Ясүнари Кавабата "Шүхэр" зурвас өгүүллэг
2017-03-27 Фройдын сүүдэр 1784

Хаврын бороо юмсыг ундаалахад даанч хангалтгүй юм. Энэ бороо манан мэт хөнгөн агаад арьс чийглэх төдий шивэрч байлаа. Охин гадагш гарахдаа хөвгүүний шүхрийг хараад “Өө бороо юу?” хэмээн уулга алдав.

Хөвгүүн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө шүхрээ дэлгэсэн нь борооноос халхлах гэсэн бус ичингүйрч нуугдах гэсэндээ аж. Тэрээр шүхрээ охин уруу чимээгүйхэн ойртуулан барив. Охины ганц мөр шүхрэн дор оров. Хөвгүүн бороонд шалба норсон ч охиноос нэг шүхрийн дор хамт зогсож болох эсэхийг асууж зүрхлэхгүй байлаа. Охин хөвгүүний гараас хөтлөн хамт зогсмоор байвч гэнэт зугатаад явчихмаар ч хүсэл төрнө.

Тэд гэрэл зургийн студи уруу явлаа. Хүүгийн эцэг төрийн албаны ажилд шилжсэн учир тэд салах ёс хийн гэрэл зургаа татуулж буй нь энэ билээ.

“Тэнд хамтдаа суучих” хэмээн гэрэл зурагчин буйдан уруу заахад хүү суулгүй охины хажууд зогсов. Хөвгүүн охины ард зогсож, цуванд нь гараараа аяархан хүрэхэд сэтгэл нь тайвширч, тэдний биес хэрхэн нэгдэж буйг мэдэрлээ. Анх удаа хөвгүүн охинд хүрч буй нь энэ билээ. Дулаахан бие нь хүүгийн хуруунд мэдрэгдэхэд охины нүцгэн биеийг тэвэрч буй мэт халуун мэдрэмж төрөв.

Хөвгүүн энэ зургийг харах бүрийдээ насан турш охины дулаан биеийг дурсаж явахыг хүссэн билээ.

Охин “Дахиад зураг авахуулъя гэвэл та дургүйцэхгүй биз? Тантай илүү ойртож, зэрэгцэж суугаад авахуулмаар байна” гэхэд хөвгүүн толгой дохив.

“Таны үс яах болж байна?” хэмээн хүү шивнэн асуулаа. Тэд харц тулгарахад охины нүүр час улайж, нүд нь баяр баясгалан, гэрэл гэгээгээр дүүрээд ирэв. Охин ариун цэврийн өрөө рүү яаран гүйв.

Түрүүхэн хүүг дэлгүүрийн хажуугаар өнгөрч буйг хараад үсээ ч янзлах завдалгүй сандран очсон бол одоо санаа зовжээ. Учир нь усны малгай үсийг нь сэгсийлгэчихвий хэмээн зовнисон нь ёсоор болжээ. Үсээ задгайлсан төрхийг нь хөвгүүн харна гэхээс ичингүйрч, хэрэв хөвгүүн түүнд үсээ дахиад янзалчих гэж хэлсэн бол охин улам ичгэвтэр байдалд орох байв.

Охин ариун цэврийн өрөөнөөс сэргэлэн цовоо, тэвдэнгүй гарч ирэхэд хүүгийн сэтгэл догдолж, зүрх нь гэрэл гэгээгээр бялхав. Охин хөвгүүний дэргэд ичиж зоволгүй тун энгийн байдалтай суулаа.

Гэрэл зургийн студиэс гарахдаа хөвгүүн шүхрээ нүдээрээ хайлаа. Охин гартаа шүхэр барин, түүнийг гадаа хүлээж буйг олж харав. Ийнхүү тэдний харц тулгарахад охин яагаад хөвгүүний шүхрийг авчихсанаа ойлгосонгүй. Дэмий л балмагдан сандарчээ. Охины санаандгүй үйлдэл түүнийг хөвгүүнтэй сэтгэл зүрхээрээ гүн холбоотойг гэрчлэх аж.

Хөвгүүн шүхрээ эргүүлж авсангүй, охин ч эргүүлж өгч зүрхэлсэнгүй. Одоо алхаж буй зам гэрэл зурагчных уруу ирсэн замаас огт өөр болжээ. Хөвгүүн, охин хоёр хэдийн насанд хүрчээ. Гэр лүүгээ харьж явахдаа тэд хэн хэндээ гэрлэсэн хос шиг санагджээ. Ганц шүхрээс болоод л тэр шүү дээ.

(1932 он)
Орчуулсан: А.Марал

Түр хүлээнэ үү...
Top