ДОТНО БАЙШИН
2016-03-03 Фройдын сүүдэр 951

Яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгсийг бид “Чимээгүй хот” яруу найргийн (2008), “Хөх мэдрэхүй, шүлгийн цоморлиг” хамтын (2010), “Эмгэнэлийн үр хөврөл” яруу найргийн (2012), “Чөлөөт шувуу” яруу найргийн (2015) түүврүүдээр нь андахгүй сайн мэднэ. Тэрээр оны өмнөхөн “Бүслэлт” нэрт өгүүллэгийн түүврээ уншигчдынхаа гарт тавьсан билээ. Тэгвэл бид О.Элбэгтөгсийн шинэ номоос нэгэн өгүүллэгийг нь уншигчдадаа барьж байна.


/Өгүүллэг/

Би зугтсаар гал тогооны өрөөнд орж ирлээ. Айснаасаа болоод зүрх минь цээжээ түрэн цохилж, амьсгал минь хаа нэгтээ ард хоцорсон мэт жигтэй мэдрэмж төрнө. Энэ өрөөний цонх наран талд байдаг болохоор дулаахан байлаа. Намайг энд орж ирснийг мэдээгүй бололтой араас хэн нэгэн нэхэж ирээгүй тул хэсэг амсхийж эргэн тойронтойгоо танилцах боломж олдлоо. Өрөөний голд том ширээ байх бөгөөд дээр нь олон төрлийн амттаны үлдэгдэл байхыг харвал урьд шөнө эднийх зочид хүлээн авчээ. Шалан дээгүүр нь эхүүн үнэртэй архи пиво холилдон асгарч, түүнийг нь гэрийн эзэн амрахаасаа өмнө арчиж амжсаныг илтгэх мэт шалны алчуур, устай хувин ширээн доогуур харагдана. Хагарсан шилний ганц нэг хэлтэрхий байгааг үзвэл зочид халамцаж байшингийн эзэнд нэлээдгүй төвөг учруулжээ. Энэхэн зуур миний айдас түгшүүр хэдийнэ арилж, хичнээн их өлссөн болохоо мэдэж, хөглөрч гүйцсэн зоогийн ширээнд залрав.

Ганц хоёр хазаад хаячихсан алимнаас авахуулаад загасны мах хүртэл олон төрлийн амттанаас амсахын төдий л цадчихсан тул би ширээний ойролцоо хэсэг сууж амарлаа. Энэ зуур өрөөний байдлыг дахин сайтар ажиглалаа. Ширээ сандлаас өөр тавилга гээд байх юмгүй ч тохилог сайхан харагдахыг бодвол шинэхэн байр бололтой. Цонхон тушаа байх залгуурыг бараадуулж хуучны модон эргэнэг тавьж түүн дээрээ халуун тогоо байрлуулжээ. Шахмал модон шалан дээрх гутлын мөрөөр шинжвэл эднийд хоёроос олонгүй зочин иржээ. Өрөөний хаалга дотогшоогоо онгойдог болохоор бариул нь ханаа цохисоор байгаад тухайн хэсэг газар шавар нь унаж, шинэхэн хананы өнгийг бага зэрэг гутаах боловч өрөөг бүхэлд нь сайтар цэвэрлэчихвэл энэ мэтийн жижиг эвдрэл үл анзаарагдахаар харагдана. Эв дүй муутайхан торгоосон дүүжин таазны зарим нэгний өнцөг нь шазайсныг бодоход зочдын гар таазанд хүртэл хүрч амжжээ.

Яагаад ч юм бэ энэ өрөө надад хачин дотно санагдаад явчихлаа. Хаашаа ч гармааргүй эндээ л байгаад баймаар. Тэгээд ширээний өнцөгт эвтэйхэн байрлал олоод хэсэг дуг хийхээр хэвтээд өглөө. Цонхны хөшиг урагдаад шалруу унжсан тул нарны гэрлийг торгоон тогтоох юу ч байсангүй. Энэ нь ч надад нэн таатай санагдаж ар нуруунаас нарны илч төөнөн, амаараа дүүрэн агаар залгин эвшээлгэсээр унтаад өглөө.

Түлхүүр эргэх чимээнээр би сэрлээ. Хаалга онгойж байшинд гаднаас хүн орж ирэх дуулдав. Хөлийн чимээг чагнавал хоёр хүн бололтой. Тэд хоорондоо ганц ч үг солилгүй явсаар хажуу талын том өрөөнд орлоо. Эд лав гэрийн эзэд байх хэмээн би бодлоо. Тэгээд гал тогооны өрөөнөөс гарч төдийлөн урт биш боловч өргөн үүдээр явсаар том өрөөний өмнө ирвэл уужим цэлгэр хаалга дэлгээтэй, өрөөний доторх байдал бүхэлдээ харагдах аж. Хаалганы өөдөөс харсан хананд урт үстэй, унжуудуу хамартай, дөч эргэм насны эрэгтэй хүний том зураг харагдав. Зурган дээрх эрийн нүд их том. Тэр нүдэнд ямар нэгэн амьд оршихуйн шинж чанар тодрон гэрэлтэх шиг болоход би өөрийн эрхгүй харцаа дальдруулж өөр зүйлрүү хараагаа шилжүүллээ. Өрөөний зүүн буланд шахаж байрлуулсан буйдан дээр гэрийн эзэд болох хоёр эр цаашаа харан сууна. Нэг нь цомцойн суусан бол нөгөөх нь буйдандаа шигдэн доош суужээ. Хоёр эр байсгээд урагш тонгойн өмнөө байрлах ширээн дээрээс шилтэй архи хундагалж хоёр биендээ барина. Тэд урьдын адил ганц ч үг солилгүй, хэлээ залгисан мэт чив чимээгүй сууцгаана. Гагцхүү хундагатай архийг гүд гүд хийтэл залгих чимээ байшингийн анирыг үе үе эвдэнэ.

Би өөрийн мэдэлгүй өрөөнд орж хаалганы хажууд хэдийнэ байраа эзлэн зогсож байв. Удалгүй тэндний нэг нь босож гал тогооны өрөөрүү зүглэхдээ намайг огтхон ч анзаарсангүй. Хамгийн хачирхалтай нь түүнд дүр төрх гэхээр юм юу ч байсангүй. (Нүд, хамар, уруул ам гээд нэг нь ч түүнд алга байлаа.) Өөртөө итгэсэнгүй, нүдээ нуухлан дахин харсан ч түүнд үнэхээр царай төрх алга болохыг ойлгож хамаг бие зарсхийгээд явчихлаа. Тэрээр шилэн аяганд ус хийж ирээд өнөөх буйданд шигдэн суусан эрд өгөхөд цаадах нь цангасан тэмээ шиг хоёр балгаад дуусгаж орхилоо. Нэг нь царай төрхгүй бол ядаж нөгөөх нь бусдын адил өөрийн гэсэн дүр төрхтэй байх хэмээн сэтгээд илүү үгэнд дурлаж өрөөний гүнрүү, тэдний суугаа газарлуу дөхөхөөр шийдлээ. Айдас намайг тушиж урагш ахиулахгүй чангаан байсан ч сониуч зандаа хөтлөгдөн нэг л мэдэхэд буйдангийн дэргэд ирсэн байх нь тэр. Тэгтэл буйданд шигдэн суусан өнөөх эр чимээ сонссон байртай миний зүгрүү толгойгоо эргүүлбэл мөн л царай төрхгүй болохыг нь анзаарч гайхахаасаа илүүтэй тайвшраад явчихлаа. Чимээ гаргахгүй л бол тэд нүдгүй юм чинь намайг харж чадахгүй шүү дээ хэмээн бодож түгшин цохилох зүрхийг түрэн зүтгэх амьсгалаа хяналаа.

- Одоо бүхнийг мартах хэрэгтэй. Өнөөдөр харьж сайхан амарцгаая гэж суусан газраасаа огт хөдлөөгүй эрийг хэлэхэд би цочсондоо золтой л ухаан алдчихсангүй. Эд нар энэ байшингийн эзэд лав биш бололтой. Тэгвэл эзэн нь яагаа юм бол хэмээн бодохтой зэрэгцэн

- Яаж мартах болж байна вэ? Чамд бол амар л биз. Тэгвэл надад хэцүү байна хэмээн нөгөөх нь дуугаа өндөрсгөн хэлэв.

- За чи битгий баашлаад бай. Анхнаасаа л ийм зүйл болохыг чи мэдэж л байсан ш дээ хэмээн сууж буй эр аргадангуй хэрнээ зандарч хэлэв.

- Дараа нь ингэж шанална гэдгээ яаж мэдэх вэ дээ. Одоо бид гарах гарцгүй боллоо. Ингэхэд чи хэлээч. Тайван суугаад л байх юм. Одоо яах юм бэ? гэж түрүүнийхээсээ илүү дуугаа өндөрсгөн хэлэхэд сууж байсан эр босож түүнийг заамдан аваад

- Новш минь, чи ямар сүртэй юм бэ? Хорвоогоос нэг адгийн шаар тонилоо л биз. Ингэж шалчийгаад байх юм бол чамайг ч гэсэн нухаж орхино шүү хэмээн шазуураа зуусан болов уу гэмээр өнгөөр хэлэхэд цаадах нь үсээ маажиж хэрхэхээ мэдэхгүй баахан холхисоор буйдан дээр суулаа. Омогтой эр мөн адил хэсэг холхиж байснаа үлдсэн архийг шилээр нь хөнтөрч орхиод дэргэд нь сууж ширээг гараараа зөөлөн товших зуураа ярих нь:

- Аливаа хүн сайн сайхан амьдрахын тулд түүнд нь садаа хийж буй бүхий л шимэгчид, өт хорхойнуудыг алж устгах хэрэгтэй болдог юм. Чи бид хоёр сайхан амьдрах гэж эрвийх дэвхийхээрээ баахан л зүтгэлээ. Болж бүтсэн юм байсан уу?

- Байгаагүй ээ.
- Тээр, чи одоо л ухаарч байна ш дээ. Хэн ч гэсэн хуучин намаг балчигтаа шигдээд насаа барахыг хүсдэггүй юм. Тийм биз.
- Тиймээ.
- Тээр, одоо л чи зөв бодож байна. Тиймээс бид маш зөв үйлдэл хийсэн. Тиймүү?
- Тиймээ.
- Тиймээ. Чи одоо л ертөнцийн жамыг ойлгож байна. Хэрвээ бид энэ новшийг устгаагүй бол биднээс гадна хичнээн олон хүнд гай тарьж, тэднийг хэрхэн яаж хохироох байсан бол гэдэг талаар чи бодож үзсэн үү?
- Үгүй ээ.
-Тэгвэл одоо бодооч.
- Бодож байна.
- Юу бодогдож байна гэж

- Бид маш зөв үйлдэл хийжээ гэж. Ийн ярилцаад тэд маш чангаар, тэгэхдээ бүр үнэн сэтгэлээсээ инээлдэн тэврэлдлээ. Тэд удтал тэврэлдсэний эцэст хоёр биенийхээ мөрлүү хүчтэй цохиж нэгэндээ урам зориг өгөх аж. Царай төрхгүй хоёр эрийн тэнэглэлийг харж суусаар хамаг бие минь хөшиж орхисныг мэдэрч энэ байшингаас гарах ёстой гэдгийг өөртөө ойлгуулаад цонхруу зүглэхээр шийдэв. Тэгтэл гэнэт бүдүүн гэгч нь хуйлсан сонин, миний бие дээр тас хийтэл буулаа. Хамаг бие минь янгинан өвдөж ухаан балартав. Энэ миний үхэл гэдгийг зөнгөөрөө мэдэрч эргэн тойрноо эцсийн удаа гүйлгэн харвал дүр төрхийг нь хэзээ ч мартахын аргагүй хүйтэн царайтай хоёр эр дээрээс минь тонгойн инээлдэж байв.

2015.02.25

Түр хүлээнэ үү...
Top