Бидэнд нэгэн залуухан орчуулагч өөрийн орчуулсан өгүүллэгээ илгээлээ. О.Намуун Монгол Улсын Их Сургуулийг Олон Улсын Сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Кино урлаг, амьд хөгжимд дуртай, зав чөлөөгөөрөө уран зохиолын орчуулга хийх сонирхолтой гэнэ. Орчуулгыг нь уншихад их эвлэг, мэдрэмжтэй юм. Сайн орчуулагч болж Монгол уншигчдынхаа нүд сэтгэлийг баясгасан олон сайхан бүтээл орчуулна гэдэгт нь итгэлтэй байна. Рюноскэ Акүтагава, Кавабата Ясүнариг шимтэн уншдаг О.Намуун маань бидэнд Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясүнаригийн нэгэн богино өгүүллэгийг орчуулснаа сонирхуулж байна.
Ураа! Ураа!
Ясүнари Кавабата
Хорьтой, арван долоотой эгч дүү хоёр халуун рашаанд ажилладаг байлаа. Гэхдээ тэдний буудлууд өөр өөр газар байрлана. Нарийхан гуалиг бие, үзэсгэлэнтэй царай бол бүсгүйчүүдэд буй бүхэн. Хаа нэг гадуур гарч зугаалах авч нэгэнтэйгээ бараг л уулздаггүй байв. Тэднийг учруулах цорын ганц газар бол тосгоны театр. Тус театрт шинэ жил, зуны цагт тохиолдох баярууд, тосгоны тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хоёр сард нэг удаа жүжиг тоглогддог байлаа. Эгч дүүс гэлтгүй тосгоныхон тэр чигээрээ л театрт болох жүжгийг тэсэн ядан хүлээдэг байв.
Энэ үеэр хэрмэл жүжигчид тосгонд ирж, гурван өдрийн турш жүжиг тоглодог юмсанж. Зочид буудлын үйлчлэгч нарт чөлөөт цаг гарав уу үгүй юу театрыг зорино. Хоорондоо огтхон ч уулзалт товлодоггүй эгч дүүсийг хааяа нэг учруулах “болзоот газар” нь театр. Бие биетэйгээ таарах л юм бол хэсэгхээн хугацаанд яриа өрнүүлэн удалгүй хоёр тийш салан явна. Ингээд тэд өөр өөрийн суудал дээр очин суугаад жүжиг эхлэхийг хүлээнэ.
Эгч дүүс хоорондоо туйлын адилхан төдийгүй хүн бүрийн харааг булаах гоо үзэсгэлэн тэдэнд бий. Хол ч бай, ойр ч бай тэдний тухай яриа хүмүүсийн дунд үргэлж л гол сэдэв нь болдог байв. Ийнхүү ээлжит нэгэн театрын жүжиг эхэллээ.
Хэрмэл жүжигчидийн нэг тэднийг тус тусдаа суух юм бол хоёуланг нь зэрэг харах хэцүү байгаа тул хамт суулгахыг хүссэнээ дамжуулсан юмсанж. Жүжиг тоглогдож эхлэхэд бүсгүйчүүд хамт суун үзэв. Харин жүжиг дуусан тайзны гэрэл асах үед тэд хоёул улаа бутарсан царайгаа жүжигчин эрээс холдуулан доош буруулсан байлаа.
Жүжгийн дараа эрэгтэй жүжигчин том эгчийнх нь буудалд харин эмэгтэй жүжигчин дүүгийнхэд нь байрлажээ. Жүжигчин эр угаас эгчтэй нь танилцахаар ирсэн учир түүнээс эхэлж яриа өдөхөөр шийдэв.
“Чи хаанаас ирсэн юм бэ?”
“Надад төрсөн нутаг байхгүй ээ.”
“Энд ирээд удаж байна уу?”
“Нэг сар болж байна”
“Чи хэсэгтээ л энд байх уу?”
“Хэлж мэдэхгүй л байна. Японы энэ хэсгийн бүх л халуун рашааныг би мэднэ. Гэвч эндэх миний үзэж байсан газруудаас хамгийн уйтгартай нь байлаа.” Бүсгүй нэгээс нөгөөхийг ярьсаар хорь гаруй халуун рашааны талаар жүжигчинд ярьж өгөв. “Би хэрмэл жүжигчний охин. Аавыгаа дагаж л өссөндөө” гэж хэлээд инээд алдлаа.
Тэд үргэлжлүүлэн уулздаг болсоор нэг л мэдэхэд тавь эсвэл жар дахь уулзалт нь болжээ. Харин энэ л уулзалт дээр бүсгүй арай гэж жүжигчин эрээс тусламж хүсэв.
“Чи намайг өөр буудал руу авч яваач? Ердөө дараагийн буудал хүргэхэд л надад хангалттай. Хэрвээ надаас уйдвал намайг хаяад явсан ч болно л доо” гэж хэлээд бүсгүй бүх л амьдралынхаа турш мөрөөдөж ирсэн зүйлээ жүжигчин эрд ярьж өгөв.
Бүсгүйн аав тоглолтоор явах үедээ үргэлж халуун рашаанд хоноглодог байв. Ийнхүү тэрээр японы өмнөд хэсгийн бүхий л халуун рашаанд очиж үзсэн байлаа. Бүсгүй багаасаа л аавтайгаа хамт аялан тоглолтонд явсан учир очиж үзсэн халуун рашааных нь тоо ч тоолж баршгүй олон болжээ. Түүний цор ганц хүсэл бол японы бүх халуун рашаанд очиж үзэх юм. Тийм учраас л, мөрөөдлөө биелүүлэхээр энэ хөөрхийлөлтэй аялалд гарахаар шийдсэн байж. Бүсгүй нэг халуун рашаанд очоод дараагийнх руу нь авч явах эрийг хүлээдэг. Дараа нь бүр хол авч явах эрийг хүлээнэ. Ингэж тэгсээр тэр хойд зүгт хүрэхэд түүний үзсэн халуун рашааны тоо түүнийг авч явсан эрийн тоотой эн тэнцүү болсон байлаа.
“Энд би бүтэн сарын турш байлаа. Өдөр бүр уурлаж ,уцаарлаж, гунигт автан байсныг минь уучлаарай. Гэхдээ би хойд зүгийн Хоккайдод байдаг хамгийн сүүлийн халуун рашаанд очихоосоо өмнө ийм байдалтай, өрөвдмөөр үхлээр үхмээргүй байна. Эндээс тэр хүртэл маш олон сайхан халуун рашаан бий гээд бод л доо. Би тэр бүгдэд очихыг хүсч байна. Залуу байгаа дээрээ л би энэ аялалыг дуусгахгүй бол хөгшин болчихвол хэн ч намайг тэнд аваачихгүй шүү дээ.” гэж бүсгүйг хэлэхэд залуу ёжтойхноор харсанаа “Гайхалтай, би чиний хүсэл мөрөөдлийг худалдаж авъя.” гэв.
Хаалга нь онгорхой машин тэднийг хүлээн зогсоно.
Эгч дүүсийн ажилладаг хоёр буудлаас хэдэн үйлчлэгч тэднийг гаргаж өгөхөөр ирсэн байлаа. Тэр дунд дүү нь ч байх бөгөөд тэд машины ард уулзав. Машин залуу, бүсгүй хоёрыг суулган замд гарлаа. Бүсгүй суудал дээрээ эргэн цэцгийн баглаагаараа даллан, “Ураа! Ураа! Ураа! Баяртай” хэмээн орлив.
Нэг шивэгчин түүнийг үдэн “Баяртай” гэхэд өөр нэг нь бүсгүй хашгирахыг нь дуурайн “Ураа!” хэмээн орилов.
Бусад бүх үйлчлэгчид халдварлан “Ураа! Ураа! Ураа!” хэмээн орлилдоно.
Бүсгүй хурдтай холдож байсан ч орилохоо зогссонгүй. “Ураа! Ураа! Ураа!”
Эгч дүүс хөгжилтэйгээр инээлдэн хашгирах үедээ гар гараасаа барьсан байлаа. Тэд бие биерүүгээ зэрвэс хараад, нэгнээ тэврэн, хамт бүжиглэхийг хүссэн боловч үүнийхээ оронд хөтлөлцөн, гараа дээш өргөн баяр цэнгэлтэйгээр “Ураа! Ураа!” хэмээн хашгирцгаав.