавраа хийхгүй бол өрөөг чинь түгжинэ шүү гэж айлгасан. Тэгээд тоглоогүй гэдгээ батлах гэж хэдэн өдөр түгжсэн л дээ.
-Аан-ха.
-Энэ тэгээд хамаатай юм уу?
-Хамаатай байлгүй яах вэ. Урьд нь тэд Санта Клауст сүйд болдог байсан бол одоо Скруж[3] гэдэг болсон. Хүүхдүүд уг нь Сантад илүү хайртай шүү дээ. Энэ байшин хүүхдүүдийн чинь хувьд таныг ч, эхнэрийг чинь ч орлох боломжийг та өөрөө л олгосон. Өрөө нь одоо тэдний хувьд аав нь, ээж нь болсон, бүр төрсөн эцэг эхээс нь илүү чухал гээд бод доо. Гэтэл та гэнэт гарч ирээд, үүнийг нь түгжинэ гэж зүтгэхээр тэд дургүйцэлгүй яах вэ. Та энэ тэнгэрийг хар. Тэр нарыг мэдэр. Жорж, та амьдралаа өөрчлөх хэрэгтэй. Та бусад хүмүүс шиг биеийн амрыг харж л энэ байшинг бариулсан шүү дээ. Яах гэж тэр вэ, гал тогооны өрөөний чинь нэг юм болохоо байхад л та өлбөрч үхнэ гээд бод доо. Та өндөг яаж хагалахыг ч мэдэхгүй. Гэхдээ одоо бүх төхөөрөмжөө унтраа. Шинээр эхэл. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Хоёулаа жилийн дотор хүүхдүүдийг чинь сайн жаалууд болгож хүмүүжүүлж чадна. Хүлээгээд харах л хэрэгтэй.
-Гэнэт ингээд өрөөг нь үгүй хийчихээр хүүхдүүд маань тэсэж дийлэх болов уу?
-Хүүхдүүдийг чинь үүнд бүр донтуулмааргүй байна шүү дээ. Өөр яриа байхгүй.
Арслангууд барьсан амьтнаа идэж дуусжээ. Тэд ойн чөлөөнд гараад ирчихсэн, хоёр эрийг харж байлаа.
-Надад нэг л дарамттай санагдаад байна гэж Дэвид Макклейн хэлээд, -Эндээс гарцгаая. Би энэ муу ёрын өрөөнд угаасаа сүжиггүй. Бүр хямарчихдаг юм гэв.
-Энэ арслангууд яг жинхэнэ юм шиг харагдаж байгаа биз? гэж Жорж Хэдли асуув. –Гэхдээ би ер итгэхгүй байгаа л даа…
-Юунд тэр вэ?
-Эд нарыг амилчихна гэж.
-Би ч юугаа мэдэх вэ дээ.
-Төхөөрөмжид нь л нэг саатал гарсан байх, эсвэл хүүхдүүд юм хумыг оролдчихсон юм болов уу?
-Мэдэхгүй л дээ.
Тэд хаалга руу зүглэв.
-Нураана гэвэл энэ өрөө тийм ч дуртай биш л байна байх даа, тийм ээ?
-Үхэх дуртай хүн бий билүү? Өрөө ч ялгаагүй шүү дээ.
-Нураах гэж байна гээд өрөө маань намайг үзэн ядахгүй байгаа?
-Өнөөдөр чинь та солиорчихоо юу даа? гэж Дэвид Макклейн хэлээд, -Та энэ өрөөнөөсөө салах бодолгүй байгаа байх нь ээ. Сэрж үз гэв. Тэгснээ тэрбээр доош тонгойж, газраас цусанд будагдсан ороолт авлаа.
-Энэ таных уу?
-Биш ээ гэж Жорж Хэдли нүүрний хувиралгүй хариулаад, – Лидиагийнх гэв.
Тэд хамтдаа цахилгааны шийд рүү очиж, өрөөний төхөөрөмжүүдийг бүгдийг нь салгалаа.
Вэнди, Питер хоёр боож үхэхээс наагуур юм болов. Тэд уйлж чарлан дороо дэвхцэж, юмаа шидэлцгээлээ. Тэгснээ цурхирч нэг үзээд, мэгшиж нэг үзэв. Сүүлдээ хараал тавьж, эд юмсаа өшигчиж гарлаа.
-Та бидний өрөөг ингэж болохгүй, бид зөвшөөрөхгүй.
-Аядацгаа, хүүхдүүд ээ!
Вэнди, Питер хоёр буйдан дээрээ тэрий хадан унаж, мэгшүүлсээр байлаа.
-Жорж минь, өрөөг нь хэдхэн хором онгойлгоод өгчихөөч. Ингээд гэнэт бүх юмыг нь салгачхаж болохгүй шүү дээ гэж Лидиа хэлэв.
-Үгүй.
-Чи яаж ийм хэрцгий хандаж…
-Лидиа, би бүгдийг нь салгачихсан, дахиж асаахгүй. Өнөөдрөөс эхлээд энэ муу ёрын байшингаас ч сална. Өөрсдөдөө ямар гай тарьснаа ойлгох тусам миний сэтгэл улам шаналах юм. Чи бид хэд энэ механикажсан, электрон тоног төхөөрөмжүүдтэй дэндүү удаан зууралдлаа. Одоо нэг цэвэр агаар амьсгална байгаа.
Ингэж хэлээд Жорж байшингаа тойрон явж дуугардаг цаг, цахилгаан зуух, халаагуур, гутал өнгөлөгч, гутал үдэгч, бие үрэгч, шал угаагч, иллэг хийгч гээд гартаа тааралдсан автомат төхөөрөмжүүдийг бүгдийг нь унтраав.
Гэрээр дүүрэн үхэгсэд байгаа юм шиг санагдана. Яг л оршуулгын газар шиг. Нам гүм.
-Тэдний үгэнд битгий ор гэж Питер тааз руугаа харан хашхирлаа. –Энэ бүгдийг сүйтгэхийг аавд битгий зөвшөөрөөч гэж тэрбээр яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг байшиндаа хэлэх аж. Тэгснээ аав руугаа эргэж хараад, -Би таныг үзэн ядаж байна гэв.
-Бүдүүлэг аашиллаа гээд юунд ч хүрэхгүй шүү.
-Та үхвэл таарна.
-Чи бид нэг хэсэг үхсэнээс ялгаагүй байсан шүү дээ. Харин одооноос эхлээд жинхэнээсээ амьдарч эхэлнэ. Иллэг бариа хийлгэж суухын оронд амьдарцгаана.
Вэнди уйлсаар л байв. Питер ч түүнийг даган уйлж эхлэв.
-Ганц удаа, ганцхан л удаа онгойлгоод өгчих. Тэгэх үү? гэж тэд уйлан дуугаран гуйцгаав.
-Жорж минь, ганц удаа онгойлгоод өгчихөөч. Тэглээ гээд сүйдтэй юм болохгүй шүү дээ гэж Лидиа хэлэв.
-За яахав, орилолдохоо боливол онгойлгоё. Ганцхан минут л болно шүү, дахиж хэзээ ч тийшээ оруулахгүй. Ойлгов уу?
-Ойлголоо аав аа гэж Вэнди, Питер хоёр баярлан шуугилдав. Тэдний нулимс нь хатаж амжаагүй байсан ч нүүрэнд нь инээмсэглэл тодрох аж.
-Дараа нь бүгдээрээ амралтанд явцгаана шүү. Дэвид Макклейн цаг хагасын дараа ирээд бид хэдийг нүүхэд тусалж, онгоцны буудал хүргэж өгнө гэсэн. Би хувцаслаж байя. Чи өрөөг нь ганцхан минут онгойлгоод өгчих. Ганцхан минут шүү, Лидиа. Ойлгосон биз?
Эхнэр нь хүүхдүүдтэйгээ шулганалдсаар явахад Жорж Хэдли агааржуулах хоолойгоороо дамжин дээд давхар руу гарч, хувцсаа өмсөж эхлэв. Минут орчмын дараа Лидиа хүрч ирлээ.
-Ашгүй ингээд явах боллоо гэж тэрээр хэлээд санаа алдав.
-Хүүхдүүдээ тэнд орхичихсон юм уу?
-Би ч гэсэн хувцсаа өмсдөг юм уу гээд л. Өнөө муухай Африк нь гараад ирчихэж. Тэндээс юу харах гэдэг байна аа?
-За яахав, таван минутын дараа хэдүүлээ Айова руу хөдөлчихсөн байна аа. Бурхан минь, чи бид хэд энэ байшинд яаж амьдарч байсан юм бол оо? Юу нь хатгахаараа ийм муу ёрын юм худалдаж авах санаа төрдөг байна аа?
-Бардам зан, мөнгө, тэнэглэл л биз.
-Цаад хүүхдүүд чинь нөгөө аймаар араатнуудаа гаргаж ирэхээс нь өмнө доошоо буусан нь дээр байх аа.
Тэгтэл хүүхдүүд –Ээж ээ аав аа, хүрээд ир, хурдлаарай гэж орилох нь сонсогдов.
Эхнэр, нөхөр хоёр агааржуулах хоолойгоороо доод давхар руугаа буугаад хонгилоор уруудан гүйлдлээ. Хүүхдүүд харагдсангүй.
-Вэнди? Питер?
Тэд хүүхдүүдийнхээ өрөө рүү гүйн оров. Африкийн онгон зэлүүд талд арслангаас өөр юу ч алга байлаа. Араатнууд тэдэн рүү харан зогсох аж.
-Вэнди? Питер?
Хаалга хаагдлаа.
-Вэнди? Питер?
Эхнэр, нөхөр хоёр хаалга руу буцаад гүйв.
-Хаалгаа нээ гэж Жорж Хэдли хашхираад, хонх дарлаа. –Яаж байгаа юм бол оо, чи бид хоёрыг гаднаас түгжчихсэн байна шүү дээ. Питер, хаалгаа нээгээч гэж тэрээр хашхиран хаалга нүдэв.
Хаалганы цаана Питерийн дуу гарлаа.
-Наад хоёроороо байшингаа сүйтгүүлж болохгүй шүү! гэж хүү хэлэв.
Эхнэр нөхөр хоёр хаалгаа нүдсээр л байлаа. –Инээдтэй биш байна шүү, хүүхдүүд ээ. Удахгүй Макклейн ирнэ. Тэгээд…
Гэнэт нэг чимээ гарав.
Тэдний гурван талаас арслангууд шар өвс, хатсан сүрэл шаржигнуулан, архирч хүрхэрсээр ирж явлаа.
Арслангууд.
Жорж Хэдли эхнэр өөдөө харав. Дараа нь тэд сүүлээ өргөн мяраах араатнууд руу эргэж харлаа.
Эхнэр нөхөр хоёр хоёул орилов. Гэнэт тэд өмнө нь энэ өрөөнөөс гараад байсан дуу яагаад тийм танил сонсогдсоны учрыг ухаарлаа.
-За, би хүрээд ирлээ гэсээр Дэвид Макклейн хүүхдүүдийн өрөөний үүдэнд хүрч ирлээ. –Өө, та нар байсан юм уу? гэж тэрээр хэлээд, ойн цоорхойд суун аяны саванд хийсэн хоол идэх хоёр жаал руу гайхан ширтэв. Цаана нь шар өвстэй тал, булаг харагдана. Дээрээс халуун нар төөнөх аж. Дэвид Макклейны хөлс цутгаж эхлэв.
-Аав ээж хоёр чинь хаачсан юм бэ?
Хүүхдүүд түүн рүү харж инээмсэглээд, -Өө, удахгүй хүрээд ирнэ гэв.
-За за, одоо хэдүүлээ явцгаана шүү.
Тээр цаана модны сүүдэрт арслангууд ноцолдож байснаа төдөлгүй чимээгүй болж, барьсан зүйлээ тасчин идэх нь Дэвид Макклейнд харагдлаа. Тэрбээр гараа саравчлан бариад, нүдээ онийлгон байж арслангуудыг харав.
Арслангууд идэж дууссан бололтой, ус уухаар булаг руу явж байгаа харагдана. Дэвид Макклейны хөлстэй магнай дээр сүүдэр тусаад өнгөрөв. Бөөн бөөн сүүдэр. Тэнгэрт тас шувуу эргэлдэн ниссээр доошилж байлаа.
-Аяга цай өгөөч гэж анир чимээгүйг эвдэн Вэнди хэлэх нь сонстоно.♦
[1] Грекийн домогт гардаг далавчит морь
[2] Виллиам Хэнри Хүүдсоны “Ширэнгийн охин” номын гол баатар
[3] Чарльз Диккенсийн “Зул сарын магтуу” туужийн эсрэг дүрийн баатар